Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар ШЦТ0057

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Хохирогч: Д.Д, Ц.П

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-н Чт холбогдох эрүүгийн 201615010117 тоот хэргийг 2016 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...  оны 02 дугаар сарын 24 -ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, .... настай, .....эй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн....... сумын 1 дүгээр багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овгийн Б-н Ч  РД:/....../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “Өлийн өвөр” гэх газар хот хоорондын асфалтан зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ...... улсын дугаартай “Портер” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “...эсрэг эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2.1.А дахь заалт “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Д, хохирогч Ц.П нарын биед хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, мөн хохирогч Д.Дын.....дугаартай мотоцикльд 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч: Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөдөө явах гээд жолооч аваад эмээлт дээрээс гарах гэж байтал Дашцэрэн над руу хамт явна гээд ярьсан Өлзийбат бид хоёр хүлээж байгаад бид гурав хотоос 10 цагийн үед хамт наашаа гарцгаасан. Тэр өдөр их халуун өдөр байсан машин замдаа халж саатаад орой болсон. Орой 22 цагийн үед Хөөврийн гуанзан дээр ирж байж байгаад хөдлөөд нэг их холдоогүй “Шартын даваа” уруудад явж байтал хэдэн адуу зам дээр гараад ирэхээр нь би тэр адууг явж өнгөрөөгөөд араар нь тойроод гартал, өөдөөс бүдэг гэрэлтэй мотоцикл тулаад ороод ирсэн. Тэгээд би сандрахдаа машинаа зам дээр хоёр, гурав дараад нэг мэдсэн замын хажуу руу унасан байсан. Машины урд талын салхины шил хагарсан байсан тэрүүгээр гараад иртэл мотоциколтой хүн ойчсон орилж чарлаад байж байсан. Тэгээд бид гурав гүйгээд очтол надтай хамт явж байсан хоёр залуу энэ хоёр хүнийг урьд таньдаг байсан юм байна лээ. Бид гурав анхны тусламж үзүүлж хөл гарыг нь боож өгч, эмнэлэг дуудсан тэгээд эмнэлэг ирээд аваад явсан...” гэв.

Хохирогч Ц.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сум Цацын дэнжид шургууны тэмцээнд оролцчихоод айлд жоохон хуруудаж байгаад оройны 22 цаг өнгөрч байхад харих гээд явж байтал нэг машин гарч ирээд зөрөх нүү гэтэл ирээд л мөргөсөн тэрнээс хойш би сайн санахгүй байгаа гэв.

Хохирогч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сум Цацын дэнжид шургууны тэмцээнд оролцчихоод айлд хуруудаад жоохон архи уусан тэгээд бинзен аваад засмал зам руу ороод явж байтал машин цагаан зураас давж ирээд мөргөсөн гэв.

Гэрч 19.... онд төрсөн Ө мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “...Портер” маркийн ...... улсын дугаартай авто машинтай Улаанбаатар хотоос .....сум руу Чинзориг, Дашцэрэн бид гурав хамт явж байгаад “Шартын даваа” гэх газар засмал замд хэдэн адуу гараад ирэхээр нь тэр хэдэн адууг дөнгөж тойроод гараад явж байсан. Урсгал замруугаа орох шиг болсон. Тэгсэн урдаас бүдэг гэрэлтэй юу ч мэдэгдэхгүй нэг юм гараад ирсэн. Тэгээд жолооч Чинзориг баруун талруугаа дараад зам дээр хоёр гурван удаа дайвалзаад унасан. Ингээд машин унасан хойно бид гурав ээлжлээд урд салхины шилээр гарцгаасан. Ингээд бид гурвыг машинаас гарч ирээд байж байхад зам дээр нэг хүн туслаарай гээд орилох шиг болохоор нь бид гурав гүйгээд очсон чинь замын хажуууд хоёр хүн мотоциклиос унаад нэг нь зам дээрээ нөгөө нь замын хажуу талын хонхорт хэвтэж байсан. Ингээд цагдаа эмнэлэг дуудаад удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. Би буруу талын хаалга талдаа зорчиж явсан. Би урдаас мотоцикль ирж явааг анзаараагүй. Жолооч тэр хэдэн адууг тойрч гараад замруугаа орох шиг болсон. Тэгсэн урдаас нэг бүдэг гэрэл гараад ирсэн. Би нэг их сайн анзаарч хараагүй. Тэрхэн зуур болоод өнгөрсөн. Чинзоригийг зам руу орсон ороогүйг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-37/

Гэрч 19... онд төрсөн О.н Д.н 2016-08-18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2016-07-27-ны 09 өглөө 09 цагийн үед Б.Өтай утсаар холбогдоод та хоёр Улаапбаатар хотоос гарах болж байна уу гэхэд Б.Ө, Б.Ч бид хоёр одоо гарах гэж байна. Эмээлт дээр байна гээд найз нь хамт явъя гээд Улаанбаатар хотоос такси бариад тэр хоёр дээр эмээлтэд 10 цагийн үед ирээд 10 цаг өнгөрч байхад эмээлтээс Өвөрхангай аймгийн .....сум руу хөдөлсөн. Би урьд шөнө найзтайгаа нийлээд шөнөжингөө архи уусан байсан болохоор машин дотор орж ирээд унтчихсан байсан. Тухайн өдөр их халуун байсан болохоор би унтаж байгаад Эрдэнэсант орж байхад нь сэрээд харахад Б.Ч машинаа өөрөө барьчихсан явж байсан. Тэгээд би хэсэг явж байгаад буцаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд машин замын хажуу тал руу уначихсан би машинаас гарчихсан Б.Ө Чинзориг 2-той машины гадаа зогсож байсан. Би машинаас яаж гарч ирснээ мэдээгүй. Тухайн үед миний толгой манраад орж гараад юу болоод байгааг ойлгоогүй. Нэг мэдэхэд зам дээр хөл нь хугарсан байсан хүний хөлийг дээлний бүс цуулаад боож байсан. Сүүлд нь толгой гайгүй болоод хөл нь хугарсан хүнийг харахад Д.Д байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирсэн. /хх 38/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №10900 тоот дүгнэлтэд: “1.Д.Дын биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу, зүүн шаант ясны дээд булууны үе дайрсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал, тойг ясны бяцарсан хугарал, баруун атгаал ясны далд хугарал зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний язарсан шарх, баруун хацар, зүүн өвдөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхии хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 43/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №10898 тоот дүгнэлтэд: 1.Ц.Гы биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булууны үений гадаргуу дайрсан бяцарсан ил хугарал, тойг ясны хугарал, үений хөндийн цус хуралдалт, зүүн өвдөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх 49/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5276 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн ...... улсын дугаартай Киа пронтер маркийн авто машины урд салхины шил хагарсан зүүн талын урд булан хонхойсон, баруун талын булан зурагдаж хонхойсон, зүүн талын урд хаалга зурагдсан, баруун талын урд хаалганы будаг зурагдаж хонхойсон, зүүн талын толь хугарсан, урд бамбайн зүүн талын булан байхгүй, баруун талын булан хагарсан, урд бамбай баруун хэсгээрээ хонхойсон, дээвэр баруун дээд бүхээгний баруун талд зурагдаж хонхойсон, бүхээгний баруун талын далбайн дээр байрлах цонхны шил ангайсан, баруун урд талын дохионы гэрэл зүүн хойд талын гэрэл салж хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. 2. ..... улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэлийн тормозны мехназмын ажиллагааг туршилтаар шалгаж үзэхэд урд дугуй тормозны механизм ажиллаж дугай чирэгдэнэ. Хойд дугуйнаас тормосны мөр үүсэхгүй байв, Хойд дугуйг задлаж шалгахад хойд дугуйны тоормосны механизм ажиллаж байна. Тоормосны наклад тос мэт зүйлээр бохирлогдсон. Барбан элэгдлийн хязгаарт ойртсон байгаа. Тоормосны идэвхжилтэд нөлөөлж авто машиныг зогсоох үед хойд дугуйн тоормос бүрэн барихгүй тоормосны зам уртасна. 3. Хойд дугуйн тоормосны идэвхжилт муу тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 4. Замын нөхцөл байдал осолд нөлөөлөөгүй байна. 5. Хэргийн материалд авто машины тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. 6. Техникийн бүрэн бус байдал нь осолд хүргэх шууд шалтгаан нөхцөл болохгүй. Хэргийн материалыг ашиглан ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх 75-85/

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Замын цагдагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Б.Алтансүхийн гаргасан дүгнэлтэд “1. ...... улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг жолоодож явсан Б.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг урсгалаар зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг зөрчсөн” гэсэн дүгнэлт /хх 87/

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “Өлийн өвөр” гэх газар хот хоорондын асфалтан зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 6642 ӨВР улсын дугаартай “Портер” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “...эсрэг эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2.1.А дахь заалт “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Д, хохирогч Ц.П нарын биед хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, мөн хохирогч Д.Дын.....дугаартай мотоцикльд 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ц.Пы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 07 дугаар сарын 27-ны ..... оройны 22 цаг өнгөрч байхад харих гээд явж байтал нэг машин гарч ирээд зөрөх нүү гэтэл ирээд л мөргөсөн тэрнээс хойш би сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Ды шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .....  бинзен аваад засмал зам руу ороод явж байтал машин цагаан зураас давж ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Дашцэрэнгийн өгсөн “...Улаанбаатар хотоос 10 цаг өнгөрч байхад эмээлтээс Өвөрхангай аймгийн .....сум руу хөдөлсөн. Би урьд шөнө найзтайгаа нийлээд шөнөжингөө архи уусан байсан болохоор машин дотор орж ирээд унтчихсан байсан. Тухайн өдөр их халуун байсан болохоор би унтаж байгаад Эрдэнэсант орж байхад нь сэрээд харахад Б.Ч машинаа өөрөө барьчихсан явсан. Тэгээд нэг мэдэхэд машин замын хажуу тал руу уначихсан би машинаас гарчихсан Б.Ө Чинзориг хоёртой машины гадаа зогсож байсан. Би машинаас яаж гарч ирснээ мэдээгүй. Тухайн үед миний толгой манраад орж гараад юу болоод байгааг ойлгоогүй. Нэг мэдэхэд зам дээр хөл нь хугарсан байсан хүний хөлийг дээлний бүс цуулаад боож байсан. Сүүлд нь толгой гайгүй болоод хөл нь хугарсан хүнийг харахад Д.Д байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 38/, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №10900, 10898 тоот дүгнэлтүүд /хх 43, 49/, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5276 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5276 тоот “... 1.Шинжилгээнд ирүүлсэн ...... улсын дугаартай Киа пронтер маркийн авто машины урд салхины шил хагарсан зүүн талын урд булан хонхойсон, баруун талын булан зурагдаж хонхойсон, зүүн талын урд хаалга зурагдсан, баруун талын урд хаалганы будаг зурагдаж хонхойсон, зүүн талын толь хугарсан, урд бамбайн зүүн талын булан байхгүй, баруун талын булан хагарсан, урд бамбай баруун хэсгээрээ хонхойсон, дээвэр баруун дээд бүхээгний баруун талд зурагдаж хонхойсон, бүхээгний баруун талын далбайн дээр байрлах цонхны шил ангайсан, баруун урд талын дохионы гэрэл зүүн хойд талын гэрэл салж хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. 2. ..... улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэлийн тормозны мехназмын ажиллагааг туршилтаар шалгаж үзэхэд урд дугуй тормозны механизм ажиллаж дугай чирэгдэнэ. Хойд дугуйнаас тормосны мөр үүсэхгүй байв, Хойд дугуйг задлаж шалгахад хойд дугуйны тоормосны механизм ажиллаж байна. Тоормосны наклад тос мэт зүйлээр бохирлогдсон. Барбан элэгдлийн хязгаарт ойртсон байгаа. Тоормосны идэвхжилтэд нөлөөлж авто машиныг зогсоох үед хойд дугуйн тоормос бүрэн барихгүй тоормосны зам уртасна. 3. Хойд дугуйн тоормосны идэвхжилт муу тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 4. Замын нөхцөл байдал осолд нөлөөлөөгүй байна. 5. Хэргийн материалд авто машины тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. 6. Техникийн бүрэн бус байдал нь осолд хүргэх шууд шалтгаан нөхцөл болохгүй. Хэргийн материалыг ашиглан ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх 75-85/, ЗЦА-ны ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Б.Алтансүхийн гаргасан дүгнэлт /хх 87/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Чийн холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Д.Д, Ц.П нарын биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ

№554697 дугаарын В, С, D, E ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд хохирогч Д.Дд 2.500.000 төгрөг, хохирогч Ц.Пд 2.800.000 төгрөгийг тус тус төлсөн, мөн хохирогч Д.Д нь мотоциклийг янзалж өгсөн болохоор мотоциклд учирсан хохирлыг барагдуулсан гэж үзэж байгаа гэж тайлбарладаг бөгөөд шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хохирогч Д.Д, Ц.П нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа .....үүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Чийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар иргэн Д.Д, Ц.П нарын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овгийн Б-н Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 2 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар №554697 дугаарын В, С, D, E ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Чийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Хохирогч Д.Д, Ц.П нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа .....үүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН