| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0379/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/400 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0379/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Н.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хомой овогт Нацагдоржийн Батбаярт холбогдох эрүүгийн 2218000000451 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017 дугаар гудамж 1-17а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хомой овогт Нацагдоржийн Батбаяр /Регистрийн дугаар ДЮ86010490 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Батбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017-р гудамжны 1-17а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Золжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2218000000451 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Золжаргалын өгсөн: “...автобуснаас буугаад такси бариад гэртээ очиход нөхөр гэртээ чихэвч зүүчихсэн утсаараа оролдоод байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж “чи намайг байхгүй байхад хүүдүүдээ үлдээгээд гадуур архи уугаад явлаа, чамайг хэн дуудсан юм утсаа өгч бай” гээд нөхрөөс асуухад хамт ажилладаг Боогий гэж хүн дуудсан гэсэн. Тэгээд би нөхрөөсөө Боогийгийн дугаарыг өг яахаараа нялх хүүхэдтэй хүнийг харанхуй шөнөөр дуудаж архи уудаг юм гэхэд нөхөр утсаа өгөхгүй, ажлынхантайгаа яриулахгүй байсан. Тэгээд нөхөр надтай хэрэлдээд улмаар миний толгой руу цохиод багалзуурдаж байгаад нэг гараараа толгой руу цохисон. Тэгээд би гараад зугатаахад араас гарч ирээд намайг үсдээд хүйтэн цемент дээр чирсэн.” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Н.Нэргүйн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны орой цаг нэлээд орой болсон 23:00 цаг өнгөрч байхад шиг санаж байна манайх лав унтах гээд бүгд орондоо ороод хэвтсэн байхад гадаа Золжаргал нөхөртэйгөө хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дуугараад байсан. Тэгээд би юу болж байна аа гээд гэрээс ганцаараа гараад хартал Золжаргал, Батбаяр 2 монгол гэрийнхээ гадаа довжоон дээр хоорондоо зуурлдаж байснаа Батбаяр нь Золжаргалыг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 32/,
Насанд хүрээгүй гэрч Б.Амарзаяагийн өгсөн: “...Тухайн үед би арай унтаагүй гэртээ зурагт үзээд байж байсан. Тэгээд ээж гэртээ ирчихээд аавыг гадуур найз нартайгаа гарч архи ууж явлаа гэж уурлаад аав, ээж хоёр маргалдаад эхэлсэн. Гэхдээ тийм айхтар маргалдаагүй. Тэгэхэд манай эгч бид нарыг босгоод дагуулаад гарсан. Тэгээд гэрийнхээ гадаа хашаанд хэсэг зогсож байгаад гартээ буцаад ороход ээж, аав хоёрын хэрүүл гайгүй болчихсон сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 38/,
Насанд хүрээгүй гэрч З.Өнөрзаяагийн өгсөн: “...Тухайн үед би дүү нартайгаа унтаж байсан. Тэгээд ээж аавыг гадуур найз нартайгаа гарч архи ууж явлаа гэж уурлаад явлаа гэж босгоод гэрээс гараад хажуу айл руу орлоо гэж хэлээд гарсан. Тэгээд гэрийнхээ гадаа хашаандаа 10-15 минут зогсож байгаад гэртээ буцаад ороход аав, ээж хоёрын хэрүүл гайгүй болчихсон сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 41/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- **************** биед тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
- Н.Золжаргалын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас. /хх 51-52/,
Шүүгдэгч Н.Батбаярын хувийн байдлыг тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 72-77/, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85-87/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Батбаяр нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017-р гудамжны 1-17а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Золжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Батбаяр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Н.Золжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Золжаргалын өгсөн: “...нөхөр надтай хэрэлдээд улмаар миний толгой руу цохиод багалзуурдаж байгаад нэг гараараа толгой руу цохисон. Тэгээд би гараад зугатаахад араас гарч ирээд намайг үсдээд хүйтэн цемент дээр чирсэн.” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч Н.Нэргүйн өгсөн: “... Золжаргал, Батбаяр 2 монгол гэрийнхээ гадаа довжоон дээр хоорондоо зуурлдаж байснаа Батбаяр нь Золжаргалыг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 32/, насанд хүрээгүй гэрч Б.Амарзаяагийн өгсөн: “...Тухайн үед би арай унтаагүй гэртээ зурагт үзээд байж байсан. Тэгээд ээж гэртээ ирчихээд аавыг гадуур найз нартайгаа гарч архи ууж явлаа гэж уурлаад аав, ээж хоёр маргалдаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 38/, насанд хүрээгүй гэрч З.Өнөрзаяагийн өгсөн: “...Тухайн үед би дүү нартайгаа унтаж байсан. Тэгээд ээж аавыг гадуур найз нартайгаа гарч архи ууж явлаа гэж уурлаад хоорондоо маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх 41/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаартай шинжээчийн дүгнэлт: Н.Золжаргалын биед тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Золжаргалын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас. /хх 51-52/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Н.Батбаяр нь эхнэр Н.Золжаргалыг зодож хүч хэрэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.Золжаргал нь “...нөхөртөө зодуулж гэмтсэн хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хх 92/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хомой овогт Нацагдоржийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ