Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Э.Оргилбат, шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01401 1722 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Т.Ж, Баянхонгор аймагт 1997 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, лабораторийн эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт  *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотоос Б.М-ийн IPhone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хамт байх үедээ хохирогчийн цэнэглэж байсан IPhone-11 загварын гар утсыг нууцаар авч явсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх газарт 700,000.0 төгрөгийн барьцаанд тавих байдлаар захиран зарцуулж, бусдад 1,310,000.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогч Б.М-ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Манзушир хийд орчхоод 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ найз Х, Ө.Ч, Т.Ж нарын хамт ирж унтсан. Тэгээд орой 22 цагийн үед манай найз залуу Ө.Ч миний iPhone-11 загварын гар утсыг аваад дэлгүүр орж мобайл банк ашиглан худалдан авалт хийсэн ба буцаж ирээд миний утсыг зурагтын урд цэнэглэж орхисон юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 03 цагийн үед босож ирэхэд манай хаалга онгорхой байхаар нь хаагаад буцаж унтсан. Ингээд өглөөний 04 цагийн үед Х манай найз залуу Ө.Ч-г сэрээхэд би дагаж сэрээд Ө.Ч-д “миний утсыг аваад ирээч” гэхэд нөгөө өрөө рүү явж үзээд цэнэглэж үлдээсэн миний утсыг байхгүй байна гэсэн. Тухайн үед би Т.Ж-ыг аваад явсан байх гэж бодоод тайвшраад эргээд унтчихсан. Өдөр 11 цагийн үед босоод Т.Ж-ын  гэрт очоод “гар утсаа авъя” гэхэд миний утсыг аваагүй гэсэн. Би тэднийхээс гараад хувийн ажлаа амжуулчхаад 16 цагийн үед гэртээ ирээд СӨХ-ны камер шүүж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 24 минутад Т.Ж миний гар утсыг бариад лифтэнд сууж байгаа бичлэг байхаар нь Т.Ж-ын гэрт очиж хэлэхэд “би аваагүй, чи намайг хулгайч гэж хэллээ” гээд “цагдаадаа ханд” гэж уурласан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогч Б.М-ийн дахин өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сард “Tedy” rap утас худалдааны төвөөс 1,500,000 төгрөгөөр iPhone-11 маркийн гар утас бэлэн мөнгөөр худалдан авч байсан юм. Би алдсан гар утсаа худалдан авсан үнэ болох 1,500,000.0 төгрөгөөр үнэлнэ. Миний iPhone-11 загварын гар утас нь ар талаараа шаргал өнгөтэй, нүүрэн тал нь хар өнгөтэй, шилэн наалттай, гадуураа өнгөгүй резин гэртэй байсан. Би гар утасныхаа гэрийг үнэлэхгүй, харин шилэн наалтаа 10,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд түүнийгээ 10,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),

- Гэрч Ө.Ч-гийн “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед найз охин Б.М , түүний найз Т.Ж , Х нарын хамт Төв аймгийн Манзушир хийд рүү салхинд гарах зорилгоор явсан. Тэгээд хийд дээр очиж байж байгаад 19 цагийн үед хот руу буцсан. Тэгээд бид манай найз охин Б.М-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оройн 22 цагийн үед ирсэн. Тэгээд Х том өрөөнд, манай найз охин Б.М  жижиг өрөөнд орж унтаад, Т.Ж бид 2 унтаагүй сэрүүн байсан. Би 22 цаг 30 минутын үед Б.М-ийн гар утсыг авч гараад, хүнсний дэлгүүрээс гоймон авч орж ирсэн. Тэгээд том өрөөний зурагтын тавиур дээр Б.М-ийн гар утсыг цэнэглэж үлдээгээд жижиг өрөө рүү унтахаар орох үед Т.Ж 00-ын өрөөнд утсаар яриад үлдсэн. Тэгээд би шөнө 04 цагийн үед ус уух гэж боссон чинь гэрийн хаалга онгорхой байхаар нь хаалгаа хаачхаад усаа уугаад, Б.М-ийн цэнэглэж орхисон гар утсыг авах гэтэл байхгүй байсан. Тэгэхэд том өрөөнд унтаж байсан Х-ын гар утас яг өөрийнх нь хажууд байхаар нь Т.Ж руу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь Б.М-ийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед Х-ыг Тахилт руу гэрт нь хүргэж өгөхөд Х “би Б.М-ийн гар утсыг аваагүй шүү” гэж хэлээд цүнх, куртикээ надад шалгуулаад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Г.Н-ын “...Би Т.Ж гэх эмэгтэйг танихгүй, ямар ч харилцаагүй. Манай байгууллага иргэдээс гар утсыг нь барьцаалан зээлдүүлэхдээ тухайн гар утасны кодыг тайлуулан имей кодоор нь шалгаж авдаг. Т.Ж гэх эмэгтэй нь iPhone-11 маркийн rap утсыг барьцаалан зээлдэхдээ 700,000 төгрөг авсан. Тухайн үед гар утасны кодыг өөрөө тайлаад, имей кодыг нь харуулаад, “миний гар утас” гэж хэлээд барьцаанд тавьсан юм. Манай байгууллага 7 хоногийн хугацаатай барьцаалан зээлдүүлж нэмэлт 7 хоног сунгадаг. Т.Ж гэх тэр эмэгтэйн барьцаанд тавьсан rap утсыг хулгайнх гэдгийг мэдээгүй. Өөрийнх нь гар утас гэж ойлгосон. Манай байгууллагын хувьд гомдолтой байна. Барьцаалан зээлдүүлсэн 700,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Мастер Үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 22/001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан гэх iPhone-11 загварын гар утсыг 1,310,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 49-52 дахь тал),

- ИЧА ХХК-ийн “G” ломбардын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 53-60 дахь тал),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 87 дахь тал),

- Шүүгдэгч Т.Ж нь мөрдөн байцаалтад “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй...” гэж (хавтаст хэргийн 104 дэх тал) мэдүүлсэн бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин ийм зүйл хийхгүй...” гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Ж-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох iPhone-11 гар утсыг 1,300,000.0 төгрөг, гар утасны шилэн наалтыг 10,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 1,310,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь бага хэмжээнээс дээш буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Т.Ж-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Ж-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Б.М нь гар утсаа биет байдлаар буцаан авсан, харин шүүгдэгч Т.Ж нь иргэний нэхэмжлэгч Г.Н-д 700,000.0 төгрөгийг бэлнээр төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Т.Ж-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.Ж нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал), Тээврийн хэрэгслийн бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 392 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 66 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 673 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 75-76 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 77-79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж-ын  хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Т.Ж-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэлээ.

Хэрэв шүүгдэгч Т.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй буюу зөрчсөн, эсхүл тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэ тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулах хууль зүйн үр дагавартай болохыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ж-ын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Т-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Т.Ж-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3.Шүүгдэгч Т.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  тус тус хүлээлгэсүгэй.

4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ж-д сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаагаар хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ж нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА