Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс:166/2022/0383/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2218000000443 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн*******анд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 01 сар 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Соёлбаатар нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн*******ын 5 дугаар баг, Арбатын гудамжинд*******тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр******* гэх найзтайгаа арбайтын гудамжинд 0,75 литрийн архи хувааж уусан. Харих гээд явж байгаад хохирогчийг хажуугаар нь гарахдаа мөрлөсөн. Би уучлаарай гэхэд намайг цохисон. Манай найз салгаад цаашаа явж байтал дахиад хүрч ирээд барьцалдсан. Тэгээд замын цааш гарсан. Хойноос гүйцэж ирээд хавсарч унагасан, сандарсандаа цаашаа зугтаасан. Төрийн банкны тэндээс 2 цагдаа ирж барьсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон.” гэв.

 

Хохирогч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчих арбайтын гудамд байрлах Аялгуу гэх караокед 100 грамм уучхаад гарч явсан. Өөдөөс 2,3 залуу ирж байсан, хажуугаар гарахдаа мөрлөөд шууд цохисон. Эхлээд би аманд шүлс байна гэж бодоод хаятал цус гараад, 2 шүд унасан байсан. Тэгээд би цохисон дариуд нь хөөцөлдөөд цагдаад дуудлага өгсөн. Цаанаас цагдаа ирж барьсан.” гэв.

 

Эрүүгийн 2218000000443 дугаартай хэргээс:

 

Гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой найз хамт гадаа гудамжинд нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад гэр лүү харих гээд арбатын гудамжаар зам дагуу алхаж явах үед дэлгүүрийн буланд нэг ах гарч ирээд намайг, мөныг мөрлөөд тэгээд маргалдаадыг тэр гэх залуу нүүр рүү нь цохиод газар унагаасан. Тэгээд би , хоёрыг салгаад байж байхад тэр гэх залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиод зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг /хх 4-6/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1012 дугаартай “...*******ы биед дээд үүдэн 2 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 14-15/,

 

Шинжээч эмч өгсөн: “...*******ы биед 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийхэд дээд үүдэн 2 шүд бүрэн хугарч унасан байсан. Бусад шүдэнд ямар нэгэн хөдөлгөөн болон эмзэглэл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

Хохирогч*******ы хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 61-66/,

 

Шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 43/, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх /хх 45-46/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-74/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.Соёлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн*******ын 5 дугаар баг, Арбатын гудамжинд*******тай маргалдан зодож эрүүл мэндэд нь 2 шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч******* нь эмчилгээний зардалд 5198000 төгрөг нэхэмжилж байгаа ба имплант шүд хийлгүүлэх төлбөр болох 5000000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримттай буюу шүдний эмнэлгийн үзлэгийн төлбөр, шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөр, тагнайтай шүд хийлгэсний төлбөр зэрэг 198000 нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 140000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Анхбаярыныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 140000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас хохирол төлбөрт 198,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн*******ын 13-р баг, Оргил  1-41 тоотод оршин суух Бадарчийн /РД:, утас: /-нд*******д олгосугай.

 

6.Хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ