Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/408

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      Хэргийн индекс:166/2022/0384/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000425 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сухбаатар суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “******* ” ХХК-ийн барилгын туслах ажилтан, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүгийн хамт Дархан-Уул аймаг******* тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 07 сар 11 хоногийн хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 26- ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 22 дугаар байрны хажууд явган хүний зам дээр*******ын цээж болон хэвлийн тус газар хутгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218000000425 дугаартай хэргээс:

 

Хохирогч*******ын  мөрдөн шалгар ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний төвийн хажууд байрлах 22 дугаар байрны хажуугийн явган хүний зам дагуу байрлах гадаа сандал дээр цэрэгт хамт алба хааж байсан хуучны найз*******той таараад хоёулаа юм яриад тамхи татаад бас нэг шил архи уугаад сууж байхад ар талд хүн ирээд хажуу сандал дээр суух шиг болсон. Тэгээд нэг хүн би майнтын шоронд 5 жил суугаад ирлээ гэж хэлэхээр нь эргээд харахад хуучны танил гэх ах сууж байсан. Тэгээд ах миний цээж рүү нэг удаа хурц иртэй хутга мэт зүйлээр хатгахаар нь би гарыг нь барьж аваад дараад унагаахад дахиад нэг удаа миний гэдэс рүү хатгасан.” гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 984 дугаартай “...*******ын биед цээж болон хэвлийн зүүн өмнө хэсэгт шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******ын биед Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт үзлэг хийх үед шархыг томсгож шалгасан тул яаралтай тусламжийн хуудсанд байх шархны хэмжээ гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн үеийнхээс бага хэмжээтэй байна.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 27-28/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн цамцны зүүн цээж хэсэгт байх 4мм, 9мм хэмжээтэй гэмтэл нь зүсэгдэлт, богино ханцуйтай цамцны 2мм, 5мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, НД-ийн шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 44-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52-72/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 22 дугаар байрны хажууд явган хүний зам дээр*******ын цээж болон хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Хадбаярын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн хутга 1 ширхэг, өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын Эд мөрийн мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гарамсүрэнгийныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

4.Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн хутга 1 ширхэг, өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын Эд мөрийн мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

                                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ