Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 116

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.М-н  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Орон сууцны үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.М нь 2015 оны эхээр найз Б.Б-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Хөгжил хороололд байрладаг 65 м.кв, 2 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож байраа өгөхдөө 20.000.000 төгрөгийг бэлнээр авч ордероо Б.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Б нь барилгын гадна талын чулуу дутуу, барилга дутуу байгуу учир үнийг нь бууруул гэдэг үүднээс үнийг нь 50 сая төгрөг гэж аман хэлэлцээрээр тохиролцсон байдаг. Сүүлд 20 сая төгрөгийг нэмж өгөөд 10 сая төгрөг дутуу явж байгаад Б.М нь 10 сая төгрөгөө өгөөчээ гэдэг байдлаар байнга утсаар ярьдаг байсан. Б.М нь Баянхонгор аймагт байдаг. Эвлэрүүлэн зуучлалаар 2018 оны 11 сард орсон боловч Б.Б нь 10.000.000 төгрөг өгөх үлдэгдэл байгаа, гэхдээ байр хүн амьдрах шаардлага хангахгүй байгаа тул буцааж өгнө гэж хэлээд эвлэрээгүй. Энэ хүн 50 сая төгрөгөөр тохирсон гэдгээ мөн 10 сая төгрөг өгнө гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Харин 10 сая төгрөгөө өгөхгүй байгаа шалтгаан нь байр доголдолтой учир тухайн асуудлыг шийдвэрлэсний дараа өгнө гэдэг зүйлийг хэлдэг. 40 сая төгрөг дээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Б.М-тэй 10 сая төгрөг дээр аман хэлэлцээр хийгдсэн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Хуульд зааснаар аман хэлцэл хийгдсэн учир байрны үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2015 онд Б.М-с Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хорооллын 6 дугаар гудамжны 17 дугаар байрны 8 айлын орон сууцны барилгаас 5 тоотыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Аман гэрээгээр харилцан тохиролцож 50 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг төлж, Б.М нь тохиролцохдоо байрны гадна талбайн тохижилт, машины зогсоол, хайс, гадна болон дотор талын шат, довжооны бүрэлт засвар, гадны төв хаалганы дулаалга, байрны дээврийн засвар хийж өгнө гэсэн боловч одоо болтол нэг ч зүйл хийгдээгүй болно. Тус байр нь дулаан алдалттай, халаалтгүй, хөгц мөөгөнцөртэй, чийгтэй, бохир цэвэр усны холболт буруу хийгдсэн, бохир бөглөрдөг, камержилтгүй, хулгайд өртөж эд зүйлээ алддаг, хүүхэд хөгшид ханиад томуу, салхинцэцэг зэрэг өвчнөөр өвчлөмтгий зэрэг асуудлууд тогтмол үүсдэг. Орон сууцны оршин суугчид хамтран “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Мэргэжлийн хяналтын газар”, “Мандал голомт” ХХКомпанид тус тус өргөдөл гомдол гаргасан. Үүнээс: 1.Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт: Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн буюу эрүүл аюулгүй орчин болон эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм нормативыг хангаагүй, 2. “Мандал голомт” ХХКомпанийн инженерүүд газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцсан, дүгнэлт гаргаагүй. 3. Барилгын мэргэжилтэн бүхий үнэлгээний багаар нэхэмжлэл гаргах үнийн дүнг тооцуулахаар ажиллаж байна. Б.М-д удаа дараа нөхцөл байдлыг танилцуулж байраа буцаах, эсвэл засвар үйлчилгээ хийж, дутуу зүйлийг гүйцээхийг амаар шаардсан боловч хүлээж авалгүй өдийг хүрсэн. Иймд: 1. Гадна, дотор шалны засвар, өнгөлгөө, 2. Төв хаалга давхарлах, код, дулаалга, 3. Цэвэр, бохир усны шугам хоолой, 4. Халаалтын холболт өөрчлөх, 5. Дээврийн хучилт, элс, элсэнцэр нуралт, 6. Гадна талбайн тохижилт, хайс, 7. Хүүхдийн тоглоомын талбай, 8. Машины зогсоол, номер, 9. Шалны хөдөлгөөн засвар, 10. Орцны цэвэрлэгээ, хогийн хэсэг зэрэг дутуу орхисон болон засвар үйлчилгээний ажлаа хийж гүйцэтгэж байж үлдэгдэл тооцоогоо хийх талаар шаардаж нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Миний бие болон гэр бүл, үр хүүхэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ удаа дараа хохирч сүүлийн 2 жил өөр байр түрээслэн амьдарч, өвлийн саруудыг өнгөрөөж байна. 10.000.000 төгрөг дээр зах зээлийн ханш ийм байна гээд тохиролцсон. Тухайн ажлуудыг хийхгүй гэвэл би буцаах саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь байрны үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Б.М нь 2015 оны эхээр найз Б.Б-д Баянхайрхан багийн Хөгжил хороололд байрладаг 65 м.кв, 2 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож байраа өгөхдөө 20.000.000 төгрөгийг бэлнээр авч ордероо Б.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Б нь барилгын гадна талын чулуу дутуу, барилга дутуу байгаа учир үнийг бууруул гэдэг үүднээс үнийг 50 сая төгрөг гэж аман хэлэлцээрээр тохиролцсон. Сүүлд 20 сая төгрөгийг өгөөд 10 сая төгрөг дутуу байгаа. Энэ хүн 50 сая төгрөгөөр тохирсон, мөн 10 сая төгрөг өгнө гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг, харин 10 сая төгрөгөө өгөхгүй байгаа шалтгаан нь байр доголдолтой учир тухайн асуудлыг шийдвэрлэсний дараа өгнө гэдэг учир байрны үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг гаргуулна” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд “...Анх 60 сая төгрөг гэхээр нь зах зээлийн ханшаас үнэтэй байна гээд 50 сая төгрөг болгосон. Одоогийн байдлаар 40 сая төгрөг өгсөн. Засвар хийвэл 10 сая төгрөгийг өгөх боломжтой...” гэж мэтгэлцжээ. 
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Б.М, Б.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 6-17-05 тоотод байрлах 65 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг /Гэрчилгээний дугаар -000185903, Улсын бүртгэлийн дугаар Ү-0518002451/ 30.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2015 оны 03 сарын 04-ний өдөр уг орон сууцны өмчлөх эрх Б.Б-д шилжсэн байна. /хх-ийн 50-55-рт/
Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар уг байрыг 30.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “2015 онд Б.Мэс 5 тоотыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Аман гэрээгээр харилцан тохиролцож 50 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг төлсөн.” гэж тайлбарлажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талууд тухайн орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, 40.000.000 төгрөгийг Б.М-д өгч, 10.000.000 төгрөгийг өгөөгүй гэдэгтэй маргадаггүй байна.
Харин хариуцагч Б.Б нь байрны халаалт болон гадна, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэвэл үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой гэж маргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм аман хэлцэл хийгдсэн тул байрны үнийн үлдэгдлийг гаргуулна гэж шаардаж байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ..., гэж, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно... гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь хуульд зааснаар заавал бичгээр байгуулж, нотариатаараар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн аман хэлцэл хийгдсэн тул байрны үнийн үлдэгдлийг гаргуулна гэж шаардаж байгаа нь хуульд заасан гэрээний хэлбэрийн шаардлагад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. 
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2015 оны 06 дугаар сард гэрээ байгуулаад тэр өвөл ашиглалтад орсон боловч Мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй байсан. Байранд анх ороход шинэ байр байсан учир мэдээгүй. Халаалтгүй тогоор халдаг байсан. Дутуу зүйлээ явцын дунд хийгээд явж болно гэж хэлсэн. Өвлөөс эхлээд тогоор халдаг. Шөнө нь халаалтаа залгаад өдөр нь салгадаг байсан. Тэгээд тогны мөнгө өндөр гараад байхаар нь улсын халаалтад холбохоор гайгүй болох байх гэж бодсон. Улсын халаалтанд холбосон ч гэсэн халахгүй байгаа...” гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл байрыг анх зарахад тухайн байр төвийн халаалтанд холбогдоогүй, цахилгаанаар халдаг, цахилгаанаар халааж байхад халаалтын ямар нэгэн асуудал үүсдэггүй байжээ. 
Харин байрны өмчлөх эрх шилжсэний дараа буюу уг байр төвийн халаалтанд холбогдсонооор байр халахгүй болсон гэж хариуцагч Б.Б тайлбарлаж байх бөгөөд төвийн халаалттай холбоотой асуудалд нэхэмжлэгч Б.М буруутай болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. 
Мөн 1. Гадна, дотор шалны засвар, өнгөлгөө, 2. Төв хаалга давхарлах, код, дулаалга, 3. Цэвэр, бохир усны шугам хоолой, 4. Халаалтын холболт өөрчлөх, 5. Дээврийн хучилт, элс, элсэнцэр нуралт, 6. Гадна талбайн тохижилт, хайс, 7. Хүүхдийн тоглоомын талбай, 8. Машины зогсоол, номер, 9. Шалны хөдөлгөөн засвар, 10. Орцны цэвэрлэгээ, хогийн хэсэг зэрэг дутуу орхисон болон засвар үйлчилгээний ажлыг хийсний дараа төлбөр төлнө гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, анх гэрээ байгуулахдаа эдгээр ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дутуу орхисон болон засвар үйлчилгээний ажлыг хийсний дараа төлбөр төлнө гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул байрны үнийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байрны үнийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ