Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 124

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй 
хариуцагч: Говь-Алтай аймгийн Залуур-Өргөө ХХКомпанид холбогдох
2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Залуур-Өргөө” ХХКомпанийн захирал Л.А-тай 2015 онд барилгын өрөг угсрагчийн мэргэжлийн 2 дугаар ангийн суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг цалинтай хийлгэхээр гэрээ байгуулан ажиллуулсан ба гэрээний дагуу дадлага хийж буй суралцагчдад өдрийн 10.000 төгрөгийн ажлын хөлс олгохоор, үүнээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 30 хувийг нь тооцон шилжүүлэхээр тусгасан юм. “Залуур-Өргөө” ХХК нь суралцагчид ажлын хөлсний 70 хувийг бүрэн тооцож олгосон ба Мэргэжлийн сургалтын төвд олгох суралцагчдын 30 хувь болох 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. “Залуур-Өргөө” ХХКомпанийн захирал Л.А-д ажлын хөлсний тооцоог дуусгах тухай шаардахад 2016 оны 12 дугаар сард 65 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн боловч, 2017, 2018 онд тодорхойгүй шалтаг, шалтгаанаар хойшлуулсаар байгаа болно. “Залуур-Өргөө” ХХКомпаниас гэрээний дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өгөх 2.400.000 төгрөгийг гаргуулахаар Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал болох “Залуур-Өргөө” ХХКомпани нь эвлэрэх боломжгүй гэсэн юм. Иймд “Залуур-Өргөө” ХХКомпаниас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хийсэн гэрээний дагуу өгөх нийт 2.400.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь суралцагчдын төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлагыг аж ахуй нэгж байгууллагууд дээр гэрээг хийлгэдэг. Тэгэхдээ тухайн дадлагажигч гэрээ байгуулж, гэрээний  дагуу хамтын ажиллагаа явдаг. Залуур Өргөө ХХК тай 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд барилгын өрөгч усгралтын ангийн дадлагажигчдыг хийлгээд өдөрт 10.000 төгрөгөөр суралцагчдыг цалинжуулна. Үүний 30 хувийг байгууллагын дансанд, 70 хувийг суралцагчид өгнө гэж гэрээ байгуулж суралцагчид үйлдвэрийн дадлага хийж гүйцэтгүүлсэн байна. Суралцагчдад олгох төлбөрийг барагдуулсан сургуулийн дансанд орох 2.400.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл оруулаагүй. Энэ талаар өмнө нь ажиллаж байсан захирал удирдлагууд шахаж шаардаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Залуур Өргөө ХХК-ны 65 тоот албан бичгээр суралцагчдын  эхний ээлжийн төлбөрийг төлж барагдуулсан. Үүнийг гүйцэтгэлийн тооцоо хийснээр барагдуулна гэсэн тоот ирүүлсэн. 2016 оноос хойш 2017 он, 2018 онуудад Залуур Өргөө ХХК-ны захиралтай нь холбогдсон боловч тодорхой хугацаа өгнө үү тухайн төлбөрийг өгнө гэдэг зүйлийг хэлдэг. Өмнөх оноос дадлага удирдаж байсан багшид мөнгө өгсөн гэж хэлдэг. 2018 оны 11 дүгээр сард Залуур Өргөө ХХК-аас төлбөр гаргуулах тухай Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулчлах төвд хандсан боловч эвлэрэх боломжгүй гээд шийдвэр гарсан. Үүнийг үндэслээд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Залуур Өргөө ХХК-аас 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 онд Залуур-Өргөө ХХКомпанийн захирал Л.А нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй гэрээ байгуулж 70 хувийг бүрэн тооцож олгосон, 30 хувийг нь буюу 2.400.000 төгрөгийг нь анги удирдсан багш Д.Ц нь авсан. Манай компани нь Д.Цгаас тухайн мөнгийг нэхэмжилж гаргуулж авсны дараа 2.400.000 төгрөгийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд төлөх хүсэлтэй байна. Дээрх нөхцөлөөр эвлэрэх саналтай байна гэжээ.
 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж оролцъё гэсэн байр суурьтай байна. Залуур Өргөө ХХК-аас нэхэмжлэгч тал 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээг харахаар Залуур Өргөө ХХК-аас хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй тамга тэмдэг дарагдаагүй гэрээ байдаг. Залуур Өргөө ХХК албан тоот явуулсан гэх боловч гарын үсэг зөрүүтэй байдаг. Мөн хариуцагч нь миний гарын үсэг биш гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй учир тухайн 2.400.000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Залуур-Өргөө ХХКомпанид холбогдуулан 2.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд гэрээнд Залуур-Өргөө ХХК-ийн тамга тэмдэг дарагдаагүй, Залуур-Өргөө ХХК-ийн албан тоот дээрх гарын үсгийг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж ярьдаг тул гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй учир тухайн 2.400.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.
 Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Залуур-Өргөө ХХКомпанийн хооронд Иргэний хуулийн 476, 477, 480 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны 06 сарын 09-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
Уг гэрээний 1 дүгээр зүйл гэрээний зорилгыг “Энэхүү гэрээгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцуулах замаар үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын удирдлага, зохион байгуулалт, техник, технологи, хөдөлмөр зохион байгуулалтын арга ажиллагааг сурагч эсвэл оюутан /цаашид дадлагажигч/-аар судлуулж онолын мэдлэгийг бататгах, мэргэжлийн дагуу ажиллах чадвар, дадал, арга барил эзэмшүүлнэ” гэж тодорхойлжээ.
Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дадлагажигч сурагч /оюутан/ байгууллагын дотоод журмын дагуу гэрээ байгуулан цалин /байр/ болон хөнгөлөлт урамшууллыг өдөрт 10.000 төгрөг, 70% суралцагчийн гарт, 30% сургуулийн дансанд” гэж тохиролцсон байна. 
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд сургуулийн дансанд 2.400.000 төгрөг оруулах ёстой байсныг оруулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь 2.400.000 төгрөгийг нь анги удирдсан багш Д.Ц авсан гэж тайлбарлаж, үнийн дүн дээр маргадаггүй болно. 
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...30 хувийг нь буюу 2.400.000 төгрөгийг нь анги удирдсан багш Д.Ц нь авсан. Манай компани нь Д.Ц-с тухайн мөнгийг нэхэмжилж гаргуулж авсны дараа 2.400.000 төгрөгийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд төлөх хүсэлтэй байна. Дээрх нөхцөлөөр эвлэрэх саналтай байна...” гэж тайлбарласан бол шүүх хуралдаанд “...Залуур Өргөө ХХК-аас хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй тамга тэмдэг дарагдаагүй гэрээ байдаг. Залуур Өргөө ХХК албан тоот явуулсан гэх боловч гарын үсэг зөрүүтэй байдаг. Мөн хариуцагч нь миний гарын үсэг биш гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй учир тухайн 2.400.000 төгрөгийг төлөх боломжгүй...” гэж зөрүүтэй тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээнд Залуур-Өргөө ХХКомпанийн тамга тэмдэг дарагдаагүй боловч компанийн захирал Л.А нь гарын үсэг зурсан байна. 
Мөн шүүх хуралдаанд гэрч Б.С нь “...Залуур Өргөө ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай суралцагчийг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр Халиун сум руу Ц багшаар удирдуулж явуулсан. Гэрээ байгуулах саналыг “Залуур Өргөө” ХХК-аас тавьсан...” гэж мэдүүлжээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар хийсэн гэж үзнэ гэж заасан байх тул тамга тэмдэг дарагдаагүй байх нь гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна. 
Мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсгийг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж үзсэн бол гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсгийн шинжилгээтэй холбоотой хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 
Залуур-Өргөө ХХКомпанийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай албан бичигт “Тус компани нь танай сургуулийн өрөг угсралтын 2 дугаар ангийн сурагчдын дадлагын ажлын эхний ээлжийн төлбөрийг бүрэн хийж дууссан ба 2 дахь удаагийн дадлагын төлбөрөөс сургуульд төлөгдөх 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг үйлдсэн тул тооцоог гүйцэтгэлийн тооцоо хийснээр барагдуулах болно” гэжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Залуур-Өргөө ХХКомпани нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2.400.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэдэгтэй маргадаггүй байна. 
Улмаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид уг 2.400.000 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж байсан болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. 
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүх хуралдаанд “...2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгаа. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гэтэл тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг нэрлэн заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч ямар үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Мөн талууд Иргэний хуулийн 476, 477, 480 дугаар зүйлийг буюу хамтран ажиллах гэрээний заалтыг үндэслэн гэрээ байгуулсан, дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээгээгүй, харин үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгүүлэх зорилгоор сургууль, компани харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Залуур-Өргөө ХХКомпани нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дансанд гэрээнд заасан төлбөр болох 2.400.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 467.1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Залуур-Өргөө ХХКомпанийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Залуур-Өргөө ХХКомпаниас 2.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2.400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.350 төгрөгийг хариуцагч Залуур-Өргөө ХХКомпаниас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 467.1 дэх заалт, Хамтран ажиллах гэрээний 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Залуур-Өргөө ХХКомпаниас 2.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2.400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.350 төгрөгийг хариуцагч Залуур-Өргөө ХХКомпаниас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ