Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02325 1692 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн Э-ийн П, 2000 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт *** оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.У-ийн эзэмшлийн Samsung Galaxy S-21 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д овгийн Э-ийн П нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 24 минутын үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын хажуугийн явган хүний замаар гар утсаараа яриад алхаж явсан хохирогч С.У-ийн 2,000,000.0 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy Galaxy S-21” загварын гар утсыг гараас нь шүүрч аваад зугтаасан бөгөөд маргааш өглөө нь барьцаалан зээлдүүлэх газарт 950,000.0 төгрөгийн барьцаанд тавьж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хохирогч С.У-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой найзуудтайгаа уулзчихаад 23 цагийн үед Москва хорооллын урд талын төв зам дагуу явган хүний замаар гэртээ харих гээд утсаар яриад алхаж байсан. Тэгээд утсаар ярьж дуусаад гар утсаа гартаа бариад алхаж байтал араас үл таних эрэгтэй миний гар утсыг булааж аваад зугтсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй, миний гар утсыг булаасан тэр эрэгтэй Номин дэлгүүрийн зүүн талаар гүйгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал); 

- Гэрч Б.О-ы “...Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ББ” ломбардад үнэлгээний мэргэжилтэн хийдэг. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутад ажилдаа ирсэн бөгөөд өдөр 13 цагийн үед урьд өмнө нь манайхаар үйлчлүүлж байсан Э.П гэх залуу орж ирээд “Samsung Galaxy S-21 Plus” загварын гар утсыг барьцаанд тавьж 950,000 төгрөг зээлж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1209 дугаартай “...Samsung Galaxy S-21 загварын гар утсыг 2,000,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-30 дахь тал);

- Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн бөгөөд тэрээр мөрдөн байцаалтад: “...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр найзуудын хамт шөнийн цэнгээний газарт архи уусан юм. Дараа нь би гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 32 -ийн автобусны буудлаас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төв рүү алхаж байсан. Тэгээд миний урд нэг эгч зүүн гартаа гар утас бариад явж байхаар нь би хойноос нь гүйж очоод гар утсыг нь булаагаад зугтаасан. Тэгээд маргааш өглөө нь тэр гар утсыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар автобусны буудлын ард байрлах ломбардад барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит үнэнийг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Э.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэх боломжтой.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.П нь бүрэн дунд боловсролтой буюу монгол хэл, бичиг мэддэг, өмгөөлөгч заавал оролцуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэрээр шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.  

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс гэмт хэргийн халдлагын зүйл болох “Samsung Galaxy S-21” загварын гар утсыг 2,000,000.0 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөн хэмжээгээр тогтоолоо. Гэхдээ хүч хэрэглээгүй дээрмийн хувьд бусдын эд зүйлийг авсан байх материаллаг шинжтэй боловч хохирлын хэмжээ нь үндсэн шинжид хамаардаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бүр мөсөн авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бий болгосон идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Э.П-ийн үйлдэл нь хохирогчийн эсрэг довтлоогүй, түүнийг айлган сүрдүүлж заналхийлээгүй, бусдын өмч хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр агшин зуурт авч зугтаасан, өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байх тул уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.П-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд мөн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.П-ийн бусдын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, шүүрч аван зугтаасан үйлдэл болон хохирогч С.У-ийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа алдсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруу үйлдэл нөлөөлсөн гэхээс илүүтэй, шүүгдэгч Э.П-ийн согтуурсан байдал, тухайн цаг мөчид үүссэн шунахайн сэдэлтэй нь шууд холбоотой гэж шүүх үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.П-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500,000.0 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 1,500,000 төгрөгийг 5 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч С.У-той харилцан тохиролцсон байгааг тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар: “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 39-40 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 41-42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1252 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 45 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1879 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Э.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Э.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Иймд шүүгдэгч Э.П-ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын үлдэгдэл болох 1,500,000.0 төгрөгийг 5 сарын дотор төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь үр нөлөөтэй гэж үзлээ.

Хэрэв шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл зөрчсөн, эсхүл тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэ тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулах хууль зүйн үр дагавартай болохыг шүүгдэгч Э.П-д тогтоолоор сануулах нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д овгийн Э-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.П-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.П-д гэмт хэргийн хор уршиг болох 1,500,000.0 төгрөгийг таван сарын дотор хохирогч С.У-д төлж барагдуулах үүргийг, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх энэ тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ гэмт хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Э.П-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 500,000.0 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА