Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 126

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гэрч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.А нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид 2015 оны 06 сард Шарга сумын Эрчим хүчний салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 12 сарын 18-нд Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б/137 тоот тушаалыг гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагч Э.А нь удирдлагууд болон холбогдох инженер техникийн ажилтнуудын өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, дэд станцад ээлжинд үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилдаа хайнга хандаж, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан /2018 оны 06 дугаар сард 5 хоног тасалсан/, дотоод хяналтын албанаас 12 дугаар сард хийгдсэн III шатны үзлэгийн өдрүүдэд 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. “АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар сумдын салбарын ажилчдыг аттестатчлах шалгалтанд хүндэтгэх шалтгаангүй хамрагдаагүй, Эрчим хүчний сайдын тушаалын дагуу 35 кВ хүртэлх хүчдэлийн түвшинд үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нараас авсан мэргэжлийн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн зэрэг ажлын хариуцлагагүй байдлыг давтан гаргасан тул хариуцлага тооцож, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э.А-г ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан. Энэ хүн нь хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчлийг шууд оногдуулахаар заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажил тасалсан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлдөг. Хоёрдугаарт тухайн зөрчилийг давтан гаргасан гэж үзэж байгаа. 2018 оны 06 дугаар сард хамт ажилладаг хүмүүстэй ээлжийн амралтаа авсан, хүүхдийн бие өвдсөн гэж хэлээд явсан. Тухайн үед би ажлын хэсгийг ахлаад захирлын тушаалаар сумдын ажилтнуудыг аттестатчлаад газар дээр нь очиход байхгүй байсан. Ингээд аттестатчилалд хамрагдаагүй. Ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол чөлөө зөвшөөрөл аваад явдаг журамтай. Бид энэ асуудал дээр хатуурхаад байдаггүй, чөлөө зөвшөөрөл өгөөд явуулдаг. Гэтэл энэ хүн дур мэдээд ажил таслаад явсан. Цалингийн цэс, цагийн бүртгэл болон холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ зөрчлийг 12 дугаар сард давтан гаргасан учир ноцтой зөрчлийг давтан гаргасан гээд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дотоодын хэлтэс хариуцсан даргын ажлыг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт шалгалт болон гуравдугаар шатны үзлэгүүдийг сум болон салбар нэгж хэлтэс агентлаг гаргасан удирдамжийг тодорхой хугацаанд гүйцэтгэдэг. 3 дугаар шатны үзлэг болон бусад үзлэг шалгалтад зарим үед хангалтгүй биелүүлдэг. Шарга сумын Засаг дарга Т-с ирсэн албан бичигт Шарга сумын албан хаагчид ажлаа хангалтгүй биелүүлж байна. Энэ талаар анхаарч хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоотын дагуу шуурхай удирдлагын систем болон бусад ажилд үзлэг шалгалт хийхэд 12 дугаар сарын 01-06 өдрүүдэд Э.А ажлаа хийгээгүй. Тухайн үед Эрчим хүчний сайдын шалгалт болох гэж байсан. 2 удаа хойшлогдоод 12 дугаар сарын дундуур зарлагдсан байсан. Тухайн шалгалтыг мэдэгдээд дуудсан боловч ирээгүй. Шалгалтад хамрах хугацаанд Улаанбаатар хот явсан байсан гэж зарим гэрч нар мэдүүлдэг. Илтгэх хуудсыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Удаа дараа ажил үүрэгтэй хангалтгүй хандаж байна гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Яамны шалгалтад Шарга сумаас биш Улаанбаатар хотоос ирж оролцсон байдаг. Зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд шуурхай үйлчилгээний мониторинг хариуцсан ажилтан гэдэг албан тушаалд тохирохгүй гэж үзэн тухайн шийдвэрийг гаргасан байгаа гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Э.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Э.А нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/60 дугаар тушаал, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/78 дугаар тушаал, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/137 дугаар тушаал, нэхэмжлэгч Э.А-н нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.А нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани нь Э.А-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. 
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 10.3.14-ийн 12 дахь заалтыг үндэслэн Э.А-г ажлаас чөлөөлжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...Э.А нь 2018 оны 06 дугаар сард 5 хоног тасалсан, дотоод хяналтын албанаас 12 дугаар сард хийгдсэн III шатны үзлэгийн өдрүүдэд 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. “АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар сумдын салбарын ажилчдыг аттестатчлах шалгалтанд хүндэтгэх шалтгаангүй хамрагдаагүй, Эрчим хүчний сайдын тушаалын дагуу 35 кВ хүртэлх хүчдэлийн түвшинд үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нараас авсан мэргэжлийн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн зэрэг ажлын хариуцлагагүй байдлыг давтан гаргасан тул хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн...” гэжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.
Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журмын /”Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 07-р тогтоолын хавсралт/ 6.2.1-д “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө” гэж, мөн дүрмийн 10.3.14-ийн 12 дахь заалтад “Сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно. Үүнд: 12. Ажилтан компаний дотоод журамд заасан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлгэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Э.А 2018 оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 09 хүртэл яваад өгсөн. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг дуустал хугацаанд байхгүй байсан” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 06, 12 дугаар сарын цагийн тооцооны хүснэгтэд ажиллавал зохих өдөр цагийг тодорхойлсон боловч тухайн сарын ямар өдрүүдэд ажиллах ёстой, үүнээс хэд хоногт нь ажиллаагүй болохыг тусгаагүй байна.
Харин Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн шуурхай ажиллагааны журналд хийсэн үзлэгээр 2018 оны 06 сарын 20-ноос 06 сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 09, 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 08-ны өдрийн журналын бичилтэд ажил хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан хүний гарын үсэг зурагдсан боловч нэрийн тайлал бичигдээгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 06 сарын 20-ноос 06 сарын 30-ны өдрүүдэд Э.А ажиллаагүй, 2018 оны 07 дугаар сарын 09-нд Э.А ганц удаа гарын үсэг зурсан байна, 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 08-ны өдрийн журналын бичилтэд 11 сарын 29-нд Ц-с Э.А-д ээлж хүлээлгэн өгсөн, 11 сарын 30-нд Э.А-с Т-т ээлж хүлээлгэн өгсөн, 12 сарын 06-нд Ц-с Э.А-д ээлж хүлээлгэн өгсөн, 12 сарын 07-нд тэмдэглэл үйлдээгүй, 12 сарын 08-нд Э.А-с Т ээлж хүлээн авсан гэж тэмдэглэл үйлдэгдсэн байна гэж тайлбарласан болно.
Мөн сумуудын диспечерт цагийн мэдээ өгсөн 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс 12 сарын 18-ны өдрийн баримтад үзлэг хийхэд 12 сарын 06-ны өдөр Э.А мэдээ өгөх байсан боловч өгөөгүй, 12 сарын 15, 18-ны өдрүүдэд Э.А мэдээ өгсөн гэж тэмдэглэгдсэн байна. 
Гэрч Э.Т нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Э.А надад хүүхэд өвдсөн. Ээлжийн амралтаа авмаар байна гэж хэлэхээр нь хүний нөөцтэй яриад зөвшөөрвөл болно гэж хэлсэн. Анх бол 09 сард амарна гэж саналаа өгч байсан. Гэхдээ 09 сард амраагүй. Тэгээд 6 сард хүүхэд өвдлөө гээд 06 сарын 09-нөөс ээлжийн амралтаа авлаа, хүний нөөцтэй ярилаа гэж явсан. 06 сард л амарлаа гэж явсан. Дахиж ээлжийн амралт гэж яваагүй. Ээлжийн амралтын мөнгөө хэзээ авсныг мэдэхгүй байна. 06 сарын 09-нөөс 07 сарын 09 хүртэл Э.А гараагүй. Ц бид хоёр гарсан. 2018 оны 12 сарын 01-ний үеийг сайн санахгүй байна. хэдэн сарыг санахгүй байна. Нэг удаа Дэлгэр явлаа. Хадам ээжийн бие муудлаа гэсэн. Би дээрээс чөлөө аваарай гэж хэлсэн. Надад олон хоног чөлөө өгөх эрх байхгүй...” гэж,
Гэрч Б.Ц нь нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Э.А ээлжийн амралтаа авлаа гээд явсан. Хүүхэд үзүүлнэ гэж ярьж байсан. 06 сарын 08-нд ээлжинд гараад 09-нөөс амарсан. 07 сарын 09-нд эргээд ажилдаа орсон. Т бид хоёр сая очиж журналтай танилцсан. Шуурхай ажиллагааны тэмдэглэлд 06 сарын 09-нөөс хойш ээлжийн амралт авсан гээд явсан учраас 07 сарын 09 хүртэл Т бид хоёрын л гарын үсэг байгаа. 10, 11 сард Э.А амраагүй. Харин ээлжийн амралтын мөнгө нь орсон байх. Ээлжийн амралтын мөнгөө аваагүй, мөнгөө авмаар байна гэж надад ярьж байсан. Э.А 2018 онд 6 сард л амарсан. Ахлагчид ээлжийн амралтаа авлаа гэж хэлсэн. Би албан ёсоор авсан эсэхийг мэддэг хүн биш. Дарга нарт хэлсэн байх. Би 6 сард олон хоногоор явсан болохоор нь ээлжийн амралт гэж ойлгосон. Бусад үед чөлөө авсан байж магадгүй. Миний мэдэхээр 2018 онд 06 сараас бусад үед ээлжийн амралт гэж олон хоногоор яваагүй. 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс хэд хоног байхгүй байсан. Тасалсан эсэхийг мэдэхгүй. Чөлөө авсан бол ээлжийн ахлагчаас чөлөө авсан байх. 06 сарын 08-нд хамгийн сүүлж ээлжинд гараад ээлжийн амралтаа авч яваад 07 сарын 09-нд ажилдаа орсон. Бусад юмыг нь сайн мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.А-г 2018 оны 06 дугаар 10-наас 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд чөлөө зөвшөөрөлгүй явсан, 5 хоног ажил тасалсан гэж тайлбарлаж, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Э.А-н ээлжийн амралтыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгов” гэх ээлжийн амралтын хуудас, цалингийн тооцооны картыг ирүүлсэн байх боловч гэрч Б.Ц, Э.Т нар нь Э.А 2018 оны 06 сарын 08-нд хамгийн сүүлд ээлжинд гараад ээлжийн амралтаа авч яваад 07 сарын 09-нд ажилдаа орсон, үүнээс хойш дахин ээлжийн амралт авсан гэж яваагүй гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд Э.А нь 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, харин 2018 оны 06 дугаар сард ээлжийн амралттай гэж явсан байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ...” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 11 дүгээр сард Э.А-н ээлжийн амралтыг биеэр эдлүүлсэн болох нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/90 дүгээр тушаалаар сумдын салбарын ажиллагсдыг аттестатчилж, мэргэжлийн мэдлэг, ур чадварт үнэлгээ өгөх комиссыг байгуулсан байх бөгөөд комиссын гишүүн Д.О, комиссын нарийн бичиг Э.Ж нар нь Шарга сумд 2018 оны 06 сарын 21-ний өдөр ажилласан болох нь 51 дугаартай албан томилолт, Э.Ж-н 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “...Ажлын хэсэг 2018 оны 06 сарын 21-26-ны хооронд Шарга, Алтай, Төгрөг, Бугат, Дарив, Тонхил сумдаар аттестатчлалын шалгалт авч ажиллав. Дээрх сумуудын ажилчдын ур чадварын шалгалт авахад Шарга сумын монтёр Э.А шалтгаангүй ажлын байран дээр байхгүй шалгалтад ороогүй болно” гэх илтгэх хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 124-127-рт/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. 
Иймд хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани нь Э.А-г 2018 оны 06 дугаар сард ажлын байран дээр байхгүй байсан болохыг 2018 оны 06 сарын 21-ний өдөр илрүүлсэн байх бөгөөд илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, дараагийн сахилгын зөрчил гаргасан гэх 2018 оны 12 дугаар сар хүртэл 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. 
Иймд нэхэмжлэгч Э.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 10.3.14-ийн 12 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Э.А-г Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Э.А-н 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 3 сар 19 хоногийн олговор 2.166.792 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.А-н 1104019 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.166.792 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.619 төгрөг, нийт 119.819 төгрөгийг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.А-г Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.166.792 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Э.А-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.166.792 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.619 төгрөг, нийт 119.819 төгрөгийг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ