Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 143

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.А-н нэхэмжлэлтэй 
хариуцагч: Д.Ч-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.А 1985 оны 07 сарын 09-нд төрсөн. Нөхөр болох Д.Ч-тэй 2007 оны 08 сарын 15-нд айл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Ч.У 2008 оны 03 сарын 28-нд, Ч.Т 2010 оны 02 сарын 17-нд төрсөн юм. Айл болсон эхний жилүүдээс эхлэн Д.Ч нь янз бүрийн хүүхэнтэй нийлж, янз бүрээр худал хэлдэг байсан. Энэ олон жил би 2 хүүгээ бодож тэсэж, уучилж ирсэн. 2018 оны 03 сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид энэ хүнтэй хамтран амьдарч чадахгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүг минь эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Ч-с хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Өөр хүсээд байх зүйл байхгүй. Хэрүүл зодоон гараад байхгүй ч гэсэн байнга худлаа ярьж явдаг. 2 хүүхэд нь мөн хүлээн зөвшөөрдөг гэв.
Хариуцагч Д.Ч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ч нь 1985 оны 03 сарын 15-нд төрсөн. Эхнэр Ц.А-тай 2007 оны 08 сарын 15-нд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Ч.У 2008 оны 03 сарын 28-нд, Ч.Т 2010 оны 02 сарын 17-нд төрсөн юм. Ц.А-н хэлж байгаа зүйлүүд бүгд болоогүй асуудлууд. Ц.А 2018 оны 03 сард ажил хийгээд 2 хүүхдээ хаяад явсан. Ажил хийж байх хугацаандаа хотод нэг залуутай байр түрээслэж амьдарч байсан. Үүнээс шалтгаалан гэр бүлийн маргаан үүссэн. Тэгээд намайг найз нөхөдтэй хардаж эхэлсэн. Өөрөө ч өмнө нь зөндөө хүмүүстэй нөхөрлөж байсан. Өөр хүн дагаад явахад нь би араас нь очиж хүртэл авч байсан. Тэгээд энэ янз бүрийн шалтгаанаас болж бид 2 тусдаа амьдарч байгаа. Ц.А нь 2019 оны 01 сард ирж намайг байхгүй хойгуур гэрийн бүх эд хогшил амбаар сав, түлээ түлш бүгдийг аваад явсан байсан. Намайг хөндий гэр, өмссөн хувцастай л үлдээгээд явсан. Надад бол сална гэсэн юм байхгүй. Хэрэв салах гэж байгаа бол би хоёр хүүхдээ өөр дээрээ авна. Би 2 хүүхэдтэйгээ хамт байсан. Өөрөө ноднин 3 дугаар сард хоёр хүүхдээ айлд орхиж явсан боловч намар ирээд 2 хүүхдээ аваад явсан байсан. Найз нөхөдтэйгээ хамт явж байсан. Тэр үед найзууд нь буруугаар ойлгуулсан байх гэж бодож байна. Би 2 хүүхдээ өгөхгүй, би ажил төрөлгүй учир хоёр хүүхдийн асрамж төлж чадахгүй гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Д.Ч-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Д.Ч нар нь 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
 Гэрлэгчид нь 2018 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш хариуцагч нь гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү Ч.У, 2010 оны 02 сарын 17-ны өдөр хүү Ч.Т нар төрсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/000341, 05/000342 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 
2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ч.У, 2010 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.Тнар нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хүүхдийн санал зэргийг үндэслэн хүү Ч.У, Ч.Т нарыг эх Ц.А-н асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй ба зохигчид эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Ч.У, Ч.Т нарыг эх Ц.А-н асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Ч.У, Ч.Т нарт тэтгэлэг тогтоож эцэг Д.Ч-р тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.922.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 77.705 төгрөг, нийт 218.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Ц.А нарын гэрлэлтийг цуцалсугай. 
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ч.У, 2010 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.Т нарыг эх Ц.А-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ч.У, 2010 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.Т нарыг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт, сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Ч-р тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.А-д даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Д.Ч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Д.Ч-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.922.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 77.705 төгрөг, нийт 218.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай. 
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ