Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч Э.О, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 2044 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Э овгийн Э-ны О , 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан.

2. Монгол Улсын иргэн, Б  овгийн Г-ын Г , 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл долоо, эхнэр, хүүхэд, эх, дүү нарын хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгийн торгууль,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “О” нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь  зүүн нүдний зовхи, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 11 дугээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “О” нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.О-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь “зулайд шарх, баруун сарвуу, шилбэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Э овгийн Э-ны О , Б  овгийн Г-ын Г  нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокед хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож, шүүгдэгч Э.О нь хохирогч Г.Г-ын бие махбодид “зүүн нүдний зовхи, духанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Г.Г нь хохирогч Э.О-ын бие махбодид “зулайд шарх, баруун сарвуу, шилбэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус бүр санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...хэргийн талаар мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн бөгөөд тэд хохирогчийн хувиар: “...харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэцгээв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Тухайлбал, хохирогч Г.Г-ын “...намайг ”О” караоке руу ороход зөөгч ширээн дээр хоёр хүн байсныг босгоод ийшээ суучих гээд суулгасан. Гэтэл нөгөө хоёр хүн нь гаднаас орж ирээд “манай ширээн дээр суусан байна” гэж маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа би гарч тамхи татаад зогсож байтал нөгөө уурлаад байсан хоёр залуу араас гарч ирэн, үг хаяж дайраад байсан. Тэгтэл саарал өнгийн куртиктэй, намхан залуу нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд барьж байсан пивоны шилээр уг залуугийн толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Хохирогч Э.О-ын “...пиво ууж байгаад ганцаараа гарч тамхилчхаад ороод иртэл манай ширээн дээр үл таних гурван хүн сууж байхаар нь юун хүмүүс вэ, энд хүн сууж байгаа талаар хэлэхэд хар куртиктэй залуу нь “өөр газар суу, бид нар байнгын үйлчлүүлэгч нар байна” гэхээр нь өөр ширээн дээр очиж суусан. Гэтэл тухайн залуусын шар куртик өмссөн залуу бидэн дээр ирээд “та нар яагаад томроод байна, гараад ир” гэж миний хувцаснаас татахаар нь би “тэгье” гэсэн. Бид хоёр караокеноос дөнгөж гараад коридорт явж байтал нөгөө залуу намайг цохисон ба би арай гэж салгаад байж байтал анх өдөөд байсан шар куртиктэй залуу миний толгой руу пивоны шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15879 дугаартай дүгнэлтээр “...Г.Г-ын биед зүүн нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх ( хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15892 дугаартай дүгнэлтээр “...Э.О-ын биед зулайд шарх, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.О, Г.Г нар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй ...” гэж (хавтаст хэргийн 115-116, 125-126 дахь тал) хэргээ хүлээн мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.О, Г.Г нар нь бага боловсролтой боловч монгол хэл, бичиг мэддэг /шүүхээс тусгайлан бичиг уншуулж шалгасан/ байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэд шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15879  дугаар дүгнэлтээр хохирогч Г.Г-ын биед,  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15892 дугаар дүгнэлтээр хохирогч Э.О-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.О, Г.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Э.О, Г.Г нарын харилцан зодолдсон үйлдэл болон тэдний биед учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд архидан согтуурсан, харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.О, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хувьд Э.О, Г.Г нар нь харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул тэднийг шүүгдэгчийн хувиар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.О, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч нар: “хэлэх саналгүй” гэцгээв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.О, Г.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/655 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 33 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 37-38 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 39 дэх тал), ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40-53 дахь тал), Хур нэгдсэн системийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 59-64 дахь тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 65-66 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүхийн тогтоол (хавтаст хэргийн 68 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385/1 дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 69 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 70-75 дахь тал), Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаартай магадлал (хавтаст хэргийн 76-78 дахь тал), ялтан Г.Г-ын зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), Г.Г-ын зан байдал, суллагдлын тодорхойлолт  (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г-ын хувийн байдлыг,

- Шүүгдэгч Э.О-ын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83-85 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), Э ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22/234 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 87 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 96-98 дахь тал), Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 326 дугаартай магадлал (хавтаст хэргийн 103-104 дэх тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 136 дугаартай захирамж (хавтаст хэргийн 105 дахь тал), Э.О-ын зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.О-ын хувийн байдлыг тус тус тогтоов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Э.О-т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын хөрөнгө, орлого, торгох ялын хэмжээг тус бүр харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын дотор торгох ялыг төлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Э овгийн Э-ны О, Б  овгийн Г-ын Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр, шүүгдэгч Г.Г-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О, Г.Г нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА