Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/1542/Э |
Дугаар | 2023/ШЦТ/11 |
Огноо | 2022-12-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч П.Э, улсын өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2208 00000 2011 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овгийн П-ийн Э , 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт зах дээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.М-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, С овгийн П-ийн Э нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт зах дээр хонь зарах асуудлаас болж хохирогч Б.М-тай маргалдаж, улмаар түүний нүүр лүү мөргөж, биед нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судалсан болно. Үүнд:
- Хохирогч Б.М-ын “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П.Э гэх мал зардаг залуу ирээд надаас хонь худалдаж авах гэж байсан хүнийг дагуулж яваад өөрийнхөө хонийг зарчихсан. Тэгэхээр нь би П.Э-д хандан “хоёулаа адилхан хонь зарж байгаа биз дээ. Би бас хонио зармаар байна ш дээ” гэж хэлтэл “чи ямар том болчихсон юм бэ” гээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд П.Э-ыг заамдсан. Тэгтэл П.Э миний хамар луу мөргөсөн. Миний хамраас цус гарсан бөгөөд би цусаа тогтоогоод эхнэртээ хэлсэн юм. П.Э миний хамар луу мөргөхийг миний төрсөн ах М харсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг бэлнээр авсан. П.Э-оос одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-10 дахь тал);
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15566 дугаартай: “...Б.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал);
- Шүүгдэгч П.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-59 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч П.Э-ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөгч эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч П.Э нь боловсролгүй буюу уншиж, бичиж чаддаггүй байх бөгөөд төлбөрийн чадваргүй учраас Хууль зүйн туслалцааны тухай хуульд зааснаар түүнд улсын өмгөөлөгч томилуулан шүүх хуралдаанд оролцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтаар баталгаажсан хүний үндсэн эрх болох хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан болохыг дурдах нь зүйтэй.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15566 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.Э-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-ын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч П.Э-ы хохирогч Б.М-ыг мөргөсөн үйлдэл болон хохирогч Б.М-ын биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд ямар нэгэн гаднын болон орчны нөлөө байгаагүй бөгөөд зэрэгцэн худалдаа наймаа хийж буй хүмүүс харилцан бие биеэ үл хүндэтгэсэн, хоорондын зөрчил маргааныг хэл амаараа, эв зүйгээр шийдвэрлэхийн оронд нэг нэгнээ заамдаж, асуудлыг хүчээр шийдвэрлэх гэсэн харилцаа, хандлагаас үүдэн гэмт хэрэг гарчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч П.Э гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 500,000 төгрөгийг бэлнээр төлсөн байх бөгөөд хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Улсын яллагчтай ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурор хуулиар олгосон эрх мэдлийн яллагдагч П.Э-оос гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, яллагдагчийн холбогдсон гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагын санал гаргасныг яллагдагч П.Э хүлээн зөвшөөрч, харилцан ял тохирч хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурорын саналаар шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Энэ ял нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч П.Э-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтов.
Хэрэв шүүгдэгч П.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялаа төлөхгүй бол шүүх түүнд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.С овгийн П-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Э-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд хөрөнгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА