Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, хохирогч Б.Х, Б.М, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1803 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овгийн Э-ийн Э, 1993 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны *** тоотод 2022 оны 10 дугаар сарын 14-ний шөнө хохирогч Б.Х-ыг нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, амны зүүн буланд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулайн хуйх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт, хэвлий, баруун бугалгад цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд зулгаралт, хохирогч Б.М-ийн нүүрэн тус газарт нь өшиглөн зодож эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад зулгаралт, дух, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг тус тус  санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б  овгийн Э-ийн Э  нь 2022 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих  шөнө согтуурсан байх үедээ найз охин Б.Х-ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны *** тоотод Б.Х , түүний найз Б.М нарыг хаалгаа дотроос нь түгжиж байгаад зодсон бөгөөд хохирогч Б.Х-ын биед “...зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, амны зүүн буланд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулайн хуйх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт, хэвлий, баруун бугалгад цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Б.М-ийн биед “...зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, дух, баруун шанаанд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Би хийсэн үйлдлээ санахгүй байна. Хохирогч нараас уучлалт гуйсан. Хоорондын жаахан буруу ойлголтоос болоод энэ хэргийг хийсэн гэж бодож байна. Би жолоочийн ажилтай, цалин тогтмол биш хийснээрээ авдаг. Хохирогч нарын нэхэмжилж байгаа мөнгийг төлнө, төлбөрийн хувьд маргах зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Х  шүүхийн хэлэлцүүлэгт “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.М , Э.Э бид 3 уулзаад нэг шил архи хувааж уусан. Э.Э бид хоёр 3 сарын хугацаанд эр эмийн харилцаатай байсан бөгөөд архи ууж байхдаа би түүнд “хоёулаа харилцаагаа больё” гэж хэлтэл намайг зодсон, нүүр, нүдгүй цохисон. Найз Б.М намайг хамгаалах гээд урдуур нь ортол түүний нуруу, цээж рүү цохисон, үснээс нь зулгааж чирч унагасан. Түүнд гомдолтой байна. Би манекюрын ажлын байр түрээслэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тодорхой хугацаанд ажлаа хийж чадаагүй учир тэр хугацааны алдсан орлогоо тооцоод 900,000 төгрөгийг шүүгдэгч Э.Э-аас нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр бид 3 нэг шил архи аваад Б.Х-ын гэрт ууж байсан. Тэгээд Э.Э , Б.Х  хоёр гадаа гарч ярилцаж байгаад буцаж орж ирээд удалгүй Э.Э Б.Х-ыг гэнэт алгадаад авсан. Би гайхаад “юу болж байна, яаж байгаа юм” гээд Б.Х-ыг хамгаалах гэж байгаад мөн зодуулсан. Сүүлдээ Э.Э Б.Х-ын гэрийн хаалгыг дотроос нь түгжиж байгаад бид хоёрыг гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй зодсон. Тэгсэн хөршүүд нь цагдаа дуудаад гайгүй болсон. Найзыгаа хамгаалах гэж байгаад нүд рүүгээ өшиглүүлсэн. Миний нүд одоо ч зовуурьтай байгаа, магадгүй цаанаа мах нь тасарсан байх гэж бодож байна. Хөхөрсөн нь ч гүйцэд арилаагүй байгаа, би энгэсэг түрхэж өнгийг нь дараад явж байна. Энэ гэмтлээс болоод ажлаа хийж чадаагүй. Би үсчин хийдэг. Энэ гэмтлээс болоод 2 сар ажилдаа яваагүй. Ажилгүй байх үеийн цалин хөлсөнд 1,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд оролцогч нарын мэдүүлэг болон эдгээр нотлох баримтаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон болно. Үүнд:

- Хохирогч Б.М-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай найз болох Б.Х-ын ажил болох 21 дүгээр хороололд байрладаг маникюр хийдэг газарт 16 цагийн үед ирсэн. Тэнд байхдаа Б.Х  нь Э.Э тай утсаар яриад дуудсан. Ингээд бид гурав 18 цагийн үед тарж Б.Х-ын гэр рүү нь хамт явсан ба би гэртээ нохойн хоол аваачих гээд Э.Э-ын хамт яваад ирсэн. Дараа нь бид 0,75 граммын хоёр шил архи хувааж уун, Э.Э нь Б.Х-тай муудалцаад байсан. Би салгах гээд очтол Э.Э намайг үсдээд цээж рүү өшиглөсөн. Тэгээд Б.Х-ыг зодоод байхаар нь би хамгаалах гээд дээр нь гараад хэвттэл миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа цээж рүү 2,3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал);  

- Хохирогч Б.Х-ын “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний бие ажил дээрээ байхад багын найз Б.М ирж хумсаа будуулсан. Тэгээд ойрд уулзаагүй гээд хоол унд хийж идэн, найз Э.Э-ыг дуудсан. Улмаар бид гурав манай гэр болох Сонгинохайрхан нутаг дэвсгэрт байрлах амины орон сууц *** тоотод ирсэн.  Ирэхээсээ өмнө би өөрийн мөнгөөр Эликс нэртэй 0,75 граммын нэг шил архи авч уусан ба Э.Э нь Б.М-тай  хамт гарч дэлгүүр орон нэг шил архи нэмж авсан. Ингээд архиа уугаад дуусахын алдад буюу 23 цагийн үед би Э.Э-д хандаж хоёулаа ахиж найзлахаа болъё, чи эхнэр хүүхэдтэй, гэр бүл чинь буруугаар ойлгоно гэхэд уурлаж нүүр рүү өшиглөсөн. Тэгээд манай найз Б.М намайг өмөөрөхөд Э.Э түүнийг мөн өшиглөсөн. Би уурлаж “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Б.М-г түлхэж хажуу тийш нь үстэж хана мөргүүлсэн. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэсэн боловч хаалга түгжээд яриулахгүй байсан. Улмаар хажуу айлын хүн хаалга нүдэж орж ирээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14263 дугаартай “...Б.М-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун  талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг дор тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14261 дугаартай: “...Б.Х-ын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, амны зүүн буланд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулайн хуйх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт, хэвлий, баруун бугалгад цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг дор тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

- Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...архи уусан үедээ эмэгтэй хүний биед гар хүрсэндээ харамсаж байна. Гэм буруугаа ухаарч хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтууд харилцан бие биеэ үгүйсгэхгүйгээр болж өнгөрсөн хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулсныг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14261, 14263 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Х, Б.М  нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж үзэв. 

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Х, Б.М  нарын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг шууд нэрлэн заагаагүй боловч тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр иш татаж хэрэглэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.14 дэх заалтад нэрлэн заасан нөхцөл байдал нэмэлтээр хангагдсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ. Шүүгдэгч Э.Э-ын тухайд хоёр хүн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг иш татан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна.

Шүүгдэгч Э.Э-ын хохирогч Б.Х, Б.М  нарыг зодсон үйлдэл нь Б.Х-ын биед учирсан зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, амны зүүн буланд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулайн хуйх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт, хэвлий, баруун бугалгад цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд зулгаралт бүхий гэмтэлтэй, Б.М-ийн биед учирсан зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун  талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, дух, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нар хэн алин нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, шүүгдэгч Э.Э, хохирогч Б.Х нарын хоорондын эр эмийн харилцаатай холбоотой хувийн таарамжгүй байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршгийн талаар

Хохирогч Б.Х  нь эрүүл мэндээрээ хохирсны улмаас сул зогсолтын орлого болох 900,000 төгрөг, хохирогч Б.М нь мөн адил эрүүл мэндээрээ хохирсны улмаас олох байсан орлого болон түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг тус тус нэхэмжилж, дансны хуулга болон түрээсийн гэрээгээ мөрдөн байцаалтад гаргаж өгч, хэрэгт хавсаргажээ.  

Шүүх тэдний гаргаж өгсөн түрээсийн гэрээ болон дансны хуулгыг хянаж үзээд эдгээр баримт нь хэлбэрийн хувьд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа хэдий ч хохирогч нарын олох байсан орлого нь гэмт хэргийн улмаас хэрхэн буурсан болохыг тооцоолох боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал, хохирогч Б.Х-ын хэрэгт гаргаж өгсөн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга нь 2022 оны 10 дугаар сарын 01-аас 30-ны өдрийн хооронд байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс өмнөх 14 хоног болон түүнээс хойших 14 хоногт орлогын гүйлгээ нь буураагүй өссөн байгаа бол хохирогч Б.М-ийн хувьд гэмт хэргийн хохирогч болохоос өмнөх 1-ээс 2 сарын хугацааны орлого нь тодорхойгүй байсан тул тэдний эрүүл мэндээрээ хохирсны улмаас алдагдсан орлогыг нь тооцоолох боломжгүй гэж үзсэн болно.

Харин улсын яллагч хохирогч Б.М-ийн 2022 оны 05 дугаар сарын дансны хуулгаар олж байсан орлогыг нь тодорхойлж, 1,500,000.0 төгрөг гаргуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хохирогчийн тухайн цаг хугацаанд эрхэлж байсан ажил, хөдөлмөрт хэрхэн нөлөөлсөн байгаагаар олох байсан орлогыг нь тооцох ёстой болохоос хэдэн сар, жилийн өмнө хийж байсан ажил, олж байсан орлогоор нь алдагдсан боломжийг тогтоож болохгүй.  

Иймд хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэдний эмчилгээний зардал болон олох байсан орлого, алдагдсан боломжоо бодитойгоор нотлон харуулах хууль ёсны баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд төлүүлэх саналтай байна.  Шүүхээс хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул шүүгдэгч Э.Э-ыг бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжүүлээгүй...” гэв.

Хохирогч Б.Х : “...Гомдолтой байна, улсын яллагч хөнгөн ял санал болгож байна. Шүүгдэгч Э.Э-д оногдуулах ялыг хүндрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.М : “...Ялын хувьд хөнгөн санагдаж байна. Миний нүд одоо ч гэсэн бүрэн зүгээр болоогүй, мөн эмэгтэй хүний хувьд гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан “П” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/10/19-03 дугаартай ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 87-91 дэх тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 555 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 92-95 дахь тал), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаартай захирамж (хавтаст хэргийн 96 дахь тал), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай захирамж (хавтаст хэргийн 97 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 98-100 дахь тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 523 дугаартай захирамж (хавтаст хэргийн 101 дэх тал), Э.Э-ын зан байдал, засралын хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Э.Э-ын хохирогч нарыг гэрийнх нь хаалгыг дотроос нь түгжиж байгаад олон тооны гэмтэл учруулж зодсон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, мөн урьд танхайрсан, хүчиндсэн, хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт нийт гурван удаа хорих ял шийтгүүлж байсан хувийн байдал, хохирогч нараас гаргасан ял шийтгэлийн талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э-ын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс, орлоготой боловч түүнд торгох ял оногдуулбал эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангаж чадахгүйн дээр Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд харшилна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэдэг нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хэн ч бай ялаа эдлээд дууссан тохиолдолд тухайн хүнийг нийгмээс ялгаварлан гадуурхаж болохгүй, өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлөх ёсгүй, төрийн бүх төрлийн үйлчилгээнд бусад иргэний нэгэн адил хамрагдана гэсэн утга санааг илэрхийлж байгаа болно. Мөн хуулиас гадуур ямар нэгэн дүрэм журам тогтоож ял эдэлж байсан хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн утга агуулга юм. Харин дахин гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” гэсэн шалгуурын хүрээ хязгаар дотор багтана.

Шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт 8-аас дээшгүй цагаар хийж гүйцэтгэх ба хэрэв биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг түүнд тусгайлан сануулах нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х, Б.М  нарын эмчилгээний зардал болон олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА