| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0527/З |
| Дугаар | 221/МА2024/0779 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0779
“А ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “...“А ” ХХК-ийн “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 789 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0527/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь ““...“А ” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр: “нэхэмжлэгч А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах хүсэлт-ийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... “А ” ХХК-д Б дүүргийн 10 дугаар хороо, цагдаагийн академид 48-3 тоот хаягт нэгж талбарын дугаартай газарт агуулхын зориулалттай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарч, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын төлөвлөгөөний зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарч, төлөвлөлтийн цэвэр усны Улаанбаатар хотын шугамын хамгаалалтын бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны хамгаалалтын зурвасаар тусгагдсан, төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хороолол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.
3.2. Иймд дээрх үндэслэлүүдээр Архитектур төлөвлөлтийн даалгаавр гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан “А ” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс ирүүлсэн Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийн талаар бусад байгууллагуудаас тодруулга авч ирэхийг шаардсанаар нэхэмжлэгч компани холбогдох баримтыг нэмж хүргүүлсэн байхад түүний хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй юм. Хариуцагч байгууллагаас татгалзлын үндэслэлээ ...үерийн шугамын хамгаалалтын зурваст хамрагдсан гэж тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс удаа дараа шаардсаны дагуу Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн сангийн зургийг ирүүлсэн ба тухайн зураг болон шүүхээс хийсэн үзлэгийн явцад ч нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газар нь үерийн хамгаалалтын зурваст хамрагдсан болох нь тогтоогдоогүй болно. “А ” ХХК нь хариуцагч захиргааны байгууллагад хандаж, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт хүргүүлсэн, уг хүсэлтийг хариуцагч хүлээн авснаар ажиллагаа хийгдэж байгаа, энэ тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтээ 2023 онд хот байгуулалт хөгжлийн газарт өгсөн боловч шийдвэрлээгүй” гэж тайлбарлажээ. Гэтэл анхан шатны шүүх “А ” ХХК нь 2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтээ гаргаж байсан эсэх, уг хүсэлт болон 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “Архитектур төлөвлөлтийн даалгавраа сэргээх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох” талаар гаргасан хүсэлт гаргаж, хүлээн авч шийдвэрлэсэн эсэхийг тодруулалгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
2.6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарч, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын төлөвлөгөөний зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарч, төлөвлөлтийн цэвэр усны Улаанбаатар хотын шугамын хамгаалалтын бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны хамгаалалтын зурвасаар тусгагдсан, төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хороолол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлан марган энэ талаар давж заалдах гомдолдоо мөн дурджээ.
2.7. Анхан шатны шүүх дээрх үйлдвэрийн бүс, төлөвлөлтийн шугам, цэвэр усны шугамын хамгаалалтын болон зам тээврийн бүсийн төмөр замын үерийн далан сувгийн цахилгааны шугамын хамгаалалтын зурвасуудад хамрагдаж байгаа эсэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн сувгийн хамгаалалтын зурвасыг хэрхэн тогтоосон эсэх, нэхэмжлэгч компаний газар хамрагдаж байгаа эсэх, хамрагдаж байгаа бол ямар хэмжээгээр давхцаж байгаа зэргийг бүрэн тодруулж, нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай.
2.8. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/0121 дүгээр “... 13331501801 дугаартай газар нь үерийн хамгаалалтын зурваст ямар хэмжээгээр хамаарч байгаа талаарх зурган мэдээллийг Геодези, усны барилга байгууламж газар ОНӨААТҮГ-т хандаж гаргуулж авна уу” гэх албан бичгийн дагуу тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
2.9. Нэгэнт дээр ажиллагаа хийлгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй эсэх, эс үйлдэхүй гаргасан эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
2.10. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ