Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч М.Рагчаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

Шүүгдэгч Ж.Гантөгс нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жарантай овгийн Жаргалсайханы Гантөгсөд холбогдох 201614000412 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Жарантай овгийн Жаргалсайханы Гантөгс, Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16-05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ШБ80051415/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч Ж.Гантөгс нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16-05 тоот хашаанд 36-17 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашинаар 1 настай Г.Минжболорыг дайрч болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дугаар зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    1. Хохирогч М.Рагчаагийн “2016 оны 08 сарын 31-ний өдөр 18 цаг 05 минутанд гэр хорооллын Капитал банкнаас гараад төрсөн дүүгийндээ Цагаанчулуут багт очоод 30-40 минут орчим болоод гэртээ харихаар зам дээр машин хүлээгээд зогсож байтал нэг машин ирэхээр нь сууж гэрийнхээ гудамжны үзүүрт буугаад дэлгүүрээс хүүхэддээ шоколад аваад гудамж руугаа ороод явж байтал миний урдаас манай хажуу айлын Ганжаргал гэх залуу гүйгээд ирсэн чи хааччихваа танай хүүхэд чинь юмнаас уначихсан юм шиг байна ухаангүй хэвтэж байна би түргэн дуудчихлаа гэсэн. Тэгээд би яарч сандраад хашааруугаа гүйж очоод гэртээ ортол манай бага охин гэрийн хаалга талын буйдан дээр нүүр нь цус болчихсон, мөн чихний хойд талаас нь цус гарсан, 00-ын цаасаар дарж цусыг нь тогтоосон байдалтай байсан. Тэгээд охиноо тэврэхэд толгойн ар хэсэг нь цус болчихсон байсан. Зүрхийг нь чагнаж үзэхэд зүрх нь сулхан цохилж байсан. Түргэн нилээн удаж ирсэн. Би цагийг нь сайн санахгүй байна. Түргэн ирээд юунаас унагаасан юм бэ? их хүнд гэмтэлтэй байна шүү дээ гэж хэлээд зүрхийг нь чагнаж үзээд зүрх нь зогсчихсон байна гээд цагдаа дууд гэсэн тэгээд би цагдаа дуудсан. Би нөхөр Гантөгстэй суугаад 6 жил болж байна. 2011 онд анх танилцсан юм. Бид хоёр дундаасаа хоёр охинтой. Манай том охин миний дагавар хүүхэд байгаа юм. Бид 5 эв найрамдалтай амьдардаг. Би талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Гантөгс санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байх гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой хэлээд өгч байна. Миний хувьд ямар нэгэн гомдол байхгүй. Гантөгс өөрөө талийгаачийг дайрснаа ч мэдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 38-40-р хуудас/

 

2. Насанд хүрээгүй гэрч Р.Мөнхзулын “Өнөөдөр 18 цагийн үед гэртээ хоёр дүүтэйгээ байж байсан юм. Миний доод талын дүү маань 4 настай, Мишээл гэдэг охин байдаг. Түүний доод талын өнөөдөр нас барсан дүү маань 1 нас 6 сартай эмэгтэй, Минжболор гэдэг охин байсан. Манай ээж Рагчаа тухайн үед ажлаасаа тарж ирээгүй байсан. Гэрт манай хойд аав Гантөгс бид нар байсан. Аав тухайн үед маргааш хичээл сургууль эхлэх гэж байгаа учир Төгөл их дэлгүүрт миний очиж үзсэн юбкийг авч ирэхээр явсан. Аавыг хашаанаас гарах гэж байхад би гэртээ найз банди болох Самдантай ойролцоогоор 6 минут утсаар ярьсан юм. Би гэрт утсаар ярьж байхдаа аавыг машинаа асаагаад хашаанаас гарч байгааг сонссон. Аавын машин манай байшингийн урд байсан. Гадаа дулаахан байсан учир байшингийн хаалга нээлттэй байдаг юм. Гэрийн хаалга онгорхой байх юм бол манай хоёр дүү гэрээс гараад гадаа тоглож байдаг юм. Аав хашаанаас гарч явахдаа хаалгаа хаагаагүй байсан. Намайг гэртээ байж байхад гадаа манай дүү Мишээл “аниа дүү үхчихсэн байна гэж хоолой нь зангирч орилсон. Гэрээсээ гарч байхдаа утсаа тасалсан. Гэрээс гараад харахад манай дүү Мишээл бага дүү Минжээгийн хажууд хараад зогсож байсан. Би тухайн үед Минжээг газарт уурлаад хэвтчихжээ гэж бодсон. Ойртоод харахад Минжээ газар нүүр нь доош харсан, зүүн шанаа орчимд цус гарсан байдалтай гадагшаа гардаг хашааны том дааман хаалганы чиглэлтэй, машин хашаанаас гардаг, жим мөр гарсан хэсэгт хэвтэж байсан. Би дүүгээ очиж тэвэрч аваад яахаа мэдэхээ байсан. Манай хашаанд байдаг айлд орсон. Ороход охин нь гэх надаас 1-2 эгч охин 2 дүүтэйгээ байсан. Би том хүн байна уу гэсэн чинь аав нь байсан. Тэр ах босч ирээд битгий сэгсрээд бай гэж байсан. Дүүгээ гэртээ оруулчих гэж байсан. Дүү минь очоод тэврэхэд гүнзгий амьсгаа авч байсан. Тэгээд тэр ахтай гэртээ орсон. Талийгаач дүүгээ орон дээр тавьсан. Тэр үеэс амьсгалахаа больсон. Нэрийг нь мэдэхгүй хажуу айлын ах түргэн дуудаж байсан. Эмч дүүг маань үзсэн түүнийг нас барсан байна гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-44-р хуудас/

 

3. Гэрч Ц.Ганжаргалын “2016 оны 08 сарын 31-ний өдөр би гэртээ гурван хүүхэдтэйгээ мөн Төгсөөгийн дунд охин Мишээл байсан. Би хоолоо хийгээд байж байтал гадаа машины  хаалга дуугараад аав явах гэж байна гэж гарчихаад эргэж орж ирсэн. Тэр үед Төгсөө дүүгээ хараарай гэж хашгирахыг сонссон. Тэгээд дараа нь Мишээл гараад явсан. Үүнээс хойш 2-3 минутын дараа Мишээл том охин Зулаа нар орж ирсэн. Орж ирэхдээ Зулаа бага дүүгээ тэвэрчихсэн, Зулаа Мишээл хоёулаа уйлчихсан орж ирсэн. Орж ирэхдээ Зулаа уначихлаа гэсэн. Тэнд эндээс уначихлаа гэж гэж хэлээгүй, дүүг нь харахад толгой нь унжчихсан хөдөлгөөнгүй болчихсон хамраас нь цус гарчихсан байсан. Би цусыг нь арчихдаа нэг л биш болсныг нь мэдсэн. Зулаа дүүгээ сэгсрээд байхаар нь хөдөлгөөд хэрэггүй, гэртээ оруулж хэвтүүл гээд гэрт нь орж дүүг нь хэвтүүлсэн. Би гараад хашаандаа байхдаа түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 20 минут орчим болсон. Зулаа Мишээл хоёр аавыгаа гарч яваад 5-6 минут болсны дараа л орж ирсэн. Уначихлаа гэж эгч нь хэлсэн болохоор хүүхэд уначихлаа гэж дуудлага өгсөн. Сүүлд Төгсөө ирчихээд намайг гарч явахад талийгаач маань гэрийнхээ байшингийхаа үүдэн дээрээ зогсож байсан. Энэ нэг далжийсан юм утсаар яриад яваад байсан гэж гэж Зулааг хэлж байсан. Төгсөө машинаа байшингаасаа зайтай тавьдаг. 20 орчим алхам зайтай тавьдаг. Өнөөдрийн хувьд хашааны ард талруугаа шахсан байдалтай тавьсан байсан. Би машинаа гэрлүүгээ шахсан байдалтай тавьсан байсан. Миний машинтай зэрэгцүүлээд тавьсан байсан. Дараа нь харахад машин тавьдаг хэсгээс урагшаа жаахан цус туссан байсан газар нь манай гэр рүү тэдний байшингаас ирдэг зам биш тэдний байшингаас хашааны үүд рүү явдаг замд Төгсөөгийн машин байсантай ойрхон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтийн “Талийгаачид гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зүүн чамархай, дух, орой дагз, суурь ясны салсан, зөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, тархины зөөлөн бүрхүүл, хальсан доорхи баруун, зүүн чамархай, дагз хэсгийн цус харвалт, тархины эдийн зүүн дух, чамархай, дагзны баруун талын цусархаг няцрал, зүүн 6, 7, 8-р хавирганы нугаламын хажуугиййн шугамаар далд хугарал, дэлүүний хуваагдал, уушигний эдийн няцрал, бүх биеийн доргилт, хуйхан доор болон гавлын ясны хальсан доорхи их хэмжээний цус хуралт, нүүрний зүүн тал, зүүн шилбэний ард, доод хэсэг цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Мохоо зүйлээр цохих цохигдох дарах дарагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед үүссэн гавал тархины ил гэмтлээс үзэхэд уг гэмтлийг үүсгэгч хүч зүүнээс баруун тийш, урдаас хойш чиглэлд үйлчилсэн байх боломжтой байна. Талийгаачийн нүүр болон хуйх, гавлын ясны гадна хальсанд үүссэн гэмтлүүд нь үхлийн шалтгаантай шууд холбоотой гэмтлүүд болно. Зүүн талын гурван хавирганы далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 2 цаг болоогүй байсан болно. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зүүн чамархай, дух, орой, дагз, суурь ясны салсан зөрсөн, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи баруун зүүн чамархай, дагзны баруун талын цусархаг няцрал болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 56-58-р хуудас/

 

5. Шинжээч Ж.Гэрэлмаагийн “Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах дарагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, дайрагдсаны улмаас гэмтлүүд үүссэн байж болно. Үхлийн шалтгаантай шууд холбоотой гэдэг нь нүүр хэсэгт зөөлөн эдэд гадна талдаа гэмтэл үүсээд, энэ гэмтэлтэй нэгэн зэрэг далд үхлийн шалтгаан болсон гавал тархины гэмтэл үүсч байгаа юм. Үхлийн шалтгаан болсон гэдэг нь шууд үхэлд хүргэсэн гэмтлүүдийг хэлж байгаа юм. Дээрхи гэмтлүүдийг авсан хүн үйлдэл хийх, чимээ гаргах боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн хэвтэж байсан гэх газарт байсан цусны байдлаас үзэхэд цус цацагдаагүй, нэг доор тунасан байсан. Мөн цогцосны үзлэгээр нүүр хэсэг цустай байсан зэргээс үзэхэд 1 метрээс дээш өндрөөс цус цацагдаагүй, тухайн байрлалд толгойгоороо газар хүрэлцсэн байхад гэмтэл үүсч цус гарсан байх боломжтой, Талийгаачид үүссэн гавлын ясны хугаралын зөрөөний байдлаас гавлын зүүн хажуугаар дарагдахад гавлын яс хугараад, хугарлын үүсгэгч хүчин зүйлд өнхөрөхөд урд хэсгүүд арагш зөрсөн байх боломжтой. Иймд автомашины хөдөлж буй дугуйн дор дайрагдснаас дээрх гавал тархины гэмтэл үүссэн байж болно” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-64-р хуудас/

 

6. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, үзлэгийн явцад хураан авсан эд мөрийн болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Рагчаа мэдүүлэхдээ “Нөхөр маань охиноо дайрснаа өөрөө ч мэдээгүй. Манай гэр бүлд маш хэцүү байна. Нөхөр Ж.Гантөгсөд ямар нэг гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлыг барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл  оногдуулж өгөөч ” гэв.

 

Шүүгдэгч Ж.Гантөгс мэдүүлэхдээ “би охиноо дайрсан эсэхээ мэдээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад буруутай гэдгээ ойлгосон. Маш их харамсаж байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Гантөгс нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16-05 тоот хашаанд 36-17 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашинаар 1 настай Г.Минжболорыг дайрч болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна. Ж.Гантөгсөд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ж.Гантөгсөд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Гантөгс нь 1 /нэг / хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөрсний дээж, хагас ханцуйтай урдаа бамбаруушны зурагтай хүүхдийн футволка 1 ширхэг, drypers гэсэн бичигтэй памперс 1 ширхэг, амь хохирогчийн толгойноос дээж болгон авсан үсний тасархай 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр баруун урд крылоны хэсгээс бэхжүүлсэн үсний тасархай 1 ширхэг, 36-17 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр баруун урд доод гарны харалдаа хэсгээс илрүүлж бэхжүүлсэн үсний тасархай 1 ширхэг, хэргийн газраас байшингийн дотор талаас бэхжүүлж авсан үсний тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч  Жарантай овгийн Жаргалсайханы Гантөгсийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Ж.Гантөгсийг 3 /гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Гантөгсөд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон 1 /нэг / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөрсний дээж, хагас ханцуйтай урдаа бамбаруушны зурагтай хүүхдийн футволка 1 ширхэг, drypers гэсэн бичигтэй памперс 1 ширхэг, амь хохирогчийн толгойноос дээж болгон авсан үсний тасархай 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр баруун урд крылоны хэсгээс илрүүлж бэхжүүлсэн үсний тасархай 1 ширхэг, 36-17 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр баруун урд доод гарны харалдаа хэсгээс илрүүлж бэхжүүлсэн үсний тасархай 1 ширхэг, хэргийн газраас байшингийн дотор талаас бэхжүүлж авсан үсний тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ж.Гантөгсөд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантөгсөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС