Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Д.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1277  дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч  овгийн Д-ийн Н, 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, нөхрийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд тэрээр Д-ийн Н нэрээр:

- Дорнод аймгийн Хэрлэн сум дахь сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

- Донод аймгийн Хэрлэн сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 218 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

- Дорнод аймгийн Хэрлэн сум дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 253 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, мөн дүүргийн ерөнхий шүүгчийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 592 дугаар захирамжаар хянан харгалзаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, саппорогийн автобусны буудал дээр хохирогч Н.Б-т “чи намайг таньж байгаа байлгүй. Аятайхан ярьж эвтэйхэн хэлж байгаа биз дээ” гэж хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон, хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгжийг нь чих, гараас нь мулталж авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ч  овгийн Д-ийн Н нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед согтуурсан байхдаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Н.Б-ийг “чи намайг таньж байгаа байлгүй. Аятайхан ярьж байхад эвтэйхэн байгаарай” хэмээн айлган сүрдүүлж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хохирогчийн зүүж байсан хос мөнгөн ээмгийг чихнээс нь, мөнгөн бөгжийг хуруунаас нь мулталж хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал);

- 2022 оны 06  дугаар 27-ны өдөр хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж хохирогч Н.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал);

- Хохирогч Н.Б-ийн  “...Би андуураагүй ээ. Энэ хүн намайг дээрэмдэж, ...миний эд зүйлсийг авсан эмэгтэй мөн байна...” гэсэн таниулах ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал);

- Хохирогч Н.Б-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Их монгол хорооллоос Хархорин зах орох зорилгоор явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Саппорогийн автобусны буудал дээр байж байхад үл таних эмэгтэй надаас тамхи асуухаар нь би түүнд “тамхи татдаггүй” гэж хэлэхэд, тэр эмэгтэй намайг “наашаа хүрээд ир” гэхээр нь очсон юм. Тэгтэл тэр эмэгтэй надад хандаж “чи намайг танихгүй байна уу, чи Саппорогоор явдаг биз дээ” гээд байсан ба би тухайн эмэгтэйг өмнө нь харж байсан санагдсан. Гэтэл тэр эмэгтэй “чи ч намайг таньж байгаа байлгүй. Аятайхан ярьж байхад, эвтэйхэн байгаарай” гээд миний чихэнд байсан хос ээмэг болон зүүн гарын ядам хуруунд байсан бөгжийг мулталж аваад зугтаасан. Тэгээд би автобусны буудал дээр байсан хүүхдийг гуйж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагыг хүлээж байх хооронд дээрэмдүүлсэн газраа очтол тухайн эмэгтэй өөр хүмүүстэй хамт сууж байсан юм. Дуудлагаар ирсэн цагдаа намайг дээрэмдсэн эмэгтэйг баривчлаад “авсан эд зүйлсээ гаргаад ир” гэхэд тэр эмэгтэй халааснаасаа гаргаж ирсэн... Тухайн үед миний өөдөөс намайг таних уу, эвтэйхэн ярьж байна энэ тэр гээд байхаар нь би айгаад номхон зогсож байсан бөгөөд тэр эмэгтэй миний чихэнд байсан хос мөнгөн ээмгийг чихнээс салгаж аваад мөн зүүн гарын ядам хуруунд байсан мөнгөн бөгжийг хуруунаас сугалж авсан. Миний хос мөнгөн ээмгээ Хархорин захын гүүрний доор байрлах задгай талбайн худалдаанаас 30,000 төгрөгөөр, мөнгөн бөгжөө 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эд зүйлээ буцааж авсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал);

- Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппоро дээр би ганцаараа 0.33 граммын ерөөл гэх нэртэй архи уусан бөгөөд архиа уугаад дуусаж байтал өмнө нь харж байсан нэгэн эмэгтэй явж байхаар нь тухайн эмэгтэйгээс “тамхи байна уу” гэж асуухад тухайн эмэгтэй “би тамхи татдаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг “наашаа хүрээд ир” гэж дуудаад “чи намайг танихгүй байна уу, чи Саппорогоор явдаг биз дээ, тамхи олоод өг” гэж хэлтэл дуугай зогсоод байхаар нь “чи ч намайг таньж байгаа байлгүй, зүс харж л байсан хүн байна, аятайхан ярьж байгаа биз дээ. Битгий илүү үйлдэл хийгээд маяглаад байгаарай” гээд тэр эмэгтэйг доошоо хараад дуугай зогсоод байхаар нь чихэнд нь байсан хос ээмэг болон зүүн гарын ядам хуруунд байсан бөгжийг салгаж аваад зугтаасан. Тэгтэл тухайн эмэгтэй цагдаа дагуулаад хүрээд ирсэн ба би тэр эмэгтэйн ээмэг, бөгжийг халааснаасаа гаргаж цагдаад өгсөн. Би тэр үед Н.Б-ийн  биед ямар нэгэн байдлаар халдаагүй, ямар нэгэн байдлаар цохиж зодсон үйлдэл хийгээгүй. Энэ хэрэгт өөр хүн оролцоогүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- “...тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтуудаа л болчимгүй үйлдэл хийчихлээ. Архи авах зорилгоор л энэ үйлдлийг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны дараа прокурор Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шүүгдэгч Д.Н-д ял өөрчлөн сонсгох, түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хэргийн талаар мэдүүлэг өгөх эрхийг нь хангах ажиллагааг гүйцэтгүүлж, прокурор дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснээр прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг дахин эхнээс нь хянан хэлэлцсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд “булаах”, 147 дугаар зүйлд “дээрэмдэх” гэмт хэргийг тус тусад нь ялган зүйлчилсэн байсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зэрэгцээ бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр үндсэн шинж бүхий дээрэмдэх гэсэн нэг гэмт хэрэг болгож өөрчлөн эрүүжүүлсэн байна. Тодруулбал, хуучнаар булаах гэмт хэргийн үндсэн шинжийг тус зүйлийн 1 дэх хэсэгт зааж, харин хуучнаар дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааж, өөр хоорондоо харилцан хамааралгүйгээр үндсэн шинж байхаар хуульчлагдсан байгаа учраас хууль зүйн техникийн хувьд үүнийг зэрэгцээ бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж тодорхойлж байгаа юм.

Иймд бид булаах гэмт үйлдлийг гэмт хэрэг биш болсон гэж үзэх боломжгүй, мөн хүч хэрэглэсэн буюу айлгаж сүрдүүлсэн дээрмийн гэмт хэргийг өмнөх “булаах” гэмт хэрэгтэй хольж бас болохгүй. Өөрөөр хэлбэл, шинэ хууль батлагдах, хуульд нэмэлт өөрчлөлт орох  болгонд хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтны хувьд ямар үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцогдох болсон, эсхүл тооцогдохоо больсон, эсхүл өөр гэмт хэрэгт нэгдсэн, нэг гэмт хэрэг хэд хэдэн гэмт хэрэг болж салсан эсэхийг заавал нягтлах учиртай. Түүнчлэн, хуулиар тодорхой хохирол хор уршиг шаардсан эсэхийг заавал шалгах ёстой.

Прокурор шүүгдэгч Д.Н-г хуучнаар “булаах” гэмт хэрэг үйлдсэн гэж буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байсан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон юм. Учир нь, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Н  нь хохирогч Н.Б-т хүч хэрэглээгүй ч түүнийг айлган сүрдүүлж эд зүйлсийг нь авсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолд булаах болон дээрэмдэх гэмт хэргийн үндсэн ялгааг тайлбарласан байдаг. Уг тогтоолд “...булаах болон дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө, эсхүл бусдын өмчлөлд бүр мөсөн авч, өмчлөгчид хохирол учруулж байгаагаараа өөр хоорондоо адил төстэй. Харин булаах гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр үйлдэгддэгээрээ дээрэмдэх гэмт хэргээс ялгардаг онцлогтой. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах гэдэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй үйлдэл хамаарна. Тухайлбал, хохирогчийн өмсөж явсан малгайг шүүрэх, лангуун дээрээс бараа авч зугтаах гэх мэт...” хэмээн тайлбарлажээ.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээр дурдсан албан ёсны тайлбарт тусгасан “булаах” гэмт хэргийн шинжтэй адилтган ойлгоно. Түүнчлэн гэмт этгээд хүч хэрэглээгүй ч гэсэн сэтгэл санааны заналхийлэл буюу хохирогчийг айлган сүрдүүлсэн бол бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэж үзэхгүйг гэмт хэргийн зүйлчлэл хийхдээ цаашид анхаарвал зохино.    

Шүүгдэгч Д.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор айлган сүрдүүлсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон дахин үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын зүй бус, хууль бус үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Д.Н-ийн өөрийнх нь согтуурсан байдал, дахин архи уух гэсэн хүсэл, мөн шунахайн сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-г “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хохирогчийн хос мөнгөн ээмгийг 30,000.0 төгрөгөөр, мөнгөн бөгжийг 20,000.0 төгрөгөөр, нийт эд зүйлсийн үнэлгээ 50,000.0 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд халдлагын зүйлсийг хохирогч Н.Б-т биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Д.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Б-ийг айлган сүрдүүлж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иймд шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж гэх хуулийн зүйл ангиар яллах санал оруулж байна. Гэвч өмгөөлөгчийн хувьд мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), Өрх-69 СӨХ-ны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 253 дугаартай захирамж (хавтаст хэргийн 60 дахь тал), Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 592 дугаартай захирамж (хавтаст хэргийн 61 дэх тал), Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 218 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 62-64 дэх тал),  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 65-66 дахь тал), Д.Н гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 68-69 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 72-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.Н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, согтуурсан үедээ ил цагаан бусдыг айлган сүрдүүлж гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н  нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нийт 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Н-ийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н  нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ч овгийн Д-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийн цагдан хоригдсон 46 (дөчин зургаа) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н  нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

           

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА