Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1971 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овгийн Ц-ийн А , 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 839 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуульд зааснаар өршөөн хассан байна. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэнхэр дэлгүүрийн автобусны буудлын орчим “Ц-ыг өмөөрлөө” гэх шалтгаанаар зүс таних Б.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүүнд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х  овгийн Ц-ийн А нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуурсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын Цэнхэр дэлгүүрийн автобусны буудлын орчимд Ц гэгчтэй маргалдан түүнийг зодож байхад нь тухайн үед автобус хүлээгээд зогсож байсан Б.О түүнд хандан “хүүе чи хүн аллаа, одоо боль” гэж зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө “Та хоёрыг хоёуланг чинь ална шүү” гэж хэлэн хариу маргаж, улмаар хохирогч Б.О-ын нүүр лүү гараараа олон удаа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, бие махбодод нь “...баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүүнд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.О-аас цагдаагийн байгууллагад гаргасан “...бусдад зодуулсан...” гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Хохирогч Б.О-ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9-10 цагийн орчимд автобус хүлээгээд зогсож байтал нэг өндөр том биетэй залуу өөр нэгэн залууг газар унагаагаад өшиглөөд байхаар нь болиулах гээд “хүүе чи хүн аллаа, одоо боль” гэж хэлэхэд нөгөө залуу намайг элдвээр хараагаад, “хоёуланг чинь ална та хоёр хамсаатнууд юм уу” гээд байхаар нь миний уур хүрээд, гадна талынхаа хувцсыг тайлж байгаад, нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохисон юм. Гэтэл тэр залуу намайг барьж аваад миний нүүр болон хэвлий хэсэгт цохиж, зодсон. Ингээд би гэртээ хариад хүүхдийнхээ хамт цагдаа руу очиж гомдол гаргасан юм. Намайг зодсон гэх том биетэй залууг би танихгүй. Зодуулж байсан залууг тухайн үедээ таниагүй, харин дараа нь цэнхэр дэлгүүрийн орчимд архи уугаад явж байдаг Ц  гэх хүн мөн байсныг мэдсэн. Тэр өндөр залуу миний хоолойг боож, нүүр лүү гараараа олон удаа цохисон, мөн хэвлий рүү 2-3 удаа өвдөглөсөн. Яг хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй байна. Бид хоёр нэлээн зууралдаж байгаад салсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-17 дахь тал),

- Гэрч Э.Э-ий : “...авга ах Ц.А нь согтуу байсан ба “Ц тай уулзъя, машин бариад яв” гэсэн 10 цагийн орчимд Цэнхэр дэлгүүр лүү очиход Ц.А ах машинаас буугаад явсан. Намайг толиндоо харахад Ц  ах газар согтуу хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа дахин толиндоо харахад цаанаас нь нэг согтуу хүн ирээд куртикээ тайлж газар хаяад Ц.А ахыг бариад авсан. Ингээд тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар нь би машинаасаа бууж очоод арай хийж салгасан. Тэгээд Ц.А ахыг машиндаа суулгаад авч явсан...” гэсэн мэдүүлэг, ( хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 15050 дугаартай: “...Б.О-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүүнд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг дор тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн ( хавтаст хэргийн 85-86 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн нөхцөл байдал /бодит үнэн/-ыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, би яллах дүгнэлтийг гардаж авсан маргах зүйлгүй...” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний хэргээ хүлээн мэдүүлснийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15050 дугаар дүгнэлтээр хохирогч Б.О-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий бөгөөд эргэлзээгүйгээр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Б.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.А-ын хохирогч Ч.О-ын биед халдаж, хоолой боосон, цохисон, өвдөглөсөн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүүнд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралбүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй харилцан шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусдын зүй ёсны шаардлагыг хүлээн авах, ойлгох, ухамсарлах боломжгүй болсноос үүдэн энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О нь эмчилгээний зардал, төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул түүний эрүүл мэндийн гэм хорын асуудлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.А-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 40-41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2214 тоот албан бичиг (хавтаст хэргийн 48 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1572 тоот албан бичиг (хавтаст хэргийн 50 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 60-64 дэх тал), ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 65-72 дахь тал), Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/677 тоот албан бичиг (хавтаст хэргийн 75 дахь тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, шийтгэх тогтоолын хамт (хавтаст хэргийн 76-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ц.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогч Ч.О-ын хувьд баримтаар хохирол нэхэмжлээгүй нь шүүгдэгч Ц.А-ын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.    

Шүүхээс шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Ц.А-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд төлөх боломжтой гэж дүгнэлээ.

Хэрэв шүүгдэгч Ц.А нь шүүхээс тогтоосон хугацааны дотор торгох ялыг биелүүлэхгүй бол арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартай болохыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА