| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00197/И |
| Дугаар | 135/ШШ2019/00320 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2019/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00197/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, харилцах утас ....., захирал *******, Үйлчилгээний төвийн ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ... , ******* ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, харилцах утас .... , ******* нарт холбогдох
356 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч ******* , ******* , хариуцагч нарын өмгөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ББСБ нь ******* тай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16/10 тоот зээлийн гэрээ байгуулан 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр нийт 300 000 000 төгрөгийн зээл олгосон юм. Тус зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, .... дугаар хороолол, Д худалдааны төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай ... м кв, нэгж талбарын дугаар ..... газрыг барьцаанд тавьсан. Мөн тус газарт баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарахад нэмж барьцаалахаар тохиролцсон юм. ******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хугацаа дуусахад дахин 7 сараар буюу 2017.08.01-ний өдөр хүртэл сунгуулах хүсэлт гарган зээлийн төлбөрөө хойшлуулж байсан ба зээлийн хугацаа сунгуулахдаа нөхөр ******* тай хамтран зээлийн төлбөрийг хариуцахаар болж гэрээ хийсэн. 2017 оны 9 сард 50 000 000 төгрөгийн зээлийн төлбөр хийсэн. ******* нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөр 250 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 106 000 000 төгрөг, нийт төлбөр 356 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие нь ******* , О.Н гэдэг нэг гэр бүлийн хүмүүсээс 2000 оноос эхлэн зээл авч буцааж төлдөг байсан. Зээл авах гэрээ хийхдээ ******* , О.Н нар нь надад хийсэн гэрээнийхээ хувийг заримдаа өгдөг, заримдаа өгдөггүй, зээлээ өгч авалцсаар 2013 оныг хүргэсэн. Жишээ нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ******* , О.Н нараас 50 000 000 төгрөг 3,5 хувийн зээлж авсан уг зээл нэмж авсан ба зээлээ хүүтэй нь хамт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тус тус зээлж аваад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан. Эдгээр бүх зээлийг барьцаагүй авдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* гээс 300 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, барьцаагүй зээл авсан. 2016 оны энэ үеэс А гэж хүнд залилуулснаас хойш миний бизнес доголдолж, зээл, хүүгээ урьдын адил ******* д төлж чадахаа байсан. Энэ үеэс ******* гийн надтай харилцдаг харилцаа ширүүн, догшин, дээрэнгүй болж намайг янз бүрээр дарамталдаг болсон. Тухайлбал ******* , О.Н хоёр гэр оронд ирж удаа дараа дарамталж гэр бүл үр хүүхдүүд рүү минь дайрч, орилж хашхиран цай хийж өгөхөд наад цай, талх чинь манай мөнгөөр авсан, танай гэр бүл бидний мөнгөөр амьдарч, хооллож ундалж, сурч боловсорч байна. Шорон гянданд явуулна, ээж чинь 10 жилийн ялтай үйлдэл хийсэн гэх зэргээр дайрч манай нөхөр рүү эхнэрээ шоронд явуулах бэлтгэлээ хийж бай гэх зэргээр заналхийлж дарамдалтаг болсон. Мөн гэр орны эд хогшил байгаа бүх хөрөнгийг бүртгэж, бич гэж бичүүлж, заримдаа өөрийнхөө бэлдсэн бичигтэй ирээд чамайг цагдаад өгч шоронд суулгана гэж дарамталж загнаж байгаад надаар гарын үсэг зуруулаад аваад явдаг байсан. Мөн миний зээлтэй банк, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар руу миний нэрийн өмнөөс албан тоот бэлдэж ирээд гарын үсэг зуруулж авч явдаг байсан. Уг дарамталж бичсэн баримтуудаа ХХБ, ЖДҮХС-ийн захиргаанд аваачиж өгдөг байсан.
2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь өөрийн бэлдэж авч ирсэн ******* ББСБ ХХК-аас ******* т, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 4 хувийн хүүтэй олгов гэсэн Зээлийн гэрээ, зээлийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгав гэсэн утгатай 16/10 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Миний бие нь санхүүгийн хүндрэлийн улмаас зээлээ төлж чадахгүй байгааг мэдсээр байж П нь намайг шоронд явуулна гэж заналхийлдэг байснаа гүйцэлдүүлж, намайг 300 000 000 төгрөг залилсан гэж цагдаад гомдол гарган намайг шоронд явуулах шахсанд би маш их гомдолтой байна. Учир нь миний бие ******* д 2000 оноос хойш 2,0-3,0 тэр бум төгрөгийн хүү төлсөн байх ба намайг хүү төлөх чадвартай байхад ахын сайн дүү гээд сүйд болдог байсан хүн намайг ядраад ирэнгүүд хүн чанаргүй хандсан. Энэ хугацаанд миний бизнесийн бүх ашиг надад, ******* д орж байсан тооцоо гардаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 000 төгрөг нь ******* гийн эзэмшлийн Хаан банкны ...... тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны .... тоот данс руу шилжиж орж ирсэн ба зээлийн буцаан төлөлтийг миний бие ******* гийн Хаан банкны ..... тоот данс руу нь шилжүүлдэг байсан тул миний бие нь ******* ББСБ ХХК нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул иргэн ******* нь иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргах ёстой байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 000 төгрөгийн зээл нь ББСБ-аас гаргасан зээл үү, эсвэл иргэд хоорондын зээл юм уу гэдгийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд миний бие нь гомдол гаргаж байгаа болно.
Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* миний эхнэр ******* нь 2000 оны үеэс эхлэн ******* гэдэг хүнээс зээл авдаг, буцааж төлдөг байсныг би мэднэ. Энэ хоёрын зээл авах, өгөх асуудалд өмнө нь би оролцож байгаагүй. Учир нь би уран дарханы ажил хийдэг, эхнэр ******* надаас тусдаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би тэр ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл 2018 оны эхний үеэс эхлэн манай гэрт ирж авгайг чинь шоронд явуулна, 10 жилийн залилангийн ялтай гэж дарамталж загнаж, манай хүүг унтаж байхад нь хөөе чи бос ээжийг чинь шоронд явуулна гэх зэргээр дарамталж байгаад 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Ийм учраас миний бие энэ зээлд оролцоогүй, сүүлд дарамтанд орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийг манай эхнэр ******* хариуцан төлнө. Ийм учраас би энэ зээлийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний эхнэр ******* хүн залилах хүн биш ээ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 250 000 000 төгрөг, хүү 106 000 000 төгрөг нийт 356 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 жилийн хугацаагаар, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16/10 тоот зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг ******* ийн Хаан банкны ..... тоот дансанд шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгож, дээрх зээлийн барьцаанд Дархан сум .....-р баг, ....-р хороолол, Д худалдааны төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай .... м2, нэгж талбарын дугаар ..... дугаар бүхий газрыг барьцаанд авав. ..... дугаар бүхий газарт баригдаж буй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад тус гэрчилгээг барьцаанд тавьж, гэрээг дахин шинэчилж хийнэ гэж тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******* ийн Хаан банкны .... тоот дансанд, ******* гийн данснаас 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* , ******* нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.
Хариуцагч ******* , ******* нар нь зээлийн төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 204 372 667 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан ******* , ******* нарын Хаан банкны хуулгаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй болно.
Талууд дээрх гэрээнд ******* ийн эзэмшлийн Дархан сумын .....р баг, .....р хороолол, Д худалдааны төвийн урд байрлах, ..... м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалахаар тусгасан боловч Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байна.
******* ББСБ ХХК-ийн захирал ******* , ******* , ******* нар 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээндээ Д худалдааны төвийн урд байрлах нэгж талбарын .... дугаар бүхий газрыг барьцаалуулж, энэхүү газар дээр баригдаж буй 2 давхар обектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гармагц нэмж барьцаалуулахаар тохиролцсон боловч ******* нь уг гэрчилгээг өөр зээлийн барьцаанд барьцаалуулсан байгаа тул энэхүү гэрээг байгуулав гэж, зээлийн үлдэгдэл 300 сая төгрөгөөс 100 сая төгрөгийг яаралтай төлж барагдуулахаар, үлдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, Голомт банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас гармагц ******* ББСБ ХХК-д шилжүүлэхээр талууд гарын үсэг зурсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахин 16/10 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 8, 14, 49-51, 53 дахь тал/,
Хариуцагч ******* ийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* ББСБ ХХК-д гаргасан зээлийн хүүг 2 хувь болгон бууруулах, зээлийн гэрээний хугацааг сунгахыг хүссэн хүсэлтийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16/10 тоот зээлийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, ******* ийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүг 2 хувь болгон бууруулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байна. / хх-ийн 53 дахь тал/,
Дээрх бичгээр байгуулсан гэрээнүүдийг хариуцагч нь дарамтанд орж, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Талууд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны 18/05, 18/06, 18/07, 18/08, 18/09, 18/10 дугаар бүхий гэрээ байгуулсан боловч барьцааны зүйлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэл гаргагч эрхгүй этгээд буюу ******* ББСБ ХХК- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан, хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг бууруулж байсан зэргээс үзэхэд ******* ББСБ ХХК, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагч нь ******* ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 3 жилийн хугацаатай сунгагдаж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад нэмэлт гэрээг үйл ажиллагаа явуулах эрх нь дууссан үед хийгдсэн байгаа, тэгэхээр энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байна тайлбарлаж байгаа боловч ******* ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагч ******* , ******* нараас үндсэн зээл 250 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зээлийн хүүг 4 хувиар, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 хувиар тоооцож, үндсэн зээлийн үлдэгэл 250 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 91 000 000 төгрөг нийт 341 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д тус тус зааснаар хариуцагч ******* , ******* нараас 341 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 937 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 862 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА