Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2019/00323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00006/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...  тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , *******-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ... тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , ******* д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд ******* тэй танилцаж, гэр бүлийн харилцаатай болсон. 2012.03.29-ний өдөр охин А  төрсөн. Ингээд *******  нь 2012 оны 4 дүгээр сард гэнэт алга болоод 3 жилийн дараа эргэн ирж, охиныхоо хамт бид гурав 3 жил хамт амьдарсан. Охин А 2018.6.14-ний өдөр төрсөн. Тэгээд 1 сарын дараа 7 дугаар сард дахин явсан. Намайг төрөөд нялх хүүхэдтэй байх бүрт хаяад явсан. Үр хүүхдэдээ үүрэг хариуцлагаас байнга зугтан явдаг. Ийм хүнтэй хамтран амьдрах хүсэлгүй байгаа тул охин А , А хоёртоо М-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* тэй 2010 онд танилцаж хамт амьдраад 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин А  төрсөн. *******  нь хүүхэд төрснөөс хойш, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин А төрсөн. 2018 оны 07 дугаар сард аавтай муудалцсан гээд биднийг орхиод явсан. Бид гурвын юмыг аавын гадаа авчирч орхиод явсан. Бид 3 ******* гийнд амьдарч байсан, *******  нь бараг гэртээ байдаггүй, гуйж байж 2,3 хонодог, бага хүүхдээ төрсний дараа 3 жил гаран алга болж байгаад ирсэн, одоо энэ хүнтэй хамт амьдрах хүсэл байхгүй, 2 охин маань надаар овоглодог, 2 хүүхдээ ааваар нь овоглож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна,  нэхэмжлэлийн шаардлагаа Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах гэж нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч *******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* тай 2011 онд танилцаж, суухаар болоод анхны хүүхэд Н.А  төрсөн. Энэ хүнтэй хамт амьдрах гэж зөндөө үзсэн боловч хадам ээж, ах нь намайг зодоод хөөсөн тэгээд би цэргийн албанд яваад иргээд хамт амьдрах гэж зөндөө гуйж бид эргээд нийлсэн, 2018 он бага охин Н.А төрсөн. Би охиноо төрөхийн өмнө хөлөө хугалаад гэртээ байдаг байсан. Хадам аав, ээж 2 бидний амьдралд байнга ордог, хадам аав намайг бага охиноо аваад яв гэдэг байсан. Би ******* рүү амьдрах гэж амьдралаа авч явах гэж ажилладаг, гэтэл намайг явахаар гэрийн бараа харахгүй байна гэж загнаад байдаг, миний ажил *******д байдаг болохоор тийшээ явж ажиллах шаардлагатай байдаг. Би хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна, гэр бүлтэйгээ хамт амьдармаар байна, бидний амьдралд хадмууд оролцоод салгаж байгаад гомдолтой байна, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******  нь хариуцагч ******* д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь хамт амьдрах хүсэлтэй тул зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Нэхэмжлэгч ******* , хариуцагч *******  нар нь 2011 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин Н.А , 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Н.А нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МЭДС ТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад том охин Ням-Адъяа овогтой А  нь миний төрсөн охин мөн эсэхийг шалгуулмаар байна. Миний охин мөн гэдэгт эргэлзэж байгаа учир шинжилгээ хийж, тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 126 дугаартай захирамжаар Ням-Адъяагийн А ийн биологийн эцэг *******  мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 631 дугаартай дүгнэлтэд ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар *******  нь Н.А ийн биологийн эцэг байх боломжтой байна. *******  нь Н.А ийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэсэн дүгнэлт ирүүлсэнд зохигчдын хэн аль нь санал хүсэлт гаргаагүй тул 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Н.А , 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.А  нарын төрсөн эцэг нь *******  мөн болохыг тогтоох нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Н.А , Н.А  нарыг эх ******* гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар Н.А , Н.А нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэр бүлтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагатай хамааралгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зохигчид нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдарч байсан байх бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.А , 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Н.А нарын төрсөн эцэг нь *******  мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.А , 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Н.А нарыг эх ******* гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* гээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг ******* , эх *******  нарт даалгасугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* гээс улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж тооцож 68 834 төгрөг нийт 209 234 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА