Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

     

167/2022/0221/Э

 

 

 

 

 

 

 

   2022         12           08                                      2022/ШЦТ/224

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Эд холбогдох эрүүгийн 2119001790072 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, урьд, Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,И.Э /регистрийн дугаар: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч И.Э нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн .... тоотод оршин суух хохирогч С.Бийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бага гарын зэс аяга 1 ширхгийг хулгайлж 160.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч И.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би аймагт архи ууж байгаад хойшоо эгчийнх рүүгээ явж байгаад ам цангаад байхаар нь тэр айлд орсон, Хаалга нь цоожгүй байсан, 2 ширхэг мөнгөн аяга ,1 зэс аяга авсан гэсэн мэдүүлэг,  

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун Буянт-Ухаа гудамжны 517 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 70-73 дугаар тал),

 

Хохирогч С.Бийн “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 17 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг нь авчихсан цоожны даруулгыг хаалганд зүүчихсэн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод эхнэр Тогоосүрэн рүү яриад гэрийнхээ хаалгыг түгжээгүй ажилдаа явчихсан юм уу гэж асуутал үгүй би гэрийн хаалгаа түгжээд ажилдаа явсан гэж хэлсэн... шалгаж үзэхэд гэрийн зүүн хойд стинк дотор байсан бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын зэс аяга 1 ширхэг алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 76 дугаар тал),

 

Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 921/1595 дугаартай “хохирогч С.Бийн хулгайд алдсан гэх 3 ширхэг мөнгөн аягыг 160.500 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 78-79 дүгээр тал) ,

 

Гэрч Ч.Бийн “...над дээр 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга барьцаанд тавихаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр туранхай бор залуу орж ирээд Ишдоржийн Э гэх хүн 30.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 88 дугаар тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 91 дүгээр тал) ,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 22 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.    

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч И.Э нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн .... тоотод оршин суух хохирогч С.Бийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бага гарын зэс аяга 1 ширхгийг хулгайлж 160.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 17 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг нь авчихсан цоожны даруулгыг хаалганд зүүчихсэн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод эхнэр Тогоосүрэн рүү яриад гэрийнхээ хаалгыг түгжээгүй ажилдаа явчихсан юм уу гэж асуутал үгүй би гэрийн хаалгаа түгжээд ажилдаа явсан гэж хэлсэн... шалгаж үзэхэд гэрийн зүүн хойд стинк дотор байсан бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын зэс аяга 1 ширхэг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ишдоржийн Э гэх хүн 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга  30.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун Буянт-Ухаа гудамжны 517 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-921/1595 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долоо дугаар бүлэгт заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

 Шүүгдэгч И.Эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч И.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

 Хохирогч С.Б нь хулгайд алдсан эд зүйлс болох дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын зэс аягыг биет байдлаар буцаан хүлээн авсан /хх-91/ байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.Б 30.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч И.Эгээс 30,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчид 2 жил 6 сарын хорих ялыг,нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасныг баримтлан ял оногдуулахаар ялын санал гаргасан болно.

 

Шүүгдэгч И.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч И.Э нь иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчид  учруулсан хохирлоо бодит байдлаар буцаан өгсөн, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх журмыг баримтлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын  хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

           Бусад асуудлаар:

           Шүүгдэгч И.Эгийн цагдан хоригдсон /2022 оны 08 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх болон 08 сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 1 хоног/ 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Эд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч И.Эг  1 жил 3 сарын  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эгийн эдлэх  1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эгийн цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эгээс 30,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Бэд олгосугай.

 

6. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН