| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0212/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/229 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/229
2022 12 12 2022/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.От холбогдох эрүүгийн 2219000000311 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Аптанширээ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ... оршин суудаг, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, Р.О регистрийн дугаар:....,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Р.О нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 24 дүгээр цэцэрлэгийн зүүн талын хашаанд байх айлд хохирогч М.Бын биед халдаж улмаар түүний эрүүл мэндэд нь “...дээд баруун 1, 2 дугаар, зүүн 1 дүгээр шүдний булгаралт, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн хананы цууралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр айлд хонох гээд очиход хохирогч намайг хөөж туугаад байсан. Би 1 цохисон, цээж хэсэг рүү нь нэг өшиглөсөн тэгээд яваад өгсөн. Маргааш нь З ах утсаар ярьсан. Тэгээд очиход байж байсан. 1 шүд хугарсан байсан, чи хугалсан гээд аваад ширээн дээр тавьчихсан байсан. Би цохисон нь үнэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг 43-17 тоотод байх гэртээ 2022 оны 08 дугаар сарын 20-ны 19 цагийн орчимд хоолоо идчихээд байж байгаад Чинзориг гэх танил ах руугаа 91451129 дугаар луу нь залгаад ярихад Чинзориг нь би гэртээ хүмүүстэй хамт хөзөр тоглож байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очъё гэсэн тухайн Чинзоригийн гэр нь 24-р цэцэрлэгийн зүүн талд байдаг тодорхой гэрийнх нь хаягийг мэдэхгүй байна. 2022 оны 08 дугаар сарын 20-ны 20 цагийн орчимд очиход Чинзориг нь өөрөөсөө гадна миний зүс таних /нэрүүдийг нь мэдэхгүй/ 3 хүнтэй хамт хөзөр тоглож байсан Чинзориг нь согтуу байсан ба намайг Чинзориг нь чи миний оронд тогло би унтлаа гээд би нөгөө хүмүүстэй нь хамт тоглосон. Тэгээд тоглож байхад 2022 оны 08 дугаар сарын 20-ны 21 цагийн орчимд О гэх залуу ганцаараа согтуу Чинзориг ахтай уулзах гээд орж ирсэн тэгэхээр нь би Чинзориг ахыг унтаж байна гэхэд юм хэлээгүй тоглож байсан бид хэдийн араар тойрч алхаад байхаар нь би согтуу хаалгаа олохгүй байгаа юм болов уу гэж бодоод дүү хүү үүд цаана чинь байна гэхэд юм хэлээгүй гараад яваад өгсөн. Тэгээд бид хэд тоглож байгаад 00 цагийн орчимд тарцгаасан. Орой болчихоор нь гэртээ ганцаараа байсныг ч хэлэх үү, эндээ унтъя гэж бодоод гутлаа тайлаад гудас дэрлээд унтаад өгсөн. Унтаж байсан чинь гэнэтхэн нүүр лүү цохих шиг болоод би цочиж сэрээд хараад харсан чинь миний ам хамраас цус гараад миний шүд хөдлөөд байсан тэгээд дээшээ харахад зүс таних нөгөө орой согтуу орж ирдэг О нь байсан тэгээд О нь ахиад намайг цохиод байсан би нүүрээ дараад байсан өшиглөөд байгаа юм уу цохиод байгаа юм уу мэдэхгүй байсан тэгж байгаад намдаад больсон тэгэхээр нь би гараад зугтаасан. Фудволкоор нүүрээ дарж байгаад гэртээ ирээд унтсан. Өглөө боссон чинь миний хоёр нүд хөхрөөд хавдсан, хоёр шүд унасан, цээжний хэсэг хөндүүр байсан тэгээд би өглөө нь Чинзориг ах руу утсаар залгасан чинь Чинзориг нь наД РУУ гэрт юу болсон юм бэ намайг унтаж байх хойгуур чи чинь хэнтэйгээ зодолдсон юм бэ? гэр орон дүүрэн цус, миний тайлаад тавьсан өмд цус болцон байна чи хүрээд ир гэсэн тэгэхээр нь би таксиндаа очсон тэгээд би танайд ирдэг залуу гэхэд Чинзориг нь О юм байна гээд би утсаараа залгая гэсэн чинь Чинзориг ахын утсыг аваагүй тэгээд миний утсаар Чинзориг ах залгасан чинь О нь утсаа авсан тэгээд Чинзориг ах Оыг чи манайд хүрээд ир гэрт юу болсон юм бэ гэсэн тэрний дараагаар О нь хүрээд ирсэн. Чинзориг ах тэгээд Оыг ирэхээр нь чи яагаад хүн ингээд зодож байгаа юм гэхэд О нь одоо би сайн мэдэхгүй байна гэхдээ би зодсон гэдгээ санаж байна зодсон нь үнэн гэж хэлсэн...Миний бодлоор намайг хаалга тэнд байна дүү хүү гэж хэлэхийг нь өөрийг нь хөөж байна гэж бодсон байж магадгүй тэрнээс өөрөөр юм яриагүй дээрээс нь танихгүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-12 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №02/0481 дугаартай "... 1. М.Бын биед дээд баруун 1, 2 дугаар зүүн 1 дүгээр шүдний булгаралт, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн хананы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант 10 хувь нөлөөлнө.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
Хохирогчийн Дорноговь нэгдсэн эмнэлэг, томографийн кабинетын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт ( хавтаст хэргийн 20 дугаар тал),
Хохирогчийн шүдний гэрэл рентген зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 36 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд,
Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Унтаж байсан чинь гэнэтхэн нүүр лүү цохих шиг болоод би цочиж сэрээд харсан чинь миний ам хамраас цус гараад миний шүд хөдлөөд байсан тэгээд дээшээ харахад зүс таних нөгөө орой согтуу орж ирдэг О нь байсан тэгээд О нь ахиад намайг цохиод байсан би нүүрээ дараад байсан өшиглөөд байгаа юм уу цохиод байгаа юм уу мэдэхгүй байсан тэгж байгаад намдаад больсон” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/0481 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь нэгдсэн эмнэлэг компьютер томографийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, рентген зураг,түүний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Р.О нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 24 дүгээр цэцэрлэгийн зүүн талын хашаанд байх Чинзоригийн гэрт “ гэрээс хөөлөө” гэж хохирогч М.Быг 1 удаа цохиж, өшиглөн гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж дээд баруун 1, 2 дугаар, зүүн 1 дүгээр шүдний булгаралт, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн хананы цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Р.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хэргийн 4-6 дугаар талд хохирогч М.Баас 118850 төгрөгийн эмчилгээний нотлох баримт ирүүлсэн байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулан олгож хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.Оын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар ялын санал гаргасан болно.
Шүүгдэгч Р.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн шатанд илэрхийлсэн болно.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Р.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Р.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Р.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.От 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оаас 118,850 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бад олгож, хохирогч нь цаашид эмчлүүлэх эрүүл мэндтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН