| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0235/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/232 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/232
2022 12 13 2022/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Н.Э, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2219000000281 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тусгай холбооны мэргэжилтэн мэргэжилтэй, ... манаачаар ажилдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суудаг,
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Н.Э /РД:.../,
Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, хөдөлмөрийн чалдвар алдалтын 70 хувиар групптэд байдаг, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Б.Бг “ заазуураар гар зүслээ” гэж маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Н.Эыг “архи уулаа” гэж маргалдан улмаар түүний биед халдаж гарыг нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн алганы ар хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, анх удаа ийм үйлдэл гаргасан, гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, ... Би хүүхэд байхаасаа эхлээд унадаг байсан, сайхан ханьтай болоод халамжлуулж явдагтаа баярлаж явдаг. Гэнэт их уурласнаасаа болж өөрийн мэдэлгүй заазуур барьж ханиа гэмтээсэндээ эмзэглэж байна гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид хоёр "Тundra" архийг талд нь оруулсан байх үед Б эгч гаднаас гэртээ орж ирэн архи уулаа гэж Э ах руу уурлахад, Э ах чиний төрсөн өдөр биш ээ, Энхсайханы төрсөн өдөр юм чинь 2-3 удаа татаж болно биз дээ гэхэд, Б эгч уурлан Эын ахын толгой, хүзүү хэсэг рүү олон удаа цохихоор би, полкон руу тамхи татахаар гарсан. Татсан тамхиа дуусгаад эргэж орж ирэхэд, Э ахыг Б эгч цохихоо больсон байсан. Би архинаас өөртөө аягалаад нэг уучихаад Э ахад архинаас аягалж өгсөн чинь Б эгч гэнэт боль гэж байгаа юм биш үү гэж хэлээд, заазуур аван чи архиа болох уу би гараа зүсэх үү гэж хэлэхэд Э нь чи өөрийнхөө гараа зүсэхийн оронд миний гарыг зүс гэж хэлсэн чинь Э ахын гарыг заазуураар зүсэх шиг болсон чинь Э ахын зүүн гарын шуу хэсгээс нь цус гарсан. Тэгээд Э ахын футболкоор цусыг тогтоох гэж дарсан. Эмнэлэг болон цагдаа дуудах гэсэн чинь миний утас байхгүй байсан. Тэгээд би цус хараад балмагдсан байсан...Б эгч нөхөр Эыг архи уулаа гэж уурлан муудсан. Харин Э ах Б эгчид гараа заазуураар зүсүүлснийхээ дараа яаж байгаа юм миний гарыг зүсчихлээ гэж хэлээд нүүрэн хэсгийн зүүн тал хэсэгт нь 1 удаа цохихоор нь би салгасан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 18 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0443 дугаартай "... 1. Н.Эын биед зүүн алганы ар хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 20 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0437 дугаартай "... 1. Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 47,56 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Б.Бг “ заазуураар гар зүслээ” гэж маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Н.Эыг “архи уулаа” гэж маргалдан түүний биед халдаж гарыг нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн алганы ар хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Х.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0443, 02/0437 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын бие биедээ учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э, Б.Б нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Н.Э, Б.Б нар нь гэр бүл бөгөөд бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Э, Б.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Н.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н.Э, Б.Б нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.Э, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Э, Б.Б нар нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Н.Эт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН