| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00155/И |
| Дугаар | 135/ШШ2019/00276 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2019/00276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2019/00155/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................. аймаг, ............сум, .......... баг, ............. гудамж, ....... тоотод оршин суух .............. овгийн *******- /РД: .........., утас: ............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... хот, ............ дүүрэг, ........... гудамж байрлах ******* ******* ******* газарт холбогдох
“Гэм хорын хохирол болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 43,005,481 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч *******-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н-нь ******* ******* ******* газарт тоног төхөөрөмжийн механикаар ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осолд орж 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Өмнө нь Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Тухайн үед 10-14 насны 3 хүүхэд өнчин хоцорсон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 531,000 төгрөгөөр тогтоогдсон. Гэвч Б.Н-ийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дундаж 802,302 төгрөг бөгөөд 19 насанд хүрээд багасдаг. Энэ тэтгэмж нь 10 хувь гэж үзээд том хүүхэд нь 19 нас хүрэхээр хасагдаад 70 хувиар тооцогдоно. Бадмаанямбуу 19 нас хүрэхээр 50 хувиар, Б- нь тогтоогдсон хэмжээний 50 хувиар олгохоор шийдвэрлэгдсэн. Үүнээс сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого тэтгэмжийн хэмжээний зөрүү 43,005,481 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тэтгэмж бодоход 2016 оны 05 дугаар сар хүртэл 831,003 төгрөгөөр тогтоогдсоноороо 100 хувийг авч байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс бүх нийтээр нэмэгдэл олгоход нэмэгдээд 572,000 төгрөг болсон. Энэ нь 2017 оны 12 дугаар сар хүртэл олгосон. 2018 оны 01 дүгээр сард Б- 19 нас хүрсэн учраас хоногоороо тооцогдоод 494,300 төгрөг орсон. Үүнээс хойш Б- хасагдаад 70 хувиар тооцогдохоор 378,000 төгрөгөөр тэтгэмж тооцогдож тухайн жилд 27,000 төгрөгөөр нэмэгдээд 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл тэтгэвэр нэмэгдэж 425,252 төгрөг авч байсан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Бадмаанямбуу 19 нас хүрэх учраас тогтоогдсон тэтгэмж буюу 531,000 төгрөгний 50 хувиар олгогдож эхэлнэ. Тэгэхээр 265,501 төгрөгөөр 2023 он хүртэл тэтгэмж авна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч *******-нь талийгаач Б.Н-ийн 10-14 насны 3 хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэмж нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 531,003 төгрөг байхаар тогтоогдсон. Гэвч талийгаач Б.Н-ийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж нь 802,362 төгрөг байхаар тогтоогдсон гэжээ. Талийгаач Б.Н-ийн цалингийн хэмжээ нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын 2012 оны 78 дугаар тушаалаар ТҮ-5-4 буюу 417,813 төгрөг гэж тогтоосон байна. 2010-2012 оны цалин, хөлсний хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23.1/115 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэтгэмжийн хооронд зөрүү үүсч байгаа...” мөн “...цалин, тэтгэмжийн зөрүү... олгуулж өгнө үү” гэсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох гэсэн зохицуулалт байх бөгөөд 28.2-т тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, олгох асуудлыг Нийгмийн даатгалын байгууллага хариуцахаар зохицуулсан байна.Иймд иргэн *******-ын нэхэмжлэлийг Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Нийгмийн даатгалын байгууллагаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй байх тул ******* ******* ******* газрыг нэхэмжлэлийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын газраас бодож олгодог. Нийгмийн даатгалын газраас 2014 онд талийгаачийг бурхан болсны дараа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 5 жилийн дундаж цалингийн тодорхойлолтыг аваад бодож гаргасан гэж ойлгож байгаа. Манайхаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 231/115 албан бичгээр шимтгэлийг баталгаажуулж хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Яг юу нэхээд байгаа юм бэ. Ирээдүйд авах болон өнгөрсөнд авсан тэтгэврийн зөрүү гээд байх юм. Энэ зөрүүг олгох ямар эрх зүйн зохицуулалт ямар нэхэмжлэл ямар үндэслэл гэдгээ нэхэмжлэгч тал тайлбарлаж өгөхгүй байна. Юуг үндэслээд ******* ******* газар тэтгэмжийн зөрүүг олгох ёстой юм бэ. Хэрвээ төсвөөс тэтгэмжийг авдаг гэх юм бол үүнийг тодорхой зохицуулсан хууль байх ёстой. Үүний дагуу сангийн яамнаас төсвийн зориулалтаар энд зориулсан мөнгийг гаргаж өгөх ёстой. Гэтэл үндэслэл байхгүй зүйлийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Жишээ нь 802,362 төгрөг байх ёстой гэдгийг нь зөвхөн сүүлийн 2014 оны 01 дүгээр сараас 8 сар хүртэл бодсон нь ямар үндэслэлээр бодсон юм яагаад 8 сараар нь бодох ёстой юм. Гэтэл хуулиараа 60 сараар бодох ёстой гээд эрх бүхий байгууллагаас бодчихоод байхад яагаад нэмэгдэл болгож төсвөөс авах гээд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ хууль зүйн үндэслэлээр зөрүүг тогтоож өгнө гэх юм бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тэтгэвэрийн хэмжээг өөрчлөн тогтоох гэж заасан байна. Энэ зохицуулалтаар явах юм бол Нийгмийн даатгалын байгууллага энэ өргөдлийг нь аваад бодолтыг нь дахин хийгээд зөрүүг нь олгоод явах боломжийг хуулиар зохицуулаад өгчихсөн. Энэ зохицуулалтаар явах юм бол нийгмийн даатгалтай холбоотой болчихоод байна. ******* ******* ерөнхий газартай холбоотойгоор нэхэмжлээд байгаа үндэслэл нь өөрөө үндэслэлгүй болчихоод байна. Тайлбарлах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй болчихоод байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ******* ерөнхий газарт төвсийн тухай хуулиар төсөвт байгууллага. Төсөв бол өөрийнхөө болон хувиараа ямар нэгэн орлого цуглуулдаггүй. Зөвхөн татвар төлөгчийн мөнгөнөөс бий болсон мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэг бүхий байгууллага юм.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь хариуцагч ******* ******* ******* газарт холбогдуулан гэм хорын хохирол болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 43,005,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д нь нэхэмжлэлийн шаардлагаа ...2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нас барсан Н.Н-ийн 10-14 насны 3 хүүхэд өнчин хоцорч тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 531,003 төгрөг байхаар тогтоогдсон нь Б.Н-ийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж 802,362 төгрөгөөс бага байх тул зөрүүг гаргуулна... гэж тодорхойлж, хариуцагч ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, олгох асуудлыг Нийгмийн даатгалын байгууллага хариуцах тул ******* ******* байгууллага хариуцахгүй... гэж маргаж байна.
Нэхэмжлэгч *******-ын нөхөр Б.Н-нь ******* ******* ******* газрын Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт механикаар ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түлэгдэлтийн улмаас нас барсан байна. /хэргийн 9, 39-41 дүгээр хуудас/
Эрүүгийн цагдаагийн газрын, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тэмцэх хэлтэс уг Аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүний амь хохирсон үйлдэлд эрүүгийн 201409000551 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Э-т холбогдох эрүүгийн 2014................. дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 8 дугаар хуудас/
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хуульд заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэснээр Б.Н-ийн асрамжид байсан гэр бүлийн гишүүд болох 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Найдангийн Бадамсэд, 2000 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Найдангийн Бадмаанямбуу, 2004 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр төрсөн охин Найдангийн Бадамхатан нарт Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон нэхэмжлэгч *******д тус тэтгэврийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ...тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр олгоно... гэснээр №А0031492 тоот дэвтэрээр олгож эхэлсэн байна. /хэргийн 6-7, 16-18 дугаар хуудас/
Нийгмийн даатгалын байгууллагаас холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгож байгаа талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нас барсан Н.Н-ийн цалингийн дундажийн зөрүүг ажил олгогч ******* ******* ******* газраас шаардсаныг хариуцагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг нийгмийн даатгалын байгууллага хариуцна гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь Нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд өөрчлөн тогтоох эрх бүхий этгээд мөн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс Б.Н-ийн амь хохирсон үйлдлээс учирсан гэм хор буюу түүний цалингийн дундаж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн зөрүүг *******н, *******х, *******с нарыг 19 нас хүртэл тооцон шаардсан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн зүйлийн 498.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэснээр Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн газрын даргын гэм буруугийн хариуцлагыг ******* ******* ерөнхий газраас *******-нь шаардах эрхтэй.
Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ Б.Н-ийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажийг 802,362 төгрөг гэж тодорхойлж, түүнээс тэтгэмжийн зөрүүг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Б.Н-д 2014 оны 05-8 дугаар сард олгосон цалин хөлсний нийлбэр дүнгээс түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 969,901 төгрөг байна. Үүнээс нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай этгээд *******д оногдох хэсгийг хасахад 581,940.6 төгрөг бөгөөд тус дундаж цалин хөлс болон №А0031492 тоот дэвтэрээр нэхэмжлэгч *******д тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэвэр 531,003 төгрөгийн зөрүү нь 50,937 төгрөг байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгоно гэж заасан боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлнө гэж заасан, нэхэмжлэгч *******н, *******х, *******с нарыг суралцаж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул *******н, *******х, *******с нарыг 16 нас хүртэл хугацаанд дундаж цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн тооцов.
Үүнд: 2014.08.27-оос 2015.01.12-ны өдрийг хүртэл 4 сар 20 хоног*50,937 төгрөг = 237,366 төгрөг, 2015.01.12-оос 2019.03.27-ны өдрийг хүртэл 54 сар*50,937=2,750,598 төгрөгийг мөн 2004 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр төрсөн охин Найдангийн Бадамхатан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 нас хүрэх бөгөөд түүнд ногдох зөрүүг урьдчилан нэг удаа шаардах үндэслэлгүй тул 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 2020 оны 09 дүгээр сар 07 хүртэл сар бүр 50,937 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* газраас гэм хорын хохиролд Б.Н-ийн дундаж цалин, *******-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 2,987,964 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 2020 оны 09 дүгээр сар 07 хүртэл сар бүр 50,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч ******* ******* ******* газар нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээгээр хохирсон гэж үзвэл гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* газраас гэм хорын хохиролд 2,987,964 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 2020 оны 09 дүгээр сар 07-ны өдрийг хүртэл сар бүр 50,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч *******-нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* газраас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 84,744 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА