Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/235

 

      

       

 

 

 

 

 

   2022         12           15                                      2022/ШЦТ/235

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

Хохирогч Ч.Ц /Цахимаар/

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цд холбогдох эрүүгийн 2219003850341 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймаг ... тоотод оршин суух, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, Ц.Ц, ...,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Дүүдээбаатарын гудамж 415 тоотод оршин суух хадам эх Ч.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...зүүн 6 дугаар хавирганы хугарал...” бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Замын-Үүд суманд очоод хадам ээжийндээ хоёр охин дээрээ очсон. Хаалгаар нь ороход эцгийгээ дагаад зайл хоёр шээс минь гээд загнаж байсан. Та чинь яадаг хүн бэ олон ач, зээтэй хүн байж ингэж хэлээд байхдаа яадаг юм. Ингэж байлгах байсан юм бол яах гэж ээжээс нь авч үлдсэн юм гэхэд чамаас сайхантай нь суугаад яваг чи хоёр хүүхдээ аваад зайл гэж хэлсэн. Бичлэг хийгээд байхаар нь утсыг нь булааж аваад зүүн суга руу нь хатгачхаад гараад явсан гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2022 оны 09 сарын 27-ний шөнө гэртээ унтаж байхад Ц.Ц хаалга эвдэж орж ирээд чамайг ална гээд дайраад байсан. Тэгээд зүүн талын хавиргыг гараараа цохисон. Одоо болтол хөндүүр байгаа. Би хоёр хүүхэдтэй нь, нэг дүүтэйгээ дөрвүүлээ унтаж байтал лалрын чавганц хүүхдээ зугтаалгалаа, энэ хоёр хүүхдийг яах гэж авч үлдсэн юм, танай охин нөхөртэй болсон гээ биз дээ дагуулаад явуулахгүй яасан юм гэсэн. Би айгаад юм дуугарч чадаагүй. Шургуулга ухаад хутга хайгаад одоо чамайг ална гээд байсан, би хутгаа нуучихсан байсан. Тэгээд гараад явсан. Намайг дандаа хэл амаар доромжилдог, утсаар байнга загнадаг, нэхэмжилсэн 500,000 төгрөгийг маань өгөөгүй гэсэн мэдүүлэг,

 

             Насанд хүрээгүй гэрч Ц.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Хаалганых нь цоожийг хуу татан Ц гэх эрэгтэй хүн гэрт орж ирсэн. Ц эгч гэрийн зүүн талд газарт унтаж байгаад сэрэн, дээш босох үед Ц эгчийг Ц гэх хүн түлхэж, Ц нь гал тогооны түмбүүшгийг ухан одооход чамайг хутгалж ална гэж хэлээд хутга хайсан боловч хутга олоогүй, Ц эгчийн зүүн талын хавирганы доод талд нэг удаа цохин үсдэж байсан. Мөнхболорыг хаана нуусан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

             Гэрч Ц.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нь миний төрсөн дүү байгаа юм...Эхнэр болох Мөнхболортой муудсан, сайдсан гэж дуулдаж байдаг. Би ойр байдаггүй болохоор гэр бүлийн байдлыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0464 дугаартай “...1. Ч.Цгийн биед зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 61 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Дүүдээбаатарын гудамж 415 тоотод оршин суух хадам эх Ч.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  түүний зүүн талын хөхний доод талд 1 удаа хүчтэй цохиж  “...зүүн 6 дугаар хавирганы хугарал...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 27-ний шөнө гэртээ унтаж байхад Ц.Ц хаалга эвдэж орж ирээд чамайг ална гээд дайраад байсан. Тэгээд зүүн талын хавиргыг гараараа цохисон. Одоо болтол хөндүүр байгаа гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Ц эгч гэрийн зүүн талд газарт унтаж байгаад сэрэн, дээш босох үед Ц эгчийг Ц гэх хүн түлхсэн, ...Ц эгчийн зүүн талын хавирганы доод талд нэг удаа цохин үсдэж байсан. Мөнхболорыг хаана нуусан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0464 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа,гэрлэлт нь цуцлагдсан,бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч,харгалзан дэмжигч,асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн,тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид,тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн,дагавар,үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг ойлгоно.

 

Хохирогч Ц.Ц нь охин Мөнхболор, хүргэн Ц.Ц нартай түр хугацаагаар Замын-Үүд суманд хамт амьдарч байсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Ц.Ц нь эрүүл мэндэд учирсан хохиролд 500000 төгрөг нэхэмжилж байгаа ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд “зүүн 6 дугаар хавирганы хугарал” бүхий гэмтэл учирсан, шүүгдэгч Ц.Ц хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул 500000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Цгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан,нөхцөл, хохирол,хор уршгийн шинж чанар,хэр хэмжээ,гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал,одоо 10 настай охины хамт амьдарч байгаа, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хөрөнгө,цалин хөлс,бусад орлого олох боломж, шүүгдэгчийн Өмнөговь аймагт нүүрс тээвэрт тээвэрийн хэрэгслээр нүүрс зөөдөг талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзан оногдуулсан торгох шийтгэлийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.          

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Цд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгаас 500000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Цд олгосугай.

 

5.Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН