Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, яллагдагч *******ын өмгөөлөгч М.Энхбаяр /онлайнаар/, яллагдагч *******ын өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаар шүүгчийн захирамжтай *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1937000010029 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын Сугарбат нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ ******* стар” ХХК-ны захирал *******аас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан авсан.

            Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй,******* овогт *******ын Алтанзул нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000/хоёр сая/ төгрөгийн хахуулийг Засаг даргын тамгын газрын нярав ажилтай *******ээр дамжуулан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцлээ дэмжиж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамжинд яллагдагч *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэрийг нь Н.Алтантуяа гэж буруу бичсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй, яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт бичсэн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах нотлох баримтын хуудас тохирохгүй зөрүүтэй гэх үндэслэлүүдээр прокурорт буцаажээ. Хавтаст хэрэгт яллагдагч *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын эх хувьд нэр зөрүүтэй бичигдээгүй, ******* гэж бичигдсэн байдаг ба хуулбар хувь дээр “Н.Алтантуяа” гэж бичигдсэн алдаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд зүйлчлэл болон нотолгооны хувьд нөлөөлөхгүй бичиг техникийн шинжтэй алдаа байх ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор яллагдагчид танилцуулах ажиллагаа хийгдэж, яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг. Уг тогтоол дээрх техникийн шинжтэй алдааны улмаас ойлгомжгүй болсон гэж дүгнэх нь дутагдалтай байна.

Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт бичсэн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах нотлох баримтын хуудас тохирохгүй зөрүүтэй байгаа алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргаснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр шийдвэрлэх боломжтой асуудал юм.

Мөн шүүгчийн захирамжинд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай бүхий л ажиллагааг хийж бүрэн дүүрэн тогтоосон болох нь  харагдаж байна. Шүүгч захирамжиндаа цаг хугацааг тогтоохын тулд ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх талаар дурдаагүй нь дутагдалтай байна. Мөнгө өгсөн авсан үйл явц нь *******, *******, ******* гэсэн гурван хүний хооронд банкны дансаар дамжаагүй, бэлнээр өгсөнөөр болж өнгөрсөн үйл явдал тул энэ талаар дахин ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй юм. Хэргийг хянан шийдвэрлэхэд цаг хугацааны хувьд яллагдагч *******ын мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Мөн Хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль бус болж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мөнхбат прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг яллагдагчийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэх боломжтой гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болдоггүй. Өөр бусад нотлох баримтаар давхар батлагдсан байхыг шаарддаг. Яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж  хоёр янзаар мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд *******ад хоёр сая төгрөг өгсөн гэх *******ын мэдүүлэг, дамжуулсан гэх *******ийн мэдүүлэгт тухайн үйл баримт болсон цаг хугацааг тодорхой мэдүүлдэггүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан, эргэлзээгүй байдлаар тогтоох нь Эрүүгийн хуулийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад чухал нөхцөл болж, эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Иймд яллагдагчийн дээрх мэдүүлгийн аль нь үнэн зөв болох дээрх өдрүүдэд ******* нь *******аас хоёр сая төгрөгийг *******ээр дамжуулан авсан гэх үйл баримтыг огноог мөрдөн байцаалтаар тогтоох зайлшгүй шаардлагатай.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч ******* нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын ойлгомжгүй байдлыг тодруулахаар хүсэлт гаргах эрхтэй. Иймд Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Энхбаяр прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд Н.Алтантуяа гэж буруу бичсэн мөн яллагдагчаар татсан тогтоолын эх хувьд нэр зөрүүтэй бичигдээгүй хуулбар хувь дээр бичигдсэн нь алдаатай байсан гэж эс зөвшөөрч тайлбар өгчээ. Энэхүү техникийн шинжтэй алдаа хийсэн болохоо хяналтын прокурор хүлээн зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй гэж заасан эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримт, тогтоолтой танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж, шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх эсхүл гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг эдлэх үр дагавартай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчсөн ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.17 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчаар татсан тогтоолыг зөвтгүүлэхээр буцаасан нь хуульд нийцнэ.

Гэмт хэрэг үйлдсэн хугацааг нарийн тогтоогоогүй гэж шүүх дүгнэснийг прокурор эс зөвшөөрч үндэслэлгүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих байдлыг хуульчилсан байх ба прокурорын 43 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг хөдлөшгүй нотолсон мэт дүгнэсэн.

Гэтэл прокурорын эсэргүүцэлд гэмт хэрэг гарсан цаг хугацаа ач холбогдолгүй эсхүл тогтоох боломжгүй мэт тайлбар хийсэн нь ойлгомжгүй байх ба яллагдагч өөрөө өөрийнхөө гэм буруутайг нотлох эсхүл нотлуулах хууль зүйн боломжгүй. Мөн шүүх мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж зайлшгүй тогтоох шаардлагатай үйл явдлыг заах эрхтэй болохоос ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар заах, чиглэл өгөх эрхгүй буюу хэргийг шийдвэрлэхэд хөндлөнгийн байр суурьтай байх нь шүүхийн үндсэн зарчим болно. Мөн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт бичсэн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах нотлох баримтын хуудас тохирохгүй зөрүүтэй болохыг хууль зөрчөөгүй гэжээ.

Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь хууль ёсны, үндэслэлтэй байна гэж заасан байх ба яллах дүгнэлт болон түүний хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулаахаар тусгасан нотлох баримт нь зөрүүтэй буюу тухайн 1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт нь яллах дүгнэлт болон түүний хавсралтанд жагсаасан нотлох баримтаас огт өөр баримт байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэг прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг,үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг шүүх хүлээн авсан нь хууль зөрчөөгүй. Иймд Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “******* стар” ХХК-ны захирал *******аас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2.000.000 төгрөгийн хахуулийг тус сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан авсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ховд аймгийн   Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “******* стар” ХХК-ны захирал ******* нь  2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн   Мөст сумын Засаг дарга *******ад албаны чиг үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь  холбогдуулан 2.000.000 төгрөгийн  хахуулийг   Засаг даргын тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан өгсөн үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт  үйлдэж хэргийг   Ховд аймгийн ******* сум дахь сум дунын шүүхэд шилжүүлжээ.

 

    Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараах журмыг ноцтой зөрчжээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн бүрдүүлсэн баримтаас үзэхэд 1937000010029 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Энхжаргалыг томилсон байна. /2 дугаар хх- 246 дугаар тал/ Шүүгч Ц.Энхжаргал нь шүүгдэгч *******ад тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хянан шийдвэрлэсэн тул би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй гэх үндэслэлээр татгалзаж байна гэж хүсэлт гаргажээ. /2 дугаар хх- 247 дугаар тал/ 

Ховд аймгийн ******* сум дахь сум дунын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх тухай” 154/ЗТ2019/00018 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ц.Энхжаргалын татгалзан гарах тухай дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ./2 дугаар хх- 248-249 дугаар тал/ 

Хэрэгт “хэрэг хянан шийдвэрлэх  шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох  тухай” 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154/ЗТ2019/00015 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын тодорхойлох хэсэгт “*******, ******* нарт    холбогдох   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан 1937000010029 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Л.Түвшинжаргалыг томилох шаардлагатай байна.” гэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгч шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Энхжаргалыг томилсон нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д “Энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.” Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-т “энэ хуулийн 20.1.2.-т заасны дагуу хэрэг маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгч Ц.Энхжаргалын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч Л.Түвшинжаргалыг уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байхад хэргийг авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-дэх заалтыг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх *******, ******* нарт    холбогдох   хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн байна. Тус шүүх нь дээрх алдааг дахин давтан гаргаж байгаа талаар анхаарах нь зүйтэй байна.

2.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжид   “Боржигон овогт *******ын Сугарбат,Тангууд овогт *******ын Алтанзул нарт холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан тухай удиртгал хэсгийг бичжээ.

Харин тодорхойлох хэсэгт “яллагдагч Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” төвийн үүдэнд 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой иргэн Ч.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ...” гэж үндэслэлээ тодорхойлж тусгасан байна.

Түүнчлэн тогтоох хэсэгт “яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1937000010029 дугаартай хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар тогтооосугай.” гэж захирамжийн удиртгал, тодорхойлох, захирамжлах хэсгийг зөрүүтэй бичсэн байхаас гадна мөн захирамжийн удиртгал хэсэг болон гарын үсэг зурж баталгаажуулах хэсэгт шүүгчийн нэрийг өөр өөр бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй байна .Мөн түүнчлэн  хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг, тогтоох хэсэг найруулга зүйн алдаатай бичигдсэн байгааг анхаарвал зохино.Тодруулбал тодорхойлох хэсгийн эхлэл, тогтоох хэсгийн 2 дахь заалт найруулга зүйн алдаатай байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул прокурорын эсэргүүцэл болон шүүгчийн захирамжийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй байна.                                                                                                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж,прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч   *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                             

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДАМБА

 

                                         ШҮҮГЧИД                                             М.НЯМБАЯР

 

                                                                                                        Н.ТУЯА