Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 123/2023/0026/З |
Дугаар | 221/МА2024/0793 |
Огноо | 2024-12-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0793
“Т ” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Т ” ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Б ” ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Н.Ж, М.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 123/2023/0026/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ” ХК нь “Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Т ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Б ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч “Т ” ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Б ” ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс өргөдөлд дурдсан талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал агуулсан атал түүний дунд үндэслэлгүйгээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахаар гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн бөгөөд үүнээс үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн байна гэж маргасан. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар захирамжаар Уул уурхайн яамны бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон. Ингэхдээ “Төв аймгийн У сумын нутаг “Ц ” гэх нэртэй 40.99 га талбайд байгаа эрдсийн хуримтлал нь ердийн ашигт малтмал болон түгээмэл тархацтай ашигт малтмалын аль нь болох, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар олгох боломжтой эсэхийг газар дээр нь очиж, холбогдох хууль, дүрэм журамд үндэслэн дүгнэлт гаргах”-ыг даалгасан.
3.2. Гэвч шинжээч нарын гаргасан дүгнэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тусгай мэдлэгийн хувьд тодорхой болгоогүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд “уг талбайд Au47 алтны илрэл болон геохимийн сарнил байгаа тул ердийн ашигт малтмалын хуримтлалд хамаарна” гэж шүүхээс гаргуулахыг хүссэн асуултад тодорхой оновчтой хариу өгөөгүй, Төв аймгийн У сумын нутаг “Ц ” гэх нэртэй талбайгаас олборлож байгаа кварцын чулуу нь түгээмэл тархацтай эсвэл ердийн ашигт малтмалын алинд хамаарах болохыг тогтоогоогүй. Мөн “газар дээр нь очих цаг хугацаагүй, очсон ч дүгнэх боломжгүй, төвөгтэй ажил” гэж, мөн хариуцагчийн хариу тайлбар мэтээр үйл баримтуудыг дурдаж тодорхой үндэслэлтэй дүгнэлтийг гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, маргааны гол үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.
3.3. Бичил уурхайгаар олборлох гэрээ болон түүний үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь хариуцагч аймгийн Засаг даргын татгалзлын үндэслэл болж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр “Б ” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалтай гэж тайлбарласан байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.4. Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.3-д “Энэ журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино” гэж заасан. Хариуцагч У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нараас “Б ” нөхөрлөлтэй байгуулсан гэрээнд заагдсан талбай нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй бөгөөд бусад этгээдүүдийн ашиглалтаас үлдсэн эсвэл технологийн хаягдлаар бий болсон болохыг тодорхойлсон нотлох баримтуудыг гаргаагүй байхад энэ тухайд дүгнэлтийг шүүхийн шийдвэрт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
3.5. Мөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр “Б ” ЗГБХН-тэй байгуулсан гэрээгээ олон нийтийн саналд үндэслэн цуцалсан У сумын Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянасан. Харин “Т ” ХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй тухайн талбай нь ашигт малтмал эсвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тархацтай эсэхийг тогтоогоогүй тул уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.
3.6. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Т ” ХК нь Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад тус тус холбогдуулан “...Т ” ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Б ” ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Т ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн хүсэлтэд Төв аймгийн Засаг даргаас “Б ” ЗГБХН нөхөрлөлийн бичил уурхайн зориулалттай талбайтай давхцалтай гэх хариуг өгсөн боловч шинжээчийн дүгнэлтээр уг газар нь ердийн орд буюу алтны илрэл болон алтны геохимийн сарнил, потенциал бүхий талбай болох нь тогтоогдсон тул уг талбайд тусгай зөвшөөрөл олгох эрх Төв аймгийн Засаг даргад хуулиар олгогдоогүй ... нэхэмжлэгчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан хариуг өгсөн учир Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоол, Б ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд нь хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг эдгээр эрх бүхий байгууллагуудын шийдвэр хөндөөгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т ” ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/12 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж, Төв аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ тоот албан бичгээр “… тусгай зөвшөөрөл хүссэн газар нь Б ЗГБХН нөхөрлөлийн бичил уурхайн зориулалттай талбайтай давхцалтай байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч нь энэхүү шийдвэр болон Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны “Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын хугацаа сунгах тухай” 06 дугаар тогтоол, “Б ” ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ.
2.4. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар болох Төв аймгийн У сумын нутаг дэвсгэр “Ц ” гэх нэртэй 40.99 га талбай бүхий газар нь ердийн ашигт малтмал болон түгээмэл тархацтай ашигт малтмалын аль нь болох, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой эсэхэд шинжээч томилсон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...Уг талбайд Аu47 алтны илрэл болон алтны геохимийн сарнил бүхий эдсийн хуримтлал нь барилгын материалын зориулалтаар ашиглах боломжгүй буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэл буюу ердийн ашигт малтмалтын хуримтлалд хамрагдахаар байна. Бичил уурхайгаар ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй” гэх дүгнэлтийг гаргажээ.
2.5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, 4.1.6-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг, 4.1.8."түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын орд”, 6.1.3-д “ердийн ашигт малтмалын орд” гэж, 6.3-д “Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна”, 6.4-д “Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын хуримтлалыг ердийн ашигт малтмалын ордод хамааруулна”, 11 дүгээр зүйлийн 11.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгохоор байх ба энэхүү ашигт малтмал эрэх хайх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор байна.
2.7. Энэ тохиолдолд маргаан бүхий талбайд Аu47 алтны илрэл болон алтны геохимийн сарнил бүхий эдсийн хуримтлал илэрч байгаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасан Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалд хамаарахгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… Төв аймгийн У сумын нутаг “Ц ” гэх нэртэй талбайгаас олборлож байгаа кварцын чулуу нь түгээмэл тархацтай эсвэл ердийн ашигт малтмалын алинд хамаарах болохыг тогтоогоогүй, маргааны гол үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.8. Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Б ” ЗГБХН-тай байгуулсан ашигт малтмал олборлох тухай гэрээ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07/966 дугаар “... хүсэлтэд заагдсан 41 га талбай нь Б нөхөрлөл бичил уурхайн зориулалтаар гэрээ байгуулан ажиллаж байгаа талбайтай давхцалтай” гэх албан бичиг зэргээс үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж зааснаар “Б ” ЗГБХН нь түрүүлж хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан байх ба уг талбайд давхцуулж хүсэлт өгсөн нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн хариуцагчийн үйлдлийг буруутгахааргүй байна.
2.9. Ийнхүү нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариу өгснийг буруутгах үндэслэлгүй байх тул Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоол, “Б ” ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн У сумын Засаг даргын шийдвэрүүд нь нэхэмжлэгч “Т ” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ