Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2021/0023

 

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 158/ШШ2021/0011

Булган аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: Б.Долгоржавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дугаарын тушаалыг хүчингүй болгуулах, онцгой нөхцөлд ажилласны дагуу урамшуулал олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Долгоржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Норпил, гэрч Т.Хувьзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгоржав шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: Б.Долгоржав миний бие тус шүүхэд гаргасан Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан даргын 2020 оны Б/61 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал олгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хувьд харилцан тохиролцохоос илүү ойлголцлоо гэж үзэж байна. Б.Долгоржав гэдэг хүн яаж хандах ёстой? Байгууллагын зүгээс яаж хандах вэ?, цаашид яавал зохистой талаар тодорхой хугацаанд ярилцлаа гэж ойлгож байна. Ярилцаагүй нэг зүйлийн хувьд маргааны үндэслэл нь тушаал үзэх, харахтай холбоотой асуудал байсан учир үүнээс болоод талууд хооронд үл ойлголцол бий болсон гэж ойлгож байгаа. Үг үсгээр хөөцөлдөх юм бол ёс зүйн зөвлөлийн гаргасан шийдвэрийн талаар бид нар ярилцсангүй. Гэхдээ Б.Долгоржав нь өөрийгөө болоод хамт олноо ойлгох талаар нилээн ярьж ойлголцоо. Хувь хүн талаасаа өөрийгөө засаасай, ажлаа хангалттай хийгээд өөрийгөө засч залруулаад явах юм бол бид нарын зүгээс хавчиж шахаж байгаа мэт байдал гаргахгүй үүнийг Б.Долгоржав ойлгох хэрэгтэй гэж харилцан ярилцаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд өөрийн үйлчлүүлэгчтэйгээ нилээн ярилцлаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах шийдэлд хүрлээ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгоржав нь Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дугаарын тушаалыг хүчингүй болгуулах, онцгой нөхцөлд ажилласны дагуу урамшуулал олгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн бөгөөд тус шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан.

Гэвч хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гарган харилцан ярилцаад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбар, хүсэлтийг гаргав.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тэрээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, энэхүү шийдвэрт гомдол гаргах эрхгүй ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүйг тайлбарлах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Долгоржавын Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дугаарын тушаалыг хүчингүй болгуулах, онцгой нөхцөлд ажилласны дагуу урамшуулал олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох 158/2021/0010/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ