Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

                                                                                           

 

 

Ж.Уы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Уы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Тэтгэмж, нэмэгдэл цалин нийт 19 386 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1997 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 124 тоот захирлын тушаалаар уг Автобус 3 дугаар баазад жолоочоор ажилд орж, 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн ба мөн Автобус-3 компанийн захирлын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар тушаалаар уг байгууллагад жолоочоор ажилд орж, тасралтгүй ажилласаар 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тэтгэвэрт гарч, 15 жил 6 сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарахад тэтгэмжийг өгөөгүй. Автобус 3 дугаар бааз ОНӨАҮГ захиргаа, Үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2-р зүйлийн Д заасны дагуу нэг сарын дундаж цалин 961 125 төгрөг, 12 сарын тэтгэмж 11 533 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ж.У уг байгууллагад 1992 оноос хойш 20 жил, 1 сар ажилласан тул 18 сарын тэтгэмжид 1 сарын дундаж цалин хөлс болох 977 595 төгрөгөөр тооцож 17 298 000 төгрөг гаргуулах, хамтын гэрээний 3.7-д зааснаар удаан жилийн нэмэгдэл цалин 2015 оны 1 дүгээр сараас эхлэн 2017 оны 2 дугаар сар хүртэл 24 сарыг цалингийн 20 хувиар тооцож 2 088 000 төгрөг нийт 19 386 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/101 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хамтын гэрээ нь Автобус 3 ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3155 тоотоор 3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Яагаад гэхээр “Автобус-1” нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “ЗТН” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуй нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй, нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу мөрдөн ажиллаж байна. “ЗТН” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автбус-3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ЗТН болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх талаар хэлэлцээр хийгдээгүй. 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/167 тоот албан бичгээр Үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулаагүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Удаан жилийн нэмэгдэл цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөөн хэлэцэх хугацаа дууссан байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасны баримтлан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас тэтгэмж, нэмэгдэл цалинд 7 144 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 242 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.У нь /тэтгэмжтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага/ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд /нэмэгдэл цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад/ 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 63 206 төгрөгөөс илүү төлсөн 14 848 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгож, үлдэх 48 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Уд олгож, 110 950 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчилэн үл эөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлаыг хангаж чадаагүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Ж.У нь “ЗТН” ОНӨААТҮГ Автобус 3 дугаар бааз, хуучин Автобус 1 дүгээр баазад байхад нь анх 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 307 тоот тушаалаар анх жолоочоор ажилд орсон. Автобус 1 дүгээр бааз нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А-98 тоот захирамжаар Автобус 1 дүгээр бааз, Автобус 3 дугаар бааз болон хоёр хуваагдахад Ж.У нь Автобус 3 дугаар баазад 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 124 тоот тушаалаар үлдэж, 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 жил 4 cap ажиллаж байгаад бие муудаж ажлаас чөлөөлөгдсөн. Ж.У 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 тоот тушаалар Автобус 3 дугаар баазад ажилдаа дахин орж ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/101 тоот тушаалаар 7 жил 9 cap ажилласан. Нийт “ЗТН” ОНӨААТҮГ Автобус 3 дугаар баазад 20 жил 1 cap ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тус байгууллагын хамтын гэрээний 3.7-т зааснаар 20 жил ажилласан бол 18 сарын тэтгэмж олгоно гэж заасан тул тэтгэмжийг бүрэн олгож өгнө үү. Уг хамтын гэрээнд тэтгэмж олгохдоо мөнгөн дүнг үндсэн цалингаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстөй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасныг хамтын гэрээнд үндсэн цалингаар гэж дордуулж заасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасныг баримталаагүйд гомдолтой байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт мөн Нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 3 сарын цалингийн 2016 оны 11 дүгээр сарын цалин 998 704 төгрөг, 12 сарын цалин 778 900 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын цалин 1 155 713 төгрөгийн цалингийн дундаж нь 977 772 төгрөг болж байна. Үүнийг хамтын гэрээний 3.7-т зааснаар 20 жил ажилласан ажилтанд 18 сарын тэтгэмжийг бодож 17 599 896 төгрөгийг олгуулж өгнө үү. Иймд анхан шатны шүүх 20 жил 1 cap ажилласны 4 жил 10 сарыг хасч, 15 жил 3 cap ажилласан гэж буруу дүгнэж үндсэн цалин 400 000 төгрөгөөр бодож 6 000 000 төгрөг олгохоор болгож, 11 596 656 төгрөгийг хассанд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан тэтгэмж, нэмэгдэл цалин нийт 19 386 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “ЗТН” ОНӨААТҮГ-н гуравдугаар баазын техник, технологийн албаны тэрэг тавигчаар ажиллаж байсан бөгөөд тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын захирлын 2017 оны 2 сарын 06-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар Ж.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу 15 жил 6 сарын хугацааны тэтгэмжийг, нэмэгдэл цалингийн хамт гаргуулахаар хариуцагчаас шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1992 оны 11 сарын 27-ны өдрөөс Автобус 1 дүгээр баазад ажиллаж эхэлсэн гэх үндэслэлээр 20 жил 1 сар ажилласны тэтгэмжийг шаарджээ. /хх-ийн 46, 96/

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Ж.У нь 1992 оны 11 сарын 27-ны өдрийн 307 дугаар тушаалаар Автобус 1 дүгээр баазад жолоочоор томилогдон ажилласан нь түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч Ж.Уыг 15 жил 3 сар ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.  

 

“Автобус-3” НӨҮГ-ын захиргаа болон “Автобус-3 Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан хамтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.2.Д хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид 20-оос дээш жил ажилласан ажилтанд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор тохиролцсон байх тул Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар үндсэн цалинг 400 000 төгрөгөөр тооцож нийт 7 200 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Уд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгох байсан атал үндсэн цалингаар тооцсонд гомдолтой гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.Д, Хөдөлмөрийн гэрээний 1.4-т заасныг үндэслэн үндсэн цалингийн хэмжээгээр буцалтгүй тусламжийг тооцсон нь зөв, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Удаан жил ажилласны нэмэгдэлд 1 440 000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул нэг удаагийн буцалтгүй тусламж 7 200 000 төгрөгийн хамт нийт 8 640 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 7.144.000 ...” гэснийг “8 640 000” гэж, “... 12.242.000 төгрөгийг ...” гэснийг “10 746 000 төгрөгийн шаардлагыг” гэж,

2 дахь заалтын “... 110.950 төгрөг ...” гэснийг “115 200 төгрөг”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ        

 

                              ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

                                                                                               

                                                                                                    Г.ДАВААДОРЖ