| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0226/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/239 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/239
2022 12 16 2022/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох 2219000000302 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Жавар трад компанид цахилгааны инженерээр ажилладаг , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, Баян гэх газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б /регистрийн дугаар: .../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Яллагдагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас цааш 5 км зайд Улаанбаатар хотоос Айраг сум явах чиглэлийн асфальтан зам дээр 18-88 УАХ улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд Б.Хын жолоодон явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Б.Х нь нас барсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улаанбаатар хотоос өөрийн эхнэр, ах, ахын эхнэрийн хамт Хамрын хийд орж мөргөх гээд явж байсан. 20 цагийн үед машинтай зөрөөд өнгөрөхөд урд нэг зүйл мөргүүлсэн. Юуг нь мэдэхгүй буугаад хартал хүн байсан. 80 км орчим цагийн хурдтай явсан. Урд явсан мотоциклтой хүнийг хараагүй. Машин зөрж өнгөрөөд л гэнэт мөргөсөн, тэгээд тоормос гишгэсэн. Тулсан байсан учир ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Өөрийн бурууг хүлээж байна,гэм буруугаа ойлгож байна,хохирогчийн ар гэрээс үнэхээр их уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 09 сарын 10-ны өдөр 18 цагийн үед миний хань над руу яриад хоолоо хийж байгаарай, би хонио хотлуулчихаад 2 хүүхдээ тосчихоод очно, миний тамхи дуусаж байгаа шүү гэж хэлсэн. Би ирж байгаа байх гээд 19 цаг хүртэл хүлээсэн. Миний хань ирээгүй, би хонь мал нь дутсан юм байх, яасан юм бол гэж бодоод хүлээгээд байсан. Орой 21 цагийн үед над руу цагдаагийн газраас ярьж, манай нөхрийг амь эрсэдсэн талаар хэлсэн. Тэр өдрөөс хойш миний амьдрал тамын тогоо шиг болсон. Тухайн өдөр зурхай дээр 20 цаг 15 минутад нар жаргасан байсан. Энэ хүмүүс худлаа мэдүүлж байна. Та нар ч миний хэлэх зүйлийг худлаа гэж бодох байх. Шөнө унтаж байхад минь духан дээр ирээд үнсэх шиг болдог, зүүдэнд минь миний зүүн талын хөл болохгүй байна гэж хэлдэг, шөнө унтаж байхад чинь хөнжилд чинь хүн орж ирж байгаа мэдрэмжийг та нар авч үзээгүй байх. Надад одоо ч хэцүү байдаг. Унасан гэж ярьж байна, унаагүй, чи чирээд явсан, өөрөө ч миний зүүдэнд ирээд зүүн талын гуя болохгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед осол 20 цагийн үед болсон гэж бодож байна. Яагаад гэвэл цайлсан газраас гараад явсан, саахалт айл Баяраагийн хэлснээр 19 цагийн үед орж гарсан байсан. Тухайн зам хойшоо 1 километр явахад далантай баруун талаасаа мотоцикл гарч ирэх боломжгүй. Би бодохдоо нөхрөө хонио хотлуулчихаад, үхэр тугалаа эргээд, хойд говиос Айраг сум руу ирсэн гэж бодож байна. Манай хамаатнууд Өмнөговь аймагт байдаг 250 мал төллүүлээд өгөөч гэхээр нь Оюутолгой ХХК-иас актад гарч байгаа автобус худалдаж аваад хөдөө гарсан. Мал төллүүлээд ав 300 төл гарсан ч би ганц ч төл авахгүй гэж хэлсэн. Миний хань 1 дэх өдөр Өмнөговь аймаг руу явах гэж байсан. Бүтэн сайн өдрийн 04 цаг 30 минутад вагон ирэх байсан. Ирж хоолоо идчихээд хүн тосож авах гэж байсан. Манай нөхөр хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг. Уурхайд гэрээ хийж гүнд орж ажилладаг байсан. Бид хоёр хөдөө амьдрахаар шийдэж отрын сууц хийж зардаг байсан, гар утсан дээр материал авсан зураг нь байгаа. Ёнкосоор чиргүүл хийж зардаг байсан. Гүний худаг дээрээ тулгуурлаж усан бассейн хийж, тоглоомын талбай хийж, мал байндах нүх, 00-ын нүх хүртэл 1,500,000 төгрөгөөр хүн гуйж ухуулж байсан. Бид нар улс нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх гэж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж хөдөлмөрлөдөг байсан. Би нөхрөөсөө 8 насаар эгч, миний хань 44 настай байсан. Ид хийж бүтээх насан дээрээ байсан, 09 сарын 10-ны өдрөөс хойш миний амьдрал хэцүү болсон. Эмэгтэй хүн болохоор юм хийж чадахгүй байна, биеийн эсэргүүцэл сулраад гар эдгэрч байна. Гэхдээ би их гомдолтой байна. Би энэ хүмүүсийг их бодсон, 3 нялх хүүхэдтэй, ханийнхаа ясыг өндөлзүүлээд яах вэ гэж их боддог байсан. ...би эх хүн учраас за яах вэ, ханийнхаа ясыг өндөлзүүлэхгүй, 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод чин сэтгэлээсээ сайхан сэтгэл гаргаад хадам аавд нь гомдолгүй гэж хэлэхэд. Хадам аав нь 3-5 жилийн ял сонсдог гэж хэлсэн. ...би миний хүүхдийн байрны түрээс 400,000 төгрөгийг төлөх юм болов уу гээд хэлсэн. Тэгэхэд манай хүүхдэд ачаа болдог юм байгаа биз дээ гэж хэлсэн. Миний амьдралыг юу болгосон юм гэж хэлсэн. Би хүүхдийн маань байрны түрээс сарын 400,000 төгрөгийг 17 нас хүртэл нь төлчих гэж гуйсан. Өөр зүйл гуйгаагүй... гомдож байна...гэсэн мэдүүлэг,
Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 3 дугаар тал),
Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 4-9 дүгээр тал),
Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 10, 45-50 дугаар тал),
Гэрч Ч.Оюумаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Улаанбаатар хотоос Сайншанд аймаг Хамрын хийд гэх газар луу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед нөхөр Б.Б, хадам ах Э.Майнбаяр түүний эхнэр-М.Отгончимэг нарын хамт 18-88 УАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны орой ямар ч байсан харанхуй болсон тухайн үед цаг хэд болж байсанг анзаараагүй. Тэгээд хажуугаар машин зөрсөн тэрийг дөнгөж өнгөрөөд мотоциклын бөгс харагдаад тэгээд юу юугүй л мөргөчихсөн. Тэгээд манай нөхөр тоормос гишгэсэн гэхдээ тоормос гишгэхэд хэтэрхий оройтсон байсан. Тухайн урд байсан мотоцикл нь ямар ч гэрэл харагдахгүй явж байсан. Тэгээд бид замаас гараад зогссон тухайн үеийн явдлыг би сайн санахгүй байна би шоконд орсон тэгээд бид хэд машинаасаа шууд буугаад харахад мотоциклын хажууд хүн толгой хэсэг нь их хэмжээний цус алдсан байсан. Тэгээд бид хэд түргэн тусламж дуудаад цагдаад дуудлага өгсөн. Бид нар хугацаа алдаагүй шууд л дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 23 дугаар тал),
Гэрч Э.Майнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шоконд ороод тухайн болсон асуудлын талаар зүйлийг санахгүй байж магадгүй бид нар Улаанбаатар хотоос Дорноговь аймагт Хамрын хийд энергийн төвийг үзэх гэж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед 18-88 УАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Даланжаргалан орчимд хөдөө хоёр эмэгтэй бие засмаар байна гээд зогсоод цайлаад тэгээд 19 цагийн орчимд харанхуй болж байх үед хөдөлсөн. Тэгээд хэсэг явсны дараагаар түс гээд юм мөргөөд яасан бэ? гэхэд би хүн мөргөчихлөө гээд жолооч хэлсэн. Тэгээд машиныг зогсоогоод буугаад харахад зам дээр юм харагдаагүй, машины урд талын цонх хагарчихсан гупер хагарчихсан байсан. Тэгээд зам дээр мотоциклтой хүн хэвтэж байсан тэгээд юу болчихсон вэ гээд сандраад бужигнаад хаана байгаагаа мэдэж хэлсэн. Тухайн хүн рүү ойртож харахад толгойноос нь цус гоожсон байдалтай байсан. Тэгээд бид нар айж сандраад шоконд орсон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 27 дугаар тал),
Гэрч М.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Улаанбаатар хотоос нөхөр Э.Майнбаяр нөхрийн үеэл Б.Б түүний эхнэр Ч.Оюумаа нарын хамт 18-88 УАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 09 дүгээр сарын 10-ны 16 цагийн үед гарсан. Тэгээд бид хэд хэрэг болох газраас ойролцоогоор 20-30 км зайд зогсож цайлаад бие засаж хөдөлсөн тухайн үед бүүдгэр харанхуй болж эхэлж байсан. 19 цаг 30 минутын үед тэндээс хөдөлсөн тэгээд хөдлөөд юм яриад явж байсан. Тэгээд урагшаа хараад явж байсан хормын дотор түс тас гээд тэгээд жолооч тоормос гишгээд зогсож харсан би мал дайрсан юм болов уу гэж бодсон чинь жолооч маань би хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд машинаа замаас холдуулаад буцаж ирээд түргэн дуудаад бид нар мотоциклтой хүн мөргөчихлөө гэж хэлсэн тэгээд 20 цагийн үед цагдаа руу дуудсан...” мэдүүлэг ( хавтаст хэргийн 25 дугаар тал),
Гэрч Р.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр алсын дуудлагын хуваарьтай өдөр байсан ба орой 20 цаг 14 минутын орчимд эмнэлгийн ээлжийн сувилагч Оюунсүрэн над руу утасдаад зам тээврийн ослын дуудлага ирлээ гэхэд би сувилагч Оюун-Эрдэнийн хамт цагдаа Рэнцэнпүрэвийн автомашинтай ослын газар руу яаралтай явсан. Айраг сумын цагаан дөрвөлжөөс хойш гүүрний хойно босоо тэнхлэгийн засмал дагуу замын хажууд мотоциклоос ойчсон хүн байсан ба үзэхэд амьсгал зүрх судас зогссон нас барсан байдалтай байсан. Мөн пруис 41 маркийн автомашинд байсан жолоочоос гадна 3 зорчигч нарын биеийг үзэхэд ил харагдах шархтай хүн байгаагүй, айж сандарсан байдалтай байсан, нэг жирэмсэн хүнийг аваад эмнэлэг дээр ирж эмчилгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),
Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “18-88 УАХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн магадалгаа ( хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 493 дугаартай 18-88 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаарх үнэлгээ ( хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/053 дугаартай шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 143-144 дүгээр тал),
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амь хохирогч Б.Хын унаж явсан мотоциклийг 300.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-155-156/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 131/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас цааш 5 км зайд Улаанбаатар хотоос Айраг сум явах чиглэлийн асфальтан зам дээр 18-88 УАХ улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин Б.Хын жолоодон явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Б.Х нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь гэрч Ч.Оюумаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хажуугаар машин зөрсөн тэрийг дөнгөж өнгөрөөд мотоциклын бөгс харагдаад тэгээд юу юугүй л мөргөчихсөн. Тэгээд манай нөхөр тоормос гишгэсэн гэхдээ тоормос гишгэхэд хэтэрхий оройтсон байсан. Тухайн урд байсан мотоцикл нь ямар ч гэрэл харагдахгүй явж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Майнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг явсны дараагаар түс гээд юм мөргөөд яасан бэ? гэхэд би хүн мөргөчихлөө гээд жолооч хэлсэн. Тэгээд машиныг зогсоогоод буугаад харахад зам дээр юм харагдаагүй, машины урд талын цонх хагарчихсан гупер хагарчихсан байсан. Тэгээд зам дээр мотоциклтой хүн хэвтэж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч М.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 19 цаг 30 минутын үед тэндээс хөдөлсөн тэгээд хөдлөөд юм яриад явж байсан. Тэгээд урагшаа хараад явж байсан хормын дотор түс тас гээд тэгээд жолооч тоормос гишгээд зогсож харсан би мал дайрсан юм болов уу гэж бодсон чинь жолооч маань би хүн дайрчихлаа гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн магадалгаа, Дорноговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн авсан зээлийн үлдэгдэл 21134156 төгрөг,
Хэргийн 86,87,88, 93,94 157 дугаар талд авагдсан баримттай зардал нийт 6,223,983 төгрөг, баримтгүй гарсан зардал 2 удаагийн махыг Хаш-Эрдэнэ, Бааяа гэх хүнээс худалдан авсан зардал 1,220,000 төгрөг, зан үйлийн арга хэмжээнд нас барсны маргааш лам авч ирж ном уншуулсан 300,000 төгрөг , ёс заншлын дагуу талийгаачийг хөдөөлүүлэх үед ламаар ном уншуулсан 500,000 төгрөг, талийгаачийн хойд төрлийг даах болон бусад зан үйлийн арга хэмжээнд 1,500,000 төгрөг, өмгөөлөгч Манлайжавын хөлс 1,500,000 төгрөг нийт баримтгүй зардал 5,020,000 төгрөг,
08 сарын 10-ны өдрөөс хойш хувийн бизнестээ сарын 1,200,000 төгрөгийн орлого олдог байсан, өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байсан бол сард дунджаар 1,200,000 төгрөгийн борлуулалт хийх боломжтой байсан. Худалдан авалт хийсэн дэвтэр нь байна. Үүнд сард 1,200,000 төгрөг гэж тооцож, 4,800,000 төгрөг,
сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг ,
насанд хүрээгүй хүүхдэд нь 288,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа. тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 11,226,000 төгрөг,
хүүхэд нь 14 настай, Улаанбаатар хотод спортын амжилт үзүүлж байгаа охинтой. Айлын хажуу өрөө түрээсэлдэг. Энэ төлбөрийг 17 насанд хүртэл 3 жилээр тооцож, 1 жилийн 4,800,000 төгрөг, 3 жилийн 14,400,000 төгрөг, нийт 82,803,156 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, 67,803,156 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, шүүгдэгч Б.Б нар нь харилцан тохиролцож нийт 50,000,000 төгрөг төлөхөөр баталгаа гаргасан байна.
Иймд шүүгдэгчээс 50,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ст олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 15,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж харилцан тохиролцож баталгаа гаргасан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар өөрийн оршин суух нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: прокурорын хэлсэн ялын хэмжээг багасгаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 50,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ст олгосугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН