| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0168/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/238 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/238
2022 12 16 2022/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Эт холбогдох эрүүгийн 2219000000227 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У.Э /регистрийн дугаар: .../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч У.Э нь 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах 3 замын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Ц.Дгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгах явцад “ажилгүй болгоно, цагдаа нар ингэж ажиллаа” гэх үг хэллэгээр эсэргүүцэх, нүүрэн тус газар алгадах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 сарын 13-ны өдөр хадам ээжийн маань Алтан гадас одонгийн цайллага болоод ерөнхий зохион байгуулалтыг эхнэр бид хоёр хийсэн. Тэгээд оройдоо орж ирсэн. Оройдоо орж ирэх шалтгаан нь юу байсан бэ гэхээр найранд 100 гаруй хүн ирсэн. Нөгөө хүмүүс маань манайд очиж сууя, маргааш өглөө уул хийдээр явъя гэсэн. Эхнэр бид хоёр найраас үлдсэн хорхог гэх мэт үлдсэн зүйлээ машиндаа ачаад наашаа явсан. Би архи тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэрээр жолоогоо бариулсан. Эхнэр бариад явж байх явцдаа би хоёр аяга айраг уусан яах бол доо гээд хэлж байсан. Би өмнө нь 1, 2 аяга айраг уучхаад энд тэнд явж байхдаа үлээлгэж байсан болохоор гайгүй байхаа гэж хэлсэн. Тэгээд 3 замын уулзварт ирэхэд цагдаа зогсоосон. Бичиг баримтаа шалгуулж тандагч багажаар үлээлгэж, цагдаагийн газар руу авч явж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Зөрчилдөөн хаанаас эхэлсэн бэ гэхээр эхнэрийг авч явж саатуулахдаа миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явах гэсэн. Тэндээс бид нарын маргаан эхэлсэн. Би нэгдүгээрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгөхгүй гэсэн. Өгөхгүй байх шалгаан нь найранд ирсэн хүмүүс эхнэр бид хоёрыг гэрийн гадаа хүлээгээд байсан. Бид хоёрын машины ард ширээ засах зүйл байсан учраас би машинаа өгч явуулахгүй. Машин авч явахаар бол журмын хашаа руу очно. Өглөө эрт хөдөө явж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэж бодсон учраас би өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээ өгч явуулахгүй гэснээс болж маргаан үүссэн. Тээврийн хэрэгслийн бичиг баримтаа шалгуулж, дараа нь цагдаагийн газар руу явна гэхэд жолооч талын цонхоор Мандахбаатар бид хоёр түлхүүр булаацалдсан. Миний тээврийн хэрэгсэл, би ажилтай, та нар зөрчил гаргасан манай эхнэрийг авч явж шалгаж болно, миний тээврийн хэрэгслийг авч явах шаардлагагүй гэх агуулгатай зүйл ярьж маргалдсан. Түлхүүр булаацалдаж байх явцад Д миний түлхүүр булаацалдаж байсан гарыг ард өчсөн, би энэ явцад гараа сагалж авсан. Тэнд цохисон, зодсон асуудал үүсээгүй. Д цохисон гэх боловч Мандахбаатар би цохиж байгаа үйлдлийг нь харсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн, манай эхнэр миний хажууд байсан манай нөхрийн гарыг ард нь өчсөн гэж мэдүүлсэн. Миний гарт зовуурь илэрсэн учраас би гараа сугалж авсан. Та нар надад ингэж хүч хэрэглэж болохгүй, миний тээврийн хэрэгслийг авч явах шаардлага байхгүй, та нарын гаргаж байгаа үйлдлийн талаар бичлэг хийе, аль аль талаасаа нотлох баримттай байя гэж утсаа гаргаж ирээд бичлэг хийх явцад та бичлэг хийж болохгүй гэж миний гар утсыг авахаар над руу дайрсан. Ингээд бид нар машинаас тодорхой зайд холдож очсон. Миний гар утас гараад алдагдсан. Энэ үед би Дг та нар ингэж болохгүй, цаашаа бай гээд зүүн гараараа, зүүн мөр рүү нь түлхсэн. Мэдээж би эсэргүүцсэн бол өөдөөс нь дайрч давшилна. Тэгэхэд намайг туугаад би ухраад явж байгаа 20-30 минут тэнд өрнөсөн. Тэгэхэд 3 секундийн бичлэг буюу зөвхөн намайг буруутай болгох гэж харагдуулсан бичлэгийг тасалж авсан байсан. Энэ талаар өмнөх шүүх хуралдааныг даргалж байсан шүүгч шүүгчийн захирамждаа тодорхой бичсэн. Тухайн үйл явдал болж байгаа бичлэг нь бүдэг, түлхэж байгаа, эсвэл алгадаж байгаа, яах эсэх нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй бичлэг байна. Тэр өдрийн 20, 30 минут болсон бичлэгийг бүрэн эхээр нь нотлох баримтаар ирүүлэх талаар заасан. Яллах дүгнэлтэд бичлэгийг нотлох баримт гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр 20-30 минутын үйл явдал тэнд өрнөсөн. Гэтэл миний гар утсыг булааж авах гэхээр нь цаашаа бай гээд түр зогсоод түлхэн бичлэгийг чи алгадсан цохисон гээд байгаа. Хоёрдугаарт Д бид хоёр маргааш нь Шүүхийн шинжилгээний газарт очиход миний биед хэд хэдэн газар хөхөрсөн, няцарсан байсан. Дгийн биед ямар нэгэн шарх сорви байхгүй байсан гэсэн мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл( хавтаст хэргийн 10 дугаар тал),
Хохирогч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 40 минутын уед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байх, 3 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад, 30-66 ДГО улсын дугаартай, цагаан өнгийн “сгоwn” маркийн тээврийн хэрэгслийг дохин зогсоон тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалган, мөн тандагч багаж руу жолоочийг үлээлгэн шалгахад, тандагч багаж улаан гарч тухайн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир цуг үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Мандахбаатарт тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Золзаяаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэгдэж, Дорноговь аймгийн цагдаагийн газар руу авч явахаар ахлагч Мандахбаатар нь тээврийн хэрэгслийг саатуулах үед, Золзаяагийн нөхөр болох Э нь Мандахбаатартай тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг булаацалдаад байхаар нь ахлагч Мандахбаатар бид хоёр шаардлага биелүүлчих гэж хэлээд би Э гэх хүнд хандан та тээврийн хэрэгслийнхээ ард суучих гэж хэлэхэд намайг эргэж харан Э нь баруун гараараа нүүрэн хэсгийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадаж, хэл амаар доромжилж /намайг ажилгүй болгоно/ гэх мэт үгээр хэлэн, харааж, гар утсаар “и\/е” хийж байна гэж олон түмэн сонс би бичлэг хийж байна, цагдаа нар ингэж ажилладаг болсон байна гэхээр нь би Дорноговь аймаг дахь “шанд-10"-т мэдэгдэж нэмэлт хүч дуудаж, Дорноговь аймгийн Цагдаагийн газарт аваачихаар болсон... Би гомдолтой байна. Албан үүргээ гүйцэтгэж байхад, хүндрэл учруулж, хэл амаар доромжилж намайг хараасан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13 дугаар тал),
Гэрч У.Мандахбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Намайг 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орой 24 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 3 замын уулзвар дээр олон нийтийн цагдаа Дгийн хамт үүрэг гүйцэт байх хугацаанд, Д нь 30-66 ДГО улсын дугаартай, цагаан өнгийн “сгоwn” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг нь тандагч багажаар үлээлгэж шалгахад, улаан шалгах гэрэл ассан учир жолоочийн согтолтын зэргийг драгер үлээлгэж шалгах шаардлагатай болж, жолооч болох Золзаяад ямар зөрчил гаргасан талаар тайлбарлан, би тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Цагдаагийн газар руу явах гэж тээврийн хэрэгсэлд суух үед жолооч Золзаяагийн нөхөр болох Э нь тээврийн хэрэгслийн түлхүүрийг жолооч талын цонхоор булаацалдсан. Тухайн үед олон нийтийн цагдаа Д нь Эын араас татан та тавьсан шаардлага биелүүлээд тээврийн хэрэгслийнхээ ард талын суудалд суучих гэж хэлэхэд, Э нь Дг эргэж хараад цохих чимээ гарахаар нь би тээврийн хэрэгслээс буун та яаж байна, албан хаагчийн биед халдаж болохгүй шүү дээ гэж хэлэхэд, гар утсаа гарган цагдаа нар ингэж ажиллахгүй гэж ярин “Livе” хийж байх шиг байсан. Мөн хэл амаар доромжлохоор нь “шанд-10” руу богино долгион станцаар нэмэлт хүч дуудаж, Эыг эхнэр Золзаяагийн хамт Дорноговь аймгийн цагдаагийн газар руу авч явсан..." гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 15 дугаар тал),
Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр миний ээж алтан гадасны цайлганаас оройны 23 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн хойно байх 3 замын постон дээр сгоwn маркийн 30-66 ДГО улсын дугаартай цагаан өнгийн машиныг жолоодож явах үед цагдаагийн алба хаагч дохин зогсоож үлээлгэж, машиныхаа бичиг баримтаа гэхээр нь манай нөхөр Э бичиг баримтаа аван цагдаа Мандахбаатартай уулзсан. Цагдаа Мандахбаатар нь миний ярьж явсан тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар руу авч явна гэхээр нь манай хүн Э нь Мандахбаатар цагдаагаас машины бичиг баримт авах үед манай хүн очиж учир байдлаа хэлж гуйсан чинь Мандахбаатар тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард суухад нь тээврийн хэрэгслийнхээ жолооч талын цонхноос машиныхаа түлхүүрийг булаалцалдсан чинь цаана байсан цагдаа нь ирэн манай хүний хоёр гарыг мушгиад машинд налуулахад манай хүн гараа авсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),
Б.Золзаяагийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 39 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Эт прокуророос 3 замын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Ц.Дгийн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгах явцад “ажилгүй болгоно,цагдаа нар ингэж ажиллаа” гэх үг хэллэгээр эсэргүүцэх, нүүрэн тус газар нь алгадах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч У.Эын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийг илрүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг саатуулах явцад шүүгдэгч нь машины түлхүүрийг өгөхгүй байх байдлаар цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх явцад нь саад учруулсан. Үүнтэй холбоотойгоор үг хэлээр доромжлох, биед нь халдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар болон хяналтын камерын бичлэгээр давхар нотлогдон тогтоогдож байна. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон болох нь шүүх хуралдаан хойшлуулах явцад авагдан хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэжээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 замын постон дээр цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа 30-66 ДГО тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Золзаяаг зогсоон тандагч багажаар үлээлгэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул драйгер багаж үлээлгэхээр аймгийн Цагдаагийн газар луу авч явахдаа тухайн тээврийн хэрэгслийг авч явна гэснээс үүдэн У.Э өөрийн өмч болох тээврийн хэрэгслээ өгч явуулахгүй, зөрчил гаргасан хүнээ авч яв гэснээс олон нийтийн цагдаа Ц.Д, шүүгдэгч У.Э нарын хооронд маргаан үүссэн байна.
Гэрч У.Мандахбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э нь тээврийн хэрэгслийн түлхүүрийг цонхоор булаацалдсан, тухайн үед олон нийтийн цагдаа Д Эын араас татан та тавьсан шаардлага биелүүлээд тээврийн хэрэгслийнхээ ар талын суудалд суучих гэж хэлэхэд Э нь Дг эргэж хараад цохих чимээ гарахаар нь...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э нь ахлагч Мандахбаатартай тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг булаацалдаад байхаар нь шаардлага биелүүлчих гэж хэлээд би Э гэх хүнд хандан тээврийн хэрэгслийнхээ ард суучих гэж хэлэн намайг эргэж харахад Э нь баруун гараараа нүүрэн хэсгийн зүүн хацар хэсэгт 1 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэг гарсан газар болох 3 замын уулзварт байх хяналтын камерын 3 секундийн бичлэгээр тогтоогдоогүй, уг бичлэг дээрх үйлдэл гэрч, хохирогч нарын мэдүүлсэн “эргэж харахад нүүрэн хэсгийн зүүн хацарт 1 удаа алгадсан” гэсэн мэдүүлгээс зөрүүтэй ба уг бичлэгээр тээврийн хэрэгслээс зайдуу босоо байрлалд шүүгдэгч арагш ухарсан, эрх бүхий албан тушаалтан өөдөөс нь харсан байрлалд шүүгдэгч нь хохирогчийг түлхэж байгаа эсвэл алгадаж байгаа эсэх нь тодорхой бус байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд нотолж тогтоосонгүй гэж үзлээ.
Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заажээ.
Иймд шүүгдэгч У.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар У.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч У.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН