Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

 

 

   

                                

      2022         12           28                                         2023/ШЦТ/03

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох эрүүгийн 2219000000369 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.С /регистрийн дугаар. .../,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Зүүнбуянт ухаа гудамжны 204 тоотод хохирогч Г.Стай архи уулгасангүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заазуураар хоолойг нь зүсэж, түүний биед хүзүүний доод хэсэгт 7 см урттай шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч С.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед төрсөн дүү Сгийн дагавар охин Отгонцэцэгийн гэрт очсон. Бид гурвыг Отгонцэцэгийн гэрт очих үед Отгонцэцэг хүүхдийн хамт байсан. Тэгээд байж байтал манай дүү С.С нөгөө авч ирсэн архиа задалж ууна гээд байсан бөгөөд би уухгүй унтаж амраад босож ирээд ууя гэтэл С.С заавал одоо ууна гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдсан бөгөөд нэг мэдэхэд С.С миний хоолойг заазуураар зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

 

Гэрч С.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр... С.С өөрийн төрсөн ах Г.Стай архи хувааж ууна гэтэл Г.С одоо уухгүй унтаж амраад босож ирээд ууя гэтэл аав С.С үгүй ээ одоо ууна гээд маргалдаж хоорондоо зодолдож эхэлсэн. Тухайн үед манай ээж тэр хоёрыг бол гээд салгаж байсан бөгөөд би баруун орон дээр цааш харж хэвтэн хүүгээ хөхүүлчхээд эргээд хартал хойд аав гартаа заазуур барьчихсан зогсож байсан бөгөөд Г.С ахын амнаас нь цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

Гэрч Г.Сүх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний төрсөн дүү Г.С нэлээн согтуу хувцас хунар нь цус болчихсон орж ирсэн бөгөөд би Г.Саас та чинь яачих ваа гэтэл С намайг хамт архи ууж байгаад миний хоолойг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/007 дугаартай "... Г.Сы биед хүзүүний шарх” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Зүүнбуянт ухаа гудамжны 204 тоотод төрсөн ах Г.Стай архи уулгасангүй гэж маргалдан хоорондоо зодолдон  улмаар заазуураар хоолойг нь зүсэж, түүний биед хүзүүний доод хэсэгт 7 см урттай шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.С, гэрч С.Отгонцэцэг, Г.Сүх-Очир нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/007 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч С.Сгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Г.Сы  биед “хүзүүний шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сариунуулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/007 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Шүүгдэгч С.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй, хэргийн 5-6 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй гэсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Сд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймаг дахь прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч С.Сд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч С.Сгийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.С нь урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн санхүүгийн чадвар,эдийн засгийн байдал зэргийг харгалзан  оногдуулсан 600,000 төгрөгийн  торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

            Бусад асуудлаар:

  Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          4. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН