Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0241/Э |
Дугаар | 2022/ШЦТ/246 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/246
2022 12 20 2022/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Н.Д нарт холбогдох эрүүгийн 2219000000334 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Цагаан хад гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Н.Д /регистрийн дугаар: .../,
Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, боловсрол мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, Аман шанд гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б /регистрийн дугаар: .../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Д, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 12- ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс урд зүгт 5-6 км зайд байрлах Цахир гэх газарт Г.Атай өмнө маргалдаж байсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож, нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүнд шарх, толгойн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, дээд эрүүнд зулгаралт бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрүүнд нь 1 удаа өшиглөж, нуруун дээр нь 1 удаа дэвссэн, тухайн үеийн үйл явдлыг муухан санаж байгаа гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... А, Д хоёр маргалдаад зууралдаад орон дээр нь унасан би Чинбат, Б нартай хамт А ахыг гэрээс аваад гарах үед А ах Бгийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн тэгээд аваад гарсан араас нь Д гарч ирээд Бтай нийлээд Аыг зодсон гадаа харанхуй байсан дээрээс нь бага зэрэг архи уусан байсан болохоор хэн нь хэдэн удаа цохисон талаар бол сайн мэдэхгүй байна би салгах гээд Бг холдуулахаар Д зодоод Дыг холдуулахаар Б зодоод байсан. тэр хоёр нийлээд олон удаа цохисон зодсон тэнд байсан Чинбаттай нийлээд бид хоёр болиулсан...” гэх мэдүүлэг/хх-10-11/,
Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... удалгүй ширээн дээр байсан мөнгөн аягаар Дын толгой орой хэсэгт нэг удаа цохисон Д зөрүүлээд баруун гараараа нэг удаа Аын шанаа хэсэгт цохисон тэр хоёр маргалдаад зууралдаад орон дээр нь унасан би Мөнх-Оргил, Б нартай хамт А ахыг гэрээс аваад гарах үед А ах Бгийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн тэгээд аваад гарсан араас нь Д гарч ирээд Бтай нийлээд Аыг зодсон... миний харснаар бол Б Аын 2 удаа өшиглөсөн хаан нь хэдэн удаа цохисон талаар бол сайн мэдэхгүй байна би салгах гээд Бг холдуулахаар Д зодоод Дыг холдуулахаар Б зодоод байсан. Тэр хоёр нийлээд нийлээн олон удаа цохисон зодсон тэнд байсан Мөнх-Оргил хоёрыг болиулсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/0497 дугаартай “Г.Аын биед нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүнд шарх, толгойн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, дээд эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 77-78 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Д, Б.Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 12- ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс урд зүгт 5-6 км зайд байрлах Цахир гэх газарт нутаглах Батхуягийн гэрийн найранд очоод Н.Д, Б.Б нар нь хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Д нь Г.Атай өмнө маргалдаж байсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Н.Д, Б.Б нар нь Г.Аын нүүр лүү нь цохих,өшиглөх зэргээр зодож, нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүнд шарх, толгойн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, дээд эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Хэргийн дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би өмнө нь Д гэх залуутай маргалдаж байсан бөгөөд тухайн үед архи их уучихсан над руу агсраад дайраад нүүр лүү нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд намайг гэрээс чирч гаргаад Б, Д 2 намайг зодож байсан бөгөөд би нүүрээ дараад доошоо тонгойгоод хэвтчихсэн. Санаж байгаагаар Б нь миний гарыг сөхөж байгаад нүүр лүү өшиглөхөд эрүү язарсан, 2 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... А, Д хоёр маргалдаад зууралдаад орон дээр нь унасан би Чинбат, Б нартай хамт А ахыг гэрээс аваад гарах үед А ах Бгийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн тэгээд аваад гарсан араас нь Д гарч ирээд Бтай нийлээд Аыг зодсон гадаа харанхуй байсан дээрээс нь бага зэрэг архи уусан байсан болохоор хэн нь хэдэн удаа цохисон талаар бол сайн мэдэхгүй байна би салгах гээд Бг холдуулахаар Д зодоод Дыг холдуулахаар Б зодоод байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... удалгүй ширээн дээр байсан мөнгөн аягаар Дын толгой орой хэсэгт нэг удаа цохисон Д зөрүүлээд баруун гараараа нэг удаа Аын шанаа хэсэгт цохисон тэр хоёр маргалдаад зууралдаад орон дээр нь унасан би Мөнх-Оргил, Б нартай хамт А ахыг гэрээс аваад гарах үед А ах Бгийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн тэгээд аваад гарсан араас нь Д гарч ирээд Бтай нийлээд Аыг зодсон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/0497 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Д, Б.Б нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас Г.Аын биед “нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүнд шарх, толгойн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, дээд эрүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/0497 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон ба мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан нотлох баримтаар энэ бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Н.Д, Б.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Г.Аын эрүүл мэндэд хохирол учруулахаар халдаж зодсон байх тул прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Д, Б.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Г.Ааас шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч Н.Дын өмгөөлөгч Б.Намнансүрэн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас санал болгосон торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү,
шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Урангоо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Д, Б.Б нар нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” ялаас чөлөөлөх арга хэмжээ хэрэглэх талаар заажээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялаас чөлөөлөх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэж харин шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, хохирогчид хохирол төлбөрт 800,000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, талуудын ялын дүгнэлтийг тус тус харгалзан торгох ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож торгох ялаар солино” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Н.Д, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Б нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Д, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН