Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

 

      

 

 

 

   2022          12            20                                  2022/ШЦТ/245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

 Хохирогч Т.Б,

 Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Уртнасан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бэд холбогдох эрүүгийн 2219000000347 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Дорноговь аймгийн ..... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Б /.../;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших “Ганга” гэх  амралтын газарт хохирогч Т.Бг хувцаснаас татлаа гэх зүйлээр шалтаглан, зодож түүний биед “баруун хацар ясны хугарал, тархи доргилт, духны шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:      

Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ямар нэгэн санаа зорилго байгаагүй, мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлэг өгсөн. Би хагалгаанд ороод 2, 3 сар болж байгаа. Намайг хэвтэж байхад орон дээрээс татаж унагасан, тэгээд уурласан уурандаа гар хүрсэн. Ойчихдоо янз бүрийн юм мөргөсөн юм шиг байсан гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө бид нар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт байрлах Ганга нэртэй амралтын газарт хоёр гэр авч хоноцгоосон. Явахаасаа өмнө Нэмэхээ дарга руу ороод хэдүүлээ  жоохон бүжиглэе гэхэд яах юм бэ архи дууссан гэж байсан. Архиар яах юм зүгээр бүжиглэе гэхэд намайг цохиж унагаасан. Та юундаа уурлаад байгаа юм гэхэд намайг хүзүүн дээрээс тонгойлгож дарж байгаад би их том артай хүн чамайг алж чадна шүү гэж хэлсэн. Тэгээд нүүрээр газар чирээд шалбалсан. Толгой байнгын өвдөлттэй өвчин намдаах эм уудаг. Эмчилгээнд явъя гэхээр мөнгөгүй явж чадахгүй байгаа. Илүү дутуу юм яриад яах вэ гээд 5,000,000 төгрөг өгчихвөл хангалттай үзүүлмээр байна. Би явахдаа ганцаараа явахгүй, эхнэр, хүүхдээ дагуулж явна. Надад очих айл байхгүй учраас буудалд очно, наашаа цаашаа явах унааны зардал гэж бодож нэхэмжилсэн. Надад 2,000,000 төгрөг өгье гэж хэлж байсан. 3,000,000 төгрөг өгье гэж хэлж байгаагүй.Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Т.Б ажлын газрын хүмүүсийн хамт Сүхбаатар аймаг Дарьганга сум руу аяллаар явлаа гэж хэлээд явсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед гэртээ толгойгоо боочихсон хувцас хунар нь цус болчихсон орж ирсэн... юу болсон талаар тодруулахад манай ажлын газрын Б дарга намайг зодсон гэж хэлсэн... үзсэн эмч нь манай нөхрийн хүзүү болон шанааны яс хугарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15 дугаар тал),  

 

Гэрч Г.Баясахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "... манай ажлын газрын хүмүүс надад хандан жолооч Б ах Б дарга хоёр хоорондоо зодолдоод Төмөрөө дарга Бг аваад сумын эмнэлэг явсан юу болж байгаа талаар чи асуугаадхаач гэсэн тэгээд би Төмөрөө дарга руу залгаад юу болсон талаар асуутал Бгийн бие гайгүй 6- 7 оёдол тавиулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дугаар тал),  

 

Гэрч М.Маралмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... манайхан гараад ирээч гэж дуудсан бөгөөд бид нар бөөндөө гарч араас нь дагаж гараад зүүн гэрт ортол Б ах зуухны хойд талд дээш хараад цус нь гоожчихсон хэвтэж байсан... Б ах би Бг 2 удаа цохисон гэж хариулж байсан...” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

 

Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надтай гадаа таараад би зүүн гэрт Т.Бг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би гэрт ортол Б гэрийн зуухны хойд талд дээшээ хараад цусаа гоожуулчихсан хэвтэж байсан... сумын эмнэлэгт очоод эмч нар Бгийн толгой хэсэгт 5-6 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0526 дугаартай "... Т.Бгийн биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, духны шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт” бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 20-21 дугаар тал),

 

Хохирогч Т.Бгийн эрүүл мэндтэй холбоотой баримт ( хавтаст хэргийн 22-23, 26 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 55 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Ганга гэх  амралтын газарт хамт олноороо аялж явах үедээ хохирогч Т.Бг унтаж байхад хувцаснаас татлаа гэж маргалдан, зодож түүний биед “баруун хацар ясны хугарал, тархи доргилт, духны шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Явахаасаа өмнө Нэмэхээ дарга руу ороод хэдүүлээ  жоохон бүжиглэе гэхэд яах юм бэ архи дууссан гэж байсан. Архиар яах юм зүгээр бүжиглэе гэхэд намайг цохиж унагаасан. Та юундаа уурлаад байгаа юм гэхэд намайг хүзүүн дээрээс тонгойлгож дарж байгаад би их том артай хүн чамайг алж чадна шүү гэж хэлсэн. Тэгээд нүүрээр газар чирээд шалбалсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Т.Б ажлын газрын хүмүүсийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу аяллаар явсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед гэртээ толгойгоо боочихсон хувцас хунар нь цус болчихсон орж ирсэн... манай ажлын газрын Б дарга намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Баясахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... манай ажлын газрын хүмүүс надад хандан жолооч Б ах Б дарга хоёр хоорондоо зодолдоод Төмөрөө дарга Бг аваад сумын эмнэлэг явсан гэсэн  би Төмөрөө дарга руу залгаад юу болсон талаар асуутал Бгийн бие гайгүй 6-7 оёдол тавиулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Маралмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... зүүн гэрт ортол Б ах зуухны хойд талд дээш хараад цус нь гоожчихсон хэвтэж байсан... Б ах би Бг 2 удаа цохисон гэж хариулж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надтай гадаа таараад би зүүн гэрт Т.Бг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би гэрт ортол Б гэрийн зуухны хойд талд дээшээ хараад цусаа гоожуулчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0526 дугаартай "... Т.Бгийн биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, духны шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт” бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.Бгийн эрүүл мэндтэй холбоотой баримт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Бгийн нүүрэн тус газар цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0526 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт,гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч  Т.Б нь Улаанбаатар хот явж онош тодруулан эмчилгээ хийлгэх болон хотод очоод байрлах буудлын зардал болон бусад зардалд зарцуулах 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь эм тарианы зардалд 400,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгснийг хохирогч нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд тооцсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос “Идэр Өлзийт” эмнэлэгт хэвтсэн зардал 250000 төгрөг, ковидын болон оношны шинжилгээ хийлгэсэн 45000 төгрөг нийт 295000 төгрөгийн баримт  ирүүлснийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” болохыг хуульчилсан байна.

 

Хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан,цаашид эмчлүүлэх шаардлагатай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хаана,хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс Улаанбаатар хот “Мөнгөн гүүр” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд 650000 төгрөг, имра зураг авхуулахад 350000 төгрөг болохыг судалсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн  эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэв.

 Хохирогч Т.Б нь цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд хохирогч Т.Бд 1295000 төгрөг гаргуулан  олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Б хохирлыг төлсөн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын хэмжээг багасгаж өгнө гэсэн ялын саналыг тус тус гаргажээ. 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Бэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,100,00 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цалин хөлс,бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

       

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдав.

 

Хавтаст хэргийн 81-92 дугаар талд авагдсан баримтууд нь шүүгдэгчийг анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон ажил хөдөлмөртөө амжилт гаргаж байсан болохыг, 92-102 дугаар талд авагдсан эмнэлгийн бичиг баримтууд нь шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон зэргийг нотолсон нотлох баримтууд гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б нь цаашид эмчлүүлэх эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН