Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

 

 

                                    

      2022         12           19                                       2022/ШЦТ/243

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр,

         яллагдагч Ё.Э, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, М.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Эд холбогдох эрүүгийн 2219002330296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1949 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, эрэгтэй, 74 настай, дээд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Ё.Э /регистрийн дугаар: .../,

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ё.Э нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хан Баянзүрх хайрханы автомашины зогсоол дээр “Mitsubish" маркийн хар саарал өнгийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын уруу хөдөлж хохирогч Б.Нийг мөргөж, түүний эрүүл мэндэд доод уруулд шарх, сорви, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 05 сарын 15-ны өдөр буюу бүтэн сайн өдөр гэр бүлийнхнийхээ хамт энергийн төв орсон. Тэгээд миний хоёр хүү машины ард зогсоод, би хажууд нь хараад зогсож байсан. Гэнэт хар машин хүчтэй орж ирээд мөргүүлсэн. Тухайн үед 10 минут хавьцаа ухаан алдсан, босоод ирэхэд миний баруун хөл эргэсэн юм шиг мэдрэмж төрсөн. Би маш их шоконд орсон. Хүүхдүүд маань бэртээгүй болохоор би энэ хүнийг миний аав, ээжээс ялгаа юу байх билээ настай хүн гэж бодсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал, машины засварын мөнгийг өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 1 удаа ярьсан, түүнээс хойш холбогдоогүй. Би гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг. Тухайн өдөр гэр бүлээрээ наймуулаа явж байсан. Өвдөх хэцүү гэдгийг маш их мэдэрсэн. Миний шээс гарахгүй байсан учраас катетор тавиулж миний сарын тэмдэг ирэхгүй, бие байнгын зовуурьтай, унтаж чадахгүй, анелгин демдрол байнга хийлгэдэг байсан. Хугарал байхгүй хэр нь зөөлөн эд нь маш их өвддөг. Би зүгээр ажлаа хийгээд явж байсан болохоор надад үнэхээр их хэцүү байсан. Суга таяганд орсон. Дорноговь аймгийн байцаагчид маш их гомдолтой байдаг. Би энэ хэргийг хурдан шийдвэрлэх боломжтой болов уу гээд залгахаар хохирогч болгон ингэж залгадаггүй, тэр хүн чинь түрүү булчирхайн эмнэлэгтэй гэж байсан, тэр эмнэлэгт нь очоод хэвтээч гэж хэлэхээр нь би дахиж байцаагч руу залгаагүй. 08 сарын сүүлээр өмгөөлөгч авсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. 2016, 2019 онд өөрөөрөө төрсөн. Миний бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч би осолд орсноос хойш унах унаагүй болсон, миний бизнес зогссон. Надад үнэхээр хэцүү байсан, одоо хүртэл зовуурьтай байгаа. Миний 3 настай хүүхэд гараа тавихад хөндүүр байдаг. Байцаагч намайг чи чинь гайгүй байгаа юм биш үү гэж гар утасны цаанаас хэлж байсан. Хэрвээ өнөөдөр би энэ өвөөг дайрсан бол өөр хүмүүс над руу өдөр шөнөгүй залгаж над руу дайрах байсан байх, настай хүн болохоор нь өрөвдөж залгаж, янз бүрийн зүйл нэхэж байгаагүй. Надад өгсөн мөнгө нь 6,000,000 төгрөг хүрээгүй байх, үүнийг нягталж хараарай гэж өмгөөлөгч нартаа хэлмээр байна. Би суга таягтай явахгүй байгаа, гадаа хүйтэн болохоор халтирч ойчих гээд хэцүү байдаг. Шүүх хуралдаанд ирэх ёстой болохоор тэсээд ирсэн. Нийт 13,642,000 төгрөгийн зардал байгаа гэсэн мэдүүлэг,

 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн  6-12 дугаар тал)

 

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл ( хавтаст хэргийн  12-13 дугаар тал)

 

Гэрч С.Болормаагийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн энергийн төв орох гэж нөхөр Батсүх, хүргэн Мөнхтайван, охин Н, охин Бэрцэцэг, охин Буянхүслэн, зээ Тэргэл, зээ Мөнх-Мандуул нарын хамт гарч, Дорноговь аймагт 2022 оны 05 дугаар сарын 15-ний үүрийн 02 цагт ирэн, хамрын хийд хийд рүү очъё гэж хэлэн Сайншанд суманд зогсохгүй шууд энергийн төв рүү явсан. Энергийн төв орчхоод 12 цагийн үед хүслийн ууланд дээр очсон. Уулан дээр гаран буцаж буун машиндаа суун, би машиныхаа багаажийг хаах гээд машины хойд талд зогсож байхад, хүмүүс орилоод эхлэхээр нь би хойш харахад, хар өнгийн машин арагш зогсоол дээрээс хойд талаараа арагш доош гэдрэг дүү харагдаж байсан /өгсүүр газарт машин зогсож байгаа юм шиг харагдсан/. Тухайн машины ард нэг эрэгтэй хүн машины ард талд зогсож байсан /эрэгтэй хүн багаажныхаа хаалгыг хагас онгойлгон буцааж хаах шиг болсон/. Тэгээд тэр эрэгтэй машиныхаа ард талд байснаа ертөнцийн зүгээр машиныхаа баруун талд гаран урд талын хаалга хэсгээс татах оролдлого хийн газарт баруун гар талаараа унаж байгаа нь харагдаж, тухайн машин доош уруудан хурдтай явахаар нь би, өөрийнхөө машины хойд талаар гарах гэтэл миний 7 настай охин миний хажууд зогсож байхаар нь би, цааш түлхэн, өөрөө газарт ойчсон. Тэгээд эргэж хартал манай Lехus RХ-450” маркийн ... УАК улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын купер хэсгээр мөргөж том охин болох Нийг мөргөсөн байсан. Миний хоёр хөл Нийн хөлөн дор дарагдсан байсан. Н нь жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы дотор талыг толгой хэсгээрэй налчихсан, бөгсөн биеэрээ газарт суусан байсан. Би харан хүүхдийг минь алчихлаа гэж бахиран охиноо тэвэрсэн. Охины амнаас цус гаран энгэр хэсгээр нь цус болсон байсан. Тэгсэн хар саарал өнгийн машиныг хүмүүс ирэн холдуулсан байсан. Тухайн үед миний ухаан балардсан байсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн  38 дугаар тал)

 

Гэрч Л.Отгонмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  "... хүслийн уулан дээр ирэн авто зогсоол дээр нь жолооч Э машинаа зогсоолын баруун талын хэсгийн урд талд ертөнцийн зүгээр хойш харуулж тавьсан. Бид нар машинаас буусан. Би машин яагаад арагш ард хэсгээрээ доош ухарсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  40 дүгээр тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ийн ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон үнэлгээ ( хавтаст хэргийн  50-51 дүгээр тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 689 дугаартай “Б.Нийн биед доод уруулд шарх, сорви, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн  94-95 дугаар тал)

 

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улсын 90-90 УББ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ё.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө... гэснийг зөрчсөн гэх магадалгаа ( хавтаст хэргийн  107-108 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  133 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр Ё.Э нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хан Баянзүрх хайрхны автомашины зогсоол дээр “Mitsubish" маркийн хар саарал өнгийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож байрлуулахдаа тээврийн хэрэгсэл замын уруу хөдөлж хохирогч Б.Нийг мөргөж, түүний эрүүл мэндэд доод уруулд шарх, сорви, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

        Шүүгдэгч Ё.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь  .... хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн магадалгаагаар тогтоогдож байна.

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 689 дугаартай “Б.Нийн биед доод уруулд шарх, сорви, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,мөрдөгчийн магадалгаа, гэрэл зургийн /хэргийн 8-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар  Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ё.Э нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл,эс үйлдэхүйн улмаас  өөрийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Нийг шүүгдэгчийн  зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгсэл нь өнхөрч мөргөсөн нь  хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй,мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй,гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.           

 

Жолооч тээврийн хэрэгслийг орхиж явахдаа өнхрөхөөс сэргийлж зогсоолын тоормос болон хүнд араанд залгаж асаалтын түлхүүрийг салгах,хаалга,цонхоо хааж, жолооны хүрдийг цоожлон, дохиололтой бол дохиоллоо идэвхжүүлж жолоочоос бусад хүн ашиглах боломжгүй болгох арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд  шүүгдэгч Ё.Э нь энэ үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ё.Эд  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ё.Э нь хохирогчид 6,000,000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос 13642000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарснаас НӨТ-ийн 13 баримттаар нэхэмжилсэн 991860 төгрөгөөс  

Happy Улиастай эмийн сан ,Улаанбаатар Импекс ЭС салбар эм тариа,Монос Улаанбаатар ХХК эм тариа ,өвчин намдаах эм, Улаанбаатар Сонгдо эмнэлэг имра хийлгэсэн төлбөр нийт 613431 төгрөгийг

 

Дансны хуулгаар ирүүлсэн баримтаас:

2022.9.2 – эм – 50000 төгрөг

2022-9-2 –бүтэн бие толгой бариа -100000 төгрөг

2022.9.4 –бүтэн бие толгой бариа –100000 төгрөг

2022.8.30 – хөл толгой бариа -40000 төгрөг

2022.8.29 – хөл толгой бариа -40000 төгрөг

2022.8.30 –толгой Омега -40000 төгрөг

2022.8.2- тариа/нян вирусын эсрэг бэлдмэл/ -142500 төгрөг

2022.7.25- толгой,хөл бариа –80000 төгрөг

2022.7.19- алоэ -205000 төгрөг

2022.9.14- толгой,хөл бариа- 50000 төгрөг

2022.9.15 – эм тариа -137000 төгрөг

2022.9.15 –эм тариа -46400 төгрөг

2022.9.12- толгой,хөл нуруу бариа- 50000 төгрөг

2022.9.13- толгой,хөл нуруу бариа -50000 төгрөг

2022.9.10- толгой,хөл нуруу бариа -50000 төгрөг

2022.10.29 – хөл бариа -86000 төгрөг

2022.7.1 – хавангийн эм – 40000 төгрөг

2022.7.2 – хаван буулгах эм -60000 төгрөг

2022.8.18 –эм,тариа – 150000 төгрөг

2022.8.18 – тариа дусал -300000 төгрөг

2022.5.30 –эм -  200000 төгрөг

2022.5.29 – суга таяг- 40000 төгрөг

2022.12.2- өрөөний төлбөр /эмнэлэг/- 120000 төгрөг нийт 2176900 төгрөг бүгд 2790331 төгрөг гаргуулан олгож, 4851669 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь өөрт учирсан гэмтлийн улмаас 205000 төгрөгийн /алэо/ бүтээгдэхүүн авч хэрэглэснийг болон дансны хуулгаар шилжүүлсэн эм тарианы төлбөр болон хөл,толгой бариулсан төлбөрийг тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй гэж үзлээ.

 

Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан,гэмтлийн улмаас битүү гэмтэл авч гуяны хэсгээр хөхрөлт,цус хуралт үүссэнээс өөрийн биеийн дархлааг дэмжих зорилгоор хэрэглэсэн /алэо/ бүтээгдэхүүн болон гэмтлийн улмаас хөлөнд бариа хийлгэх шаардлага үүсч бүтэн биеийн бариа хийлгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1 дэх заалтад “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заажээ.

 

Өмгөөлөгчтэй харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа авахаар гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзлээ. Иймд өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх  6,000,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

4851669 төгрөгийн  нэхэмжлэлийн  тоооцоо гаргах бололцоогүй,баримт дутуу тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ё.Э нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас 500000 төгрөгөөр торгох саналыг, хохирогчийн өмгөөлөгч нараас 5,000,000 төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг хязгаарлах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус гаргаж оролцсон болно.

          Шүүгдэгч Ё.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, түүний хувийн байдал/өндөр настай/ зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Ё.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч  Ё.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох  ял  шийтгэсүгэй.

         3.Шүүгдэгч Ё.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эөөс хохирогч Б.Нт 2,790,331 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4851669 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Ё.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН