Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0353/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрмаа  ,

Шүүгдэгч Б.Даваасамбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .... овогт Бааяа гийн Даваасамбуу д холбогдох эрүүгийн 2218000000399 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Адууч овогт Бааяагийн Даваасамбуу /РД: ОЮ54031516 / 1954 оны 03 дугаар сарын 15 -ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, тэтгэвэрт , ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, үйлдвэрийн 10-70 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Даваасамбуу  г 2022 оны 09 дүгээр сарын 10 -ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр аюулгүйн тойргоос авто вокзал явах төв зам дээр 41-19 ДАР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Эрдэнэбат ыг мөргөж амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Даваасамбуу гийн: 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай дүү Улаанбаатар хотоос 15:30 минутын автобусанд суугаад орой 20:30 минутад Дарханд ирсэн. Дүүгээ тосох гээд 20:10 минутын үед гэрээсээ гарч Дашваанжил ШТС-ийн тэнд 4 урсгалтай замаар 40-45 км цагийн хурдтай явж байсан юм. Замын хашлагын үзүүрээс зогсох боломж олгохгүйгээр хүн гарч ирээд мөргүүлсөн. Би цагдаа дуудсан, хамт явж байсан манай эхнэр 103 дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд дараа нь цагдаа ирсэн гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрмаа  гийн: Осол болсноос хойш 2 хоногийн дараа цагдаагаас ярихад мэдсэн. Ах, дүү, хамаатан саднаараа ярилцаад одоохондоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн: Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багт байрлах аюулгүйн тойргоос ертөнцийн зүгээр урагш чиглэлд явсан асфальтан зам дээр болсон байв. Уг замын зорчих хэсгийн баруун талд 41-19 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харж зогсож байв. Уг машины 4 дугуй бүрэн бүтэн, урд салхины шил хагарсан, копут баруун урд хэсэгт хонхойсон байв. ...Машины урд 7 метр зайд эрэгтэй хүний цогцос доош харсан байдалтай байв... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг /хх-ийн 4-16/

2022 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн: Замын ангилал ердийн хороололын, замын хучилт асфальт, зорчих хэсгийн гадаргуу хуурай, замын онцлог шулуун, зорчих хэсгийн өргөн асфальт 6,60 метр, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, цаг агаар бусад, замын харъяалал суурингийн дотор, 4 эгнээтэй, 2 зорчих хэсэгтэй зам, хөдөлгөөний чиглэл эсрэг /сөрөг/ хөдөлгөөнтэй, замын байгууламж хашлагатай, хайстай гэх зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад Б.Даваасамбуу нь 0,00 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 18/

2022 оны 09 дүгээр сарын 15 -ны өдрийн: Б.Даваасамбуу гаас гаргаж өгсөн № 233055 дугаартай Бааяа овогтой Даваасамбуу гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19/

2022 оны 09 дүгээр сарын 15 -ны өдрийн: Ц.Цэрмаа  гаас гаргаж өгсөн 31 хуудас хохирлын баримт,  О.Эрдэнэбат  ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, халамжийн дэвтрийн хуулбар зэргийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 29-65, 68-74/

Гэрч Б.Батзаяа гийн: ...Автобуснаас буугаад ах руу залгахад би чам руу явж байхад миний жолоодож явсан машины урдуур нэг согтуу хүн гэнэт гүйж гарч ирээд орчихлоо гэсэн. Тэгэхээр нь би ахаас мөргүүлсэн хүн зүгээр үү гэхэд мэдэхгүй гээд утсаа салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 76/

Гэрч Ж.Цэцэгмаа гийн: 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхрийн дүү Улаанбаатар хотоос Дархан руу 15 цаг 30 минутын автобусаар гарсан юм. Ингээд 20 цаг 30 минутад ирнэ гэж байсан боловч автобус нь ирэх ёстой цагаасаа хэдэн минутын өмнө ирээд манай нөхөр дүүгээ тосно гээд надтай хамт өөрийн эзэмшлийн 41-19 ДАР улсын дугаартай цагаан өнгийн машинтай 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Ингээд манай нөхөр машинаа жолоодоод шинэ авто вокзал руу тойрог уруудаад явж байхад замын баруун гар талаас нэг эрэгтэй хүн гарч ирээд машины урдуур ороод дайрагдаад толгой хэсгээрээ машины урд талын салхины шил мөргөсөн. Машин зогсоход машины урд талын хамарнаас буугаад хэсэг алхаад уначихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 78/

Гэрч О.Оюунцэцэг ийн: Манай дүү бага байхдаа буюу 3 настай байхдаа унадаг дугуй унаж байгаад дугуйнаасаа унаад татаад тэрнээс хойш хэлгүй, дүлий болчихсон хөгжлийн бэрхшээлтэй юм. Тийм болохоор бусад хүмүүстэй харилцахдаа муу байдаг. Манай дүү сонсголгүй, дүлий учир сургуульд суралцаагүй, аав, ээж 2-той хамт өссөн. Сүүлд ээжтэй хамт Малчин баг 3-н шар Дэнж гэх газар амьдарч байсан. Дарханд байдаг манай төрсөн эгч .... надад хэлэхдээ талийгаачийг хааяа Дархан сумын төв рүү очоод архи уучихаад байна, ганцаарддаг юм болов уу гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 82/

Шинжээч С.Саруулболд ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн: Б.Даваасамбуу нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч О.Эрдэнэбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.” Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын 2 талыг сайн анзаараагүй, хохирогч зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийг анзаараагүй, гарцгүй газраар гарсан, жолоочийн хувьд 12.2, 12.3 заалтыг, явган зорчигчийн хувьд 5.6 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэх дүгнэлт /хх-ийн 93/

Шинжээч Ш.Бямбажав ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн:

Тоёота Приус 20 маркийн 41-19 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны эд ангиуд нь MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.

Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-н 98-100/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28 -ны өдрийн 108 дугаартай "талийгаачийн биед тогтоогдсон гэмтэл нь зам тээврийн ослын үед машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархай, дагз 2 тал бөмбөлгийн завсар бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Амь хохирогчийн биед учирсан зүүн хөлийн шилбэний дээд 1/3-р, доод эрүүний хугарал, зүүн өвдөгний тойгны холбоосны тасрал, баруун тохойн үений мултрал, дээд уруул хамарт шарх, шүднүүдийн мултрал, дух, зүүн хацар, хэвлийн зүүн өмнө, умдаг орчим, зүүн өвдөг, баруун өвдөг, баруун хөлийн шилбэнд зулгаралтын гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед шинээр үүссэн болно. Талийгаач нь гавал тархины гэмтлээр тархинд цус харваж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх ямар нэгэн архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг В байна. Талийгаачийн цусанд 0,6 промилли спирт илэрсэн бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байжээ.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-121/

2022 оны 10 дугаар сарын 17 -ны өдрийн: Бан хас ХХК-ийн Тоёота приус/20 41-19 ДАР сувдан цагаан өнгөтэй авто машинд 1,110,000 төгрөгийн хохирол учирсан гэх авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 128-130/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Даваасамбуу нь 2022 оны 09 дүгээр сарын 10 -ны орой 20:00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр аюулгүйн тойргоос авто вокзал явах төв зам дээр 41-19 ДАР улсын дугаартай Тоёота приус/20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Эрдэнэбат ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Даваасамбуу г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насанд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 8,273,550 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Даваасамбуу нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр аюулгүйн тойргоос авто вокзал явах төв зам дээр 41-19 ДАР улсын дугаартай Тоёота приус/20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчин явган зорчигч О.Эрдэнэбат ыг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас О.Эрдэнэбат ын эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархай, дагз 2 тал бөмбөлгийн завсар бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хөлийн шилбэний дээд 1/3-р, доод эрүүний хугарал, зүүн өвдөгний тойгны холбоосны тасрал, баруун тохойн үений мултрал, дээд уруул хамарт шарх, шүднүүдийн мултрал, дух, зүүн хацар, хэвлийн зүүн өмнө, умдаг орчим, зүүн өвдөг, баруун өвдөг, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирч улмаар гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Даваасамбуу гийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн, ослын улмаас 1 хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл нь талийгаачийг үхэл хүргэсэн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Даваасамбуу г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач О.Эрдэнэбат ын амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч нь оршуулгын зардалд 8,273,550 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрмаа нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрмаа гийн  ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, Капитрон банкны төлбөрийн баримтууд, ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, 1954 онд төрсөн 68 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ... нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, 68 настай гэх хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан тул шүүгдэгч Б.Даваасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, эд мөрийн баримтаар хураагдсан № 233055 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адууч овогт Бааяагийн Даваасамбуу г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбуу г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбуу г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Даваасамбуу нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасамбуу д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Даваасамбуу д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР