Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01090

 
 

П.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02580 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2085 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: П.Ганболд

Хариуцагч: Ц.Баттөр

 

нэхэмжлэл: 6,715,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Баттөрийн хяналтын журмаар 2020.01.13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2017.12.02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 80-97 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байх үед Ц.Баттөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, унаж явсан 44-90 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн шийтгэврээр тогтоогдсон. Дээрх ослын улмаас миний 2 шүд суларч, дээд үүдэн шүд, хамрын яс хугарч, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд Ц.Баттөр 938,740 төгрөг, Тэнгэр даатгал ХХК-иас 2,970,000 төгрөг, нийт 3,908,740 төгрөг төлж барагдуулсан. Иймд эрүүл мэндэд учирсан хохиролд 2,113,500 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,101,650 төгрөг, нийт 3,215,150 төгрөг, Ц.Баттөрөөс гаргуулж өгнө үү. Шинээр шүд хийлгэхэд 2,500,000 төгрөг, яс нөхөх 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгний эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.Бүгд 6,715,150 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлээс 300,000 төгрөгийн шүдний эмчилгээний зардлыг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн автомашин ачуулсан зардалд 2017.12.05-ны өдөр 2 удаа, 2017.12.18-ны өдөр 1 удаа мөнгө төлсөн нь нотлогдохгүй байна. Мөн шатахууны зардалд 430,680 төгрөг нэхэмжилсэн нь хэзээ, хаана ямар хохиролд зарцуулсан болох нь тодорхойгүй, 2017.12 сарын 05, 11, 30-ны өдөр, 2018.01.10-ны өдөр, 2017.12.30-ны өдөр тус бүр 2 удаа шатахуун авсан гэдэг нь тодорхойгүй. Нийт үнийн дүнг тооцож үзэхэд давхардсан зөрүүтэй байна. Түүнчлэн,шатахууны зардал нь зам тээврийн осолтой холбоотой гэж үзэхээргүй байгаа. Эрүүл мэндийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. П.Ганболд нь хэрэг болсны дараа эрүүл саруул байсан ба өмнөх болон сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. КТГ-ийн зурагт хамрын таславч мурийсан, хуучин гэж оношлосон бөгөөд урьд өмнө нь хамартаа гэмтэл авсныг баталж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 184/ШШ2019/02580 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Баттөрөөс 5,030,000 төгрөгийг гаргуулан П.Ганболдод олгох, нэхэмжлэлээс 1,685,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 137,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,430 төгрөгийг гаргуулан П.Ганболдод олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2085 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа төлсөн 88,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч Ц.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж... гэж буруу дүгнэлт хийсэн. ИХШХШТХ-н 40.3-д шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг хоёр шатны шүүх хэрэглээгүй. ШШҮХ-ийн эргэлзээтэй дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхэд хамаарах асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх үед нотлох баримтыг үнэлэх асуудалтай хольж хутгасан байна. Түүнчлэн ингэж дүгнэсэн нь анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1-д зааснаар хүсэлт шийдвэрлэх үедээ хөдөлбөргүй үнэн гэдгийг урьдчилан тогтоосон нь зөв мэтээр дүгнэлт гаргасан байгаа нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.3-д заасныг хэрэглээгүйг өөрсдийн гаргасан магадлал дахь дүгнэлтээрээ баталсан байна. Гэтэл: 2017.12.02-ны өдрийн Мед трамва эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд: П.Ганболдын хамрын таславч мурийлт хуучин гэмтэл гэж оношлогдсон, чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт П.Ганболд хамрын таславч хуучин гэмтэл мурийлтыг тэгшлэх мэс засалд орсон гэж оношилж, мэс засалд орсон, мөн П.Ганболд нь 2018.01.10-ны өдөр 16 цагт ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхдээ 2005 онд хамарт гэмтэл авсан, 2009 онд хамартаа цохиулсан. Гэмтэл авснаас хойш хамар битүүрэх болсон, 2017.12.02-нд осолд орсон, 2017.12.05-нд тус ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт ирж үзүүлээд, мэс ажилбарт орохоор болсон гэж өвчний түүхээ өөрөө мэдүүлсэн байдаг. 2017.12.05-ны өдөр буюу гэмтэл авснаас 3 хоногийн дараа ирж үзүүлэхэд гэмтлийг хуучин гэж оношилсон байна. Эдгээр нотлох баримтуудыг ЭМЖЖ эмнэлгээс ирүүлсээр байхад үнэлэхгүйгээр эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэсэн байна. Мед травма эмнэлгийн КТГ-ийн оношилгоо, нэхэмжлэгч мэс засал хийсэн ЭМЖЖ эмнэлгийн оношилгоонууд хоорондоо зөрүүгүй, хамарт учирсан гэмтлийг хуучин гэж оношилсон байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг шинжлэх ухааны тусгай мэдлэг гэж үнэлээгүй, дээрхи гэмтлийг хариуцагч учруулсан гэж буруу дүгнэн ЭМЖЖ эмнэлэгт хэвтсэн зардал 80,000 төгрөг, хамрын хуучин мурийлтыг тэгшлэх мэс заслын зардал 1,209,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлгийн эмийн санд төлсөн зардал 8.000 төгрөг, нийт 1,297,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40.1, 40,2, 40,3 дахь хэсгүүдийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь хамартаа авсан хуучин гэмтлээ Ц.Баттөр учруулсан гэж нэхэмжилж байгаа шигээ мөн шүдэндээ гэмтэл авсан мэтээр эргэлзээтэй дүгнэлт гаргуулсан гэж үзэж байна. Гэтэл шинжээчийн дүтнэлтүүдэд нэхэмжлэгчийн авахуулсан шүдний зургийг огт уншаагүй бөгөөд шинэ хуучныг нь огт тогтоолгүйгээр хариуцагч намайг учруулсан гэж үзэж байгааг огт ойлгохгүй байгаа болно. Тусгай мэдлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын тавьсан оношоос ШШҮХ-ийн дүгнэлт зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй тул эргэлзээнд цэг тавихын тулд Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо мэргэжлийн салбар зөвлөлөөр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсанд дээрхи эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтүүдииг эргэлзээгүй гэж урьдчилан үнэлээд татгалзаад Ц.Баттөр миний хууль ёсны ашиг сонирхлыг илтээр зөрчиж, хохироож байгаад туйлын гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Ганболд 2018.07.24-ний өдөр Ц.Баттөрд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 6,715,150 төгрөг шаардахдаа ...хариуцагчийн 2017.12.02-ны өдөр гаргасан зам тээврийн ослын улмаас хохирол учирсан...нийт 3,908,740 төгрөг төлөгдсөн...одоо эрүүл мэндэд учирсан хохиролд 2,113,500 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,101,650 төгрөг, шинээр шүд хийлгэхэд 2,500,000 төгрөг, яс нөхөх 1,000,000 төгрөг шаардагдаж байна... гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас ...тээврийн хэрэгслийг ачуулахад гарсан зардал 80,000 төгрөг, хоёр шүдний сувгийн эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 300,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөрт 8,000 төгрөг, лабораторийн шинжилгээ хийлгэхэд гаргасан 22,000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ авсны хөлсөд төлсөн 120,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 80,000 төгрөг, мэс заслын зардалд 1,209,000 төгрөг, ЭМЖЖ ХХК-ийн эмийн сангаас эм авсан төлбөрт 8,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ хийлгэх төлсөн 178,000 төгрөг, шүд сэргээхэд гарах зардал 3,025,000 төгрөг... нийт 5,030,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг ачуулахад, шүдний сувгийн эмчилгээ хийлгэхэд, шүүх эмнэлэгт үзүүлэхдээ, шинжилгээ хийлгэхдээ шүүхийн шийдвэрт заасан хэмжээний зардал гаргасан нь, мөн тээврийн хэрэгсэлдээ хохирлын үнэлгээ хийлгэсэн нь тогтоогдсон байх бөгөөд шүд сэргээхэд гарах зардлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

2. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл, П.Ганболдын биед гэмтэл учирсан буюу хамрын ясны зүүн хажуу хананы дунд хэсэгт сэлтэрсэн шинэ хугарал, таславчийн мурийлт, 11, 21 дүгээр шүд сулрал үүссэн, 22 дугаар шүдний хугарал бий болсон, эдгээр гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

 

Шүүх тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлтийг бусад баримтуудтай харьцуулан үнэлсэн байна. Шүүхийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-н зохицуулалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

 

3. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-42 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан үндэслэлээ тодорхой заасан, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02580 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2085 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 98,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД