| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0111/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 34
Г.Манлайд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолтой,*******д холбогдох эрүүгийн 1936000000132 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 17 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах шийтгэл оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ганболдын Манлай нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* ******* хашаанд байрлах иргэн *******ын агуулахын дээврээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд *******ын 37 кг ноолуур хулгайлж 3284000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ” Өсвөр насны шүүгдэгч ******* овогт Ганболдын Манлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт Ганболдын Манлайд 2 /хоёр/ жилийн хугацаатайгаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Өсвөр насны шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжэээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаарх гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын шат, шүүх хуралдааны туршид хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан. Эрүүгийн хуульд нэг гэмт хэрэгт нэг л ял оноодог зарчимтай байсаар байхад өмнө нь ял авч байсан байдлыг нь харгалзан үзэж яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн үзсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр удаа дараа агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан байдаг.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн ангилал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа,шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч******* нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* ******* хашаанд байрлах иргэн *******ын агуулахын дээврээр нууцаар, хууль бусаар нэвтэрч *******ын 37.3 кг ноолуур хулгайлж 3284000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн,шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын “шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байхад шүүх хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Иймд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь*******гийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч А.Базатхаз,М.Амангүль,Г.Ганзориг нарын мэдүүлгүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ялаас доогуур буюу багасгаж ял шийтгэл оногдуулсан байна гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар*******гийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА