Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0807

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гомдол гаргагч: “Х” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О

Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 898 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0727/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Х” ХХК нь “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0898 дугаар бүхий шийдвэрт гомдол гаргаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх хэсэгт "Захиргааны акт... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;" гэж заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан боловч уг шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байна" гэж заасан шаардлагыг хангаагүй, мен шүүхээс эрх бүхий албан тушаалтны гаргасан 2024 оны 07 дугаар сарын 29-ний №2402000504 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь илт нэг талыг барьж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

3.2. Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар бол эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар хууль бус гэж үнэлэн, уг шийтгэлийн хуудаснаас болж нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хэрхэн зөрчигдсөн болох талаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж, улмаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох агуулгыг хуульчилж өгсөн байхад хуульд зааснаас өөр шийдвэр гаргаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна.

3.3. Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нэмэлт тайлбар хийхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж, 47 зүйлийн 47.1 дэх хэсэгт "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж заасан үндэслэлээр захиргааны акт болох шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоохоор хуульчилсан.

3.4. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хуульд дурьдсан аль заалтыг зөрчиж гарсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зөрчлийг хуульд заасан журмын дагуу зөрчлийн шинж байдал, шийтгэлийн хэмжээ нь тохирсон байх зарчмыг баримталж тогтоогоогүй гэж нэгдсэн дүгнэлт хийж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

3.5. Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж заасныг буруу тайлбарлаж, хэрэглэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон гэж үзэж байна.

3.6. Учир нь дээрх хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зарим буюу жишээлбэл 5.1, 5.2 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах, торгох гэсэн 2 шийтгэлийн аль нэгийг сонгож шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг ба холбогдогчийн үйлдсэн зөрчлийн "зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээ"-г харгалзан тухайн зөрчилд оногдуулахаар заасан хэд хэдэн төрлийн шийтгэлээс сонгож хэрэглэхээр мөн хуулийн ерөнхий ангид хуульчилж өгсөн.

3.7. Харин Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "... Гаалийн тухай хууль зөрчиж ... гаалийн үнэ, барааны тоо, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн... татвараас зайлсхийсэн..." гэх зөрчилд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хууль тогтоох байгууллагаас тухайн хуулийн зүйл хэсэгт оногдуулах шийтгэлийг сонгож хэрэглэхгүйгээр буюу шууд "...татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилж өгсөн тул энэ төрлийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөвхөн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

3.8. Гэтэл шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж заасныг үндэслэн эрх бүхий албан тушаалтныг холбогдогч “Х” ХХК-ний үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулахдаа "зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээ"-г харгалзан үзэж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулах ёсгүй байсан мэтээр дүгнэлт хийж, буруутган шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөвхөн албадлагын арга хэмжээ болох нөхөн татварыг гаргуулан төлүүлж болохоор шийдвэрлэсэн нь зөрчлийн хууль тогтоомжийн холбогдох заалтыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,  34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн талыг илт баримтласан хариуцагчийн талыг нотлох баримт үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.  Нэхэмжлэгч буюу зөрчлийн холбогдогч “Х” ХХК нь "... Гаалийн тухай хууль зөрчиж ...гаалийн үнэ, барааны тоо, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлж... татвараас зайлсхийсэн... " зөрчлийг үйлдсэн бөгөөд энэхүү үйлдэл нь Гаалийн хууль тогтоомжид заасан үүргийнхээ дагуу оюуны өмчийн лицензийн төлбөр төлсөн үнийн нэхэмжлэл, холбогдох гэрээгээ гаалийн байгууллага болон мэдүүлэгчид гаргаж өгөх байсан бөгөөд гаальд өмнө нь мэдүүлэхдээ уг барааг оюуны өмчийн лицензийн гэрээний дагууy тодорхой төлбөр төлж импортлон оруулж ирж байгаа талаарх мэдээллийг гаалийн байгууллага болон бүртгэгдсэн мэргэжилтэнд холбогдох материалыг бүрэн гаргаж өгөөгүйгээс үүдэн гаалийн үнийг худал мэдүүлж, татвараас зайлсхийсэн.

4.1.Өөрөөр хэлбэл: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтанд тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно:”, 10.3.4-т “Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр" гэж бүр тодорхой заасан байдаг.

4.2. Гэтэл “Х” ХХК-ийн захирал Б.Б нь гаалийн бүрдүүлэлтийн явцад Оюуны өмч ашигласны төлбөртэй холбоотой ямарч бичиг баримт гаргаж өгч байгаагүй, Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу ААН бараатай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй мөн Гаалийн тухай хуулийн 57 зүйлийн 57.2.1 болон 57.2.2-т заасны дагуу гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах, гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй зэргээс үзэхэд гаалийн хууль тогтоомийг мэдээгүйгээс өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хуулиар оногдуулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

4.3. Шүүх зөрчлийн обьектийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ялгаж, салгахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Учир нь бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн зөрчил нь бараа биш барааны гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох зардал. Өөрөөр хэлбэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4-т заасны дагуу "Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдаачид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр", Гаалийн тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу "Бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг; гэж тодорхойлсон.

4.4. Гэтэл шалгалтаар илэрсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн обьект дээрх "Бараа" гэдэг ойлголтод хамаарахгүй харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4-т зааснаар барааны гаалийн үнэд нэмэгдэж тооцоогдох зардал юм. Өөрөөр хэлбэл “Х” ХХК нь ухаалаг карт импортлодог энэ нь дээрх бараа гэдэг ойлголтод хамаарах бөгөөд энэ барааг гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад тухай бүр мэдүүлсэн.

4.5. Харин энэ барааны гаалийн үнийг мэдүүлэхдээ худал мэдүүлж, нэмж тооцох гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох оюуны өмчийн төлбөрийг дутуу мэдүүлсэн. Энэхүү оюуны өмчийн төлбөрийг дутуу мэдүүлсэн зардалд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага оногдуулсан. Гэтэл шүүгч бараа болон гаалийн үнэд нэмж тооцох зардлыг ялгаж салгахгүйгээр нэмэгдэх зардалд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх заалтын дагуу гаалийн мэдүүлгийг нөхөн бичих боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан нь огт үндэслэлгүй шийдвэр байна. Гаалийн байгууллага импорт, экспортын барааг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн мэдүүлгийг бичдэг. Бараа гэдгийг дээр дурдсанаар тодорхойлж байгаа.

4.6. Гэтэл шүүгчийн дүгнэсэн нэмэгдэх зардал нь бараа биш учраас гаалийн мэдүүлэг бичих үндэслэлгүй юм. Мэдүүлэгч буюу импортлогч нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар улсын хилээр нэвтрүүлэх барааг тус хуулийн дагуу мэдүүлнэ. Мөн тус хуулийн 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж заасан нь барааг буюу Гаалийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу бараа гэдэг ойлголтод хамаарах зүйлийг л гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ. Мөн 55 дугаар зүйлийн 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж заасан нь гаалийн мэдүүлгээр зөвхөн "Бараа"-г л мэдүүлэх ойлголт бөгөөд нэмэгдэх зардлыг мэдүүлэх ойлголт биш юм. Мөн тус хуулийн зүйл 55 дугаар  зүйлийн 55.5-д "Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална" гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих зааврыг баталсан. Иймд шалгалтаар илэрсэн зөрчил, зөрчлийн объект нь бараа биш учраас тухайн тохиолдолд гаалийн мэдүүлэг нөхөн бичих боломжгүй юм.

4.7. Хэрэв зөрчлийн объект нь бараа байсан бол гаалийн мэдүүлэг нөхөн бичих асуудал яригдана. Жишээлбэл: "Х” ХХК 1000 ширхэг ухаалаг картыг улсын хилээр оруулж ирээд гаалийн байгууллагад 500 ширхэгийг нь мэдүүлээд 500 ширхэгийг мэдүүлээгүй нь шалгалтаар илэрсэн тохиолдолд тус 500 ширхэг картын гаалийн мэдүүлгийг нөхөн бичих асуудал яригдана. Гэтэл “Х” ХХК нь 1000 ширхэг ухаалаг картаа /бараагаа/ бүрэн гаалийн байгууллагад мэдүүлсэн, ухаалаг картны гаалийн үнийг худал мэдүүлсэн зөрчил гаргасан. Тийм учраас шалгалтаар илэрсэн зөрчил бүрт /бараатай холбоотой зөрчил эсхүл нэмэгдэх зардалтай холбоотой зөрчил гэх мэт/ хууль тогтоомжийн хүрээнд гаалийн мэдүүлгийг нөхөн бичих боломжгүй байдаг учраас Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т "гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж болно" гэж заасан нь дээр дурдсанаар зөвхөн бараанд л гаалийн мэдүүлгийг нөхөн бичих хуулийн зохицуулалттай учраас хуулийн дагуу боломжтой тохиолдолд тус заалтыг хэрэгжүүлэх, боломжгүй тохиолдолд тус заалтыг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэдгийг тодорхойлсон. Гаалийн байгууллагад урьд нь нэмэгдэх зардлыг гаалийн мэдүүлэг бичсэн тохиолдол байдаггүй. Үүнийг гаалийн мэдүүлгийн сангаас үзэж болно.

4.8. Мөн гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлсэн ч холбогдох торгуулиас чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй. Тиймээс гаалийн мэдүүлэг нөхөн бичүүлж байна уу, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан байна уу гэдгээс үл шатгаалж “Х” ХХК холбогдох торгуулийг төлөх ёстой. Торгуулиас чөлөөлөх асуудлыг тусайлсан хуулиар зохицуулдаг. /өршөөлийн хууль гэх мэт/. Гэтэл "Х "ХХК-тай холбоотой торгуулийг чөлөөлөх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүгч эрх хэмжээгээ хэтрүүлж, шийдвэртээ татварыг нь төлүүлэх, харин торгууль төлөхийг шаардаж байгаа асуудлыг зогсоох байдлаар гүйцэтгэгдэхээр тэмдэглэсэн байна.

4.9. “Х” ХХК-иас шалгалтаар илэрсэн нэмэгдэх зардалд гаалийн мэдүүлэг нөхөн бичүүлэхээр хүсэлт гаргаж байсан боловч дээр дурдсан үндэслэл шалтгааны улмаас гаалийн мэдүүлэг нөхөн бичих үндэслэл тогтоогдоогүй. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагдсан учраас эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг прокурор тухай бүр хянаж баталгаажуулсан. Шүүх зөрчилд холбогдсон эд зүйлийг бараа юу, биш үү гэдгийг хуулийн хүрээнд ялгаж салгахгүйгээр, хэт нэг талын ашиг сонирхлыг баримталж, хууль бус шийдвэр гаргаснаар улсад төлөгдөх татвар дутуу төлөгдөх нөхцөл байдал үүсэж байна. Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 10.9.12 дахь заалтад заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулсан үндэслэлтэй гэж үзэж байна.

5. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь заалт "Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцосныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасны дагуу бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав. 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Гомдол гаргагч “Х” ХХК нь Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.От холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2.2. Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 дугаартай шийтгэлийн хуудсаар “... гаалийн үнийг худал мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар төлөгдөөгүй татвар 251,646,969 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 125,824,984 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “...бүрдүүлэлтийн горимын маягтад “Лицензийн төлбөр”-тэй холбоотой асуумж байдаггүй бөгөөд харин бидний зүгээс гаалийн байгууллагад гаргаж өгсөн “Г” ХХК болон манай “Х” ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдан авах гэрээ-ний лицензийн төлбөрийг гэрээний 6 дахь хэсгийн 1 хэсэгт “Э” нь ”Г” ХХК-ийн ерөнхий болон оюуны өмчийн лицензийн төлбөр болох нийт 200,000 ам доллар /лиценз болон батламжийн/ хураамж нөхөн төлнө. Лиценз болон батламжийн хураамжийг ”Г” ХХК-ийн санхүүгийн жилийн эцэст төлөх бөгөөд төлсний дараа уг хураамжийг буцаан олгохгүй. Лиценз болон батламжийн хураамж энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 12 сарын дараа тооцогдоно. Мөн тус гэрээний 6 дахь хэсгийн 2 дахь хэсэгт нэгжийн үнэ дээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй бол гэрээг эцэслэх үед ”Г” ХХК-ийн одоогийн үнийн жагсаалт болон нэмэлт тусгай нөлөөллүүдийг тооцон нийт үнийг гаргана” гэж тус тус заасан байдаг бөгөөд бидний зүгээс дээрх төлбөрийг төлдөг талаар тус гэрээнээс хасах эсхүл үнийн дүнг бууруулах зэрэг байдлаар худал мэдүүлсэн зүйл байдаггүй ...”, “...манай компани дээрх лицензийн төлбөрийг карт захиалсан даруй картын төлбөрийн хамт төлдөггүй, тус тусдаа нэхэмжлэлтэй бөгөөд нэхэмжлэл ирсний дараа цахим хэрэгслээр өөр өөр үнийн дүнгээр төлдөг байсан. Иймд бидний зүгээс гаалийн байгууллагаас шаардсан баримт бичгийг тухай бүрд нь үнэн зөв, бүрэн гүйцэт гаалийн байгууллагад гаргаж өгдөг байсанд худал мэдүүлсэн хэмээн үзэж буй нь үндэслэлгүй ...” гэж тайлбарлан маргасан.

2.4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч мэдүүлэх ёстой бүрдүүлэлтийг мэдүүлээгүй, төлөх ёстой татвараа төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэлийг аль эрх бүхий этгээд оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан байгаагаас үзэхэд дээрх нөхцөл байдал нь гаальд мэдүүлсэн мэдүүлэг нь хуурамч байсан гэх үйлдэлд хамаарахгүй байхад нэхэмжлэгчийг шууд буруутгах нь зөрчлийн шинж, ногдуулж буй шийтгэлийн хэмжээтэй нийцээгүй ...”, “... Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчлийг хуульд заасан журмын дагуу зөрчлийн шинж байдал, шийтгэлийн хэмжээ нь тохирсон байх зарчмыг баримталж тогтоогоогүй ...” гэж дүгнэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2.5. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

2.6. Мөн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

2.7. Хуулийн дээрх заалтаас үзэхэд мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг үнэн зөв мэдүүлэх бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу төлөөгүй татвар, торгуулийг ногдуулахаар заасан байна.

2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “Х” ХХК нь ”Г” ХХК—иас картын бэлдэц импортолдог бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/24 дүгээр захирамжаар Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О, гаалийн улсын байцаагч Б.Т нар нь “Х” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, тус шалгалтаар ”Г” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Худалдан авах гэрээ”-гээр жил бүр төлдөг оюуны өмчийн лицензийн төлбөр 1,623,548,187.46 төгрөгийг шилжүүлж, үүнээс гаалийн албан татварт 81,177,409.37 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 170,472,559.68 төгрөг, нийт 251,649,969.05 төгрөгийн татвар төлөөгүй зөрчил гаргасан болох нь 2402000504 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар, албан тушаалтны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Худалдан авах гэрээ”, 2020-2023 он дуусталх хугацаанд лицензийн төлбөрт төлөгдсөн төлбөрүүдийн жагсаалт, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул хариуцагч улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 125,824,984 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

2.8. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч буюу зөрчлийн холбогдогч “Х” ХХК нь "... Гаалийн тухай хууль зөрчиж ...гаалийн үнэ, барааны тоо, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлж... татвараас зайлсхийсэн... " зөрчлийг үйлдсэн бөгөөд энэхүү үйлдэл нь Гаалийн хууль тогтоомжид заасан үүргийнхээ дагуу оюуны өмчийн лицензийн төлбөр төлсөн үнийн нэхэмжлэл, холбогдох гэрээгээ гаалийн байгууллага болон мэдүүлэгчид гаргаж өгөх байсан бөгөөд гаальд өмнө нь мэдүүлэхдээ уг барааг оюуны өмчийн лицензийн гэрээний дагууy тодорхой төлбөр төлж импортлон оруулж ирж байгаа талаарх мэдээллийг гаалийн байгууллага болон бүртгэгдсэн мэргэжилтэнд холбогдох материалыг бүрэн гаргаж өгөөгүйгээс үүдэн гаалийн үнийг худал мэдүүлж, татвараас зайлсхийсэн ...” гэсэн гомдол үндэслэлтэй.

2.9. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ.”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:”, 10.3.4-т “тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;” гэж тус тус заасан.

2.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... оюуны өмч ашигласны төлбөрийг гаалийн үнэд орохгүй гэж үзэж байна ...” гэж тайлбарлах боловч дээрх хуулийн заалтаас үзвэл импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнийн аргыг үндсэн арга гэж хэрэглэх бөгөөд оюуны өмч ашигласны төлбөрийг импортын барааны хэлцлийн үнэ гэж үзэхээр байна.

3. Мөн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн төлөөгүй татварын дүнг тогтоосон атлаа гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх боломжтой, нэхэмжлэгчээс энэхүү хүсэл зоригоо зөрчлийн ажиллагаа эхлэхээс өмнө илэрхийлсэн байхад хүсэлт гаргасан хугацаанаас хойш эхэлсэн ажиллагааг үндэслэж, гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх боломжоор нь хангаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.1. Учир нь, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж зааснаас үзвэл барааны үнэд нэмэгдэж тооцогдох зардал нь бараа гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд тухайн тохиолдолд гаалийн мэдүүлэг нөхөн бичих боломжгүй. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

3.2. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.От холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0012504 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                               З.ГАНЗОРИГ

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ