Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 158/ШШ2021/0019

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Тэс петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Булган аймгийн ............ сумын Засаг даргад холбогдох

Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаар захирамжийн “Тэс петролиум” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий 158/2021/0022/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх,  хариуцагч Булган аймгийн ............ сумын Засаг даргын орлогч Б.Агваан, гэрч М.Ширнэн, Л.Ням-Осор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““...Тус компанид Булган аймгийн ............ сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаар захирамжаар ............ сумын Өлзийт багийн Мянганы зам дагуу байрлах 3000 мкв газрыг ШТС-ын зориулалтаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Манай компани хуульд зааснаар дээрх газрын кадастрын зургийг хийлгэн мэдээллийн санд баталгаажуулж, газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, газар эзэмших үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд тус газрыг эзэмшсэн хугацаанд “Газрын тухай хууль” болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй огт гаргаагүй төдийгүй тус газарт зориулалтын дагуу ШТС байгуулан ажилласнаар орон нутгаас 7-8 хүн ажлын байраар хангаж, татвар орлогыг орон нутгийн төсөвт оруулж, нефть бүтээгдэхүүний шударга өрсөлдөөнийг бий болгон үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зэрэг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төслийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр хамгаалалтын хашаа хайс барихад сумын Газрын албаны даамал “тус газар дор шилэн кабельтай” гэж манай ажлыг өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар зогсоож, асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно. Эдгээр ажилд зориулж тус компани нийт дүнгээр 37.180.000 төгрөгийг зарцуулаад байна. Булган аймгийн ............ сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаар захирамжаараа тус компанийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж бодит байдалд үл нийцсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хохироосон шийдвэрийг гаргасан ба уг шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахимаар мэдэгдсэн тул бид Булган аймгийн Засаг даргад хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулахаар гомдол гаргасан боловч бидний гомдлыг шийдвэрлэсэнгүй. Сумын засаг даргад тус компаниас “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалтыг огт зөрчөөгүй талаарх тайлбар, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа ба барилгын ажлыг эрх бүхий байгууллага буюу сумын газрын даамлаас биднээс үл хамаарах шалтгаанаар зогсоосон тухай болон хийж гүйцэтгэсэн ажлуудын нотлох баримтууд, тайлбар, хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн боловч сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаар захирамжаар “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж буруутган үндэслэлгүйгээр уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, дээр дурдсан хохирлыг учруулаад байна. Иймд ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Тэс петролиум” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/26 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. ...Булган аймгийн ............ сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар ............ сумын Өлзийт багийн нутаг Мянганы зам дагуу байрлах 3000 м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар манай компанид эзэмшүүлж захирамж гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон... Кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулсан. Газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн... Газрын тухай хууль болон газар эзэмших хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй гэдгийг баттай хэлэх байна. Шатахуун түгээх станц байгуулагдах юм бол сум орон нутгаас 7-8 хүн ажлын байраар хангагдаад татвар орлого орон нутгийн төсөвт төвлөрч нефть бүтээгдэхүүний шударга өрсөлдөөн бий болох үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилго манай төслийн зорилт байсан... Төсөлтэй холбоотой 8 ажил хийж гүйцэтгэсэн байдаг. 1 дүгээрт Газрын тухай хуульд заасны дагуу “Буурь хөрс” ХХК-тай барилга инженер хайгуулын судалгааны ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж өрөмдлөг хийн дээж авч, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 1/106 дугаартай албан бичиг бүхий инженер геологийн дүгнэлт гаргуулсан. 2 дугаарт газрын төлөв байдалд хянан баталгаа хийлгэж хянан баталгааны паспортыг авсан байгаа. 3 дугаарт аймгийн Байгаль орчны газрын шинжээчээр шинжилгээ хийлгэн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг батлуулсан... “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган аймгийн салбараас 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дэд бүтцийн техникийн нөхцөл буюу эрчим хүч цахилгаанд холбогдох 31 тоот техникийн нөхцөлийг авсан байгаа. 5 дугаарт Булган аймгийн Ерөнхий архитектороор шатахуун түгээх станцын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан. 6 дугаарт архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах шатахуун түгээх станцын барилга байгууламжийн ажлын зургуудыг мэргэжлийн байгууллагаар хийлгэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Ерөнхий архитектор, Онцгой байдлын газар зэргээр тус тус батлуулсан байгаа. 7 дугаарт барилгын зургуудыг Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр хянуулж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр батлуулж 503/2016 дугаартай магадлан итгэмжлэл авсан. 8 дугаарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 12 дугаартай гэрчилгээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авснаар дээрх барилга байгууламж баригдах газарт шороо татан ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр хамгаалалтын хашаа барихаар ажил эхлүүлтэл сумын газрын даамлаас тус газар дор шилэн кабельтай гээд манай ажлыг өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар зогсоож асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Эдгээр ажилд зориулж тус компани нийт дүнгээрээ 37.181.000 төгрөг зарцуулаад байна... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бид нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон албан бичгийг мэйл хаягаар тус компанид хүргүүлсэн байгаа. Бид энэ мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа дээр дурдсан ажил хийж байгаа гэсэн нотлох баримтуудыг хавсаргаад хүргүүлсэн. Гэтэл сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаартай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгож манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон... Энэхүү Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд үл нийцсэн тус компанийн эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гэж үзэж байгаа... тус компанид газар эзэмшүүлэх гэрээний 3.8 дахь хэсэгт газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалтад холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх гэсэн шаардлага байгаа. Үүний үндсэн дээр барилгын үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь тус компанийг өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг ...Улсын дээд шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 8 дугаартай тогтоолын 1.10-т ...гэнэтийн давагдашгүй байгалийн тогтолцооны өөрчлөлт, тухайн газарт эвдрэл гэмтэл бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг... Сумын засаг захиргаа анхнаасаа шилэн кабель бүхий газрыг эзэмшүүлсэн. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ерөнхий архитекторч холбогдох хүмүүс барилга байгууламж барих зураг төслийг хянан баталгаажуулж, ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгч нэхэмжлэгчид газрыг эзэмшиж ашиглах хууль ёсны итгэлийг үүсгэсэн. Үүний дагуу бид бүхэн үйл ажиллагааг явуулж, хөрөнгө мөнгө зарцуулсан...  Хууль ёсны итгэлийг газар эзэмшигчид төрүүлснээр бид өнөөдрийн байдлаар 37.181.000 төгрөгийн хохирол учирсан эрх зүйн үр дагавар бий болсон учир нэхэмжлэл гаргах үндэслэл бий болоод байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... Газар шорооны асуудлын талаар яриад тайлбар хийгээд байна. Энэ нь газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохтой ямар холбоотой юм бэ? үндэслэл нь газар шорооны асуудал биш шүү дээ... Харилцаа холбооны хууль зөрчсөн, аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн гээд байдаг. Энэ нь нэхэмжлэгчид ямар холбогдолтой юм бэ? Төрийн байгууллага үйл ажиллагаагаа өөрсдөө явуулна. Төрийн байгууллагын залгамж халаа үүгээрээ тасралтгүй явах хуультай. Энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна... Харилцаа холбооны тухай хууль, аймгийн Засаг даргын захирамж зэрэг нь 2014 оных байсан... Тухайн үед шилэн кабельтай холбоотой асуудал байна уу? гэхээр байхгүй гээд газрын даамал Ган-Эрдэнийн хариулт байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй зөрчилдөж байгаа юм уу? гэхэд үгүй ээ гэсэн байдаг... 2019 онд бид нарт харилцаа холбооны шилэн кабельтай гэж мэдэгдээгүй... 2019 оноос 1,6 жилийн хугацаагаар ажил хийгээгүй гээд байдаг. Энэ хугацаанд ковид-19 цар тахал гарч хязгаарлалттай байсан. Мөн өөрсдөө буюу эрх бүхий албан тушаалтнууд нь хязгаарлалт тогтоогоод энэ газар үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байсан... Байршил өөрчилсөн шийдвэр гэж байгаа. Үүнийг бид сая л мэдсэн... Харилцаа холбооны шугам байдаг бол мэдээллийн сандаа орж баталгаажсан байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ийм ийм байршилд ийм ийм зориулалтаар, ийм ийм хэмжээний газрыг төсөл сонгон шалгаруулалтаар иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх гэж төлөвлөн иргэдийн Хуралд оруулж иргэдийн Хурал баталдаг. Иргэдийн хурал баталсны дагуу Засаг дарга газар эзэмших эрхийг олгож гэрчилгээ олгож зөвшөөрөл олгодог. Төрийн байгууллагатай холбоотой, гэр хороолол, гарцтай холбоотой асуудлыг нэхэмжлэгчид халдаах гэж тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна... Эзэмшлийн газрын байршлыг сольсон. Тэр газар барих ёстой гэдэг талаар огт мэдээгүй... хариуцагч талаас албан ёсны хариу тайлбар ирж танилцахад энэ талаар бичсэн байсан. Хэрвээ бид бүхэн мэдсэн бол асууж тодруулна шүү дээ... төсөл сонгон шалгаруулалт, түүний үнэ төлсөн баримт, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан баримт зэрэг холбогдох бүх бичиг баримтыг холбогдох байгууллага эрх бүхий албан тушаалтнуудаас бүгдэнгээс нь авч байсан... Барилга байгууламж барих асуудал нь шууд очоод барьчихдаг асуудал биш. Энэ бүх бичиг баримтуудыг бүрдүүлж, нөгөө байгууллагууд нь судалгаа шинжилгээ гаргасны үндсэн дээр хамгийн эцэст нь барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл өгдөг... Ажил хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүйтэй шууд холбоотой асуудал. Үүнээс үүдэж энэ компани хохирч байгаа... Сумын газрын алба нь ч газраа олгож байдаг. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь бүх талаас нь хянасны эцэст баталгаажуулж өгдөг... Тэгэхээр энэ асуудал захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ зохих хүмүүс нь биелүүлээгүйтэй шууд холбоотой... Барилга байгууламж барьсангүй гээд газар эзэмших эрхийг цуцалсан. Барилгаа бид нар барьчих юм бол дахин хууль зөрчсөн асуудал болох гээд байна... Хэрвээ маргаан бүхий газар нь үнэхээр хууль зөрчигдөөд цааш цаашдын үр дагаварт эрсдэл үүсэхээр байх юм бол бидэнд учирсан хохирлыг буруутай Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү... ” гэв.

Хариуцагч Булган аймгийн ............ сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Одончимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын нутаг дэвсгэрт ШТС барихаар газар эзэмшиж буй “Тэс петролиум” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон сумын Засаг даргын шийдвэрийг цуцлуулахаар тус компаний гаргасан ... нэхэмжлэлд дараахи тайлбар хүргүүлж байна. Үүнд: 1. “Тэс петролиум” ХХК нь тухайн үеийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаар захирамжаар тус сумын Өлзийт багийн Мянганы замын дагуу байрлах 0,3 га газрыг ШТС-ын зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулан гэрчилгээ авсан. Түүнээс хойш 2016 онд газар өндөрлөх шороо татсанаас өөр хийсэн ажилгүй 4 жил болсон бөгөөд энэ нь Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Булган аймаг дахь Аудитын газрын зөрчил арилгуулах албан шаардлагыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ГХБХБГ-ын дарга Ү.Бямбасүрэнгийн нэр дээр хүргүүлсэн бөгөөд уг албан шаардлагад дээрх компанийн эзэмшсэн газар орсон болно.

2. Тус компанид 2015 онд тухайн үеийн сумын Засаг дарга Б. Алтаншагай нь Харилцаа холбооны тухай хуулийн 28, 29 дүгээр заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 07 сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар /агаарын баганат шугамнаас тал бүртээ 10 метр, кабелийн шугамаас тал бүртээ 5 метр/-т газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх болон барилга, гэр, хашаа барих, мод кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгах зэргийг зөрчин газар олгосон.

З. Иймд дээрхи зөрчлийг арилгуулах зорилгоор ............ сумын ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж 2/06 дугаар “Газрын байршил өөрчлөх” тухай тогтоолоор тус сумын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Х/03 тоот тоггоолоор батлагдсан сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан Өлзийт багийн Мянганы замын урд гэр хорооллын дунд 0,3 га газрыг Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхээр заасан газрын байршлыг Мянганы замын гүүрнээс зүүн зүгт 100 метр зайд байрлах шороон замын баруун талд олгохоор өөрчилсөн шийдвэр гаргасан байна. Үүнийг тухайн үед ажиллаж байсан ЗДТГ-ын Газрын даамал аман мэдэгдэлээр өгсөн байна.

4. Байршил өөрчилсөн шийдвэрийг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/144 тоот албан мэдэгдлээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн боловч сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17/26 захирамжаар хүчингүй болгох хүртэлх 1 жил 4 сарын хугацаанд дахин ямарч ажил хийгдээгүй зэрэг болно.

5. Тус компаний авсан газар нь сумын суурьшлын бүс гэр хороолол дотор, улсын чанартай авто замаас 5 метрээс холгүй, явган хүний гарцыг хаасан, Харилцаа холбооны тухай хуулийг зөрчин шилэн кабель дээр обьектоо барихаар шороон овоолго фундамент үүсгэсэн зэрэг зөрчил үүсч байгаа тул газрыг дээрх хүчингүй болгох шийдвэрийг гаргасан болно.

...“Тэс петролиум” ХХК нь эзэмшлийн газар тэгшлэхээр тус сумын нутагт орших Харнүдэнгийн карьераас татан авсан бөгөөд ингэхдээ “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдийг зөрчин зөвшөөрөлгүйгээр ашигласан болно” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн ............ сумын Засаг даргын орлогч Б.Агваан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 8 дугаар сард шороо овоолсон байгаа. Манай нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал, элс хайрга авахад татвар хураамж авах журам байдаг. Энэ журмын дагуу манайд татвар хураамжийг төлөөгүй, зөвшөөрөл аваагүй. Тухайн шороог авахад харсан үзсэн гэрчүүд байгаа... 2019 оны 6 дугаар сард Төрийн аудит шалгалт хийгдсэн. Үүний дагуу манай сумаас 2019 оны 9 сард Засаг даргын албан тоот ирсэн. Энэ нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох албан бичиг байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байсан байх аа Төрийн аудитын дүгнэлтээр энэ газрыг цуцлах албан бичиг гарсан. Нэхэмжлэгч талтай холбоотой мөнгөн дүн нь бодит мөнгөн дүн биш. Авсан шороо нь ойрхон манай сумын нутаг дэвсгэр дээрээс үнэ төлбөргүй авагдсан. Холбогдолгүй асуудал ярилаа гээд байх шиг байна. Хайрганы асуудал нь холбоотой. Хүчингүй болгосон асуудлын тухайд хоёр жил ажил хийгдээгүй. Манайхаас хорьсон эрх зүйн акт байхгүй гэж харж байгаа. Хоёр жилийн хугацаанд ямар ч барилгын ажил хийгдээгүй. Газар өөрчлөх тогтоол гарсан байгаа. Тэрийг мэдээж тухайн үед нь газрын даамал албан тушаалтан өгсөн болов уу? гэж үзэж байна. Миний зүгээс өгсөн өгөөгүй талаар яг одоогийн байдлаар хэлэхэд хүндрэлтэй байна... Танайх газрын даамлын зүгээс хориг тавьсны улмаас бид нар барилгын ажлаа зогсоосон байсан... газар өөрчилсөн тогтоол гарсныг мэдээгүй гээд байгаа... манайхаас барилгыг бариулахгүй гэсэн албан бичиг байгаа юм уу. 2014 оны аймгийн Засаг даргын шийдвэрийг сүүлд мэдээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар өөрчилсөн. Сая хүчингүй болгосон шийдвэр нь барилга байгууламжаа бариагүй гэдэг үндэслэлээр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг “Тэс Петролиум” ХХК-нд тухайн үед мэдэгдсэн мэдэгдээгүй талаар миний түвшинд мэдэхгүй байна. 2017 оны 8 дугаар сараас хойш 2019 оны 9 сар хүртэл ажил хийгдээгүй. Энэ талаар албан тоот танайх руу хүргэгдсэн. Булган аймгийн ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны хуралдаанаар газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан... холбооны шугам сүлжээний газрын хамгаалалтын зурвасыг тогтоосон. Үүнтэй холбоотой сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанитай ямар үйл ажиллагаа явуулсан болохыг мэдэхгүй байна... Анхнаасаа манай суманд шатахуун түгээх станц нь монополь байдаг учир хоёрдогч компанийг дэмжиж байсан. Сумын бодлогоор нилээдгүй дэмжиж байсан учир энэ асуудал дээр шилэн кабелийн асуудлаас болсон байхыг үгүйсгэхгүй... Тухайн үед газрын даамал, Засаг дарга нар тодорхой хэмжээгээр энэ асуудал дээр ажиллаж байсан гэж бодож байна... би хурлын төлөөлөгч байсан. Энэ талаар хурал дээр нилээдгүй ярьж... үүрэг даалгавар өгч байсан. Газрыг хол газар өөрчилсөн зүйл байхгүй. Зөвхөн баруун тийш ойрхон газар л өөрчилсөн байгаа. Сумын төвийн дэд бүтцээс холдоод явсан асуудал байхгүй. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга, газрын даамал шугам сүлжээний асуудлыг мэдээгүй тэд нарын буруу байхыг үгүйсгэхгүй. 2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамгаалалтын асуудал орж ирсэн учир тэр бүх хүмүүс мэдсэн. Мэдээлэл харилцаа холбоотой хамааралтай байж магадгүй гэж бодож байна. Байршил өөрчлөгдсөн болохыг газрын даамал, Засаг дарга нар мэдээлээгүй бол миний зүгээс тэдгээр хүмүүсийн буруу гэж дүгнэж байна. Гэхдээ энэ талаар тухайн үед нилээдгүй яригдаж, нилээдгүй асуудал болж байсан. Хурал дээр энэ асуудлыг талаар байнга яригдаж байсан учир холбогдох хүмүүс нь ажилласан болов уу гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар баримт нотолгоо байхгүй байна... гэв.

Гэрч М.Ш шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Өмнө нь ажиллаж байсан газрын даамал 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр солигдсон... Эхний ээлжинд газрын эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Газрын тухай хуулиа үндэслээд зохих журмын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ба түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдэг хуулийн заалтаар захирамжилсан байгаа. Хүчингүй болгоход танайхаас хариу албан бичиг өгсөн. Уг албан бичгийн хүрээнд манайх ашиглаж байгаа, төлбөрөө төлсөн гээд баримт ирсэн. 2014 онд аймгийн Засаг даргын А/336 дугаартай захирамж гарсан байна лээ. 2015 онд газар олгохдоо яагаад газар давхцуулаад олгосон нарийн учрыг нь би мэдэхгүй байна. Энэ газар болохгүй гээд газрын байршлыг нь сольж өгнө гэсэн юм байна лээ. 2019 онд Төрийн аудит ороод зөрчлийг илрүүлсэн байдаг. Уг акт хэргийн материалд байгаа байх. 3000 м2 газрыг мэдээллийн санд суулгуулаагүй. 2016 онд нэгдмэл сангийн мэдээлэл хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед гэрээ болон гэрчилгээг компьютер дээрээс автоматаар хэвлэгдээд гараар бичигддэг байсан үе. Мэдээллийн санд байхгүй газрыг мэдээллийн санд бүртгэх үүргийг Жавзмаа гэдэг хүн буюу Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодезийн инженер байсан. Би сайн мэдэхгүй байна. Танайхаас авсан кадастрын зургийг файлаар газрын даамалд өгч байж программд суулгах үйл ажиллагааг хийнэ... Манай зүгээс газар олгосон бол танайхаас мэдээлэл харилцаа холбоонд хандах ёстой байдаг. Мэдээллийн санд шилэн кабель, газар хоёр давхцаж байгаа. Шилэн кабель мэдээллийн санд автоматаар орчихдог. Мэдээллийн санд аливаа нэг хүний газар зам шугам сүлжээтэй давхцаж байвал программ өөрөө авахгүй байдаг. 2015 оны дата ямар байсныг би мэдэхгүй... Газрын албанаас 2015 онд кадастрын зургаа авсан боловч ...Мэдээллийн санд датанд ороогүй байгаа... мэдээллийн санг бүрдүүлэх, нэвтрэх эрх бүхий этгээд нь газрын даамал эрхтэй. Мэдээллийн санд оруулсан зураг байхгүй учир овоолсон шороогоор бид нар яриад байгаа. Овоолсон шорооны баруун урд руу МХC гэсэн тэмдэглэгээ бүхий шон байгаа. Мэдээллийн шугамыг хучсан хэлбэртэй байгаад байгаа. Тэрэн дээр нь байрласан гэсэн үг. “Тэс петролиум” ХХК-нд олгосон газрын кадастрын зураг хувийн хэрэгт байгаагүй. Мэдээлэл холбооны шугамыг тэмдэгжүүлж, хамгаалах үүрэг нь Мэдээлэл холбооны ажилтандаа байх ёстой. Сумын Засаг даргын Тамгын газар газар олголт хийхдээ энэ талаар судлах үүрэгтэй. Тэмдэглэгээ байгаа нөхцөлд мэдээлэл холбооны сүлжээ байгаа юм байна шүү гээд мэдэх боломжтой. Тэмдэглэгээг хэдэн оноос эхлэн байршуулж эхэлснийг сайн мэдэхгүй байна” гэв.

Гэрч Л.Ншүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2013 онд байхаа Улаанбаатар хотоос гарсан кабель Лүн, ............, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Булган гээд баруун аймгуудаар явж байгаа. Өндөр хурдны шилэн кабель. Шилэн кабелийн шугам газрын мэдээллийн санд 2013 онд орсон. Гадаадын тусламжаар 1 дүгээр хөрөнгө оруулалтаар шилэн кабель хийгдсэн. Тэгээд бүх шатны Засаг дарга нарт үүрэг өгөөд тэр дагуу кадастрын зураг гараад 2014 онд аймгийн Засаг даргаар баталгаажуулаад зурвас газар гээд хамгаалалтын газар байгаа. Үүнийг хянаж байдаг. 2015 онд зөвшөөрөл олгох зурвас газар кабель татсан ашиглаж болно гэж нөхөж олгогдсон. Захиалагч тал гүйцэтгэгчтэй кадастрын зураг гаргаад Засаг даргатай гэрээ хийгээд ажил хийх зөвшөөрөл аваад явдаг байх. Шилэн кабель байгаа гэдэг мэдээллийн санг манай агентлагт өгөөд манай агентлаг тэмдэг тэмдэглэгээг нь хянаад өдөр тутамдаа гэмтэл гарах юм бол засаад явна. Бид нар үүнийг Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар буюу аймгийн мэдээллийн санд өгсөн. Хэдэн онд өгснийг би тодорхой хэлж чадахгүй. Холбооны шугам сүлжээ Булган аймгийн ............ сумын засмал замын яг урд хэсгээр явж байгаа гэж ойлгож байна. Дашинчилэн сумаас өөр инженер үзлэг хийж хариуцаж ажилладаг. “Тэс петролиум” ХХК-ийн зүгээс манай байгууллагаас авсан зөвшөөрөл байхгүй. Шат шатны Засаг дарга мэдээлэл холбооны кабель тэнд байна уу? үгүй юу? гэсэн виз авдаг юм байна лээ. Шилэн кабель явж байгаа газар объект барьсан тохиолдолд хор уршиг ихтэй. Барилгын кабель гэмтэх юм бол засах болдог. Гэмтлийг тогтоохын тулд дахин кабель татах л болж байгаа юм...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Тэс петролиум” ХХК нь “Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаар захирамжийн “Тэс петролиум” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн ............ сумын Засаг дарга /цаашид “Сумын Засаг дарга” гэх/-д холбогдуулан гаргажээ. 

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйл, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрх бүхий этгээдээс өөрт нь хамааруулан гаргасан захиргааны актыг эс зөвшөөрвөл тус актын талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.

Тэрээр маргаан бүхий захиргааны актын талаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэж дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн Булган аймгийн Засаг дарга /цаашид “Аймгийн Засаг дарга” гэх/-д гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тухай нэхэмжлэлдээ тусгаж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/399 дугаарын албан бичиг болон ............ сумын Засаг даргын “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдийг нэхэмжлэлд хавсаргасан ирүүлжээ.

“Тэс петролиум” ХХК нь ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан А/26 дугаарын захирамжийг эс зөвшөөрч гомдлоо  Булган аймгийн Засаг даргад гаргасан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

Харин аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.9 дэх хэсэгт тус тус зааснаар уг гомдлыг хянан шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ гомдол гаргагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гомдлыг шийдвэрлүүлэхээр бусад этгээдэд шилжүүлэх эрхгүй юм.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх газрын асуудал хариуцсан байгууллага болох тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Тэс петролиум” ХХК-д хүргүүлсэн дээрх албан бичигт “............ сум Өлзийт багийн нутаг мянганы зам дагуу байрлах 3000м2 газрын хүчингүй болгосон тайлбарыг хүргүүлэв” гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн гэх агуулгыг илэрхийлэхгүй байх ба хариуцагч нь өөрт нь хандаж гаргаагүй асуудалд тайлбар өгөх, шийдвэр гаргах эрхгүй тул аймгийн Засаг дарга цуглуулсан нотлох баримтандаа үндэслэн гомдлыг өөрөө шийдвэрлэх үүрэгтэй.

Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар ............ сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс аймгийн Засаг даргад гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг тус тус тоолоход 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусч байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар “Тэс петролиум” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээрх хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолоход 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

Нэг. Нэхэмжлэлийн “Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Булган аймгийн ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн XI/03 дугаарын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тус суманд шатахуун түгээх станц бариулах зориулалтаар 0.3 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А/50 дугаарын захирамжийг гарган төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна.

Уг ажлын хэсгийн зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтаар “Тэс петролиум” ХХК шалгарсан тул хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/52 дугаарын захирамжийг гарган дээрх тогтоолд тусгагдсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус сумын газрын даамал тухайн өдөрт нь “Тэс петролиум” ХХК-ийн ерөнхий менежертэй газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулан, гэрчилгээ олгожээ.  

Гэтэл ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13/02 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар хот хоорондын Мянганы зам дагуу холбооны шугам байршуулах зориулалтаар 18,993 км 10,381 км газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байх ба хамгаалалтын бүсийг агаарын баганат шугамаас тал бүртээ 10 метр, кабелийн шугамаас тал бүртээ 5 метр байхаар тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн дээрх газартай давхцсан байна.

Түүнчлэн тус Хурал нь 2016 оны II/06 дугаартай тогтоолоор “Тэс петролиум” ХХК-нд шатахуун түгээх станц барьж байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн 0.3 га газрын байршлыг өөрчилсөн байхад сумын Засаг даргаас тухайн шийдвэртэй холбогдуулан 2015 оны А/52 дугаарын захирамждаа өөрчлөлт оруулсан, эсхүл тус захирамжийг хүчингүй болгосон болон газар эзэмшигчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийн талаар мэдэгдсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тогтоолыг  хэргийн материалтай танилцах явцад анх мэдсэн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлахад хариуцагчаас түүнийг няцаах тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргасангүй.   

Булган аймгийн Төрийн аудитын газраас холбогдох хяналт шалтгалтыг хийж “Тэс петролиум” ХХК-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн үзэж зөрчил бүхий газар эзэмшигчдийн бүртгэлд бүртгэсэн албан шаардлагыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд сумын Засаг даргаас “Тэс петролиум” ХХК-д дээрх газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаар 2019 оны 10 дугаар сард албан бичгээр мэдэгдэж байсан байна.

Эцэст нь хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн дээрх зориулалтын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан энэ хүртэлх түүхийг харахад Булган аймгийн ............ сумын нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, албан тушаалтнуудын газрын харилцаатай холбогдох ажлын уялдаа холбоо муу явагдсаныг илэрхийлж байна. Тодруулбал: Булган аймгийн Засаг даргаас 2014 онд харилцаа холбооны хамгаалалтын зурвас газрыг шинэчлэн тогтоосон шийдвэр гаргаснаар тухайн зурвас газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан нийтээр ашиглах /иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохгүй/ газарт хамаарах болсон байхад ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх шийдвэрт хамаарах газрыг шатахуун түгээх станц бариулах зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу сумын Засаг даргаас төсөл сонгон шалгаруулалт зарлан нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны XI/03, 2015 оны 13/02, 2016 оны II/06 дугаартай тогтоолуудын талаар маргаагүй ч тус шийдвэрүүд нь маргаан бүхий актыг гаргах эх суурь болжээ.

              Зүй нь Булган аймгийн ............ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр төлөвлөж буй газар нь Газрын тухай хуульд заасан эзэмшүүлж болохгүй шалтгаан нөхцөл байгаа эсэхийг сайтар судлан үзэж байж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг гарган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй.

Гэтэл тэрээр Булган аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан А/336 дугаар захирамжийг харгалзан үзэлгүйгээр тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, батлуулсан нь эрх бүхий этгээдүүдээс дараа дараагийн /эрх зүйн зөрчилтэй/ захиргааны актуудыг гаргаж энэхүү маргаан үүсэх суурь болсон байна. 

Булган аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт холбооны шугам сүлжээ байрлуулах газрыг нийтийн эзэмшлийн газарт авсан аймгийн Засаг даргын 2014 оны 336 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч заавал мэдсэн байхыг хууль шаардаагүй бөгөөд харин дээрх шийдвэрт нийцүүлэн зохих шийдвэрийг гарган үйл ажиллагаагаа явуулах нь ............ сумын Засаг даргын үүрэг юм. Өөрөөр хэлбэл: Эрх бүхий этгээдээс батлан гаргасан хүчин төгөлдөр үйлчилж буй шийдвэрүүдийн дагуу шатахуун түгээх станц барьж байгуулах зориулалтаар олгож буй газрыг эзэмших эрхтэй болсон нь “Тэс петролиум” ХХК-ийн буруу биш бөгөөд дээд шатны Засаг даргаас нийтийн эзэмшлийн газарт авсан газрыг бусдад эзэмшүүлэхээр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусган батлуулж, төсөл сонгон шалгаруулалт зарлан нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн буруу юм.  

Нөгөө талаар “Тэс петролиум” ХХК нь Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаарын захирамжаар эзэмших болсон 0.3 га газартаа шатахуун түгээх станц барьж байгуулахаар тодорхой ажлыг хийж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн “...барилгын ажлын №12 гэрчилгээг 2017.08.09-ний өдөр аймгийн ГХБХБГ-аас авснаар ...барилга байгууламж баригдах газарт өндөржилт хийх зорилгоор шороог татан ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2017.08.09-ний өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр хамгаалалтын хашаа хайс барихад сумын Газрын албаны даамал “...тус газар дор шилэн кабельтай” гэж манай ажлыг өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар зогсоож, асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгэх тайлбар болон хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын бодит байдлыг харуулсан зураг зэргээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч шүүх хуралдаанд “...үйл ажиллагаагаа зогсоо гэсэн захиргааны акт байхгүй...” гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ.

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад газар эзэмшигч нь ямар нэгэн саад болох асуудал үүсээгүй байхад тухайн газраа зориулалтын дагуу эзэмшээгүй байх нөхцлийг хамааруулан ойлгоно.  

............ сумын газрын даамал нь тухайн сумандаа газрын асуудал хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагч буюу албан тушаалтан тул түүний тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бол 37.2-т “захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон... үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.

“Тэс петролиум” ХХК-нд эзэмшүүлсэн газрыг холбооны шугам сүлжээний зориулалтаар нийтийн эзэмшлийн газарт авсан болох нь Булган аймгийн Засаг даргын 2014 оны А/336 дугаар захирамж, ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13/02 дугаарын тогтоолуудаар нотлогдож байна. Уг захиргааны актуудын хэрэгжилтийг хангах үүргийг ............ сумын Засаг дарга болон газрын даамал нарт үүрэг болгосон байх тул сумын газрын даамлын “тус газар дор шилэн кабельтай” хэмээх нөхцлөөр барилгын ажил эхлүүлэхийг зогсоох талаар амаар тавьсан /бичгийн бус/ шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хамаарч байх тул уг шаардлагыг биелүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах нөхцөл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид 0.3 га газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргаснаас хойш 6 хоногийн дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 13/02 дугаар тогтоолыг гарган тус 0.3 га газрыг нийтийн эзэмшлийн газарт авч, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн II/06 дугаартай тогтоолоор “Мянганы замын гүүрнээс зүүн зүгт 100 метр зайд байрлах шороон замын баруун талд олгох” хэмээн “Тэс петролиум” ХХК-нд эзэмшүүлсэн газрын байршлыг өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрүүдийн талаар мэдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Газрын байршлыг өөрчилсөн талаар хэргийн материалтай танилцахдаа л мэдлээ. Түүнээс энэ талаар танай байгууллагын зүгээс мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчаас түүнийг няцаасан тайлбар, нотлох баримтыг гаргасангүй. Хүн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын байршлыг солих тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргахаар заасан Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан зохицуулалтыг хариуцагч зөрчжээ.

Шүүх хариуцагчаас хуульд заасан үүргээ зохих журмаар гүйцэтгээгүйн улмаас үүссэн асуудалд нэхэмжлэгчийг буруутган түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасныг зөвтгөх боломжгүй байх тул Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гэхдээ Булган аймгийн Засаг даргын 2014 оны А/336, ............ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13/02 дугаарын тогтоолууд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба “Тэс петролиум” ХХК-нд эзэмшүүлсэн газар доор байрлаж буй  холбооны шугам сүлжээ нь цааш үргэлжлэн манай улсын баруун зүгийн аймгуудыг холбооны цахим үйлчилгээгээр хангадаг болох нь гэрч Л.Ням-Осорын шүүх хуралдаанд гаргасан “...Улаанбаатар хотоос гарсан кабель Лүн, ............, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Булган гээд баруун аймгуудаар явж байгаа... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээснээр “Тэс петролиум” ХХК нь тухайн газарт шатахуун түгээх станцын барилга байгууламж барьж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэх юм.

Гэрч Л.Ням-Осорын шүүх хуралдаанд гаргасан “...Шилэн кабелийн шугам газрын мэдээллийн санд орсон. 2014 оны эхээр ашиглалтанд орсон. Шилэн кабель явж байгаа газар объект барьсан тохиолдолд хор уршиг ихтэй... кабель гэмтэх юм бол засах болдог. Гэмтлийг тогтоохын тулд дахин кабель татах л болж байгаа юм...” гэх мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тухайн газар дээрээ явуулах үйл ажиллагаа болон хөндлөнгийн бусад шалтгааны улмаас тухайн газар дор байрлаж буй холбооны шугам сүлжээнд гэмтэл үүсэх тохиолдол гарах боломжтой бөгөөд ийнхүү асуудал үүссэн тохиолдолд газар эзэмшигчийн бүтээн байгуулсан хөрөнгө, түүний доорхи газрыг хөндөж шугам сүлжээнд үүссэн гэмтлийг хайж олох, засвар хийх зэрэг ажиллагааг зайлшгүй явуулах шаардлага үүсэхээр байна.    

Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл нэхэмжлэгчийн бүтээн байгуулсан хөрөнгөд гэмтэл учруулах, тухайн газар дор байрлаж буй холбооны шугам сүлжээгээр дамжуулан цахим холбооны үйлчилгээ авч буй хэрэглэгчид, тухайн үйлчилгээг үзүүлж буй хуулийн этгээд гэх мэтээр нэхэмжлэгчээс гадна бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнд хохирол учрах эрсдэл үүсэх боломжтой юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Хэрвээ үнэхээр шугам сүлжээний хууль зөрчсөн байгаа бол бид бүхэн хохирлоо төлүүлнэ. Бид нарт өөр газар үйл ажиллагаа явуулна гэдэг зүйл байхгүй... бид нар барилгаа барьчих юм бол дахин хууль зөрчсөн асуудал болох гээд байна... Хэрвээ маргаан бүхий газар нь үнэхээр хууль зөрчигдөөд цааш цаашдын үр дагаварт эрсдэл үүсэхээр байх юм бол бидэнд учирсан хохирлыг буруутай Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж байх тул дээрх эрсдлийн нөхцөл байдлыг харгалзан маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэлийн “...учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд: “Тэс петролиум” ХХК нь Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаарын захирамжаар тус сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Мянганы замын урд байршилтай 0.3 га газрыг шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрхтэй болсноор “Топмаф” ХХК-аар “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа”-г, “Буурь хөрс” ХХК-аар “Барилгын талбайн инженер-хайгуулын судалгаа хийж техникийн дүгнэлт гаргуулах”, “Эм Пи Ай Консалтантс” ХХК-аар “Шатахуун түгээх станцын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил болон тус барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт хийлгэх”, Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас гаргуулах”, “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбараар “Техникийн нөхцөл гаргуулах”, Булган аймгийн Ерөнхий архитектороор “Шатахуун түгээх станцын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах”, Барилгын хөгжлийн төвөөр “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах” “Арвин тээвэр” ХХК-аар “Шатахуун түгээх станцын барилга байгууламж барих газарт далангийн ажлыг хийж гүйцэтгүүлэх” ажлуудыг хийлгүүлж 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г авсан байна.      

Эзэмшлийн газар дээрээ шатахуун түгээс станцын барилга байгууламж барихад шаардагдах дээрх зөвшөөрлүүдийг авснаар тухайн газартаа далан барих ажлыг эхлүүлэн шороо зөөвөрлөн байршуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 12 дугаартай гэрчилгээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авснаар дээрх барилга байгууламж баригдах газарт шороо татан ажлыг эхлүүлсэн...”, хариуцагчийн “...Манай нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал, элс хайрга авахад татвар хураамж авах журам байдаг. Энэ журмын дагуу манайд татвар хураамжийг төлөөгүй, зөвшөөрөл аваагүй. Тухайн шороог авахад харсан үзсэн гэрчүүд байгаа. 2017 оны 8 дугаар сард шороог буулгасан байгаа...” гэх тайлбарууд болон тухайн ажлын бодит байдлыг харуулсан гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс “Тэс петролиум” ХХК нь Булган аймгийн ............ сумын Засаг даргаас өөрт эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмшихээр гаргасан зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан маргааныг шүүх шийдвэрлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...37181000 төгрөгийн бодит зардал гарсан тул уг зардлаа ............ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг хүсч байна...” гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт “Тэс петролиум” ХХК-аас “Арвин тээвэр” ХХК-нд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15900000 төгрөг, нийт 26500000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Тэс петролиум” ХХК-ийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-ууд болон “Арвин тээвэр” ХХК-ийн “Кассын орлогын ордер”-уудаар, “Эм Пи Ай Консалтантс” ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2069000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 238000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2069000 төгрөг, нийт 4376000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” баримтуудаар, “Буурь хөрс” ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3300000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримт болон депозит дансны хуулгаар, Төрийн сангийн дансанд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5632000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банкны харилцагчийн харилцах дансны хуулгаар, 2015-2019 онуудад газрын төлбөрт тус бүр 2400 төгрөг, 2015 онд газрын гэрчилгээний үнэ 2000 төгрөг, буюу нийт 14000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны “Шилжүүлгийн мэдээлэл”, Төрийн банкны “Гялс банк-интернет банкны гүйлгээний мэдээлэл”-ээр тус тус нотлогдож байна.       

Дээрх баримтуудаас харахад “Тэс петролиум” ХХК нь Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2015 оны А/52 дугаар захирамжаар эзэмших болсон 0.3 га газраа зориулалтын дагуу эзэмшихийн тулд тус газар дээр барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахтай холбогдолтой үйл ажиллагаанд газрын гэрчилгээ болон 2015-2019 онуудад төлсөн газрын төлбөрөөс гадна 39808000 төгрөгийн зардал гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хариуцагч нь газар эзэмшигчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-ийн тухайд ............ сумын Засаг даргын 2015 оны А/52 дугаарын захирамжид заасан 0.3 га газрыг шатахуун түгээх станцын барилга байгууламж барьж, энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон гэж итгэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эхний хөрөнгийг зарцуулан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

Гэтэл ............ сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагын газрын харилцааны талаарх хамтын ажиллагааны уялдаа холбоо муу, тус асуудлыг хариуцан ажилладаг төрийн албан хаагчийн ажлын хариуцлагагүй байдлаас болж нэхэмжлэгчид дээр дурдсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсан байна гэж шүүх үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тодорхойлсон дүн болох 37181000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж “Тэс петролиум” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.      

Нэхэмжлэгч нь Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаарын захирамжийг хүчингүй болгуулж, хохирол гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас 2015 онд гаргасан А/52 дугаарын захирамжид заасан газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргэх тул тус газар дээр барилга байгууламж барихтай холбогдон гаргасан зардлыг хохирол гэж үзэхгүй. Учир нь тухайн зардалд хамаарах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх нь сэргэж байгаа тул тэр нь барилга байгууламж барих үйл ажиллагаанд зайлшгүй гарах зардалд хамаарна.

Гэвч шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагыг эс хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан дээрх зардлыг хууль ёсны гэж үзсэн тул уг зардал нь маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол болно.  

Ийнхүү дээрх нэхэмжлэлийн хоёр шаардлага нь харилцан эсрэг шийдвэрийг шаардсан зэрэг хангагдах боломжгүй агуулгыг илэрхийлж байна. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн цаашид нэхэмжлэгч болон нийтийн эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус үндэслэн “Тэс петролиум” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Булган аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Булган аймгийн ............ сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас “Тэс петролиум” ХХК-нд учруулсан хохирол болох 37181000 /гучин долоон сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЧИМЭГ