Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0358/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Гэрэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Бэрцэцэг ийн Гэрэлмаа д холбогдох эрүүгийн 2218003360357 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бэрцэцэг ийн Гэрэлмаа /РД: ТК85032707 /, 1985 оны 03 дугаар сарын 27 -ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 , хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Сансарын 02-07 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21 -ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7,160,400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08 -ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгч Б.Гэрэлмаа нь 2022 оны 07 дугаар сарын 03 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1б байрны урд талын саравчны ойролцоо Б.Алтантуяа гийн гээгдүүлсэн Самсунг галакси М12 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 350,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гэрэлмаа гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 350,000 төгрөг төлсөн. Улсын яллагчтай 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Алтантуяа гийн: ...Саравчинд сууж байтал үл таних эмэгтэй надтай яриа өдөж юм ярьж байгаад гэнэт босч ирээд миний үснээс зулгаасан. Тэр эмэгтэйтэй маргалдаж байгаад салсан. Дараа нь халаасанд байсан гар утсаа шалгаж үзэхэд миний М12 маркийн гар утас байхгүй болсон байсан. Би тэгээд тухайн үедээ тэр эмэгтэй намайг үсдэж байхдаа халааснаас авсан байна гэж бодсон. Тухайн үед тэр газарт бас унасан байж магадгүй. Би өөрийн гар утасны хохирол болох 350,000 төгрөгийг хүлээн авсан. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11/

Гэрч К.Табысбек ийн: Би 2022 оны 07 дугаар сарын 03 -ны шөнийн 23 цагийн орчимд Гэрэлмаа болон Дархан захын орох, гарах дээр байдаг хөлсний ажил хийдэг хүмүүстэй хамт Дархан сумын Өргөө баг 1б байрны дэргэд байх саравчинд очиж суусан. Саравчинд нэг танихгүй эмэгтэй ганцаараа пиво уугаад сууж байсан. Гэрэлмаа бид хоёр хажууд талд нь бас суугаад архи уусан. Тэгээд сууж байтал Гэрэлмаа тухайн эмэгтэйтэй маргалдаж эхлэхэд нь би саяхан хоригдож байгаад суллагдсан учраас дахин хэрэг төвөгт орооцолдохвий гэж бодоод түрүүлээд гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/

2022 оны 07 дугаар сарын 11 -ний өдрийн Капитал зууч ХХК-ийн Самсунг М12 маркийн гар утас 1 ширхэг 350,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гэрэлмаа нь 2022 оны 07 дугаар сарын 03 -ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум Өргөө баг 1б байрны урд талын саравчны ойролцоо Б.Алтантуяа тай маргалдаж муудалцсан, Б.Алтантуяа нь маргалдах явцдаа 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси М12 маркийн гар утсаа гээснийг Б.Гэрэлмаа олж аван бусдад худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь шүүгдэгч Б.Гэрэлмаа гийн үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, ашиг олох зорилгоор бусдад худалдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Алтантуяа д 350,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Алтантуяа нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гэрэлмаа г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Гэрэлмаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Гэрэлмаа нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27 -ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгохын ялын 15 нэгжээр тооцон оногдуулсан торгох ялаас нийт 105,000 төгрөгийг хасаж эдлэх ялыг 345,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гэрэлмаа гийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 115,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бэрцэцэг ийн Гэрэлмаа г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрэлмаа г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гэрэлмаа гийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас нийт 105,000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 345,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гэрэлмаа д оногдуулсан 345,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 115,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэрэлмаа д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гэрэлмаа д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР