Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2019/00068/и |
Дугаар | 135/ШШ2019/00299 |
Огноо | 2019-04-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2019/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00068/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ******дугаар хороолол, ******* хотхонд байрлах, АК ХХК/регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ******дугаар хороолол, ******дүгээр байр, ****** тоотод оршин суух, Н.Ч /регистрийн дугаар -д холбогдох,
74,457,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Н.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АК ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******.Иргэн Ч нь 2014.06.26-ны өдөр АК ХХК-аас 69,368,000 төгрөгийн үнэ бүхий 47,84 мкв 2 өрөө байр авахаар дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээнд байрны 1 мкв-г 1,450,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Н.Ч нь 2014.06.26-нд уг гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөрт 6,250,000 төгрөгийг АК ХХК-д төлсөн.
Н.Ч нь 2014.11 дүгээр сард “Би БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Манай компаний зүгээс манай гэр бүлд 1 өрөө байр өвч өгөхөөр бид аман гэрээ байгуулсан юм. Тиймээс бид 2 өрөө байраа 3 өрөө болгох хүсэлттэй байна” гэсний дагуу ******* хотхоны Б байрны 1 дүгээр орцны 9 давхарт 30 тоотод 79,68 мкв 3 өрөө байранд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ****** тоот гэрээ шинэчлэн байгуулж орсон. Уг гэрээнд 1 мкв-ыг 1,450,000 төгрөг, байрны нийт үнэ 115,536,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Н.Ч нь 3 өрөө байрны зээлийг Голомт банкнаас хөөцөлдөхдөө 2014.11.26-нд банкны зээлд хамрагдахын тулд 49,368,000 төгрөг АК ХХК-дтөлсөн гэж баримт бичүүлсэн боловч банкны эдийн засагч 1 мкв-ыг 1,450,000 төгрөгөөр үнэлэхээр зээл гаргах боломжгүй, гэрээнд 1 мкв 1,300,000 төгрөг гэвэл зээл олгож болно гэсэн. Зөрүү мөнгийг би өөрөө төлнө гэсний дагуу банкинд өгөхөд зориулж 1 мкв 1,300,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан, 37,686,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баримт бичиж өгсөн.
Голомт банкнаас Н.Чын байрны зээл олгохоор шийдвэрлэгдэж, 2014.12.18-ны өдөр 59,648,000 төгрөг АК ХХК-ийн дансанд шилжин ирсэн.
2014.12.16-ны өдөр Н.Ч ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.
Уг байрны урьдчилгаа төлбөр 30 хувь болох 49,638,000 төгрөгийг компаний төлөөлөгч Д.С той 2014.12.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу төлөх ёстой байсан боловч төлөхгүй байсан учраас 2015 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар өргөдөл өгч шалгуулсан боловч уг маргаан нь Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх тул эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан.
Үүнээс хойш Н.Ч нь 2 удаа өр төлбөрийг барагдуулах талаар компанид өргөдөл бичиж өгсөн. Мөн компаний зүгээс 3 удаа Н.Ч тай 2014.12.01-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн акт үйлдсэн боловч төлбөр төлөгдөөгүй учраас 2016.01.11-ний өдөр Н.Чтай дахин зээлийн гэрээ шинэчлэн байгуулсан. Н.Ч нь би энэ байрны үлдэгдэл 49,638,000 төгрөгийг одоогоор бөөнөөр төлөх боломжгүй, хувааж төлж барагдуулах нөхцлийг олгож өгнө үү гэж хүссэний дагуу бид харилцан тохиролцож гэрээ үйлдэн гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан.
Иймд Н.Ч аас тус байрны төлөгдвөл зохих нийт төлбөрийн үлдэгдэл 49,638,000 төгрөг, алданги 24,819,000 төгрөг, нийт 74,457,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Н.Ч шүүхэд гарагсан тайлбар болон шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа:
“******.Н.Ч миний бие 2014 оны 06 дугаар сард АК ХХК-д 2 дугаар ээлжийн барилгын зоорийн давхар баригдаж байхад 2 өрөө 47,84 мкв байрны урьдчилгаанд 6,250,000 төгрөг тушаасан болно. Барилга ашиглалтанд орж 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын комисс хүлээн авч Засгийн газрын 8 хувийн зээл хөөцөлдөж эхэлсэн. Би тухайн үед улирлын чанартай компанид ажиллаж байсан учраас ******* констракшн ХХК-нд 2014.11.01-ээс давхар нягтлан хийх болсон. Улмаар улсын комисс барилга хүлээн авч нэмэлт хэдэн ажил хийх үүрэг даалгавар өгсөн. Ингээд тэр үүрэг даалгаварыг гүйцэтгэхээр Д.Сын хамт барилгын давхрыг шалгаад явж байхад “Д.С нь чиний байрны зээл өндөр гарах боломжтой бол нэгэнт 8 хувь хэрэгжиж байгаа дээр нь 3 өрөөтэй болчихвол чамд ч манай компанид мөнгө нь хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Тэр үед би урьдчилгааны хувьд хэцүү боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд Д.С нь манай компани урьдчилгаан дээр дотооддоо урт хугацааны 5-10 жилийн хүүгүй гэрээ хийж өгч болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.Ст миний ажилладаг компани Си эм Пи Ай ХХК намайг хотоос шилжүүлж ирэхдээ яваандаа компани ашигтай ажиллаад ирэхээр 1 өрөө байр авч өгнө гэсэн байсанг Д.Ст хэлж байсан юм. Тэгэхэд Д.С тэгвэл танай компани чинь хэдэн жилийн дараа бараг төлчих юм байна. Тэгвэл чи 3-н өрөөтэй болго, би чамд урьдчилгаа төлсөн баримт үйлдээд гэрээг шинээр хийж өгье гэсний дагуу зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Ингээд Голомт банкинд зээлээ судлуулж үзэхэд миний нийгмийн даатгалаар 59,648,000 төгрөг гарахаар байгааг Д.Ст хэлэхэд 2014.06.26-ны өдөр 14/37 дугаартай 79,68 мкв талбайтай 103,584,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийж, урьдчилгаанд 37,686,000 төгрөг төлсөн гэх баримт үйлдэж өгсний дагуу зээлээ судлуулах материалаа Голомт банкинд өгсөн. Голомт банк зээлийг судалж 2014.12.01-ний өдрийн №14/151 тоот санхүүгийн зохицуулах хорооны хурлын шийдвэрийн дагуу зээлийг дэмжиж 2014.12.18-ны өдөр зээлийн гэрээг хийж АК ХХК дансанд 59,648,000 төгрөг шилжиж орсон. Ингээд байрандаа 3 сар болж 2015.03 дугаар сараас эхэлж Д.С байрны урьдчилгаанд төлсөн гэх 37,686,000 төгрөгийг шаардаж, өдөр бүр нэхэж эхэлсэн. Ингээд янз бүрийн гэрээ хийж зарим үед амлалт бичүүлж авч байсан, мөн намайг өөрийнхөө ажиллаж байсан СЭПА ХХК-аас урьдчилгаа төлөх нь үнэн болно гэсэн, эсвэл 1 өрөө байр авч өгнө гэсэн албан бичиг авчраад өгчих, би Г захиралд үзүүлэх юмтай болмоор байна гэж хүртэл тулгаж байсан. Гэрээ хийхгүй, орж уулзахгүй, гадуур таарсан үед мэндлэхгүй бол янз бүрийн юм ярьж /тог тасална, ус хаана, хүүхдүүд гадаа тоглож байхад олон хүмүүсийн дэргэд ээжийгээ өрөө төл/ гэж хэлдэг. Ийм учраас би өөрийнх нь санал болгосон гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь үнэн учраас би өөрийнх нь санал болгосон гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь үнэн болно. Гэрээнүүдийг нотариатаар батлуулчихаад өгнө гэсэн боловч надад өгөөгүй. Ингэж явсаар байгаад 2016.01.11-ний өдөр дуудаж уулзаад чи надаас бэлэн мөнгө зээлж АК ХХК-нд байрны урьдчилгаагаа төлсөн болоод одоо бэлэн мөнгө зээлсэн гэж гэрээ хийсэн. Энэ гэрээгээрээ бэлэн мөнгө зээлчихээд залилан хийсэн гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар өгч шалгуулж прокурорын газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан удаатай. Ийм учраас Д.С ын дарамтанд орж хийсэн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бэлэн мөнгө зээлж аваагүй учир хүү алданги төлөх үндэслэлгүй болно. 5-10 жилийн хугацаатай хүүгүй урьдчилгаа төлөх гэрээ хийнэ гэсэн боловч хийгээгүй. Тэр гэрээгээ бэлэн мөнгө зээлсэн гэх гэрээ болгож хэлсэн ярьснаасаа өөрчлөгдөж дарамтанд байсан нь үнэн. Байрны урьдчилгаанд төлсөн гэж бичиж өгсөн 37,686,000 төгрөгийг төлөх нь үнэн болно. 2015.11 сард тус компанийн захирал Г-т байрны урьдчилгаа төлөх чадамжгүй байгаагаа хэлэхэд Г нь чи С яриад 2 өрөө байр үлдсэн эсэхийг судлаад хэрэв 2 өрөө байвал би чиний голомт банкны 59,648,000 төгрөгийг хаагаад Төрийн банкны 100 хувийн засгийн газрын 8 хувийн зээлэнд захиралтай яриад хамруулаад өгье гэсэн боловч Д.С нь 2 өрөө зарагдаад дууссан гэж худлаа хэлсэн.
Иймд нэхэмжилсэн үлдэгдэл төлбөр болох 49,638,000 төгрөгөөс байрны урьдчилгаа төлбөр болох 37,686,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 11,952,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, мөн бэлэн мөнгө зээлээгүй байж алданги гэх 19,332,056 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нийт 68,970,056 төгрөг нэхэмжилснээс 2016.06.26-ны өдрийн 14/37 тоот гэрээний дагуу байрны урьдчилгаа болох 37,686,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 31,284,056 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Н.Ч д холбогдуулан зээлийн төлбөр 68,970,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэгчийг АК ХХК-аар солих тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 894 дугаартай захирамжаар ******.нэхэмжлэгч Д.С ыг жинхэнэ нэхэмжлэгч АК ХХК-аар сольж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч АК ХХК нь хариуцагч Н.Ч д холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 49,638,000 төгрөг, алданги 24,819,000 төгрөг, нийт 74,457,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч АК ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “******.анх Н.Ч нь манай компаниас 47,48 мкв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ хийсэн. Н.Ч нь гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байрны урьдчилгаанд 6,250,000 төгрөгийг төлсөн. ******.Н.Ч нь захиалсан байсан 2 өрөө орон сууцаа болиод 3 өрөө орон сууц болгох хүсэлт гаргасан дагуу бид 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14/37 тоот гэрээг шинэчлэн байгуулж, Н.Ч нь А хотхоны Б байрны дүгээр орцны давхарт тоот 79,68 мкв талбайтай 3 өрөө орон сууцанд орсон. Уг гэрээнд 1 мкв талбайг 1,450,000 төгрөг, байрны нийт үнэ 115,536,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.
******.Н.Ч д Голомт банкнаас дээрх 3 өрөө орон сууцны зээл олгуулахын тулд манай байгууллагаас 37,686,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн гэх баримт бичиж өгсөн, мөн банкинд зориулж орон сууцны 1 мкв талбайг 1,300,000 төгрөг байхаар гэрээ хийж өгсөн.
Бодит байдал дээр манай байгууллага 1 мкв-г 1,450,000 төгрөгөөр Н.Чд худалдсан бөгөөд Н.Ч нь мкв-ын зөрүү төлбөрийг өөрөө төлөхөөр тохиролцсон байсан. Н.Ч д Голомт банкнаас орон сууцны зээл олгож, 59,648,000 төгрөгийг АК ХХК-ний дансанд шилжсэн. Н.Ч нь орон сууцны үнэ 115,536,000 төгрөгөөс 65,898,000 төгрөгийг төлсөн, үлдэх 49,638,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд хариуцагчаас байрны үнийн үлдэгдэл 49,638,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд заасны дагуу алданги 24,819,000 төгрөг нийт 74,457,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Н.Ч нь “******.тухайн 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний дагуу орон сууцны үнэнд нийт 65,898,000 төгрөг төлсөн. Үлдэх 37,686,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй******.” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч ******* констракшн ХХК, хариуцагч Н.Ч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14/37 дугаартай орон сууцны захиалгын гэх нэртэй гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Н.Ч нь Дархан сумын дугаар хороолол дугаар баг А хотхоны Б байрны дүгээр орц давхрын өрөө, 79,68 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-талбайг 1,300,000 төгрөг буюу нийт 103,584,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-71-73/
Дээрх талуудын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн орон сууцны өмчлөгчөөр Н.Ч, Д.М нарыг бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349952 дугаартай гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон ба Голомт банкнаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н.Чд орон сууц худалдан авахад нь зориулж 59,648,000 төгрөгийн зээлийг олгосон байна. /хх-77-88/
Мөн хавтас хэрэгт талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэх нэртэй гэрээгээр хариуцагч Н.Ч нь Дархан сумын дугаар хороолол дугаар баг хотхоны байрны дүгээр орц давхрын тоот өрөө, 79,68 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-г 1,450,000 төгрөг буюу 115,536,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 49,638,000 төгрөгийг, гэрээний 8.1-т “”Захиалагч нь гэрээний 2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасны дагуу алданги 24,819,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу талуудын байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, хариуцагч Н.Чд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль заасан журмыг зөрчсөн, энэхүү гэрээний дагуу хариуцагч Н.Чд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу орон сууцны үнийн үлдэгдэл, алданги төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Мөн нэхэмжлэгч тал “******.2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг нөхөж хийсэн, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг бодитоор хийсэн ******.” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хавтас хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Голомт банкны албан бичигт “******.харилцагч Н.Ч Дархан сумын дугаар баг дугаар хороолол АТ хотхоны дүгээр байрнаас 79,68 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 103,584,000 төгрөгөөр худалдан авахыг дэмжиж 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14/151 тоот СЗХорооны хурлаар орон сууцын зээл олгохоор шийдвэрлэсэн нь үнэн болно” гэсэн баримтаар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Н.Ч нь тухайн орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 103,584,000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба тэрээр орон сууцны төлбөрт нийт 65,898,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.
Иймд хариуцагч Н.Ч аас орон сууцны үнийн үлдэгдэл 37,686,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-нд олгож, үлдэх 36,7710,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Чаас 37,686,000 төгрөгийг гаргуулан АК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 36,771,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,542.28 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч аас улсын тэмдэгтийн хураамж 346,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА