Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0366/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч С.Пүрэвдагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Содов ын Пүрэвдагва д холбогдох эрүүгийн 2218000000413 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Содов ын Пүрэвдагва /РД: ТИ74080174 / 1974 оны 08 дугаар сарын 01 -ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 18 дугаар баг 24 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 20 -ны өдрийн 315 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 29 -ний 28 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24 -ний 137 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”, “Е”-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04 -ний 137 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хасч 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22 -ны 59 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Пүрэвдагва ыг 2022 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01 -нд шилжих шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөл хороололын 24а гудамжны 10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Мөнхжаргал ыг толгой тус газарт нь гараараа цохин газарт унагасны улмаас духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Пүрэвдагв ын: Тухайн өдөр эхнэр бид хоёр гэртээ нэг шил архи хувааж уусан. Тэгээд миний толгой эргээд гадаа гарч агаар амьсгалах гэтэл эхнэр намайг гаргахгүй байхаар нь нэг удаа алгадсан. Намайг алгадсаны дараа эхнэр унахдаа түлээний хайрцгийг нүүрээрээ мөргөсөн. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

2022 оны 10 дугаар сарын 01 -ний өдрийн аюулын зэргийн үнэлгээ өндөр 8-11 гэх тэмдэглэл /хх-ийн 3-4/

2022 оны 10 дугаар сарын 01 -ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг Дархан сум 18 дугаар баг Хөтөл хороолол 24а-10 тоот хаягт оршин суух иргэн Ц.Мөнхжаргал ын 5 ханатай монгол гэр байна. Гэрийн дотор хэсэгт үзлэг хийхэд гэр доторх эд зүйл эмх цэгцгүй байх ба гэрийн зүүн талд байх хүрэн өнгийн модон түмбүшик түшүүлж тавьсан шаргал өнгийн төмөр таяг байсныг хэргийн газрын үзлэгээр хураан авахаар тогтов. Гэрийн үүд хэсэгт газар дэвсэж тавьсан хивсэн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дусаж гойжсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/

Хохирогч Ц.Мөнхжаргал ын: С.Пүрэвдагва нь хөл муутай учир тухайн үед гартаа таягаа тулаад зогсож байсан. Зүүн гараараа миний баруун хацар руу нэг удаа хүчтэй алгадсан. Би алгадуулсныхаа улмаас гэрийн үүд хэсэгт байдаг түлээ мод хийдэг төмөр савыг толгойн дух хэсгээрээ мөргөөд унасан юм. Одоо бид хоёр эвлэрсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24, 26/

Гэрч М.Саранжаргал ын: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 2 цагийн үед манай бэр эгч Аюушжав над руу залгаж ээж, ах хоёр чинь хэрүүл хийгээд зодолдоод, ээж чинь ухаан алдаад, таталт өгөөд түргэн дуудаж эмнэлэг явсан гэж хэлсэн. Тэгээд би нэгдсэн эмнэлэг дээр очиж ээжтэйгээр уулзахад таталт өгсөн байдалтай, хувцас нүүр, үс, толгойг нь боосон байдалтай, битүү цус болчихсон байсан. Ээжийн дух хэсэгт нь 4 оёдол тавьж яаралтай тусламжийн тасагт хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Гэрч Ц.Мөнхзул ын: Манай эхнэр Аюушжав надад 2022 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө буюу урд шөнө Пүрэвдагва ах Мөнхжаргал эгчийг гэртээ зодсон, М эгчийн толгойноос цус их гараад түргэн дуудсан гэж утсаар хэлсэн. Юунаас болж маргалдсан талаар асуухад архи уугаад л хоорондоо маргалдсан юм шиг байна лээ гэж хэлж байсан. М нь миний төрсөн эгч байгаа юм. Пүрэвдагва , М нар нь хоёулаа л архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг. Энэ хоёрын дундаас гарсан хүүхэд гэж байхгүй. Гэр бүл болоод 5 жил болж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Гэрч Б.Аюушжав ын: Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад Ц.Мөнхжаргал эгч гэртээ орилох шиг болсон. Би гэрээсээ гарч хажуу зэргэлдээ байдаг нөхөр М -ын төрсөн эгч Ц.Мөнхжаргал ын гэрт ороход Ц.Мөнхжаргал эгч гэрийнхээ үүд хэсэгт газар уначихсан, толгойн дух хэсгээс нь нилээд их цус гарсан тогтохгүй байсан. Ингээд би толгойноос нь гарсан цусыг тогтоох гээд алчуураар дараад тогтохгүй болохоор нь түргэн дуудсан. Юунаас болж ийм зүйл болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 33/

2022 оны 10 дугаар сарын 01 -ний өдрийн: Ц.Мөнхжаргал , “Татсан гэв. Дух шархтай” гэсэн тэмдэглэл бүхий яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-39/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05 -ны өдрийн 968 дугаартай: Ц.Мөнхжаргал ын биед духанд шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Мөнхжаргал ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Пүрэвдагва нь 2022 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01 -ний шилжих шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар байрны 24а дугаар гудамжны 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Мөнхжаргал ын толгойн тус хэсэгт гараараа цохиж газарт унагасны улмаас духанд нь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Пүрэвдагв ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Ц.Мөнхжаргал нь хохирол төлбөрийн тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогчийн зүгээс санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул мэтгэлцэх зүйлгүй гэв. 

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Пүрэвдагва нь 2022 оны 09 дүгээр сарын 30 -наас 2022 оны 10 дугаар сарын 01 -нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуулуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг Хөтөл хороололын 24а гудамжны 10 тоот гэртээ эхнэр Ц.Мөнхжаргал тай маргалдаж баруун хацар луу нь алгадаж унагасан, Ц.Мөнхжаргал нь газар унахдаа түлээний төмөр савыг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь духанд 1.2 см шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэрт хамт амьдардаг эхнэр нөхөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч С.Пүрэвдагв ын согтуугаар эхнэр Ц.Мөнхжаргал ыг алгадсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэлийн шижийг агуулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Пүрэвдагв ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнхжаргал ын эрүүл мэндэд биед духанд шар бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч С.Пүрэвдагва нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч С.Пүрэвдагва нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Пүрэвдагва нь хөдөлмөрийн чадвараа 70%-аар алдсаны улмаас эмчийн хяналтад байдаг. Хохирогч Ц.Мөнхжаргал нь түүний асран хамгаалагчаар тогтоогдсон. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ялаар шийтгэж үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч С.Пүрэвдагв ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хоригдох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Содов ын П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдагв ыг 3 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдагва нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэвдагва д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Пүрэвдагва д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР