Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00057/и

                                       

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дүгээр баг,  дугаар байр  тоотод оршин суух, М.Ц /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум,  дүгээр баг,  дугаар хороолол  дугаар байр  тоотод оршин суух, Н.Б /РД: /-д холбогдох

 

" 74,043,452 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 “22,539,484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан хохирол 882,680 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч М.С, нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“....2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Н.Б, түүний төрсөн дүү Н.Т нарын хамт миний бие Хятад улс руу фитнессийн тоног төхөөрөмж сонирхох, худалдаж авах зорилгоор явсан.

Хятад улсын Шандун мужийн Дэжу хотын Тианжин Фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас 118,368 юаний 33 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар Худалдааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдан авсан тоног төхөөрөмжөөс гадна Монгол улсад ирсний дараа худалдаж авсан тоног төхөөрөмжийн эд материалын үнэ 5,157,890 төгрөг болсон. Гэрээний дагуу худалдаж авсан тоног төхөөрөмжийг Монгол улс руу оруулж ирэхэд гаргасан гааль, тээвэр, замын зардал, Дарханд авч ирсний дараа гаргасан түрээсийн ажлын байрнуудын барьцааны төлбөр, түрээсийн төлбөр, Транскапитал   ББСБ-с авсан зээлийн хүү нийт 59,335,928 төгрөг болсон. Миний бие энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байж байхад ажлын байрнаас минь хөөн гаргаж фитнессийн тоног төхөөрөмж, эд материалыг минь булаан авч өөрийн эд хөрөнгө мэт ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Иймд иргэн Н.Б оос Хятад улсаас Худалдааны гэрээний дагуу бүх төлбөрийг нь төлж Монгол Улсад оруулж ирсэн 33 нэр төрлийн фитнесс тоног төхөөрөмжөөс шүүхээс томилогдсон хөрөнгө үнэлгээний Капитал зууч ХХК-ний захирал үнэлгээчин Я.Б-ын үнэлж тогтоосон 29 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ болох 63,685,562 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5,157,890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцааны төлбөр 1,000,000 төгрөг, ажлын байрны түрээсийн 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-с авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 200,000 төгрөг нийт 74,043,452 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...би худалдааны гэрээний дагуу тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31,060 юаныг, мөн 50,000 юаныг тус тус төлсөн. ...гааль болон бусад зардлыг би төлсөн... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Би өөрийн фитнесс клубт ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 40 сая төгрөгийн зээл батлуулж авах гэтэл М.Ц нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Дахин ХААН банкинд судлуулж, зээлийн гэрээ байгуулан Бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 37 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлээр авахдаа зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг дахь ТЗ-ын 15 дугаар байрны 2 өрөө орон сууц, өөрийн эзэмшлийн хүнд даацын авто кран, бодибилдингийн хуучин тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө барьцаалан миний аав Н.Ножоо хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан. Тэр үед нэгэнт өвөл болсон, нөгөө талаар аавын минь бие гэнэт муудаж 2-3 удаа хагалгаанд орж хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, мөн хэлмэрч, газарчин болох дүү Н.ТШанхайд суралцаад ирэх боломжгүй байсан учраас Хятад улс руу явж бодибилдингийн шинэ тоног төхөөрөмж захиалах ажил хойшлогдсон. Дараа нь Голомт банкнаас 11.250.000 төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж авах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл нэмж авсан. Миний бие Найман шарга нэртэй валют арилжааны газарт очиж 24 сая төгрөгөө юань болгон солиулахад 80.000 юань болсон. Хятадад очоод 46 ширхэг нэр төрлийн бодибилдинг дасгалын тоног төхөөрөмж үзэж өөрт хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг авахаар захиалж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 30 хувь 31.060 юань бэлнээр өгсөн, тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ хийсэн. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төгсбуян орших аавынхаа өгсөн нэрээр 5 гишүүнтэй төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулж байтал надтай урьд нь хамтран ажилладаг байсан М.Ц нь данс тооцоо барьдаг байсан. Гэтэл миний ХААН банкны төлөлт хийгээгүйгээс болж хэрүүл, маргаан эхэлсэн. М.Ц нь над руу дайрч давшлан, хэл амаар доромжлон намайг орлого бизнесгүй болгох, найз нөхөд, үйлчлүүлэгчгүй болгохын тулд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж ажлын нэр хүнд, нэр төрд минь халдаж эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Ц нь миний үйл ажиллагаагаа явуулж байсан фитнес төвд ирж 3 ширхэг зам, хянах самбар, зөөлөвчтэй 2 ширхэг буйдан сандал зэргийг хутгаар урж эвдэж цаашид ашиглах боломжгүй болгосон. Фитнесийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг туршлагыг надаас суралцаж цаашид бие дааж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж М.Ц үзсэнээр тусдаа үйл ажиллагаа явуулах болсон юм. Энэ талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 16 тоот тогтоолоор хамтран амьдарч байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Ц нь миний 24 сая буюу 80.000 юаньд худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн мөнгөөр авсан гэж худал бичиж надаас миний өмчийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч миний хувьд дээрх тоног төхөөрөмжүүдийг өөрийн өмч гэдгийг тогтоолгохоор өмчлөл тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Үндэслэл нь би 80.000 юань худалдаж авсан. Үүнээс дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь буюу 9.721.780 төгрөгийг би төлж үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулсан бусад мөнгийг буцааж авч ирж хадгалж байгаад, найз нөхөд, эгчээс мөнгө нэмж үлдэгдэл 70 хувь буюу 50.000 юанийг гэрээний дагуу Хятадын компани руу шилжүүлсэн.

Харин Хятад руу М.Ц хамт явъя гэж гуйгаад Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна хэл ам мэддэг хүнтэй явж байгаа юм чинь гэсэн. Миний дүү Н.Тхэлмэрчээр явсан. Тухайн үед М.Ц үйлдвэр дээр нь очсон үедээ ийм сайхан төхөөрөмж захиалгаар хийдэг үйлдвэр байдаг юм уу би нэгэнт ирсэн дээрээ TZ-7009 маркийн спиннинг дугуй 15 ширхэг нийт 6.887.062 төгрөгийн, TZ-8004 маркийн гантель, туухай 72 кг нийт 191.160 төгрөгийн бүгд 7.078.222 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Мөн иогийн хувцас хэрэглэл нийт 3.757.416 төгрөгийн хувцас эд зүйлс барааг худалдахаар худалдан авсан. Үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч Дархан их дэлгүүрийн 5 давхарт байрлах өөрийн лангуундаа тавьж худалдагчаараа заруулж байсан. Энэ болгоныг хамт явсан дүү минь гэрчилнэ. Би гүйлтийн зам 2 ширхгийг Улаанбаатар хот руу Кiber sport shop дэлгүүрээс нэг бүрийг нь 1.600.000 төгрөгөөр улаан бүрээс 50.000 төгрөгөөр, бүгд 3.250.000 төгрөгөөр худалдаж авсан. М.Ц нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан байтлаа миний худалдан авсан дасгалын тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан мэтээр хүмүүсийг төөрөгдөлд оруулж худал үнэмшилгүй зүйл бичиж байгаад харамсаж байна. М.Ц нь миний худалдан авсан тоног төхөөрөмжүүдээс аль үнэ шингэсэн одоо хүний хэрэгцээнд чухлаар хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүдийг авах гэсэн оролдлого хийж байна. Сөрөг нэхэмжлэлд түүний надтай маргаан үүсгэсэн тоног төхөөрөмжүүдийн талаар өмчлөл тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Тиймээс миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг Н.Бын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1.193.757, TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6017маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг 1.696.812 төгрөг, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479.100 төгрөг, TZ-6042маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй 1 ширхэг 4.192.125 төгрөг, TZ-6044 маркийн хэвтээ хөл 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 1.253.645 төгрөг, TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, TZ-8012 маркийн тэгш гар штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг нийт 5 ширхэг 583.903 төгрөг, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 100569 маркийн өргөлтийн штангийн диск 2,5,10,15,20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1.676.850 төгрөг, гүйлтийн зам 2 ширхэг 3.200.000 төгрөг, хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл бүгд 1.500.000 төгрөг зэрэг 22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Ц нь миний ажлын байранд орж ирэн зарим тоног төхөөрөмж, эд зүйлсийг эвдэж сүйтгэн намайг эд хөрөнгөөр минь хохироосон энэ талаар тухайн үед цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч бие биенээ таних хамтын амьдралтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Цгийн гаргаж байсан үйлдэл нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот Прокурорын байгууллагаас өгсөн мэдэгдэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн газарт гаргасан өргөдөл тодорхойлолт зэргээс тогтоогдсон болно. Миний өмч болох 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангийн бүрээс, фитнессийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тастсан зэргийн хохирол болох 882.680 төгрөгийн хохирол учирсан мэргэжлийн үнэлгээний газраас гаргасан эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөр 882.680 төгрөгийг М.Ц гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч М.Ц сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

“...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б ХААН банкнаас 37 сая төгрөг зээлж, 24 сая төгрөгөөр нь 80.000 юань худалдан авч, маргаж байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Н.Б 37 сая төгрөгний зээл авахаасаа өмнө ХААН банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж дахин зээл авахын тулд Б.Бат-Эрдэнээс 4 сая төгрөг, С.Мөнхболдоос 2 сая төгрөг, н.Дулмаа, н.Мягмарсүрэнгээс 5 сая төгрөг, Д.Дарханбаатараас 2 сая төгрөг гэх мэт 13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10.713.792 төгрөгийг төлж хааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд зээлж авсан 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдгээр хүмүүст буцаан төлсөн. Энэ нь Н.Бын дипозит хуулганаас харагдана. Мөн энэ зээлээсээ 2015 оны 09 дүгээр сард урагшаа Хятад улс руу явах хүртэлх хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 сарын хугацаанд зээлийн төлөлт 9.122.400 төгрөгийг төлсөн байна. Мөн энэ хугацаанд аавынх нь биеийн байдал муу байсан учир удаа дараа эрчимтэй эмчилгээ хийлгүүлж байсан. Эмчилгээний зардал нь өндөр байдаг байсан. Зөвхөн 1 уураг хийлгэхэд 1 сая төгрөг болдог байсан. Миний бие Дархан хотноо 2000 оноос эхлэн идэвхтэй хөдөлгөөн фитнесс аэробекийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн, олон үйлчлүүлэгч гишүүдтэй учир Улаанбаатар хотод шинээр нээгдэж байгаа клубууд шиг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тохилог, хүмүүсийн сонирхоод байгаа төрөл, иог, спиннинг гэх мэтчилэн олон дасгал хөдөлгөөний сонголттой цоо шинэ фитнесс клуб Дархан хотдоо байгуулах тухайгаа байнга ярьж судалж тооцоо гаргаж байсан. М.Ц миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б болон түүний дүү Н.Түвшинбаттай хамт Хятад улс руу тоног төхөөрөмж судлахаар явахад би Худалдаа хөгжлийн банкны 403140853 тоот данснаас 15 сая төгрөгийг 48000 юань харин Н.Б дансандаа байсан 12 сая төгрөгийг 38.400 юань болгон солиулж авч явсан. Би бүх зардлыг даасан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Тианжин ХХК-тай худалдах, худалдан авах TZWTZYL2015020 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31,060 юань буюу 9,721,780 төгрөгийг миний бие М.Ц төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс М.Ц нь гарын үсэг зурж нөгөө тал тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Н.Б тайлбартаа Макс фитнес нэртэй миний ажиллуулдаг ТББ-ын нэр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. Тианьжин ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б нь ямар ч ТББ байгуулаагүй албан ёсны тамга тэмдэг үгүй байсан.

Н.Б авч явсан мөнгөнөөсөө дүүдээ 600 юань өгч, дүү нь Бээжинд үлдсэн бөгөөд өөрөө үлдэгдэл 37,800 юаньтайгаа буцаж ирсэн. Н.Б нь намайг дагуулж явж газар үзүүлж, лангуунд бараа авсан гэж бичжээ. Дархан их дэлгүүрийн лангуу нь АНУ-аас ирсэн гутал цүнх зардаг зориулалттай. АНУ-аас миний төрсөн дүү М.Цогзолмаа, охин Мөнхгэрэл нар бараагаар хангадаг. Тэгээд ч миний орлого олж байгаа үндсэн ажил минь фитнесс аэробик бөгөөд үүнийгээ өргөжүүлэх зорилгоор Хятад улс руу явсан. Энэ том зорилгоосоо ухарч лангуу мэтийн жижиг зүйл рүү мөнгө үрэхгүй нь ойлгомжтой. 2 дахь удаагийн явалт буюу төлөлт хийхэд М.Ц би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр-ээр 70 хувийн төлөлт болох 87,308 юанийг шилжүүлэхэд Н.Б өөрт байсан 37,800 юанийг нэмэрлэсэн. Мөнгөн гүүрээр нэг хүн өдөрт 50,000 юаниас дээш мөнгө гуйвуулга хийх боломжгүй гэхэд 3 хэсгээр буюу 50,000 юань, 21,253 юань, 16,253 юань болгож гуйвуулахдаа М.Ц би бүх баримтыг өөрийн гараар үйлдэж 50,000 юань дээр Н.Бын гарын үсгийг зуруулсан юм. М.Ц миний бие тоног төхөөрөмж авахад Хятад улсаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 31,060 юань- 9,721,780 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70 хувь төлөхөд 49,508 юань буюу 15,592,544.6 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Трансматор 150 юань, 47,250 төгрөг, камер 350 юань буюу 119,700 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 147,750 төгрөг, микрофон 480 юань буюу 151,200 төгрөг, Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сары 04-ний өдөр гүйлтийн зам 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр LG брэндийн систем хөгжим 999,990 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаяг хийлгэсэн үнэ 300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толины хүрээ 100,000 төгрөг, цагаан хуулга 48,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр лед гэрэл 100,000 төгрөг, өдрийн гэрэл 120,000 төгрөг, супер цоож 30,000 төгрөг, Гааль тээврийн зардал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн гэрээ /Дэжоу-Эрээн/ 6,800 юань буюу 2,142,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал /Эрээнээс Замын-Үүд/ 3,800 юань буюу 1,193,200 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсийн төлбөр 5000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт 94,000 төгрөг, орчуулга 6,000 төгрөг, Гаалийн татвар 989,430 төгрөг, Гаалийн төлбөр 993,030 төгрөг, Түрээсийн байрны барьцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 давхарын барьцаа 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 давхарын барьцаа 500,000 төгрөг, Байрны түрээсийн төлбөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 давхарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-ын зээлийн төлбөрийг тус тус төлсөн болох нь нотлох баримтаар нотлогддог.

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Ц миний бие 2 ширхэг гүйлийн зам худалдан авахад урамшуулалд нь 2 ширхэг гүйлтийн замны хянах самбар өгсөн. Н.Б ын клубдээ хэрэглэж байсан 2 гүйлтийн замны хянах самбар эвдэрсэн учир М.Ц би урамшуулалд нь авсан хянах самбараа өгч солиулсан. Энэ солиулсан самбараа буцаан авсан. Н.Бын клубдээ хэрэглэж байсан налуу хэвтээ шахалтын бандан сандал, цээж урдаас шахалтын бандан сандал, цээж дээрээс шахалтын бандан сандал, хэвлийн шахалтын бандан сандал, суугаа шахалтын бандан сандлууд нийт 5 ширхэг анх хар өнгийн бүрээстэй байсан. Үүнийг М.Ц миний бие улаан өнгийн Солонгос ледрин 5 метрийг 30.000 төгрөгөөр худалдан авч Боос савхи ХХК-ийн оёдолчин С.Отгонбаяраар эсгүүр хийлгэж оёулж шинэчилсэн. Ажлын хөлс 180.000 төгрөгөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Ингэж солихдоо хар өнгийн бүрээсийг хуулж авсан. Н.Б ын нэхэмжилж байгаа бандан сандлуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй хар өнгийн бүрээстэйгээ үлдсэн одоо хэвийн ашиглагдаж байгаа. Н.Бын клубдээ тавьж байсан буйдангийн бүрээс хуучирч муудсан, сэмэрсэн, цоорсон, хиртсэн, үзэмжгүй байсан тул М.Ц би бор өнгийн ледрин, парлон, шруп, хадаас, кноп зэргийг 54.000 төгрөгөөр худалдан авч, Ray салоны оёдолчин С.Т цоо шинэ буйдан болгон оёулсан. Ажлын хөлсөнд 180.000 төгрөгт 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Одоо буйданг Н.Б хэрэглэж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.Б д холбогдуулан анх шүүхэд “23,077,127.75 төгрөгний 25 нэр төрлийн тоног төхөөрөмж эд зүйл гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Н.Б ын эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийн үнэ, эд зүйлсүүдийг оруулж ирсэн зардал нийт 34,499,089 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч М.Ц нь дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, хариуцагчаас  29 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ болох 63,685,562 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5,157,890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцааны төлбөр 1,000,000 төгрөг, ажлын байрны түрээсийн 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-с авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 200,000 төгрөг нийт 74,043,452 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч М.Ц д холбогдуулан 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

                                                      

Нэхэмжлэгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...тухайн үед Н.Бтой хамтын амьдралтай байсан. Цаашдаа хамт амьдрана гэж бодож ажиллуулж байсан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дасгалын тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор хятад улс руу Н.Б, түүний дүү Н.Тнарын хамт 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр явсан. ... Хятад улсын “Тианжин фитнессийн тоног төхөөрөмж” ХХК-иас 118,368 юань буюу 37,259,434.6 төгрөгийн үнэтэй 33 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар гэрээ хийсэн. Гэрээний дагуу гэрээ байгуулахад 30 хувь буюу 31,060 юань /9,721,780 төгрөг/-ийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр , үлдэх 70 хувь буюу 87,308 юань /27,537,654.61 төгрөг/-ийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дансаар тус тус тоног төхөөрөмжийн үнийг би төлсөн. Гэрээний дагуу худалдаж авсан тоног төхөөрөмжөөс гадна Монгол Улсад ирсний дараа худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5,157,890 төгрөг болсон. Гэрээний дагуу худалдаж авсан тоног төхөөрөмжийг Монгол улс руу оруулж ирэхэд гарсан гааль тээврийн зардалд нийт 5,422,660 төгрөг, мөн Хятад улс руу тоног төхөөрөмж авахаар хоёр удаа явахад гарсан замын зардал, хоол унд, буудлын зардал нийт 4,495,943.5 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцаа 1,500,000 төгрөг, ажлын байрны 1 сарын түрээс 3,500,000 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахаар Транскапитал ББСБайгууллагаас 7 сая төгрөгийн зээл авсан бөгөөд түүний хүү 2 сая төгрөг, нийт 59,335,928.1 төгрөгийн зардал надаас гарсан. Дээрх тоног төхөөрөмж худалдаж авахад Н.Б оос мөнгө гараагүй, би бүх зүйлийг дангаар худалдан авсан.  ...Миний худалдан авсан фитнесийн тоног төхөөрөмжөөр Н.Б нь 3 жил эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж ашиг олсон. Иймд би тухайн тоног төхөөрөмжийн үнэ, худалдан авахад зарцуулсан зардал зэргийг шингээсэн одоогийн зах зээлийн үнэ болох шинжээч Капитал зууч ХХК-ний үнэлсэн 63,685,562 төгрөгийг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5,157,890 төгрөг, Н.Б оос гаргуулахаар шаардаж байна.

Мөн  Н.Б ын үйл ажиллагаа явуулж байсан ажлын байрны барьцааны төлбөр 1,000,000 төгрөг, ажлын байрны түрээс 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсний төлбөр 200,000 төгрөг, нийт 74,043,452 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.

Хариуцагч Н.Б нь “...би худалдааны гэрээний дагуу тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31,060 юаныг, мөн 50,000 юаныг тус тус төлсөн. ...гааль болон бусад зардлыг би төлсөн....” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлав.

Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээс үзэхэд Н.Б, М.Ц нар нь ,,,,,,,хамтран амьдрах хугацаандаа Хятад улсаас болон Монгол улсаас дээрх фитнесийн тоног төхөөрөмж болон бусад эд зүйлсийг худалдан авсан болох нь тогтоогдож байна.

Иймд зохигч болох Н.Б, М.Ц нарын хамт амьдарч байх хугацаанд бий болсон маргааны зүйл болох дээрх фитнесийн тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.8-т “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу М.Ц нь өөрт ноогдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нар нь БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Худалдааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 118,368  юанийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахаар тохиролцож, БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, суултын төхөөрөмж 1 ширхэг, цээж шахалтын вандан 1 ширхэг, тэмээ төхөөрөмж 5 үйлдэл 1 ширхэг, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж 1 ширхэг, цээж эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, гар штанг 5 ширхэг, 6 хавчуургатай 4 өнгийн диск, цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг, нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6024 босоо налуу вандан 2 ширхэг, TZ-6025 гарын 2 толгойт булчин, TZ-6026 нуруу гэдийлт төхөөрөмж 1 ширхэг, TZ-6027 хэвлийн вандан 2 ширхэг, TZ-6030 цээж тэгш налуу вандан 1 ширхэг, TZ-6031 тэгш вандан 1 ширхэг, TZ-6051 суултын төхөөрөмж 1 ширхэг, TZ-6062 цээж шахах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6064 нуруу урдаас татах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6066 хөл гуяны жийлт төхөөрөмж 1 ширхэг, TZ-8011 гар штанг 5 ширхэг, .... штангын гол 2 ширхэг, 1*28 таталтын олс 2 ширхэг, 1*6 таталтын бариул 2 ширхэг, .... бөөрөнхий дэгээтэй бариул 2 ширхэг, ... ком гантелийн суурь 1 ширхэг зэргийг эд зүйлийг,  мөн БНХАУ-ын Эрээн хотоос хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, Улаанбаатар хотоос гүйлтийн зам 2 ширхэг, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг зэрэг тоног төхөөрөмж, эд зүйлс худалдан авсан талаар маргаагүй болно.

Харин талууд тухайн тоног төхөөрөмж эд зүйлийг худалдан авахад хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаар маргасан болно.

Дээрх Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн ХХК-иас авсан 118,368  юанийн үнэтэй тоног төхөөрөмжөөс нэхэмжлэгч М.Ц гийн өмчлөл, эзэмшил ашиглалтанд спинингийн 15 ширхэг дугуй, иогийн хувцас хэрэглэл, гантелийн сет...зэрэг нийт 34,558 юаний үнэтэй эд зүйл байгаа бөгөөд үлдэх 83,810 юаны үнэтэй эд зүйл тоног төхөөрөмж нь хариуцагч Н.Бын эзэмшил ашиглалтанд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн ХХК-иас авсан тоног төхөөрөмжийн үнэ118,368  юанийн урьдчилгаа 31,060 юаныг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр М.Ц , үлдэгдэл 87,308 юаныг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр ББСБайгууллагаар дамжуулан М.Ц 21,055 юань, 16,253 юань  /1-р хх-45-46/-ийг , хариуцагч Н.Б нь 50,000 юань /хх-47/-ыг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 403140853 тоот данснаас 15.000.000 төгрөгийн зарлага хийсэн /хх 16, 193-194/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Транскапитал ББСБ-аас 7.000.000 төгрөг зээлсэн /хх 22-42/, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5026489336 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийн зарлага хийсэн /хх 43/, эх Х.Нанжидсүрэнгээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн /хх 44, 121-122/ үйл баримтууд нь цаг хугацааны хувьд БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авч, төлбөрийг төлсөн хугацаатай таарч байгаа ба хариуцагч Н.Б нь “...урьдчилгаанд төлсөн 31,060 юанийг төлсөн” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч үүнийгээ нотолж чадаагүй, М.Ц энэхүү мөнгийг төлсөн гэдгийг үгүйсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч Н.Б нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоног төхөөрөмжийн үнэд 50.000 юань буюу 15.747.500 төгрөг шилжүүлсэн болох нь Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт /хх 45-47/-аар тогтоогдсон бөгөөд гэрч Г-н Н.Б-д 2015 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөг зээлдүүлсэн, тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлээд зээлсэн /хэргийн 2 хавтас 37/ гэх мэдүүлэг, хариуцагч Н.Б ын эзэмшлийн ХААН банк дахь 5045399379 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийн орлого хийгдсэн /хх 26/ үйл баримт нь цаг хугацааны хувьд таарч байна. Нэхэмжлэгч М.Ц нь “...50,000 юанийг би төлсөн, Н.Б л гарын үсэг зурсан...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

Иймд тоног төхөөрөмжийн үнэ 118,368 төгрөгөөс нэхэмжлэгч М.Ц нийт 68,368 юанийг, хариуцагч Н.Б 50,000 юаныг тус тус төлсөн байна.

Нэхэмжлэгч М.Цгийн төлсөн 68,368 юаниас өөрийн өмчлөлд үлдээсэн эд зүйлийн үнэ 34,558 юанийг хасаж, үлдэх 33,810 юань буюу 10,648,459.5 төгрөг /1 юань=314.95/ төгрөгийг хариуцагч Н.Б оос гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ц нь “...Н.Бын эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийг авч ирэхэд гааль тээврийн зардал, хоол унд буудал замын зардал зэрэг зардал гарсныг би төлсөн. Мөн Н.Б нь тухайн тоног төхөөрөмжийг ашиглан 3 жил ашиг орлого олсон. Мөн энэ тоног төхөөрөмжийг зарж худалдахад энэ бүх зардал орж тооцогдох тул Капитал зууч ХХК-ний дүгнэлтээр тогтоосон тоног төхөөрөмжийн  зах зээлийн ханш 63,685,562 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд тухайн тоног төхөөрөмжийг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, мөн тухайн тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан бодит зардлыг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцон гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан бусад зардлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.                                                   

 

            Хавтас хэрэгт авагдсан баримтаар тээврийн зардал 6800 юань буюу 2,142,000 төгрөг /хх-51/, татварын баримт 989,430 төгрөг  /хх-53/, гаалийн татвар 993,030 төгрөг,  гаалийн бүрдүүлэлт 94,000 төгрөг /хх-55/, бүрдүүлэлт хийхэд орчуулгын хөлс 6000 төгрөг /хх-56/, Гаалийн хяналтын бүсийн хураамж 5000 төгрөг /хх-57/, Эрээнээс Замын-Үүд тээврийн зардал 3800 юань буюу 1,200,000 төгрөг /хх60/, хаягны үнэ 300,000 төгрөг, толь хүрээ 463,000 төгрөг, хяналтын камер 350 юань буюу 110,232.5 төгрөг /1 юань=314.95/, микрофон 480 юань буюу 151,176 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 141,727.5 төгрөг, трасформатор 150 юань буюу 47,242.5 төгрөг /хх-78/, орчуулга 5000 төгрөг,  нэг хүний хоолны зардал 127,057.7 төгрөг, УБТЗамын 0521669 дугаартай зорчих эрхийн тасалбар 22,850 төгрөг /хх-102/, бусад зардал-84,000 төгрөг, Монгол улсад ирээд худалдан авсан гүйлтийн зам 2 ширхэг нийт 3,000,000 төгрөг /хх-61/, LGбрэндийн хөгжим 999,990 төгрөг/хх-63/ бүгд  10,881,736.2 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц төлсөн болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

     Харин хавтаст хэргийн 80-83 дугаар талд бий УБТЗамын тасалбарын төв орлогын тооцооны тасалбарт байгууллагын тамга тэмдэг байхгүй , 86 дугаар талд бий Бээжингээс Замын үүд хүртэл явсан автобусны билет гэх баримтад тасалбарын үнэ, зорчигчийн нэр байхгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

    

Зохигч талууд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороо 41 дүгээр байрны оффис үйлчилгээний төвийн 2,3 дугаар давхарын талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба уг түрээсийн ажлын байрны барьцаанд М.Ц нь 1,000,000 төгрөг төлсөн гэдгийг хариуцагч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг ба харин түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг нэхэмжлэгч М.Ц төлсөн гэдгийг хариуцагч Н.Б хүлээн зөвшөөрдөггүй.

Нэхэмжлэгч М.Ц түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох  баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Боос түрээсийн барьцаа 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нар нь Транскапитал ББСБ-гаас 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлж авсан ба дээрх зээлийн төлбөрийг нэхэмжлэгч М.Ц төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Ц нь зээлж авсан 7,000,000 төгрөгийг дээрх тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан ба тухайн 7,000,000 төгрөгийн хүүнд 2,000,000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.,,,,, заасны дагуу нэхэмжлэгч М.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Бын эзэмшилд буй тоног төхөөрөмж, эд зүйлийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 802 захирамжид ....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар шинжээч томилсонтой холбогдон гарсан зардлыг хүсэлт гаргагч нэхэмжлэгчээр төлүүлэхээр заасан байх тул шинжээчийн зардал 200,000 төгрөгийг хариуцагч Н.Б оос гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч Н.Боос гэрээний дагуу худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 33,810 юань буюу 10,648,459.5 төгрөг, Эрээн, Монголоос худалдан авсан эд зүйл болон бусад зардал нийт 10,881,736.2 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцаа 1,000,000 төгрөг, бүгд 22,530,195.7 төгрөг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал “...тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4719 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М.Ц гийн дээрх шаардлагыг татан авсныг баталж шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан нь нэхэмжлэгчийн татгалзалтай адил байх учир энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж татгалзлаа тайбарласан.

Нэхэмжлэгч М.Ц нь “...шүүхэд гаргасан нэхэмжлэлээ түр татан авч, хэрэгт эх хувиар нь өгсөн нотлох баримтуудаа авч хуулбарыг нь үлдээх хүсэлтэй байна” гэж хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4719 дугаартай захирамжаар хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч М.Ц нь Н.Б д холбогдуулан гаргасан “Хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн байрнаас албадан гаргуулах, өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг Н.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлээ татан авсныг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Шүүх М.Ц гийн нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох " 74,043,452 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шийдвэрлэж байгаагүй байх тул хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Н.Б нь ...дээрх тоног төхөөрөмж эд зүйлсийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан ...гэх үндэслэлээр өөрийн эзэмшил ашиглалтанд буй 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөх эрхийг тогтоолгохоор шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Талуудын маргаж буй фитнесийн тоног төхөөрөмж эд зүйлс нь тэдний хамтын амьдралын хугацаанд бий болсон бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан зохигчдын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.Б ын өмчлөлд дээрх тоног төхөөрөмж, эд зүйлсийг үлдээж, харин тоног төхөөрөмжийн үнийг гаргуулахаар шаардсан болно.

Иймд хариуцагч Н.Бын гаргасан “ 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Мөн Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч М.Ц д холбогдуулан өөрийн өмчлөлийн 4 ширхэг гүйлтийн замны хянах самбарыг эвдэж, буйдан болон фитнесийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тастсаны хохирол 882.680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... Би өөрийн эд хөрөнгө болох гүйлтийн замны хянах самбар, буйдан болон тоног төхөөрөмжүүдийн сандын бүрээсийг буцаан авсан. Учир нь би урамшуулалд авсан өөрийн гүйлтийн замны хянах самбарыг Бын гүйлтийн замд тавьсан байсан. Мөн Б ын фитнесийн тоног төхөөрөмжийн сандал болон буйдангийн бүрээс нь хуучирч муудсан байсныг би материалыг нь худалдан авч, ажлын хөлсөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулах эрх өгч оёулсан. Иймээс би түүний эд хөрөнгөнд хохирол учруулаагүй гэж тайлбарладаг.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Ц гийн дээрх тайлбар нь гэрч Ц.Лхагвасүрэнгийн ... 2 гүйлтийн зам нь ерөнхийдөө хуучин, хянах самбар нь ажиллагаа муутай, гүйхэд төвөгтэй гэнэт ажиллаж байгаад зогсдог гэх мэдүүлэг /хх 124/, гэрч С.Отгонбаярын ... 2 том, 3 жижиг тоног төхөөрөмжийн бүрээсийг М.Ц оёулсан. Материалыг нь Ц өгсөн, төлбөрт нь М.Цгийн спиннингт нь 3 сар үнэгүй явсан гэх мэдүүлэг /хх 125/, гэрч С.Туяагийн ... М.Ц дээр үеийн хуучин хаяхаар болсон буйданг засаж оёулсан, материалаа өөрөө авч ирсэн. Ажлын хөлсөнд нь спиннинг болон аэробект 3 сар үнэгүй явахаар болсон гэх мэдүүлэг /хх 127/, буйдан болон тоног төхөөрөмжийн сандлын бүрээсний материалыг худалдан авсан зарлагын баримтууд /хх 92/ зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч тал уг үйл баримтыг болон нэхэмжлэгчийн шүүхэд цуглуулж өгсөн бичгийн баримтыг няцааж чадаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай гомдлын хариу өгөх тухай мэдэгдэх хуудас /хэргийн 1-р хавтас 181, 2-р хавтас 87/ зэргээс үзэхэд М.Ц д холбогдуулан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гэм хорын хохирол нөхөн төлүүлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд, дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Н.Б оос 22,530,195.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 51,513,256.3 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч НБ 22,530,195.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 51,513,256.3 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,780 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,274 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б оос 270,601 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц д олгосугай.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5990 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА

 

 

                                                                                            Д.АЛТАНТУЯА

 

 

                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ