Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0367/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч С.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ахиа овогт Сумъяа гийн Ганхуяг т холбогдох эрүүгийн 2218000000398 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ахиа овогт Сумъяа гийн Ганхуяг /РД: ТД88070977 / 1988 оны 07 дугаар сарын 09 -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 , аав ээж ийн хамт Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Ширээ нуруу ны 3-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч С.Ганхуяг ийг 2022 оны 09 дүгээр сарын 04 болон 09 -ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг Оргил хотхоны ойролцоо газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 12 -ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт биедээ 14 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Ганхуяг ийн өгсөн:  Би 2022 оны 09 дүгээр сарын 04 -ний өдөр найзындаа хоол идэх гэж очсон. Очих замдаа хар тамхины ургамал ургасан байхаар нь жаахныг түүж авсан. Театрт ажилладаг Соёмбоо гээд найз маань соёлын тэргүүний ажилтан болсон гэхээр нь ажил дээр очсон. Тэнд жаахан бужигнаж байгаад орой нь Соёмбоо гийн гэрт очсон. Соёмбо уусан байсан учир унтаад өгсөн. Нойр хүрэхгүй сэрвэгнээд байхаар нь шөнө 12 өнгөрч байхад нөгөө газраа очиж хар тамхины ургамал түүгээд буцаж ирсэн. Түүсэн ургамлынхаа талыг буузны жигнүүр дээр тавьж хатаагаад үлдснийг нь цонхны тавцан дээр үлдээсэн. Өглөө нь Соёмбо босоод энэ юу юм бэ? гээд надаас асуухаар нь би өчигдөр орой түүсэн юм гэсэн. Хэд хоногийн дараа Соёмбо над руу залгаад театрын хажуу талын Хаан банк дээр хүрээд ир гэхээр нь очсон чинь 2 цагдаатай байж байсан гэх мэдүүлэг.

        

Мөрдөн байцаалтад:

2022 оны 09 дүгээр сарын 12 -ны өдрийн: ...С.Ганхуяг нь дээгүүрээ хар өнгийн савхин богино хүрэмтэй, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар саарал өнгийн цамцтай, хар өнгийн пүүзэн гуталтай байв. Иргэн С.Ганхуяг нь биед байгаа эд зүйлээ гаргаж ирэх үед хар өнгийн савхин хүрэмний баруун талын халааснаас нь уутанд хийсэн хатаасан өвс, цэнхэр улаан өнгийн нарийн гуурсан хоолой, тугалган цаас гаргаж ирж тавьсан. Мөн дахин хар өнгийн савхин хүрэмний дотор талын халааснаас хүрэн өнгийн нүдний шил, 0,5 грммтай цэнхэр өнгийн хоёр талдаа цоорсон нүхтэй ундааны сав гаргаж ирж тавьсан болно. С.Ганхуяг ийн хувцас биенээс нь гарч ирсэн хэрэгт ач холбогдол бүхий 14 грамм ургамал, 0,5 грамм бүхий хоёр талдаа цоорхой, хүрэн зүйлээр бохирлогдсон цэвэр усны сав, тугалган цаас, улаан цэнхэр өнгийн соруул зэргийг хураан авсан болно... гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

 

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: ...11.9 грамм ургамал, мөнгөлөг цаас нэг ширхэг, 0,5 грамм хуванцар сав, цаасаар ороож хийсэн цэнхэр шар өнгийн соруул зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/

 

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн: С.Ганхуяг ийн биеэс биологийн дээж авахад ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/,

 

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн: ...С.Ганхуяг нь ургамал түүсэн газраа зааж өгөв... гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,

Гэрч Г.Соёмбын өгсөн: Би энэ ургамалыг хаанаас түүсэн талаар сайн мэдэхгүй. Надтай хамт ажилладаг С.Ганхуяг гэх залуу түүж ирсэн. Тэр залуу байнга хэрэглэдэг юм шиг байна лээ. 2022 оны 09 дүгээр сарын 09 -ний өдөр С.Ганхуяг манай гэрт хоносон. Тэгтэл нэг хатаасан ургамал гаргаж ирээд жижиг тунгалаг цаасан дээр хатаасан ургамалаа хийгээд татаад байсан. Намайг үзэх үү гэхээр нь ганц нэг татаж үзсэн байгаа. Харин 2022 оны 09 дүгээр сарын 10 -ны өдөр С.Ганхуяг бид хоёр цуг архи ууж байгаад би согтоод унасан хойгуур манай гэрт С.Ганхуяг нөгөө ургамалаа баахан түүгээд хатааж байсан юм байналээ. Би сэрээд харахгүй гарч яваад 9 дүгээр сарын 11 -ний өглөө Ганчимэг ийг дагуулаад ирэхэд нөгөө ургамалаа хатаагаад орхисон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч Б.Цэрэннадмид ын өгсөн: Миний хүү С.Ганхуяг нь зөөлөн талдаа хүүхэд байгаа юм. Бид нарын үгэнд ордог дуулгавартай хүүхэд байгаа юм. Ийм байдалд орсныг нь мэдэхгүй байж байгаад сая л мэдэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 24/  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03 -ны өдрийн ... дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, хуванцар сав, цэнхэр алаг өнгийн нарийн хуйлсан зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, хувцацар сав, цэнхэр алаг өнгийн нарийн хуйлсан зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13,9 грамм, цэвэр жин нь 11,9 грамм шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 11,6 грамм болов гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрийн ... дугаартай: С.Ганхуяг /.... / гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн С.Ганхуяг / ... / гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/

 

2022 оны 10 дугаар сарын 19 -ний өдрийн С.Ганхуяг нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл болно гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан 11.9 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг, 0,33 литрийн хэмжээтэй хувцанцар сав 1 ширхэг, цэнхэр шар өнгийн соруул 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Ганхуяг нь 2022 оны 09 дүгээр сарын 04 болон 2022 оны 09 дүгээр сарын 09 -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Оргил хотхоны ойролцоо газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 12 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт биедээ цэвэр жин нь 14 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ганхуяг нь 2022 оны 09 дүгээр сарын 04 болон 09 -ний өдрүүдэд Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг Оргил хотхоны ойролцоогоос  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агуулмж бүхий ургамалыг түүж хатаан хэрэглэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 12 -ны өдөр өөрийн хүрэмний халаасанд 14 граммийг авч явсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч С.Ганхуяг ийн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг түүж, хатаасан, биедээ авч явсан зэрэг үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Ганхуяг ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Ганхуяг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.  

Шүүгдэгч С.Ганхуяг нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 11.9 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг 0,33 литрийн хувцанцар сав 1 ширхэг, цэнхэр шар өнгийн соруул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахиа овогт Сумъяа гийн Ганхуяг ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ганхуяг т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуяг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.9 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг, 0.33 литрийн хуванцар сав 1 ширхэг, цэнхэр шар өнгийн соруул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ганхуяг т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ганхуяг т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР