Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ХХХ-д холбогдох,

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “С” ХХК,

 

            2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: ................................ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьцаа эзэмшигч В/W/ ..................... дугаар хороонд Са төслийн захиалагч “Си” ХХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг бөгөөд тус компани нь 2015 онд төслийг бүрэн гүйцэтгэж дууссан байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “С” ХХК нь ажилласан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэлийн төлбөрийн асуудал үүсэхэд захиалагч “Си” ХХК болон тодорхой хэмжээний хувьцааг эзэмшигч БНХАУ-ын иргэн В/W/, гүйцэтгэгч “С” ХХК-ийн хооронд барилгын ажлын гүйцэтгэлийн өр төлбөрийг барагдуулах гурвалсан гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр 13.812.109 юаниас 9.549.934 юанийн төлбөрийг В хариуцаж төлөхөөр үүрэг хүлээсэн. Үүний дараа “С” ХХК нь Ван И Хонгоос удаа дараа өгөх мөнгөний баталгаа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд өөрийн “Ж” ХХК-иар “С” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г байгуулж, тухайн гэрээнд компанийн гүйцэтгэх захирал Я/Y/ гарын үсэг зурж, тамга дарж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл дээрх байгуулсан гэрээ нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй”, 3.3-т “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.” гэж зааснаар компанийн үйл ажиллагаанд өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр шийдвэр гарган оролцдог учраас мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.” гэж заасныг зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэхээр байна. Харин ................ дүүргийн тойргийн нотариатч ХХХ-ны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг дараахь байдлаар зөрчсөн. Үүнд: 1. Нотариатчаас үйлчлүүлэгч компанийг төлөөлж буй этгээдийн хувийн байдлыг хуульд нийцэж буй эсэхийг шалгаж тогтоогоогүй тухайд уг гэрээний нэг тал “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ү нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тоот ажилд томилох тушаалаар БНХАУ-ын иргэн S-г “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна”, 11.1.10 “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт” гэж зааснаар компанийн хувийн хэргийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол мөн хуулийн 11.3 “Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаар “С” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой заалтыг зөрчсөн. Мөн Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар энэхүү баталсан гэрээнд заасан төлбөртэй холбоотой асуудал нь уг хуулийн заалтын их хэмжээний төлбөртэй холбоотой асуудал учраас заавал хувьцаа эзэмшигч /хувьцаа эзэмшигчдийн хурал/ буюу төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл олгох ёстой байдаг. Иймээс тухайн гэрээг гэрчилж буй нотариатчаас Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох”, 21.1.2 “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах”, 46 дугаар зүйлийн 46.4 “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5 “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана”, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.6, 4.8 дахь заалтуудыг зөрчсөн байна. 2. Нотариатчаас Нотариатын тухай хуулийн талуудын тэгш эрхийг хангаж гэрээг гэрчлээгүй тухайд Нотариатч нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчлэх үед “Ж” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Y W, “С” ХХК-ийг төлөөлж БНХАУ-ын иргэн S төлөөлсөн байдаг. Дээрх компаниудыг төлөөлж буй хүмүүс нь гадаад улсын иргэд байсан бөгөөд дээрх гэрээний үр дагавар, бодит нөхцөл байдал, мэргэжлийн хуульчийн зөвлөгөөг аваагүйгээр энэхүү гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Харин нотариатчийн зүгээс Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар дээрх гэрээний талуудыг төлөөлж буй гадаад улсын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү хууль зүйн зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлснээ баталгаажуулж мөн хуулийн 34 дүтээр зүйлийн 34.2.2, 46 дугаар зүйлийн 46.6, Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.9-д зааснаар тэмдэглэлд энэ талаар тусгаагүй. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдээс гадна нотариатч нь: Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нотариатчийн гэрчлэх ёстой гэрээ, хэлцлийг тодорхой заасан байхад үүнд заагдаагүй гэрээ, хэлцлийг баталсан. Тухайн баталсан гэрээний үндсэн эх хувь болох хятад хэл дээрх гэрээний монгол хэлний орчуулга нь зөрүүтэй байхад энэхүү нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр гэрээ, хэлцлийг баталсан зөрчлүүдийг мөн гаргасан. Уг хууль зөрчиж нотариатчийн баталсан гэрээ, хэлцлээс шалтгаалан өнөөдрийн байдлаар “С” ХХК нь манай компаниас ихээхэн хэмжээний төлбөрийг нэхэмжилж, манай компанийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шаардаж, үндэслэлгүйгээр ихээхэн хэмжээний хүү, алданги, торгуулийг нэхэмжилж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, их хэмжээний хохирол учрахад хүргээд байна. Иймд .............. дүүргийн тойргийн нотариатч ХХХ-ны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч ХХХ- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны  8 дугаар сарын 19-ний өдөр захиалагч Ж ХХК, гүйцэтгэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирлууд болох Y W, S, орчуулагч Э.Г нар Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг гэрчлүүлэхээр ирсэн. Тухайн бичиг баримтуудыг үзэхэд хятад, монгол хэл дээр хийгдсэн компанийн тамга тэмдгүүд дарагдсан байсан. Са төслийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл байсан. Гэрээний агуулгаас үзвэл Ж ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-нд тухайн төслийн ажлыг хүлээгээд авчихсан, өнөөдрийг хүртэлх ажил гүйцэтгүүлсний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй энэ тал дээрээ хэлцэл хийгдсэн, өмнө нь захиалагч Си ХХК, БНХАУ-ын иргэн W Y, гүйцэтгэгч С ХХК-ийн хооронд барилгын ажлын гүйцэтгэлийн өр төлбөрийг барагдуулах 13.812.109 юань төлөхөөс W Y 9.549.934 юань төлж барагдуулахаар үүрэг хүлээж гурвалсан гэрээг байгуулсан тухай нэхэмжлэлд дурдагдсан байна. Харин 9.549.934 юань төлөхөөр үүрэг хүлээсэн W Y нь харин ч 8.631.000 юанийг өөрийн үүсгэн байгуулсан Ж ХХК-р үүрэг хүлээж төлөхөөр нэмэлт хэлцлийг С ХХК-тай байгуулсан. Ж ХХК, С ХХК-ууд нь эрх зүйн чадварын хувьд өөрийн гэсэн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан компани байсан. Төлбөр төлөгч Ж ХХК нь гүйцэтгэх захирлаараа БНХАУ-ын иргэн Y W-ийг томилж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээнд тэмдэглүүлсэн. Харин С ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Ү 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 23 тоот ажилд томилох тушаалаар БНХАУ-ын иргэн S-г гүйцэтгэх захирлаар томилж компанийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх, компанийн үйл ажиллагааг удирдах, компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгон гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байсан. Тухайн хэлцэл нь хуулинд заасан заавал гэрчлэгдэх гэрээ хэлцэл биш бөгөөд хоёр тал гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр. Гагцхүү хоёр тал хүсэлт гаргасан учир нотариатч гэрчилсэн. Гэрээ, хэлцэл нь өөрсдийнх нь хэл буюу хятад хэл дээр хийгдсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан өөрсдөө бүгдийг мэдэж ойлгож хүсэж хийсэн гэрээ гэж үзэхээр байгаа. Зөвхөн гарын үсэг зурах, үр дагаврыг тайлбарлаж өгснийг орчуулагч Э.Г хэлмэрчилсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс харахад төлбөр төлөхгүй байх ямар арга байна вэ гэдгийг л хайж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Гэрээ хийсэн гүйцэтгэх захирлууд бүгд биеэрээ ирсэн. Бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ өөрсдөө зурцгаасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж ХХК, С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэх, мөн уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Н.Ү нь гэрээ байгуулах эрхийг БНХАУ-ын иргэн S-д олгосон бөгөөд энэ эрхийнхээ дагуу дээрх гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч тал нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэрээ гэж үзжээ. Энэ нь компани нь хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг шилжүүлсэн /батлан даалт, барьцаа, өр шилжүүлэх гэх мэт/ гэрээ байгуулах нь Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ гэж үзэж байна. Ж ХХК нь уг нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь хугацаа авах зорилготой байсан гэж үзэж байна. Учир нь С ХХК нь Ж ХХК-иас гэрээний дагуу төлбөрөө шүүхээр нэхэмжилж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 101/ШШ2019/00354 шийдвэрээр С ХХК-ийн нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг ханган шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХ-д холбогдох, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний нэг тал болох С ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох С/S/ гэрээнд гарын үсэг зурсан байхад нотариатч компанийг төлөөлж буй этгээдийн хувийн байдлыг хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаагүй, мөн нотариатч нь гэрээний талууд гадаад улсын иргэд байхад хууль зүйн зөвлөгөө өгсөн талаарх тэмдэглэл үйлдээгүй, Нотариатын тухай хуульд заасан гэрчлэх ёстой гэрээ хэлцэлд заагдаагүй хэлцлийг баталсан, гэрээний эх хувь болох хятад хэл дээрх нь монгол хэлрүү орчуулснаас зөрүүтэй байсныг тодруулалгүй гэрчилсэн” гэснийг хариуцагч ХХХ- хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, талууд мэтгэлцжээ.

 

“Ж” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Я/Y W/, “С” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С/S/ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-ний үнэн зөвийг Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар .............. дүүргийн тойргийн нотариатч ХХХ- гэрчилжээ.

 

Уг гэрээний нэг тал болох “С” ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг Н.Үүрийнцолмон, 20 хувийг Сун Донг Кианг /Sun Dongqiang/ эзэмшидэг болох нь хавтаст хэрэгт авагдсан компанийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд С ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар “Ажилд томилох тухай” шийдвэрээр БНХАУ-ын иргэн С/S/-г гүйцэтгэх захирлаар томилсны дагуу Снь “С” ХХК-ийг төлөөлж “Ж” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г байгуулсныг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 25 дугаар зүйлийн 25.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХ-д холбогдох, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХ-д холбогдох, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Са төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД