| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03468/И |
| Дугаар | 183/ШШ2019/00862 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2019/00862
| 2019 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2019/00862 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Д-д холбогдох,
Хариуцагч: О.Б д холбогдох,
Гэм хорын хохиролд 6.213.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ............. дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаар захирамжаар эрүүгийн ............. дугаартай хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Б миний бие нь шүүгдэгч С.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 3.500 ам.доллар буюу 6.213.550 төгрөгөөр хохирсон болохыг тогтоосон. Шүүгдэгч С.О- нь эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээр дурдагдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүмүүсээс гаргаагүй болно. Талийгаач С.О-од ногдох хөрөнгийг түүний эхнэр П.Д-, охин О.Б нар өвлөсөн бөгөөд Ш.Б- надад учирсан гэм хорын хохирлыг П.Д-, О.Б нар хариуцан төлөх ёстой. Эрүүгийн ............. дугаартай хэргийн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын .............-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолоор С.О-ын өмчлөлийн Улаанбаатар хот, .................. дугаартай хаягт байрших улсын бүртгэлийн .................. дугаартай орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар гэмт хэргийн улмаас Ш.Б-т учирсан гэм хорын 6.213.550 төгрөгийн хохирлыг .................. тоот хаягт байрших 3 өрөө орон сууцны С.О-од ногдох хөрөнгийг өвлөж авсан П.Д, О.Б нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.О бид хоёр гэр бүлээ цуцлуулаад 5 жил болж байгаа. Нэхэмжлэгч Ш.Б нь талийгаач С.О-од хэзээ, хаана хэдэн төгрөг өгснийг бид мэдэхгүй. Талийгаач С.О-той холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Ш.Б-ийн нэхэмжилж буй гэм хорын хохирлыг бид хариуцан төлөх ёсгүй. Мөн би ..................тоот орон сууцыг өв залгамжилж аваагүй. С.О- нь Ш.Б-т гэм хор учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч О.О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний аав талийгаач С.О нь 2010-2013 онуудад хэсэг бүлэг хүмүүст луйвардуулж байхдаа арга буюу өөрийн болон гэр бүлийн нэр дээр байсан бүхий л өмч хөрөнгөө зарсан тул нас барсны дараа надад ямар ч өв хөрөнгө өвлөгдөөгүй болно. Нэхэмжлэгч Ш.Б нь талийгаач С.О-од хэзээ, хаана хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй. Талийгаач С.О-той холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний аав талийгаач С.О-, ээж П.Д- нь 2014 онд салж, үүнээс хойш би ээжийн хамт тусдаа нагац эгчийнхээ байранд амьдарч байгаа зэргүүдээс үндэслэн нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжилж буй гэм хорын хохирлыг бид төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, П.Д-, О.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 6.213.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...С.О- нь Ш.Б-ээс 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 3500 ам.доллар буюу 6.213.550 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.О- нь нас барсан тул Ш.Б-т учирсан гэм хорын хохирол болох 6.213.550 төгрөгийг С.О-ын өмчлөлийн ..................тоот орон сууцыг өвлөж авсан эхнэр П.Д-, охин О.О.Б нараас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ............. дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ............. дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаар захирамжаар “...шүүгдэгч С.О-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О- нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Мөн ........................... тоот орон сууцны өмчлөгчөөр Ч, М, А, С.О, П.Д, О.Б нар бүртгэлтэй байх бөгөөд 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ............... тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны эрх хязгаарлах тогтоолоор тус тус түдгэлзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ............... дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар нотлогджээ.
Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч С.О-од ногдох хэсгийг болон С.О-ын өөр бусад эд хөрөнгийг түүний охин О.О.Б , эхнэр байсан П.Д- нар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3, 520 дугаар зүйлийн 520.1, 531 дүгээр зүйлийн 351.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар өвлөн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд Нийслэлийн Архивын газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ........... дүгээр албан бичиг, Монголын нотариатчдын танхимын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ........... дугаар албан бичгээр “...С.О-ын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэсэн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т “өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Б- нь гэм хорын хохиролд 6.213.550 төгрөгийг хариуцагч П.Д-, О.О.Б нараас мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр П.Д-, О.О.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 6.213.550 төгрөг гаргуулах тухай Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т заасныг баримтлан Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, П.Д, О.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 6.213.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Ц.ОЮУНБИЛЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ