Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 102/2016/04943/И/ |
Дугаар | 313 |
Огноо | 2018-01-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 313
Л.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02291 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ч-д холбогдох
Байгууллагад учруулсан хохирол гэх 202 606.85 ам.доллар буюу 449 716 295 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Б-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нямдорж,
Хариуцагч: Ж.Ч-,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэрэл холдинг” ХХК нь 2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Тахь ко” ХК-иас хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллахыг хүссэн албан бичиг ирүүлсэн тул гэрээ байгуулах, банкнаас их хэмжээний зээл авах “Энэрэл холдинг” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх асуудлыг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, Компанийн дүрмийн 7.3.4, хөдөлмөр менежментийн гэрээний 8.4-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах шаардлагатай байсан боловч ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, шийдвэр гаргуулаагүй байж дур мэдэн дээрх гэрээг байгуулж, хууль болон гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тул түүнийг хөдөлмөрлөх үедээ байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж учирсан хохирлоо Ж.Ч-гээс гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Ж.Ч-тэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 8.3-т “ТУЗ-өөс тухай бүр олгодог их хэмжээний хэлцлээс бусад хэлцлийг бие дааж хийнэ” гэснийг мэдсээр байж их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй учраас түүний энэ үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд хэлцлээс үүдэн гарсан үр дагаврыг хариуцан арилгах ёстой. Хөдөлмөр менежментийн гэрээний дагуу “Тахь ко” ХК-ийн өмнө хариуцлага хүлээж, “Энэрэл холдинг” ХХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авах нь шударга ёсонд нийцнэ. Хариуцагч нь гэрээ байгуулахдаа эдийн засгийн үр ашгийг тооцож, тооцоо судалгаа хийгээгүй, байдалтай байсан. Энэ нь түүний асуудалд ямар байдалтай хандсаныг харуулж байгаа бөгөөд ямар ч удирдах албан тушаалтан байгууллага алдагдалд оруулах гэрээ хийдэггүй. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд их хэмжээний хэлцлийг хууль, гэрээний заалт зөрчиж хийсэн хариуцлага хүлээх нь зүйтэй. Ж.Ч-, “Тахь ко” ХК-ийн хооронд үүссэн асуудал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан болно. Тухайн үед “Хас банк” ХХК-иас 158 ам.долларын зээл авахдаа банкны барьцаанд тавьсан компанийн үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбийн гудамж 22-2 тоотод байх, дэлгүүр засварын зориулалттай барилгын үнэ 254 000 000 төгрөг байсан бөгөөд барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн “Тахь ко” ХК-ийн нийт хөрөнгийн 32,3 хувийг эзэлж байсан нь “Инстар аудит” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр их хэмжээний хэлцэл болох нь тогтоогдож байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахдаа “Тахь ко” ХК-ийн ТУЗ-өөс зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болдог. Түүнээс 2008, 2009, 2010 оных биш, 2007 оны тайлан баланс яригдана. Гэрээ хийхдээ тухайн үед үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу жилийн тайлан баланс 12 дугаар сарын 31-ний өдрөөр, болон улирлаар гардаг байсан. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй. Ингээд асуудлыг хэлцэл хийх сүүлийн активын нийт дүнг тогтоодог. Активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө орж байгаа. Хариуцагч баланс тогтоосон дүн дээр маргадаг. Зах зээлийн үнийн дүн хэзээ тодорхойлогддог бэ гэхээр аудитын тайлан болон мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байсан тайлан балансаар тодорхой зааж өгсөн. Балансан дээр анх худалдаж авсан үнийн дүн, элэгдэж хорогдсон үнийн дүнг хассан дүн байдаг. Ийм учраас гарцаагүй барьцаалсан болон зээлийн үйл ажиллагаа нь нотлох баримтуудаар 25 хувиас дээш байна гэдгийг тогтоосон. Үүнийг мэргэжлийн хяналт болон шинжээчийн дүгнэлтүүдийг хариуцагч няцааж чадаагүй. Аудитын тухай хууль болон шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ 25 хувиас хэтэрсэн гэдэг нь тодорхойлогдож байгаа. Ж.Ч- гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа гэрээ буюу зээлийг авахдаа бүх эрх мэдлийг ашиглаад ТУЗ-д мэдэгдэхгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн нь шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд хөдөлмөрийн, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага оногдуулна” гэж заасан. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан. Хөдөлмөрийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгөтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан бөгөөд гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 9.10-д захирал өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан бол учруулсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө өөрийн эд хөрөнөөр хариуцлага хүлээнэ. Мөн гэрээний 9.12-т “захирал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болно” гэж заасан. Ийм учраас гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж заасан учир хариуцлагаа хүлээх ёстой. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг хариуцна гэж заасан тул хариуцагч Ж.Ч- дээрх компанид учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцан арилгах ёстой. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагч Ж.Ч- “Тахь ко” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүй их хэмжээний хэлцэл байгуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг “Тахь ко” ХК бүрэн төлж барагдуулсан болох нь “Хас банк” ХХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41511 дүгээр тоот албан бичгээр бүрэн нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Ж.Ч-, “Тахь ко” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа учруулсан “Хас банк” ХХК-тай байгуулсан 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2300178 дугаар зээлийн гэрээний төлбөрт “Тахь ко” ХК-иас төлсөн 202 606,84 ам долларыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Монголбанкны ханш буюу 2 219,65 төгрөгөөр тооцож 449 716 295 төгрөгийг хариуцагч Ж.Ч-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ч- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 150 000 ам.долларын зээлийг миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулж, “Хас банк” ХХК-иас авч, тухайн компанид олгосон. Нэхэмжлэлийн үндэслэл нь намайг эрх хэмжээгээ хэтрүүлж, их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл байгуулсан гэж байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “их хэмжээний хэлцэл” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д хэсэгт “их хэмжээний хэлцэл гэдэг нь өмнөх сүүлчийн балансын актив хөрөнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, худалдан авах захиран зарцуулах болон түүнийг барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэл” гэж тодорхойлсон. “Энэрэл холдинг” ХХК тухайн үед Гаалийн ерөнхий газраас татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл авсан. Хамтран ажиллах хүсэлтийг 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Энэхүү саналыг үндэслэн 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Энэрэл холдинг” ХХК татваргүй барааны дагуу бараагаа татан авч, зээлийн хүү эрсдэлээ компанид бүрэн төлж барагдуулна, төлүүлсэн ашгаа хуваана гэж тохирсон. “Тахь ко” ХК, “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан учраас 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн шугамын болон барьцааны гэрээ байгуулан 150 000 ам.доллар авсан. 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 47 тоот төлбөрийн даалгавраар “Энэрэл холдинг” ХХК-д шилжүүлсэн. “Хас банк” ХХК-иас зээл авахдаа “Тахь ко” ХК-ийн 147 496,3 төгрөгийн үнэтэй дэлгүүрийн цехийн барилгыг барьцаалсан. Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НИММ-Аудит ХХК нь зах зээлийн хандлагын аргаар 127 587,6 төгрөг, зардлын хандлагын аргаар 120 708,4 төгрөг, орлогын хандлагын аргаар 151 842,5 төгрөг гэж тогтоож, “Тахь ко” ХК-ийн электрон барааны дэлгүүрийн барилгын зах зээлийн өртгийг зардлын хандлагаар 120 708,4 төгрөг гэж тогтоосон. Уг үнэлгээг үндэслэн “Тахь ко” ХК тайлан баланст бүртгэсэн. “Тахь ко” ХК-ийн өмнөх тайлан баланс нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарсан. Тухайн тайлан балансад аудитын үнэлгээ хийж баталгаажуулсан. Санхүүгийн болон татварын байгууллагуудаар хянуулж баталгаажуулж, уг тайлан балансад компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ 756 707 төгрөг гэдгийг тогтоосон. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд компанийн үндсэн хөрөнгө багтдаг. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд миний гэрээ байгуулахдаа барьцаалсан 147 496,3 төгрөгийн зах зээлийн үнээр бүртгэгдсэн. 147 496,3 төгрөгийг байгуулахад барьцаалсан хөрөнгө нь нийт активын 19,5 хувийг эзэлж байсан тул тухайн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох хэлцэл байсан. Хөдөлмөрийн менежментийн гэрээнд энэ талаар тодорхой заасан. Мөн тухайн үед банктай байгуулсан гэрээ хэлцэл, авсан зээлийн хэмжээ бүртгэлд бүртгэгдэхдээ санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн тайлан балансад 174 700 000 төгрөг гэж тодорхойлсон. Зээлийг 1 жилийн хугацаатай авсан учир татварын барааны дэлгүүр Ховд аймгийн Яргайтын боомт дээр байрлах улирлын үйл ажиллагаатай байсан учраас борлуулалт эрсдэл орсон жилийн дотор зээлээ төлөөгүй нь үнэн. Зээлийг төлөөгүй учир банк нь “Тахь ко” ХК-иар зээлийг төлүүлж авсан байдаг. “Энэрэл холдинг” ХХК-тай акт баримт үйлдэж авсан. Төлүүлэх талаар шаардлага тавьж ажиллаж байгаад “Энэрэл холдинг” ХХК-ийн захиралд 2009 оны 3 дугаар сарын 15-нд ТУЗ-д хандаж зээлийнхээ төлбөрийг сунгуулах тухай хүсэлт тавьж байсан. Тухайн үед хүлээж аваад шийдвэр гарч байсан. Энэ хугацаанд төлбөрөө төлүүлэх боломжгүй, би тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд “Энэрэл холдинг” ХХК-тай холбогдуулан өр төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан. 2013 оны 5 дугаар сард эрүүгийн журмаар энэ асуудлыг шалгуулахад биечлэн оролцож байсан. 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас үндэслэлгүй халсан. Энэ үеэс хойш зээлийн төлбөрийн тухай холбогдсон материалыг авч үзэх, эрх зүйн харилцаа үүсэх боломжгүй болсон. Миний дараагаар Л.Б-ын төрсөн эгч Л.Энхнасан гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тухайн хүн нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа, зээлийг хөөцөлдсөн талаар ямар ч мэдээлэл надад байхгүй. Л.Б- тухайн үед “Тахь ко” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Зээлийг сунгах хүсэлтийг хүлээн авч, ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг мэдэж байна. 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ТУЗ-ын хурал хийгээд намайг ажлаас түдгэлзүүлж байхдаа ярьсан зүйл байгаа. Зээл авахдаа эрх хэмжээгээ хэтрүүлээгүй боловч гол нь ашиг олох ёстой байтал компанид үргүй зардал гаргасан байна гэж тодорхойлсон хурлын протоколд тусгасан. Эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байсан. “Хас банк” ХХК зээл олгохдоо барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 140 000 000 төгрөг гэж үнэлсэн баримтууд байдаг. Л.Б- нь 2012 оноос 2016 он хүртэл Компанийн тухай хууль зөрчиж их хэмжээний хэлцэл байгуулж, хохирол учруулсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил шалгуулсан. Энэ үед прокурорын байгууллагаас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон тэмдэглэлдээ Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д заалтыг зөрчөөгүй их хэмжээний хохирол гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгч 2006 онд дэлгүүрийн барилгын үнийг үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ журмын дагуу хөндлөнгийн аудитын газраар үнэлгээ хийлгэсэн. 245 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэсэн. Энэ үнэлгээг үндэслэж намайг их хэмжээний хэлцэл байгуулсан байна гэж буруутгаж байгаа. Хэрвээ хөрөнгийн үнэлгээ 245 000 000 төгрөг байсан бол уг үнэлгээг үндэслэн “Тахь ко” ХК-ийн тайлан балансыг өөрчлөх шаардлагатай болно. Хэрвээ бүх үнэлгээг өөрчлөх гэж байгаа бол компанийнхаа бүх тайлан балансыг өөрчилж засвар хийх асуудлыг тавих байх. Гэвч тайлан балансыг өөрчлөх боломжгүй. 2006 оны тайлан баланс тухайн үедээ хийгдээд, аудитын байгууллагаар баталгаажиж, үнэлэлт дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд их хэмжээний хохирол учруулсан байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. 2007 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооноос ирэхэд байгаагүй. 2008 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирлын ажлыг жил бүр дүгнэдэг. Тухайн үед миний ажлыг дүгнээд их хэмжээний хэлцэлтэй холбоотой ямар ч зүйл яригдаагүй. 2006 оны тайлан балансын дүнгээр хувь нийлүүлэгчдийн хурал хийдэг. Хурлаар хувьцаа эзэмшигчдэд нийлүүлдэг хувьцаа яригддаг. Ашгаа Л.Б- авсан, мөн би ч авсан байгаа. Тайлан балансыг өөрчлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас “Энэрэл холдинг” ХХК-тай эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл хийхдээ Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Миний эрх хэмжээний хүрээнд хийгдсэн хэлцэл байгаа. Нөгөө талаар намайг их хэмжээний өр төлбөрт оруулж, миний хувьцаанаас битүүмжилсэн. Миний хувьцаанаас авах зорилго байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч их хэмжээний хэлцэл мөн гэдгийг нотлох аудитын тогтоол, эрүүгийн тогтоолоор буруутай мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусан учир энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Их хэмжээний хэлцэл хийгээд компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол хуульд зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр гэм буруутай асуудал шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр тогтоол хэрэгт байхгүй. Ийм учраас прокурорын тогтоолоор буруутгах нь үндэслэлгүй. Их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байгаа шалтгаан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг ТУЗ энэ хуульд заасны дагуу тогтооно. Гэтэл нэхэмжлэгч аудитын дүгнэлтээр тогтоосон гэж ярьж байна. Асуулт хариултад хэлцэл хийх гэж байгаа хөрөнгийг үнэлсэн зах зээлийн үнийг тогтоосон ТУЗ-ын шийдвэр гараагүй нь тодорхой болсон. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зах зээлийн үнийг ТУЗ тогтооно гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа аудитын дүгнэлт яриад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэгэнт ийм баримт хэрэгт байхгүй байгаа тохиолдолд балансын үнэд харьцуулсан үнэлгээг 25 хувиас дээш, доош байсныг хэрэгт байгаа тайлан балансын үнэлгээгээр тогтоохоос өөр арга байхгүй. 2003 оноос хойш энэ үнэлгээнд өөрчлөлт оруулсан ТУЗ-ын шийдвэр гараагүй. Нөгөө талаар энэ хөрөнгийн зах зээлийн үнэлгээг банк үнэлсэн байгаа. Хэрэв их хэмжээний хэлцэл гэж үзэж байгаа бол балансад байгаа бүх хөрөнгийг үнэлээд харьцуулбал 17 500 000 төгрөг гарахаар байгаа. Ийм учраас их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байна. Гүйцэтгэх удирдлагын хууль бус ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг төлүүлэх гэж байгаа бол ажлын биелэлтийг дүгнэх ёстой. Тухайн жилд дүгнэсэн ТУЗ-ийн тогтоолд эрх хэмжээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Өөрийн үйл ажиллагаанаас хууль бус ажиллагаа хийсэн байна гэдгийг тогтоож, Ж.Ч-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д 2009 онд төлбөрөө төлж барагдуулж дуусгасан. Иймд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзнэ үү. “Тахь ко” ХК, “Энэрэл холдинг” ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүрэг биелэгдсэн үү гэхээр “Энэрэл холдинг” ХХК, “Тахько” ХК-д хохирол төлбөрөө төлсөн талаар баримт гараагүй учир мэдэхгүй байна. Хохирол төлбөр удсантай холбоотой гэрээний үүрэг төлөгдөөгүй, гэрээний эрх зүйн хариуцлагын дараа Ж.Ч- хэлцэл байгуулснаар компани хэрхэн яаж хохирсон талаар ялгаа заагтай байх ёстой. Өөрөөр хэлбэл “Энэрэл холдинг” ХХК-иас авах ёстой төлбөрөө хариуцах ёсгүй этгээд Ж.Ч-гээс нэхэж байна. Хэрэв хохирол гэж байгаа бол “Энэрэл холдинг” ХХК-тай учирсан хохирлыг Ж.Ч-гээс шаардаж болох юм. Энэ нөхцөл байдал тодорхой биш байгаа. Тийм учир их хэмжээний хэлцэл болохыг тодорхойлсон ТУЗ-ийн шийдвэр байхгүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байхад хувьцаа эзэмшигчийнхээ хувьд энэ хохирлыг компанид төлүүлэхээр гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Харин “Энэрэл холдинг” ХХК-иар төлүүлж, хохирлоо барагдуулах боломж “Тахь ко” ХК-д бүрэн бий гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ч-гээс 449 716 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Тахь ко” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 406 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Ч- түүний өмгөөлөгч Б.Баясгалан нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161 1, 162 дугаар зүйлийн 162.1 дэх заалтуудыг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтад нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүх шийдвэртээ “... “Тахь ко” ХК болон “Хас банк” ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээ нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан "Их хэмжээний хэлцэл" мөн гэж дүгнээд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хариуцагч Ж.Ч- нь дээрх их хэмжээний хэлцлийг байгуулахдаа компанийн ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй нь баримтаар нотлогдож тогтоогдсон, хариуцагч Ж.Ч- нь хөдөлмөрлөх үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад хохирол учруулсан" гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй. Шүүх "Тахь ко" ХК болон “Хас банк” ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээг их хэмжээний хэлцэл мөн эсэхийг дүгнэхдээ “Тахь ко” XK-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг балансын үнэлгээгээр бус хэлцэл хийгдсэнээс хойш 7-10 жилийн дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан зэрэг баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн. Мөн эдгээр баримтууд нь хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн талаар зах зээлийн үнэлгээ гаргаагүй зөвхөн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2007 оны байдлаар гаргаж, балансад бүртгэлтэй бусад хөрөнгийн нийт дүнг 2003 онд хийгдсэн үнэлгээ балансын дүнтэй харьцуулж гаргасан нь үндэслэлгүй байгаа юм. Түүнчлэн тухайн хэлцэл хийгдсэн 2007 оны “Тахь ко” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд тус компанийн ТУЗ 2008 онд дүгнэлт өгч, гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дүгнэхдээ хууль зөрчөөгүй гэж дүгнэлт өгсөн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Компанийн тухай хуулиар "Их хэмжээний хэлцэл" мөн эсэхийг тодорхойлохдоо хэлцэл хийхийн өмнөх балансын актив хөрөнгийн үнэлгээг баримтлах учиртай. Балансын актив хөрөнгийн зах зээлийн үнэлгээг зөвхөн тухайн компанийн ТУЗ тогтоохоор хуульчилсан байхад шүүх шинжээчийн дүгнэлт, аудитын тайланд үндэслэн их хэмжээний хэлцэл мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хариуцагч Ж.Ч-д Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Учир нь “Тахь Ко” ХК-ийн зүгээс 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний шүүхэд "Энэрэл холдинг" ХХК-иас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс тус компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Мөн 2010 оны 5 дугаар сард “Энэрэл холдинг” ХХК-ийн удирдлагыг Эрүүгийн шугамаар шалгуулахад төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. “Тахь ко” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ж.Ч-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг түүнтэй гзрээ байгуулсан этгээд буюу тус компанийн ТУЗ шийдвэрлэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл шүүх “Тахь ко” ХК-ийн ТУЗ гүйцэтгэх удирдлагын тухайн жилийн үйл ажиллагаанд зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн шийдвэр байсаар байхад зөвхөн сонирхолын зөрчил бүхий нэг хувьцаа эзэмшигчийн шаардлага, нэхэмжлэлээр Ж.Ч-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүп байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч буюу “Тахь ко” ХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б- нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 325 015 ам.доллар буюу 647 556 636 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 202 606,85 ам.доллар буюу 449 716 295 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нотлох баримт бүрдүүлэх зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь: Хариуцагч Ж.Ч-г “Тахь ко” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед “Энэрэл холдинг” ХХК-иас татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар хамтран ажиллах хүсэлт гаргаж, 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Тахь ко” ХК нь “Энэрэл холдинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Уг гэрээг үндэслэн талууд зээл дамжуулан олгох тухай гэрээ байгуулан, “Тахь ко” ХХК, “Хас” банкнаас 150 000 ам.доллар зээлдэн авч “Энэрэл холдинг” ХХК-д олгох, “Энэрэл холдинг” ХХК нь зээлдэн авсан 150 000 ам.долларыг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Тахь ко” ХХК нь 150 000 ам.долларыг “Энэрэл холдинг” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /1-р хх-ийн 113-118-р тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...хариуцагч Ж.Ч- нь “Энэрэл холдинг” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн банкнаас их хэмжээний зээл авахдаа Компанийн тухай хууль, компанийн дүрэм, хөдөлмөр менежментийн гэрээний заалтыг тус тус зөрчиж, төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр /150 000 ам.долларын/ их хэмжээний хэлцэл байгуулж, компанид хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг “Тахь ко” ХК бүрэн төлж барагдуулсан тул 449 716 295 төгрөгийн хохирлыг гаргуулна” гэжээ.
“Тахь ко” ХХК нь “Хас” банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 202 606.85 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан тухай “Хас” банкны 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41/571 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байх боловч энэхүү баримтаар хохирлыг тодорхойлно гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хангалтгүй байна.
Өөрөөр хэлбэл “Тахь ко” ХК болон “Энэрэл холдинг” ХХК-ийн байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хүчинтэй байх бөгөөд уг гэрээгээр “Тахь ко” ХК нь ямар хэмжээний ашиг олсон, эсхүл ямар хэмжээний алдагдал хүлээсэн эсэх, “Энэрэл холдинг” ХХК нь хамтран ажиллах гэрээ болон зээл дамжуулан олгох гэрээний дагуу “Тахь ко” ХК-д хэдэн ам.долларыг буцаан төлсөн зэрэг нь тодорхойгүй байхад хариуцагч Ж.Ч-г “Хас” банкны албан бичгийг үндэслэн “Тахь ко” ХК-д 449 716 295 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан боловч шүүх ямар нотлох баримт гаргуулах талаар тодруулахгүйгээр хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. /1-р хх-ийн 193, 194-р тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 406 531 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ