Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0071/З |
Дугаар | 221/МА2024/0809 |
Огноо | 2024-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0809
А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бо
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Б, Д.Бо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А
Нэхэмжлэгч: А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бо
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв
Гуравдагч этгээд: Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ц.Бт амины орон сууц барих МЗХ 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Бын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 797 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Жанчив
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2018/0071/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бо нар нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ц.Бт амины орон сууц барих МЗХ 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Бын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн Ц.Бт амины орон сууц барих МЗХ 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Бын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Иргэн А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бо нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0797 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг нэхэмжлэгч Д.Б, Д.Бо нарын зүгээс эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Хууль буруу хэрэглэсэн-Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн нэг шаардлага болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Ийнхүү шийдвэрлэхдээ шийдвэрийн 10 дугаар хуудасны 19 дэх хэсэгт “Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т заасан хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх гэдэгт тухайн асуудал хамаарахгүй, мөн дээрх журмын 4 дүгээр бүлгийн 4.2-т дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж тусгаснаас үзвэл заавал санал авах зохицуулалтгүй байна” гэжээ.
3.3. Гэвч Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “хот байгуулалт” гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг;
-3.1.2 дахь хэсэгт “хот төлөвлөлт” гэж тухайн хот, тосгоны ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, хотын барилгажилт болон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг;
-3.1.3.дахь хэсэгт “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг;
-3.1.12 дахь хэсэгт “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг” гэж тус тус заажээ.
3.4. Өөрөөр хэлбэл, тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилтад тухайн дүүрэгт баригдах барилга хамаарах бөгөөд үүнийг төлөвлөсөн баримт бичгийг хот байгуулалтын баримт бичиг гэж үзэхээр зааж зохицуулсан буюу хот байгуулалт гэдэг цогцолбор үйл ажиллагаа нь хотын төлөвлөлтөөс, төлөвлөлт нь хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнөөс, ерөнхий төлөвлөгөө нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс бүрддэг болох нь ойлгомжтой байна. Цаашлаад Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.” гэж заажээ. Хот байгуулалтын тухай хуулийн дээрх зохицуулалт, 12 дугаар заалтын иргэдийн оролцоог хангах хэлбэр нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд сонсох ажиллагаа хэлбэрээр зохицуулагдсан байхад энэ уялдаа холбоог үгүйсгэн анхан шатны шүүх иргэн Ц.Бын барилга барих асуудалд заавал санал авах зохицуулалтгүй, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.5. Түүнчлэн энэхүү захиргааны хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж өөрчлөлт оруулсан ба 2017/18-14 Архитектур төлөвлөлтийн даалгавар нь энэ шаардлагад нийцэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг харгалзалгүй, хууль зөрчсөн хэлбэрээр барилга барих боломжийг шийдвэрээр олгож байна гэж үзэж байна.
3.6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг өөрөөр тайлбарлаж үнэлсэн байна. Эскиз зураг нь Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэж хийгдсэн, тухайн Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийн үндсэн дээр ажлын зураг хийгдэж, үүний дүнд тус тусдаа биш нэг л барилга баригдах ба энэ баригдах барилга нь барилга хоорондын зайн хэмжээг багадаа 10 м байхаар зохицуулсантай нийцээгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарласан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2017/18-14 Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бо нараас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ц.Бт амины орон сууц барих МЗХ 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Бын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргажээ.
3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэн Ц.Бт газар эзэмших эрх олгохоос эхлээд барилга төлөвлөх хүртэлх бүх процесс хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй уг газар дээр барилга барих тохиолдолд манай орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ гэмтэх, хамгаалалтын зурвасгүй болж хэвийн ашиглах нөхцөл алдагдах, байгалийн гэрэл хаах, хууль тогтоомжоор тогтоосон барилга хоорондын зай зөрчигдөх, үүнээс болж манай орон сууцны барилгын орон сууцны барилгын суурь, хана, бусад бүтээц эвдрэх, гэмтэх эрсдэлийг үүсгэж, 8/4 дүгээр байрны оршин суугчид төдийгүй зэргэлдээ орших 61/2 дугаар байрны 1 давхарт Оргил хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлтэй. Бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлан маргасан байна.
4. “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар иргэн С.Сд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 550 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжуудаар иргэн С.Сгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус 5 жилийн хугацаагаар сунгажээ.
4.2.Улмаар С.С Ц.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжаар Ц.Бт 433 м.кв газрыг шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулснаар 000678898 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус заасан.
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 61/2 дугаар байрны урд талд байрлах 433 м.кв газрыг анхны эзэмшигч С.С, гуравдагч этгээд Ц.Б нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/244 дүгээр захирамжаар Ц.Бт шилжүүлэн эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
6. “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, уг даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан МЗХ2017/18-14 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т гуравдагч этгээд Ц.Бын амины орон сууц барих газрын талбайг 432.7 м.кв, төлөвлөлтийн талбайг 200.4 м.кв, барилгын төрөл, давхрын тоог 1-3 давхар /зоорьтой/, эдэлбэр газрын 30 хувиас доошгүй талбайд ногоон байгууламж, гадна тохижилт хийгдэхээр төлөвлөн баталжээ.
6.2. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан эрхийн хүрээнд гаргасан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар баталсан “Барилгын норм ба дүрэм”-ийн Орон сууцны барилгын зураг төслийг уялдуулан боловсруулах норм дүрэм, техникийн баримт бичгийн жагсаалтын хавсралт 4-ийн 2.4-т “...орон сууц барилга хоорондын зайн хэмжээг 2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр...” байхаар заажээ.
6.3. Дээрх норм ба дүрэмд заасан барилга хоорондын зайн хэмжээгээр тооцоход архитектур төлөвлөлтийн даалгавар нь зөвшөөрөгдсөн зайн хэмжээг хангаснаар нэхэмжлэгч нарын байрны байгалийн гэрэл болоод нарны гэрэл тусах нөхцөлийг хаасан байдлаар төлөвлөгдөөгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нарын барилга хоорондын зайг зөрчсөн, байрнуудын байгалийн гэрлийг хаасан гэх гомдол үндэслэлгүй.
7. “Ц.Бын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
7.1. Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... нэхэмжлэгч нарын оршин суудаг 61/2 дугаар байр (хойд талд байрших, одоогийн 8/2 дугаар байр)-аас 3.7 м, 8/4 дүгээр байр (баруун талд байрших)-аас 7.5 метрийн зайтай баригдахаар байна ..., ...Тус барих гэж буй 3 давхар орон сууцны барилгын ертөнцийн зүгээр баруун талд 8/4 дүгээр байр, хойд талд 61/2 дугаар байр байршиж байна. 8/4 дүгээр байранд 09:30-12:00 цаг хүртэл нарын шууд тусгалыг үзэхээр байна. Харин 61/2 дугаар байранд 13:00-14:00 цаг хүртэл нарны шууд тусгалыг үзэхээр байна. Иймд дээрх “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбд 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 8/4 дүгээр байранд хангаж, 61/2 (хойд талд байрших, одоогийн 8/2 дугаар байр) дугаар байранд хангахгүй байна ...” гэжээ.
7.2. Дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжилт нь Барилгын норм ба дүрмийн 4-ийн 2.4-т “...2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр...” байхаар заасантай нийцээгүй, Архитектур төлөвлөлтийн даалгавартай илтэд зөрүүтэйгээр тухайн барих гэж буй барилгыг бүхэлд нь 3 давхар байхаар эскиз зураг болон магадлалын ерөнхий дүгнэлтийг хийсэн болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо “... иргэдийн оролцоог хангах хэлбэр нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд сонсох ажиллагаа хэлбэрээр зохицуулагдсан байхад энэ уялдаа холбоог үгүйсгэн анхан шатны шүүх иргэн Ц.Бын барилга барих асуудалд заавал санал авах зохицуулалтгүй, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ... энэхүү захиргааны хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон ба Архитектур төлөвлөлтийн даалгавар даалгавар нь энэ шаардлагад нийцэхгүй байна” гэжээ.
8.1. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гээд 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх” гэж заасан.
8.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хот байгуулах, газар зохион байгуулах зэрэг нийтэд хамааралтай төлөвлөгөө боловсруулах асуудалд захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авахаар байна.
8.3. Гэтэл маргаан бүхий Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан МЗХ2017/18-14 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” нийтэд хамааралтай бус, гагцхүү хуулийн дагуу эзэмшиж буй газартаа барилга барих захиалга өгсөн гуравдагч этгээд Ц.Бт хамааралтай тул “заавал санал авах зохицуулалтгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
8.4. Мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар “... барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж өөрчлөлт орсон нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан МЗХ2017/18-14 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хуульд нийцээгүй хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
8.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ