Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 208

 

"К Б"-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, С.Я нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0240 дугаар магадлалтай, "К Б"-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д, О.Э, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д заасныг тус тус баримтлан "К Б"-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч нарын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210... дугаар актын Тогтоох хэсгийн 1-ийн “...11.426.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 34.3 мянган төгрөгийн хүү, 5.713.0 мянган төгрөгийн торгууль, 2.2-ын “...22.680.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 6.804.0 мянган төгрөгийн торгууль, 501.0 мянган төгрөгийн алданги ногдуулсан”-ыг тус тус хүчингүй болгож, нийт 47.158.3 мянган төгрөгөөр татварын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0240 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь зээл төлүүлэх харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д заасан “зээл олгох үйлчилгээ”-нд хамаарна гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан зохицуулалтаас үзвэл зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд гүйлгээ орсноор дуусгавар болсон байна гэж хуульчилсан байна. Зээл төлүүлэх үйл ажиллагаа нь уг зээлтэй холбогдон үүсч буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д зээл олгох үйл ажиллагааг тухайлан зааж татвараас чөлөөлөхөөр, харин зээл төлүүлэхтэй холбогдож үүсэх аливаа харилцааг уг татвараас чөлөөлөх талаар зохицуулаагүй байна. Банкны “зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор өмчлөх, улмаар худалдах үйл ажиллагаа” нь ашиг олох зорилгоор эрхлэх хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй бөгөөд төлбөр ногдуулсан буюу 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210... тоот акт нь хуулиар хориглоогүй дээрх үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн, уг хуулийн заалтанд борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”-нд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байна. "Х Х" банк нь "К Б"-ийн дүрмийн сангийн 4,62 хувь буюу 3.700.000.0 төгрөгийг эзэмшдэг. "Х Х" банк нь "К Б"-тай хоёрдогч өглөгийн гэрээ байгуулан 2010 онд 250.614.0 төгрөг, 2011 онд 228.312.0 төгрөг, 2012 онд 226.800.0 төгрөгийн зээлийн хүүг олгосон бөгөөд дээрх зээлийн хүү нь анх оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүүгээр давсан тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 3 дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна” гэж заасны дагуу орлогын албан татварын ногдуулсан. Тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0240 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д, О.Э, Б.Н нарын үйлдсэн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210... дугаартай актын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 2.2 дахь заалтаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3-т заасан үндэслэлээр татвар нөхөн төлүүлэх, хариуцлага ногдуулахаар шийдвэрлэсэн, уг төлбөрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг "К Б" гаргажээ.

  • Актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын тухайд:

Уг заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн “...бүртгүүлбэл зохих хуулийн этгээд харьяалах Татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр үндсэн хөрөнгө борлуулсан гэх 2011 онд 34,000.0 мянган төгрөгийн, 2012 онд 80,260.0 мянган төгрөгийн, нийт 114,260.0 мянган төгрөгийн орлого”-д 11,426.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 34.3 мянган төгрөгийн хүү, 5,713.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан, нэхэмжлэгч нь “НӨАТ төлөгч биш, НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтэд татгалзсан, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээл төлүүлэх үйл ажиллагаа нь “зээл олгох үйлчилгээ”-нд хамаарах тул НӨАТ-аас чөлөөлөгдөнө” гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа,...-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна; 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.5-д “энэ хуулийн 7.1-д заасан бараа,...-нд татвар ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна; 7.5.1-д тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх, 7.5.2 борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх” гэж тус тус заасан ба хуулийн дагуу бүртгүүлбэл зохих хуулийн этгээд харьяалах Татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа борлуулсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол 17 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч "К Б" нь 2011 онд 34,000.0 мянган төгрөгөөр, 2012 онд 80,260.0 мянган төгрөгөөр борлуулсан “үл хөдлөх хөрөнгө”-үүд нь зээл, зээлийн барьцааны гэрээний дагуу банк өөртөө шилжүүлэн авч, бусдад борлуулсан, уг борлуулалтын орлогоор тухайн зээлдэгчийн зээлийн төлбөрийг хаасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд “зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах” үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэсэн зохицуулалтад нийцсэн, уг борлуулалтыг банкны зээл төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийсэн гэж үзнэ.

Харин "К Б" “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч”-өөр бүртгэгдээгүй, бүртгүүлэх тухай хүсэлт 2011 онд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасныг “банкны эрхлэх үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

Үүнээс үзвэл, "К Б" нь 2011, 2012 онд борлуулсан “өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө”-дөө нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах боломжгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “...бүртгүүлбэл зохих... хуулийн этгээд ...харьяалах Татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа …борлуулсан, ...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан ...” гэж буруутгах эрх зүйн үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актаар татвар нөхөн төлүүлэх, хүү, торгууль ногдуулсан нь хууль бус болсон байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан шүүхүүд уг асуудлаар дүгнэлт хийж, зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар зээл төлүүлсэн банкны үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ болох “зээл олгох үйлчилгээ”-нд хамаарна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “банк, ...тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг ...зээл олгох” гэж тодорхойлсоноос үзэхэд барьцааны хөрөнгөнөөс зээлийг эргэн төлүүлэх харилцаа нь зээлийн үйл ажиллагааны бүрэлдэхүүнд хамаарч байхын зэрэгцээ барьцааны үл хөдлөх хөрөнгийг барьцаалагч, барьцаалуулагчийн хэн аль нь худалдан борлуулсанаас үл хамааран өөрийн олгосон зээлийг эргэн төлүүлэх банкны үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах “ажил, үйлчилгээ” гэж үзэхээргүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..хуулиар хориглоогүй үйл ажиллагаанд НӨАТ тухай хуулийн 7.1.1-д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн, борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран борлуулсан бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульд заасан” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй.

  • Актын тогтоох хэсгийн 2.2 дахь заалтын тухайд:

Уг заалтаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3-т заасныг үндэслэн “...хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүү гарсан зээлийн дүнд ногдох 2010 онд 250,614.0 мянган төгрөг, 2011 онд 228,312.0 мянган төгрөг, 2012 онд 226,800.0 мянган төгрөг, нийт 705,726.0 мянган төгрөгийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцон албан татвар ногдуулах орлогоо бууруулж, татвар ногдуулж төлөөгүй” гэж 2010, 2011 онуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг тус тус бууруулан тогтоож, 22,680.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,804.0 мянган төгрөгийн торгууль, 501.0 мянган төгрөгийн алданги ногдуулсан, нэхэмжлэгч “...хүүгийн орлогод давхар татвар төлүүлэхээр болсон, уг гэрээ нь зээлийн гэрээ биш...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч "К Б" нь 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус банкны хөрөнгө оруулагч "Х Х" банктай /оруулсан хөрөнгө нь 370,00.0 мянган төгрөг/ “Хоёрдогч  өглөгийн зээлийн гэрээ”-г байгуулж 3 тэрбум төгрөг авсан, хүүнд 2010-2012 онд 705,726.0 мянган төгрөг "Х Х" банкинд төлсөн, хүүгийн орлогод ногдох татварыг "Х Х" банк төлсөн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байх”-аар, 14 дүгээр зүйлийн 14.1-д “энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцох”-оор, 14.3-т “хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулах”-аар тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу авсан 3 тэрбум төгрөгийг эргүүлж төлөхгүй “банкны хувьцаанд хөрвөх” тул “зээл” биш гэж, хариуцагч нь “мөнгийг тогтоосон хугацаанд хувьцаа хэлбэрээр төлөх” учир “зээл” мөн гэж тус тус маргасан учир уг гэрээгээр зохицуулсан асуудалд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

"К Б" тус банкны хөрөнгө оруулагч болох "Х Х" банкны хооронд байгуулагдсан “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”-ээр  зээлдүүлэгчээс олгож буй 3 тэрбум төгрөг нь хоёрдогч өглөг бөгөөд зээлдэгчийн “Хоёрдугаар зэрэглэл”-ийн өөрийн хөрөнгө болох, гэрээний хугацаа дуусмагц бүхэлд нь хувьцаанд хөрвүүлэн банкны дүрмийн санд оруулахаар талууд тохиролцсон байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч өөрийн хөрөнгийн хэмжээг 3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн санхүүгийн баримтдаа бүртгэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнээс үзвэл, "К Б" нь уг гэрээний хугацаа дуусахад мөнгөөр, эсхүл хувьцаанд хөрвүүлж "Х Х" банкинд буцааж төлөх үүрэг хүлээгээгүй тул “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлсон “зээлийн гэрээ”-ний шинжийг бүрэн агуулахгүй байна.

Иймээс татварын улсын байцаагч нар нь уг гэрээг “зээлийн гэрээ” гэж үзэж, хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү авсан зээлийн хүүнд төлсөн төлбөрийг “хасагдах зардал”-д тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчил тогтоосон нь буруу байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл тусгагдаагүй байна.

Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0240 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ