Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 337

 

Г.Сайнхүүд оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хураллдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлалтай, Г.С-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Г.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, урьд 8 удаа ял шийтгүүлсэн, Г.С нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил хорих ялаар тогтоосон, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дүгээр шүүгчийн захирамжаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, одоо хорих ял эдэлж байгаа;

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Г.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 12 жил 2 сар 13 хоног хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох нэмж нэгтгэсэн 1 жил хорих ялаас чөлөөлж, Г.С-д оногдуулсан 12 жил 2 сар 13 хоног хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 3 жил 6 сар 9 хоногийг хасаж, эдлэх ялыг 8 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлалаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, ялтан Г.С-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ялтан Г.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шинэ хуулийн зүйлчлэлд ялын доод хэмжээ нь 8 жил болсон бөгөөд түүнд дүйцүүлэн хасагдаж тогтоох хэмжээ нь 10 жил 4 сар 24 хоног байх ёстой байхад 12 жил 2 сар 13 хоног болгож тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дурдсан үндэслэлээр миний гомдлыг хүлээн авч надад оноосон ялын хугацааг доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Г.С-д оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасахдаа үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шүүгчийн захирамж болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан багасгасан хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ялтан Г.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хасаж 12 жил 2 сар 13 хоног болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Г.С-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,                                                           Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН